Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 11 сарын 30 өдөр

Дугаар 2021/ДШМ/67

 

 

                                     Э.*******т  холбогдох  

                                        эрүүгийн хэргийн тухай

 

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд:

                               Даргалагч, шүүгч                           Д.Буянжаргал

                                  Шүүгчид                                       Б.Эрдэнэхишиг                                  

                                                                                       Г.Давааренчин

                               

                                  Оролцогчид

                                    Прокурор                                     О.*******

                                      Шүүгдэгчийн өмгөөлөгч              М.*******

                                        Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Энх-Амар нар оролцуулан, Сэлэнгэ аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн шүүх хуралдаанаас гаргасан 2021/ШЦТ/117 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч бичсэн прокурорын эсэргүүцлийн дагуу Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт *******ийн *******т холбогдох эрүүгийн 2031002720111 дугаартай, 175/2021/0107/Э индекстэй 1 хавтас эрүүгийн хэргийг 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд шүүгч Г.Давааренчингийн  илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1991 оны 03 дугаар сарын 15-ны өдөр Сэлэнгэ аймгийн Ерөө суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, газар тариалангийн “Их Шинэстэй” ХХК-д ажилладаг, ам бүл 3, ээж, дүүгийн хамт Сэлэнгэ аймгийн Ерөө сумын 2 дугаар багийн Буурагчин, Дарь эх гудамжны 1-01 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, ******* овогт *******ийн *******, /РД:МЕ91031518/,

 

Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Э.******* нь Сэлэнгэ аймгийн Ерөө сумын 2 дугаар баг, “Мягмарын ах” гэх газарт тусгай зөвшөөрөлгүйгээр техник хэрэгсэл ашиглан ашигт малтмалын эрэл хайгуул явуулж, газрын хэвлийд халдсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

Анхан шатны шүүх Э.*******т холбогдох хэргийг 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдөр хянан хэлэлцээд 2021/ШЦТ/117 дугаартай шийтгэх  тогтоолоор:  

1.******* овогт *******ийн *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хууль бусаар ашигт малтмал хайх, олборлох”
 

гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.*******т 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,400,000 /таван сая дөрвөн зуун мянга/-н төгрөгөөр торгох ял оногдуулсугай.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.*******ын хөрөнгө, цалин хөлс болон бусад орлого олох боломжийг харгалзан 02 /хоёр/ жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээтэй төгрөгийг 1 хоногоор тооцож, хорих ялаар солихыг шүүгдэгч Э.*******т анхааруулсугай.

5.Шүүгдэгч Э.******* нь энэхүү гэмт хэргийн улмаас байгаль орчинд учруулсан хохирлын 5,646,770 төгрөгийг нөхөн төлснийг дурьдаж, нөхөн сэргээлтийн зардалд 1,249,270 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж, Байгаль орчин, уур амьсгалын санд оруулсугай.

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь хэсэгт зааснаар хэрэгт битүүмжилсэн гэх 720,000 төгрөгний үнэлгээ бүхий гар аргаар хийсэн усан буу, 150,000 төгрөгний үнэлгээ бүхий ус соруулах төхөөрөмжийг тус тус хураан авч, худалдан борлуулж, Улсын орлогод оруулсугай.

7.Энэхүү хэрэгт хэргийн газрын үзлэгээр битүүмжилсэн гэх Баяраа овогтой *******ийн өмчлөлтэй, “Shantui SE210” маркийн 86-91 УБ улсын дугаартай экскаваторыг хууль ёсны өмчлөгч Баяраа овогтой *******өд буцаан олгосугай.

8.Шүүгдэгч Э.******* нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдсугай.

