| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Мянганы Оюунцэцэг |
| Хэргийн индекс | 135/2023/00266/И |
| Дугаар | 135/шш2024/00659 |
| Огноо | 2024-05-17 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 05 сарын 17 өдөр
Дугаар 135/шш2024/00659
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 135/2023/00266/и
Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Оюунцэцэг даргалж, тус шүүхийн хурлын танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ***** баг, ***** хороолол, ***** байр, ***** тоотод оршин суух, ******* овогт ******* ******* /РД: *****/,
Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ***** баг, ***** хороолол, ***** байр, ***** тоотод оршин суух ******* овогт ******* ******* /РД: *****/ нарын нэхэмжлэлтэй
Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ***** баг, **** хороолол, ***** байр, ***** тоотод оршин байх “*****” ХХК /*****/-д холбогдох
“Гэрээний дагуу хугацаа хэтрүүлсний алданги 10,922,022 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч ******,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Т.Цэрэндагва /цахимаар/,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сувдаа нар оролцов.
(Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *****н нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй бөгөөд түүний өмгөөлөгч Т.Цэрэндагвын хүсэлтээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн эзгүйд хэргийг хянан хэлэлцэв)
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч ******, ****** нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ****** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
...Шүүхэд *****, ***** гээд нэг гэр бүлийн хоёр хүн нэхэмжлэл гаргасан. "*****" ХХК-аас 12.341.312 төгрөг гаргуулах тухай гэж гаргасан. 2019 оны 03 сарын 13-ны өдөр Дархан-Уул аймгийн Эрүүл мэндийн газар нь өөрийн харьяа байгууллагуудын ажилтан албан хаагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэхийн тулд “*****” ХХК-тай "Хамтран ажиллах гэрээ" байгуулж Дархан-Уул аймгийн Эрүүл мэндийн газрын эзэмшилд байсан Дархан сумын 11-р баг, 13-р хороололд байршилтай 0.8 га газар дээр 9 давхар, 2 орцтой 104 айлын орон сууцыг бариулахаар харилцан тохиролцож гэрээ байгуулсны үндсэн дээр нэхэмжлэгч ******, ****** бид 2021 оны 06 дугаар сарын 16-ны өдөр "******" ХХК-тай "Орон сууц захиалгаар бариулах гэрээ"-г байгуулж Дархан-Уул аймгийн Дархан сумын ***** баг, ***** хорооллын нутаг дэвсгэрт байрлалтай төрийн албан хаагчдын 216 айлын орон сууцны 331-А байрны 2-р орц, 4-р давхарт 73 тоот 2 өрөө, батлагдсан зургийн дагуу 58.21 м.кв талбай бүхий орон сууцыг бариулахаар, гүйцэтгэгч нь барилгыг 2022 оны 02 дугаар улиралд багтаан байнгын ашиглалтад хүлээлгэн өгөхөөр, захиалагч нь 1 м.кв талбайн үнэ болох 1,250,000 төгрөг, нийт 72,762,500 төгрөгийн урьдчилгаа 5,000,000 төгрөгийг 2021 оны 06 сарын 08-ны өдөр төлөхөөр, цаашид сар тутам 1,402,395 төгрөгийг 2022 оны 06 дугаар сарыг дуустал хугацаанд төлж үлдэгдэл төлбөрийг орон сууц байнгын ашиглалтад орсны дараа 14 хоногт багтаан төлж дуусгахаар тохиролцсон байдаг. Гэтэл гүйцэтгэгч тал болох "*****" ХХК нь гэрээний 2.2-т заасан "Барилгыг 2022 оны 02 дугаар улиралд багтаан байнгын ашиглалтад оруулах" үүргээ биелүүлэлгүй орон сууцны плитаг наагаагүй, дотор хаалгыг хийгээгүй дулаан усаар хангаагүйн улмаас захиалагч тал болох нэхэмжлэгч ******, ****** нарын гэр бүл бусдын байрыг хөлсөлж 4,700,000 төгрөгийн төлбөр гарч хохирсон. Захиалагч талаас гүйцэтгэгч талд гэрээний үүргээ хугацаанд нь