| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Мянганы Оюунцэцэг |
| Хэргийн индекс | 135/2024/00704/И |
| Дугаар | 135/шш2024/00654 |
| Огноо | 2024-05-16 |
| Маргааны төрөл | Хөдөлмөрийн хуулиар бусад, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 05 сарын 16 өдөр
Дугаар 135/шш2024/00654
Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хэргийн индекс:135/2024/00704/и
Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Оюунцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, Шарын гол сум, ***** баг, ***** байр, *****тоотод оршин суух, ******* овогт ******* ******* нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дархан-Уул аймгийн Шарын гол сум, ***** багт байрлах, ****** цэцэрлэгт холбогдох,
2024 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн *****тоот хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай тушаалыг хүчингүй болгуулж, нярвын ажилд эргүүлэн тогтоолгох, ажилгүй байх хугацааны цалин, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн бичилт хийлгүүлэхийг даалгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч *****,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ө.Өлзиймаа,
Хариуцагчийн төлөөлөгч *****,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сувдаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч ***** нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
...2024 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн *****тоот хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай тушаалыг хүчингүй болгож, нярвын ажилд эргүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлс, нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэхийг даалгаж өгнө үү гэжээ.
2. Зохигчид нь шүүх хуралдааны явцад эвлэрсэн эвлэрэлдээ:
Нэхэмжлэгч *****гаас ****** цэцэрлэгт холбогдуулан 2024 оны 04 сарын 18-ны өдрийн *****тоот хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай тушаалыг хүчингүй болгуулж, ажилд эргүүлэн тогтоолгох, ажилгүй байх хугацааны цалин, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх шаардлагууд гаргасныг хариуцагч Шарын гол сумын 17 дугаар цэцэрлэгийн эрхлэгч ***** шаардлагуудыг хүлээн зөвшөөрч татгалзах зүйгүй гэсэн тул талууд эвлэрэн хэлэлцэж тус цэцэрлэгийн эрхлэгчийн 2024 оны 04 сарын 18-ны өдрийн *****тоот тушаалыг хүчингүй болгуулж, нярвын ажилд нь эргүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин 986,632 төгрөгөөс ээлжийн амралтын 5 хоногийн 259,640 төгрөгийг хасаад *****д 726,992 төгрөгийг хариуцагчаар гаргуулахаар эвлэрсэн гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч *****гийн нэхэмжлэлтэй, хариуцагч ****** цэцэрлэгт холбогдох иргэний хэрэгт зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, 26.3-т зааснаар нэхэмжлэгч, хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд эвлэрэн хэлэлцэх эрхтэй бөгөөд зохигчид нь шүүх хуралдааны явцад харилцан тохиролцож, хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 2024 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн *****тоот хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч *****г нярвын үүрэгт ажилд нь эргүүлэн авч, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийж, ажилгүй байсан хугацааны цалин болох 726,992 төгрөгийг нэхэмжлэгчид олгохоор эвлэрсэн болно.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д Энэ хуулийн 106.3, 106.4-т зааснаар ... зохигч эвлэрсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй бол шүүх хариуцагчийн зөвшөөрөл, нэхэмжлэгчийн татгалзал, зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох гэж хуульчилсан байна.
Дээрх хуульд зааснаар зохигчдын байгуулсан эвлэрэл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 21,998 төгрөгийг гаргуулж, төрийн сангийн орлогод оруулахаар шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар *****гийн нэхэмжлэлтэй, хариуцагч ****** цэцэрлэгт холбогдох иргэний хэрэгт хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 2024 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн *****тоот хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч *****г нярвын үүрэгт ажилд нь эргүүлэн авч, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийж, ажилгүй байсан хугацааны цалин болох 726,992 төгрөгийг нэхэмжлэгчид олгохоор харилцан тохиролцож, эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 21,998 төгрөгийг гаргуулж, төрийн сангийн орлогод оруулсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1, 11.2-д зааснаар шүүхийн шийдвэрийг иргэн, хуулийн этгээд заавал биелүүлэхийг, сайн дураар биелүүлээгүй бол хуульд заасан үндэслэл, журмын дагуу албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.ОЮУНЦЭЦЭГ