9.Шитгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй...гэж, дээрхи шийдвэрийг эс зөвшөөрвөл эрх бүхий этгээд 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

 

Сэлэнгэ аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 22 дугаартай эсэргүүцэлдээ: ... Шийтгэх тогтоолыг 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч танилцаад Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж дүгнэж, дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд:

Анхан шатны шүүх шийтгэх тогтоолд шүүгдэгч Э.*******ын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан “Shantui SE210” маркийн 86-91 УБ улсын дугаартай техник хэрэгсэл нь иргэн Б.*******ийн эзэмшлийнх, мөн шүүгдэгч Э.******* нь гэмт хэргийн улмаас байгаль орчинд учруулсан 5.646.770 төгрөгийг сайн дураараа нөхөн төлсөн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг үндэслэн дээрх “Shantui SE210” маркийн 86-91 УБ улсын дугаартай техник хэрэгслийг эзэмшигчид нь буцаан олгохоор дүгнэж шийдвэрлэснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй гэж үзэж байна.

Учир нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдээс заавал албадан гаргуулахаар зааснаас гадна, гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого гэдэгт гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан техник хэрэгслийг /эсвэл түүний үнийг/ хамааруулж үзнэ.

Гэтэл шүүхээс шүүгдэгч Э.*******ын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан “Shantui SE210" маркийн 86-91 УБ улсын дугаартай техник хэрэгсэл нь бусдын өмчлөлийнх болох нь баримтаар тогтоогдож байгаа тул хохирол төлөгдсөн эсэхээс үл хамаарч, техник хэрэгслийн үнэ 13.000.000 төгрөгийг шүүгдэгчээс албадан гаргуулах тухай Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан заалтын агуулгыг зөв дүгнэж хэрэглээгүй, мөн шударга ёсны зарчим болон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл журамд нийцээгүй гэж үзэж байна.

Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг хураах нь эрүүгийн хариуцлагын нэг төрөл болох албадлагын арга хэмжээний хүрээнд хэрэгжих бөгөөд, заавал биелэгдэх шинжийг агуулдаг.

Иймд Сэлэнгэ аймаг дахь эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 117 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулж, хэргийг дахин хэлэлцүүлэхээр шүүхэд буцаахаар Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан улсын яллагчийн эсэргүүцэл бичив гээд давж заалдах шатны шүүх хуралдаанд эсэргүүцлээ дэмжиж оролцов.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан. Харин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 5.4-г прокурор зөрчсөн. Прокуророос яллах дүгнэлтдээ эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй гэж тогтоосон зүйлийг шүүх яаж шийдвэрлэх вэ? Үүнийг өөрсдөө л бичсэн гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар дээд шатны прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр Э.*******т холбогдох 2031002720111 дугаартай хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь Хянавал:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Э.*******  нь 2020  оны 07 дугаар сард  Сэлэнгэ аймгийн Ерөө сумын 2-р багийн нутаг “Мягмарын ам” гэх газарт тусгай  зөвшөөрөлгүйгээр  техник хэрэгсэл ашиглан ашигт малтмалын эрэл хайгуул явуулж газрын хэвлийд халдаж байгаль орчинд 5.646.770 төгрөгийн хохирол учруулж хууль бусаар ашигт малтмал хайх гэмт  хэрэг үйлдсэн болох нь:

Шүүгдэгч Э.*******ын  шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Гэм буруугийн талаар маргахгүй...” гэсэн мэдүүлэг,

Хохирогч З.Мөнхзаяагийн “...иргэн Э.******* нь Сэлэнгэ аймгийн Ерөө сумын 2-р багийн нутаг дэвсгэрээс хууль бусаар ашигт малтмал олборлож  байгаль орчинд учруулсан  хохирлыг экологи эдийн засгийн үнэлгээний дагуу нэхэмжилнэ...” гэсэн мэдүүлэг,

Гэрч Ч.*******ын “...найз Э.*******ын хүсэлтээр Сэлэнгэ аймгийн Ерөө сумын 2-р багийн Мягмарын ам гэх гэх газарт экскаваторыг сарын 2.500.000 -3.000.000 төгрөгийн хооронд цалин авахаар тохирч  ажилласан. ...тухайн газартаа хөрсийг нь хуулаад үзсэн чинь газар хөлдүү байхаар нь ухахаа больсон...” гэсэн мэдүүлэг,

Шинжээч Байгаль орчны нөлөөллийн үнэлгээ зөвлөх үйлчилгээний “Говь-Эко” ХХК-ны дүгнэлт,  эд хөрөнгийн  үнэлгээний тайлан болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогджээ.