биелүүлэхийг удаа дараа шаардсан боловч барилгын инженер Тулга нь элдвээр доромжилж, чи хэл ам хийдэг болохоор чамайг хамгийн сүүлд оруулна, дутуу зүйлийг хамгийн сүүлд хийнэ, ажилгүй болгоно гэх зэргээр заналхийлж гэрээний үүргээ биелүүлж төлбөрөө бүрэн төлсөн хүмүүсийг хохироож байгаа тул арга буюу шүүхэд хандсан. Захиалагч ******, ****** нар нь гэрээнд заасан үүргээ биелүүлж орон сууцны үнэ болох 72,762,500 төгрөгийг 2021 оны 03 дугаар сарын 09-ний өдөр 1,000,000 төгрөг, 2021 оны 05 дугаар сарын 28-ны өдөр 2,000,000 төгрөг, 2021 оны 06 сарын 07-ний өдөр 1,500,000 төгрөг, 2021 оны 06 дугаар сарын 08-ний өдөр 500,000 төгрөг, 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдөр 2,500,000 төгрөг, 2021 оны 09 дүгээр сарын 09-ны өдөр 2,000,000 төгрөг, 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдөр 262,500 төгрөг, 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдөр 15,000,000 төгрөг, 2022 оны 08 дугаар сарын 29-ны өдөр 48,000,000 төгрөгийг тус тус бүрэн төлж дуусгасан. "******" ХХК нь орон сууцны барилгыг 2022 оны 06 дугаар сард улсын комисст хүлээлгэн өгсөн гэж байгаа боловч өнөөдрийг хүртэл дотоод заслын ажил нь дуусаагүй байгаа тул орон сууцны хөлсөө бүрэн төлсөн 40 гаруй ай, өрх орон сууцандаа орж чадахгүй хохирсоор байна. *****" ХХК нь гэрээний 2.2 -т зааснаар 2022 оны 02-р улирал буюу 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдөр гэхэд орон сууцыг байнгын ашиглалтад хүлээлгэн өгөхөөр тохирсон боловч ашиглалтад өгөлгүй нийт 6 сар 23 хоног буюу 205 хоног хугацаа хожимдуулсан байна. Нэхэмжлэгч ***** , Б.******* нар орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг 2022 оны 08 дугаар сарын 26-ны өдөр Улсын бүртгэлийн хэлтэст бүртгүүлж авсан боловч орон сууцандаа орох боломжгүй байгаа тул "*****" ХХК-тай байгуулсан гэрээний 8.2-т заасан "Талууд гэрээнд заасан үүргээ хугацаандаа биелүүлээгүй тохиолдолд хоног тутамд гэрээний үнийн дүнгийн 0.1 хувьтай тэнцэх алдангийг нөгөө талдаа төлнө" гэж заасны дагуу "*****" ХХК-аас дор дурдсан алдангийг нэхэмжилж байна. Нэхэмжлэгч нарын зүгээс 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хүртэл буюу орон сууц ашиглалтад орох ёстой өдөр хүртэл 24,762,500 төгрөг төлсөн байгаа тул дараагийн төлөлт хүртэлх хугацаа буюу 2022 оны 08 дугаар сарын 29-ний өдөр хүртэл 60 хоног, нийт төлсөн 24,762,500 төгрөгөөс өдөр тутам 0.1 хувиар алданги тооцож үзэхэд нэг өдөрт 24,762 төгрөг болж байна. Үүнийг хугацаа хэтрүүлсэн 60 хоногоор үржүүлбэл 1,485,750 төгрөг болж байна. 2022 оны 08 дугаар сарын 29-ний өдөр 48,000,000 төгрөг төлж, нийт төлөлт 72,762,500 төгрөг болсон бөгөөд 2022 оны 08 дугаар сарын 29-ний өдрөөс өнөөдрийг хүртэл 04 сар 23 хоног буюу 145 хоног хугацаа хэтэрсний алдангийг тооцож үзвэл нэг өдөрт оногдох алданги 72,762,500 х 0.1% нэг өдрийн алданги 72,762 төгрөг болж байна үүнийг хугацаа хэтэрсэн 145 хоногоор үржүүлж үзвэл 10,550,562 төгрөг болж байна. Ингээд нийт 205 хоног хугацаа хэтрүүлсний алдангид нийт 12,036,312 төгрөг, орон сууцны дотор хаалга 1 ширхгийг өөрийн зардлаар хийлгэсний үнэ 305,000 төгрөг /суулгалтын үнэ ороогүй/ нийт 12,341,312 төгрөгийг "******" ХХК-аас нэхэмжилсэн. Үүнээс хаалга хийлгэсний дардал 305,000 төгрөг, мөн 2022 оны 07 сарын 01-ний өдрөөс 2022 оны 08 сарын 29-ний өдрийг хүртэлх 60 хоногоор тоосон алдангиас 45 хоногийн хугацааны алданги 1,114,290 төгрөгийн шаардлагаас тус тус татгалзаж, нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж 10,922,021 төгрөг гаргуулахаар шаардлага гаргаж байна.
Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл нь талуудын хооронд 2021 оны 06 дугаар сарын 16-ны өдөр байгуулагдсан орон сууц захиалгаар бариулах гэрээний үүргийн гүйцэтгэлийг шаардаж байгаа юм. Гэрээний аль заалтын ямар үүргийн гүйцэтгэлийг шаардаж байгаа вэ гэхээр гэрээний 2.2-т гүйцэтгэгч нь барилгыг 2022 оны 2 дугаар улиралд багтаан байнгын ашиглалт хүлээлгэж өгнө гэсэн үүргээ биелүүлээгүй гэж нэхэмжлэгч талаас үзэж байгаа. Мөн хариуцагчийн бичгээр ирүүлсэн хариу тайлбартай танилцсан. Уг тайлбартаа энэ барилгыг гэрээнд заасан хугацаанд улсын комисс хүлээгээд авчихсан. Тийм учраас алданги төлөх боломжгүй гэдэг зүйлийг дурдсан байна. Гэрээний 2.2 дахь заалтад байнгын ашиглалт хүлээлгэж өгнө гэсэн байдаг. Ашиглалтад хүлээлгэж өгнө гэдэг нь захиалагч тал тухайн барилгыг бүрэн ашиглах боломжтой нөхцөл байдлыг хэлж байгаа. Улсын комисс хүлээж аваад акт гарсны дараа ашиглалтад өгөөгүй дотор засал нь хийгдээгүй байсан гэдгийг комиссын дүгнэлтэд дурдсан байдаг. Зарим дотоод засал хийгдээгүй. Захиалагч ороод амьдрах боломжгүй байсан гэдгийг хариуцагч тал ч гэсэн хүлээн зөвшөөрсөн. Тухайн байрыг яг албан ёсоор ашиглалтад хүлээж авсан баримт нь 2023 оны 02 дугаар сарын баримт байгаа. Улсын комиссын акт дээр бичсэн он, сар өдрөөр тухайн байрыг байнгын ашиглалтад хүлээлгэж өсгөн гэвэл гэрээний утга агуулгатай тохирохгүй байх. Энэ байдлаас болоод алданги тооцохгүй байх үндэслэл байхгүй. Энэ хүн юуны төлөө гэрээ хийсэн бэ гэхээр ашиглалт ороход нь дотор нь орж амьдрахын төлөө энэ гэрээг хийсэн. Гэрээний зорилго нь тэр. Гэтэл зорилго биелэгдээгүй. Энэ байрыг улсын комисс хүлээж авсан акт гарсан боловч байр нь ашиглалтад ороогүй байж байгаад 2023 оны 02 дугаар сард ашиглалтад орсон. Баримт нь хэрэгт авагдсан байгаа. Нэхэмжлэгч талаас төлбөрийг гэрээнд заасан хугацаандаа бүрэн төлж барагдуулсан. Хариуцагч талаас байрандаа орсон өдрөөс хойш алданги тооцно гэж яриад байдаг. ****** ХХК нь өөрсдөө гэрээний 2.2-т заасан хугацааг хэтрүүлсэн. Бид харин ч түрээсийн төлбөрийн хохирлоо нэмж нэхэмжлэх боломжтой байсан боловч нэгэнт анхнаасаа алдангийн талаар нэхэмжлэл гаргасан байсан учраас энүүгээрээ дуусгая гэж яригдаж байгаа. Хариуцагч талаас зохигчдын хооронд бий болсон эрх зүйн харилцааг иргэний хуулийн 243 дугаар зүйлд заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн байна гэж үзэж байгаа. Нэхэмжлэгч талын зүгээс иргэний хуулийн 343 дугаар зүйлд заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн гэж үзээд мэтгэлцэж байгаа. Миний хувьд ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн юм уу худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүсэн юм уу гэдэг дээр нээх ач холбогдол өгөхгүй байна. Юун дээр ач холбогдол өгч байгаа вэ гэхээр талуудын хооронд байгуулсан гэрээ дээр ач холбогдол өгч байна. Бид өнөөдөр гэрээний үүргийн гүйцэтгэлийг л шаардаж байгаа юм. Гэрээнд алданги төлөх заалтын талаар тусгасан байгаа.