Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 07 сарын 31 өдөр

Дугаар 181/ШШ2024/02900

 

 

 

 

 

 

 

 

 

 

2024 07 31

181/ШШ2024/02900

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Түмэнцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, *****дүгээр хороо, Олимпийн гудамж-*****, Нью-Хоризонс ***** тоот хаягт оршин байрлах, Хантрейвэл энд сервис ХХК /РД:*****/-ийн нэхэмжлэлтэй,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Ү.Т ХХК, түүний захирал Ч.М эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийн хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нарийн бичгийн дарга Н.Булган оролцов.

/нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Болор-Эрдэнэ өөрийн эзгүйд хэргийг шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан тул түүний эзгүйд хэргийг шийдвэрлэв/

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Манай компани нь Сүхбаатар дүүрэг, *** дүгээр хороо, Олимпийн гудамж-6, ******* барилгад байрлах үйлчилгээний талбайг түрээслүүлэн үйл ажиллагаа явуулдаг билээ.

2016 оноос эхлэн Үйзэн тал ХХКомпанитай Монгол улсын Иргэний хуулийн 318, 319, 320 дугаар зүйлийг тус тус баримтлан түрээсийн гэрээ-г байгуулан дээрх барилгын 2-р давхарын ***** тоотод ***** мкв талбайтай оффис, үйлчилгээний зориулалттай талбайг албан конторын зориулалтаар 2023 оны 08 сарын 15-ны өдрийг хүртэл түрээслэгч талын эзэмшил, ашиглалтад шилжүүлэн ирсэн билээ.

Ү.Т ХХК нь гэрээний үүргээ удаа дараа зөрчиж, түрээсийн төлбөрөө хугацаандаа төлөөгүй ирсэн хэдий ч бид олон жилийн хамтын ажиллагаатай ирсэн тул түрээслүүлэгч талын боломжит хугацааг харгалзан, хүлээцтэй хандаж ирсэн.

Гэтэл 2021 оны 03 сарын 31-ний өдрөөс хойш өнөөдрийг хүртэл түрээсийн төлбөрөө огт төлөөгүй юм.

Бид Ү.Т ХХК-ийн үйл ажиллагааны онцлог, санхүүгийн боломжийг харгалзан ирсээр түрээсийн гэрээний хугацааг сунган дахин түрээсийн гэрээ байгуулан ирсэн боловч төлөх ёстой төлбөрөө төлөхгүйгээр гэрээний үүргээ зөрчиж ирсэн юм.

Түрээслүүлэгч тал болох манай байгууллага гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлж ирсэн боловч түрээслэгч тал гэрээний үүргээ үл биелүүлснээс үүдэн сар бүрийн тогтмол орлогоороо үйл ажиллагааг явуулдаг Хантрейвэл энд сервис ХХК-д ихээхэн хохирол учраад байгааг дуръя. Манай байгууллага нь түрээсийн гэрээний төлбөрөөр ажилчдын цалин, урамшуулал, татвар, нийгмийн даатгал, ашиглалтын зардал /ус, дулаан, цахилгаан, хог гэх мэт/-уудыг төлдөг бөгөөд НӨАТ-ийн өр өнөөдрийн байдлаар 80 гаруй сая төгрөгийн өр хуримтлагдсан байна.

Ү.Т ХХК-д гэрээний үүргээ биелүүлж ажиллахыг удаа дараа мэдэгдсэн боловч гэрээгээр тохирсон төлбөрөө төлөхгүйгээр өдийг хүрээд байгаа билээ.

Тодруулбал, талуудын хооронд байгуулсан түрээсийн гэрээний дагуу дараах байдлаар төлбөрийг түрээслүүлэгч талаас нэхэмжилж байгаа юм. Төлбөрийн агуулга:

1.    Үндсэн зээлийн төлбөр 72,113,250.00 төгрөг

2.    Алданги 18,486,080.00 төгрөг

3.    Түрээслүүлэгчид учирсан хохирол 9,000,000.00 төгрөг нийт 99,600,080 төгрөг.