Шүүгдэгч Э.*******ын Сэлэнгэ аймгийн Ерөө сумын 2-р багийн нутаг “Мягмарын ам” гэх газарт тусгай  зөвшөөрөлгүйгээр  техник хэрэгсэл ашиглан ашигт малтмалын эрэл хайгуул явуулж газрын хэвлийд халдсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул явуулж хууль бусаар газрын хэвлийд халдсан  гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан байх ба  түүнийг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцжээ.

Сэлэнгэ аймгийн Прокурор 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 22 дугаартай  эсэргүүцлийн үндэслэлээ анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан заалтын агуулгыг зөв дүгнэж хэрэглээгүй гэжээ.

Монгол улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх  хэмжээний хөрөнгө орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна.” гэж,

Мөн хуулийн 7.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого” гэж Монгол Улсад бол энэ хуулийн тусгай ангид заасан, гадаад улсад бол тухайн улсын хуулиар нэг жилээс дээш хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэг үйлдэж шууд, шууд бусаар олсон эдийн, эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник, хэрэгслийг ойлгоно” гэж, мөн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3-д “...Хураан авсан хөрөнгө, орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулна. Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогын хэмжээ нь хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлнэ.” гэж тус тус  заажээ.

Дээрхи хуулийн заалт нь гэмт хэрэг үйлдэхэд ашигласан экскаваторыг бусдын өмчлөлийнх бол хөрөнгийг хураан авах боломжгүй тул эрх бүхий этгээдээс тогтоосон хөрөнгийн үнэлгээг үндэслэн гэм буруутай этгээдээс тээврийн хэрэгслийн үнийг гаргуулан  хохирол төлөх, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд захиран зарцуулах тухай зохицуулалт гэж ойлгоно.

Тус хэргийн шүүгдэгч Э.*******ын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан гэх “ShantuiSE210" маркийн 86-91 УБ улсын дугаартай экскаватор нь иргэн Б.*******ийн өмчлөлийнх болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон байх ба  хөрөнгийн үнэлгээний тайлангаар экскаваторыг 13.000.000 /арван гурван сая/ төгрөгөөр  үнэлжээ.

Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад прокурорын тогтоолоор битүүмжлэгдсэн шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан “ShantuiSE210" маркийн 86-91 УБ улсын дугаартай экскаваторыг түүний өмчлөгч болох Б.*******ийн эзэмшилд буцаан олгохоор шийдвэрлэсэн нь зөв боловч шүүгдэгчээс экскаваторын үнэ болох 13.000.000 төгрөгийг гаргуулаагүй шийдвэрлэсэн байх тул прокурорын шүүх хуулийг буруу тайлбарласан хэрэглэсэн гэсэн эсэргүүцэл үндэслэлтэй байна.

 

Иймд давж заалдах шатны шүүхээс  шүүгдэгчээс экскаваторын үнэ болох 13.000.000 төгрөгийг гаргуулахаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 7 дахь заалтад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.4-т зааснаар өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1, 1.4, 2-д заасныг  удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Сэлэнгэ аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 2021/ШЦТ/117 дугаартай шийтгэх тогтоолын “Тогтоох” хэсгийн

 

7 дахь заалтыг:

“7.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар энэхүү хэрэгт хэргийн газрын үзлэгээр битүүмжилсэн гэх Баяраа овогтой *******ийн өмчлөлтэй, “Shantui SE210” маркийн 86-91 УБ улсын дугаартай экскаваторыг хууль ёсны өмчлөгч Баяраа овогтой *******өд буцаан олгож, экскаваторын үнэ болох 13.000.000 /арван гурван сая/ төгрөгийг шүүгдэгч Э.*******аас гаргуулан улсын орлого болгосугай.” гэсэн  өөрчлөлт оруулж, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийг хангахгүй орхисугай. 

 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2-д зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн,  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэсэн  үндэслэлээр оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

                         ДАРГАЛАГЧ                                     Д.БУЯНЖАРГАЛ

                             ШҮҮГЧИД                                     Б.ЭРДЭНЭХИШИГ

                                                                                        Г.ДАВААРЕНЧИН