Тухайн гэрээний заалтыг хоёр тал биелүүлэх үүрэгтэй. Нэхэмжлэгч нар гэрээнд заасан үүргээ биелүүлсэн. Хариуцагч тал биелүүлээгүй гэдгээ хүлээн зөвшөөрсөн. Үүн дээрээ давагдашгүй хүчин зүйл нөлөөлсөн гэж яриад байгаа боловч үүнийгээ нотолж чадаагүй. Ямар давагдашгүй хүчин зүйл нөлөөлөөд ямар гэрээнийх нь харилцаа тасалдаад, ямар үүргийн гүйцэтгэл биелэгдэхээ больсон, ямар саад учирсан гэдгийг нотолсон ямар нэгэн баримт шүүхэд гаргаж өгөөгүй. Зөвхөн хил дээр хорио цээр тогтоосон Засгийн газрын тогтоолыг барихын бол зохигчдын хооронд үүссэн гэрээний харилцаанд хамааралтай давагдашгүй хүчин зүйл гэж үзэх үндэслэл харагдахгүй байна. Гэрээний үүрэг нь энэ хоригоос болоод биелээгүй гэдэг зүйлээ тодорхой баримтаар нотлох ёстой байтал үүнийгээ нотлоогүй. Зөвхөн ковидоор халхавч хийгээд давагдашгүй хүчин зүйл нөлөөлөөд өнөөдөр юм аа хийж чадаагүй гэж байна. Давагдашгүй хүчин нөлөөлөөд бид юм аа барьж чадаагүй гэдэг асуудал нотлогдохгүй байна. Гэрээ хийх үед энэ ковидын нөхцөл байдал буюу давагдашгүй хүчин зүйл гарчихсан байсан. Юмаа бэлдсэн болоод л гэрээ хийсэн байх. Тиймээс давагдашгүй хүчин зүйл байгаагүй гэж үзэж байна. Нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна” гэв.
2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *****н шүүхэд гаргасан хариу тайлбартаа:
“... Нэхэмжлэгч нарын зүгээс 2022 оны 07 сарын 01-ний өдөр хүртэл буюу орон сууц ашиглалтад орох ёстой өдөр хүртэл 24,762,500 төгрөг төлсөн байгаа тул дараагийн төлөлт хүртэл хугацаа буюу 2022 оны 08 сарын 29-ний өдөр хүртэл 60 хоногт 24,762,500 төгрөгөөс өдөр тутам 0,1 хувиар алданги үзэхэд нэг өдөрт 24,762 төгрөг байна. Үүнийг хугацаа хэтрүүлсэн 60 хоногоор үржүүлбэл 1,485,750 төгрөг болж байна. 2022 оны 08 сарын 29-ний өдөр 48,000,000 төгрөг төлж, нийт төлөлт 72,762,500 төгрөг болсон бөгөөд 2022 оны 08 сарын 29-ний өдрөөс өнөөдрийг хүртэл 4 сар 23 хоног буюу 145 хоног хугацаа хэтэрсний алдангийг тооцож үзвэл нэг өдөрт оногдох алданги 72,762 төгрөг болж байна. Үүнийг 145 хоногоор үржүүлж, үзвэл 10,550,562 төгрөг болж байна. Ингээд нийт 205 хоног хугацаа хэтрүүлсний алдангид нийт 12,036,312 төгрөг, орон сууцны дотор хаалга 1 ширхэг хаалгыг өөрийн зардлаар хийлгэсний үнэ 305,000 төгрөг /суулгалтын үнэ ороогүй/ нийт 12,341,312 төгрөгийг ****** ХХК-аас нэхэмжилж байна гэжээ. 