Ингээд Түрээсийн гэрээний үүрэгт 99,600,080 төгрөгийг хариуцагч Ү.Т ХХК-ийн эцсийн өмчлөгч М хаягаар Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан хэдий ч хариуцагчийн хаяг тодорхойгүй гэх үндэслэлээр 2024 оны 04 сарын 03-ны өдрийн 183/ШЗ2024/0***** дугаартай шүүгчийн захирамжаар хэрэгсэхгүй болгон шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн зүгээс хариуцагчийн гэрээний үүргээ биелүүлэхийг удаа дараа шаардсан боловч гэрээгээр тохирсон төлбөрөө төлөхгүйгээр аливаа шалтаг, шалтгаан тоочин өдийг хүрээд байгаа билээ. Хариуцагч нь гэрээний төлбөрийг төлөхөө хүлээн зөвшөөрдөг боловч санхүүгийн боломжгүй байна, өөр байгууллагаас авилгатай, түүний дараа төлье гэх зэргээр хугацаа хожин хойшлуулсаар ирсэн бөгөөд түрээсийн гэрээний төлбөрөө төлөх аливаа эрмэлзэлгүй нь харагдаж байна.

Иймд оршин суугаа хаяг нь тодорхойгүй 5282942 регистрийн дугаартай Ү.Т /захирал М/-ийг эрэн сурвалжилж өгнө үү гэжээ.

Шүүх нэхэмжлэгчийн хүсэлт, тайлбар, хэрэгт цугларсан бичгийн баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Хантрейвэл энд сервис ХХК нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд Ү.Т, түүний захирал М эрэн сурвалжлуулж, оршин суух хаягийг тогтоолгох хүсэлтийг шүүхэд гаргажээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.2-д Энэ хуулийн 155.1-д заасан хүсэлтийг гаргагч өөрийн оршин байгаа газрын шүүхэд гаргана гэж заасны дагуу нэхэмжлэгч Хантрейвэл энд сервис ХХК нь өөрийн оршин байгаа дүүргийн шүүхэд иргэний эрх зүйн маргааны хариуцагч болох Ү.Т, түүний захирал М эрэн сурважлуулах хүсэлтийг гаргасан байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1-д Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээдийн оршин суугаа газар нь мэдэгдэхгүй бол түүнийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргаж болно гэж заасан.

Нэхэмжлэгч Хантрейвэл энд сервис ХХК нь хариуцагч Ү.Т-тай 2016 оноос түрээсийн гэрээ байгуулсан байх тул гэрээний үүргийг шаардаж нэхэмжлэл гаргахад нь хариуцагчаар оролцвол зохих этгээд гэж Үйзэн тал ХХК, түүний захирал М үзэх үндэслэл хэрэгт хавсаргасан бичгийн нотлох баримтаар тогтоогдож байна.

 

Ү.Т нь Хан-Уул дүүрэг, *** дүгээр хороо, Үйлдвэрийн 2-ын ХД **** байр, ***** тоот хаягт оршин байрладаг гэх хаягаа байдаггүй болох нь Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 04 сарын 03-ны өдрийн 183/ШЗ2024/0***** дугаар Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамжаар тогтоогдсон байна.

 

Нэхэмжлэгч Хантрейвэл энд сервис ХХК нь хариуцагч болох Ү.Т ХХК, түүний захирал М оршин байгаа хаягийг мэдэхгүй, мэдэх боломжгүй гэж тайлбарлаж байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1, 155.3-т заасны дагуу нэхэмжлэлийг хангаж, хариуцагч нарыг эрэн сурвалжлах шийдвэр гаргах хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т Хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлах, түүний оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг шүүхийн шийдвэрийн дагуу Цагдаагийн байгууллага гүйцэтгэнэ гэж заасан тул Ү.Т, түүний захирал М нарыг эрэн сурвалжилж, оршин байгаа хаягийг тогтоох ажиллагааг Цагдаагийн байгууллагаар гүйцэтгүүлэх нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 155.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Ү.Т /РД:******/, түүний захирал М нарыг эрэн сурвалжилсугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаар оролцвол зохих этгээд Үйзэн тал ХХК, түүний захирал М /утас *******/-ыг эрэн сурвалжилж, оршин байгаа хаягийг тогтоох ажиллагааг хийж гүйцэтгэхийг Хан-Уул дүүргийн Цагдаагийн газарт даалгасугай.

 

3.Эрэн сурвалжилж тогтоосон хаягийг нэхэмжлэгч /итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Болор-Эрдэнэ, холбоо барих утас:*******/ талд мэдэгдэхийг Хан-Уул дүүрэг дэх цагдаагийн газарт мэдэгдсүгэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлого болгосугай.

 

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон хүсэлт гаргагч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.

 

6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг хүсэлт гаргагч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ТҮМЭНЦЭЦЭГ