2021 оны 06 сарын 16-ны өдөр иргэн ******, ****** нартай хийсэн орон сууц захиалгаар бариулах гэрээний 9 дүгээр зүйлд давагдашгүй хүчин зүйлс 9.1-д давагдашгүй хүчин зүйлээс /байгалийн гамшиг, дайн байлдаан, зэвсэгт мөргөлдөөн, үймээн самуун, төрийн захиргааны дээд байгууллагын шийдвэр, экспорт, импортын хориг дэд бүтцээр ханган нийлүүлэгч гуравдагч байгууллагууд болон хуульд заасан бусад нөхцөл/ орон сууцыг хугацаанд нь хүлээлгэн өгч чадаагүйд хүрвэл гүйцэтгэгч нь ямар нэгэн хариуцлага хүлээхгүй ба нөхцөл байдлыг харгалзан талууд гэрээнд заасан хугацаанд нэмэлт өөрчлөлт оруулах замаар гэрээнд өөрчлөлт оруулна, 9.2-т тус тус заасан байгаа. Дэлхий нийтээр тархаад буй цар тахлаас үүдэн манай улсад бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт 4 удаа ч шилжиж, үйлдвэрлэгчид хэвийн тогтвортой ажиллах нөхцөл хангагдахгүй, түүний эдийн татан авалт хийж чадахгүй санхүүгийн хүндрэл бэрхшээлтэй тулгарсан, дэлхийн зах зээлд түүхий эдүүд, импортоор оруулж байгаа материал, бүтээгдэхүүний үнэ өссөн, олдоц ховордсон, импортлогч БНХАУ-ын хил хорио хязгаарлалтаас болж нийлүүлэлт багасаж, тээвэрлэлт хүндэрч үнэ өссөн. 2020-2022 онуудад дотоодын жижиг үйлдвэрүүдийн ихэнх нь үйлдвэрлэл явуулаагүй, импортын нөөц бүрдүүлээгүйгээс дотоодын зах зээлд материалын хомсдол бий болсон зэрэг шалтгаанаар манай байгууллага захиалагч нартай хийсэн гэрээний дагуу орон сууцыг хугацаанд хүлээлгэн өгч чадаагүй нөхцөл байдал үүссэн. Мөн *****, ***** нар нь албан ёсоор байрыг хүлээлцээгүй байж дур мэдэн орж гадна хаалгыг цоож түлхүүрийг сольсон бөгөөд дотор өрөөнд суулгаж өгөх ёстой байсан 2 хаалга нийтийн эзэмшлийн талбайд хураалттай байхад дур мэдэн ажилтнуудад мэдэгдэхгүй авч оруулж, тавьсан манай байгууллагын эрх бүхий ажилтнуудтай хүлээлцэх актад гарын үсэг зурж, хүлээлцээгүй байгаа мөртлөө одоог хүртэл орон сууцандаа орчихсон амьдарч байгаа болно. “*****” ХХК-ийн зүгээс иргэн ******, ****** нарын нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй татгалзаж байна.
Манайх 2021 оны 06 дугаар сарын 16-ны өдөр ***** гэдэг хүнтэй орон сууц захиалгаар барих гэрээ хийсэн. Энэ барилгыг 2020 оноос захиалга авч эхлээд тухайн үед зах зээлийн үнээр 1 м.кв-ийг 1,250,000 төгрөг буюу тухайн үеийн зах зээлийн ханшаар захиалга авсан. ***** гэдэг хүнтэй тухайн үеийн зах зээлийн ханшаар буюу 1 м.кв-ийг 1,250,000 төгрөгөөр тооцож гэрээ байгуулсан. Ингээд 2022 оны 06 дугаар сар буюу 2-р улиралд ашиглалтад оруулна гэсэн боловч бүгд мэдэж байгаа тухайн үеийн нийгэм эдийн засгийн байдлаас буюу гүйцэтгэгчээс шалтгаалахгүй, давагдашгүй хүчин зүйлээс болж барилгыг цаг тухайд нь хүлээлгэж өгөхөд саад учирсан. Үүнээс хойш бид захиалагч нараа бодож 1 м.кв-ын үнийг огт нэмээгүй, тэр чигтээ буюу тухайн үеийн зах зээлийн ханш 1,250,000 төгрөгөөрөө бодож барилгаа ашиглалтад оруулж дуусгасан. Тухайн захиалга авах үеийн бараа материалын үнэ, үйл ажиллагаа явуулах үеийн бараа материалын үнэ 50-80 хувь өссөн. Энэ нөхцөл байдлаас болж хугацаандаа ашиглалтад оруулж чадаагүй. Гэхдээ одоо ямар нэгэн асуудал байхгүй ашиглалтад орсон байгаа.
Шүүх хуралдаанд орж байгаагүй учраас сайн тайлбарлаж чадахгүй байх шиг байна. Гэхдээ нэхэмжлэгч тал гэрээгээ сайн уншмаар байна, гэрээгээ сайн уншаагүйгээс маргаан үүсгээд байгаа юм уу гэж харж байна. Гэрээний 9 дүгээр зүйлийн 9.2-т тусгасан. Манайх үнийн өсөлтөөс болж санхүүгийн хямралд орж, хугацаанд нь орон сууцаа ашиглалтад оруулж чадаагүй. Тэгэхээр тухайн үед байрыг хугацаанд нь ашиглалтад оруулах арга хэмжээ аваад, компаниа бодоод, дараа нь ийм асуудалд орох байсан бол м.кв үнээ 2 сая төгрөг ч юм уу үнээ нэмэх боломж байсан. Бусад барилгын компани нэмсэн байгаа. Эрсдэлийг өөрсдөө дааж энэ барилыг ашиглалтад оруулсан байгаа” гэжээ.
3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Т.Цэрэндагва шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:
Нэхэмжлэлийн шаардлага дээр нэг зүйл тодруулах нь зөв байх. Нэхэмжлэлийн шаардлага нийт 12,341,312 төгрөг гэсэн байсан. Үүнээс сая хурал дээр 1,114,294 төгрөгөөс татгалзаж байгаа гэдгээ хэлж байна. Нийт үнийн дүнгээс 2023 оны 03 дугаар сарын 30-ны өдөр мөн хаалганы үнэ 305,000 төгрөгийг нэхэмжлэлийн шаардлагаасаа багасгасан. Тэгэхээр 2023 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн багасан үнийн дүн нийт үнийн дүнгээс хасагдах эсэх дээр тайлбар хэлэх байх гэж бодож байна. Өмнөх шүүх хуралдаан дээр дэлгэрэнгүй тайлбараа гаргачихсан. Хариуцагчийн зүгээс бичгээр мөн нэмэлт тайлбар гаргачихсан байгаа. Тухайн тайлбаруудаа бүрэн дэмжиж байна. Нэмэлт тайлбарыг шүүхээс шийдвэр гаргахдаа дүгнэх байх гэж үзэж байна. Үүн дээр нэмэлт тайлбар хэлэхэд гэрээний 2.2-т зааснаар үүргээ зөрчсөн хугацааны алданги дээр иргэний хэргийн маргаан явж байгаа. Тэгэхээр уг гэрээний 2.2-т юу гэж заасан бэ гэхээр барилгыг 2022 оны 2 дугаар улиралд байнгын ашиглалтад хүлээлгэн өгнө гэсэн байдаг. Хууль зүйн үүднээсээ гэрээнд заасан үгийн шууд утгыг анхаарах ёстой. Үгийн утгаар нь харвал улсын комисст хүлээлгэж өгөөд дуусах юм шиг харагдаж байгаа. Гэхдээ талуудын хооронд байгуулагдсан агуулгаараа худалдах худалдан авах гэрээний харилцаа учраас зайлшгүй захиалсан хөрөнгийг өмчлөлд нь шилжүүлэх, эзэмшил ашиглалтад шилжүүлэх үүрэг давхар явж байгаа. Юу гэж хэлэх гээд байгаа вэ гэхээр гэрээний 2.2 дахь заалт дээр ганц захиалагч нарт хүлээлгэж өгөх үүрэг байхгүй. Давхар цаанаа улсын комисст хүлээлгэж өгөх гэсэн үүрэг байгаа. Хоёрдугаарт захиалагч нарт хүлээлгэн өгөх гээд үндсэн хоёр үүргийг биелүүлэх ёстой гэдэг нь энэ заалтаас харагдаж байгаа юм. Хариуцагч компанийн хувьд улсын комисст хүлээлгэн өгөх үүргээ хугацаадаа багтаагаад биелүүлчихсэн. Энэ гэрээний заалтыг бүхэлд нь биелүүлээгүй гэж байгаа нь үндэслэлгүй. 2022 оны 06 дугаар сарын 24-ний өдөр улсын комисст хүлээлгэж өгөөд 2022 оны 08 дугаар сарын 30-ны өдөр нэхэмжлэгч нарын хувьд төлбөрөө төлсөн. Үүнээс өмнөх цаг хугацаанд нэхэмжлэгч нарын хувьд алданги нэхэмжлэх эрх үүсээгүй байсан гэж үзэж байна. Учир нь гэрээний 2.1, 2.3, 4.2, 5.3, 5.5, 5.7, 6.3 гээд гэрээний маш олон заалтаар талууд хоорондоо тохиролцоод гэрээ байгуулсан. Нэгдүгээрт нь захиалагч нар орон сууцны төлбөрөө бүрэн төлснөөр байрыг хүлээж авах эрх үүснэ, түлхүүрийг нь хүлээлгэж өгнө гэх мэтчилэн төлбөрөө төлсний дараа үүргийн гүйцэтгэл шаардах эрх нь үүсэх гэрээний зохицуулалт гэрээнд маш олон байгаа. Тэгэхээр 08 дугаар сарын 30-ны өдрийн байдлаар үлдэгдэл төлбөрөө бүрэн төлж дууссан учраас энэнээс өмнөх цаг хугацаанд алданги нэхэмжлэх эрх нэхэмжлэгч нарт үүсээгүй байсан гэдгийг анхаарч үзэхийг хүсэж байна. Гэрээнд зааснаар 45 хоногоор хойшлогдож болохыг талууд хүлээн зөвшөөрсөн болно гэдэг зохицуулалт 08 дугаар сарын 30-ны өдрөөс хойших цаг хугацаанд тооцогдох ёстой гэж үзэж байна. Үүнийг мөн шүүхээс анхаарч үзэхийг хүсье. Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс 08 дугаар сарын 30-ны өдрөөс өмнөх хугацааны алданги дээр энэ заалтыг хэрэглэж нэхэмжлэлээсээ татгалзаж байгааг шүүхээс хуульд нийцэж байгаа эсэхийг анхаарч үзнэ үү. Нэхэмжлэгч нарын хувьд 2022 оны 08 дугаар сарын 26-ны өдөр нэр дээр нь өмчлөх эрхийн гэрчилгээ гарчихсан. 08 дугаар сарын 30-ны өдөр төлбөрөө бүрэн төлчихсөн. Тийм учраас яг албан ёсоор хүлээлцээгүй байхад тухайн үед өөрсдөө дур мэдэн дайрч ороод гадна хаалганы цойж түлхүүрийг солиод мөн дотор хаалганд суулгаж өгөх ёстой байсан 2 ширхэг хаалга барилгын талбай дээр хураалттай байхад өөрсдөө дур мэдэн аваад өөрсдөө дотор хаалгаа суулгаад байрандаа орсон. Одоог хүртэл ашиглаад амьдраад явж байгаа. Энэ нөхцөл байдлыг мөн харгалзан үзэх ёстой нөхцөл болно гэж үзэж байна. Энэхүү гэрээ хэрэгжих хугацаанд давагдашгүй хүчин зүйл байхгүй, үүсээгүй байсан гэж нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс тайлбарлаж байна. Тэгэхээр энэ үйл баримт нийтэд илэрхий үйл баримт. Жишээ нь хуулийн сайтад ороод харахад өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн Засгийн газрын тогтоол хамгийн эцсийн байдлаар 2022 оны 03 дугаар сард цуцлагдсан байдаг. Энэ тогтоол одоо ч гэсэн нийтэд илэрхий сайтад байршсан байгаа. Үүнээс өмнөх цаг хугацаанд хөл хорионы дэглэмтэй, өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэг улс орон даяар шилжчихсэн байсан. Энэ арга хэмжээг цуцалсан ч гэсэн үүнтэй холбоотойгоор байгууллагуудын үйл ажиллагаа доголдчихсон санхүүгийн хямрал нүүрлэчихсэн, дээр нь БНХАУ-ын хилийн хоригийн асуудал тухайн үед нээгдээгүй хязгаарлалтын байдалтай хэвээр байсан. Энэ бол нийтэд илэрхий бүгд мэдэж байгаа үйл баримт. Үүн дээр давагдашгүй хүчин зүйл үүсээгүй байсан гэж тайлбарлаж байгааг үндэслэлгүй гэж үзэж байна. Давагдашгүй хүчин зүйл үүссэнтэй холбоотойгоор гэрээний 9.1, 9.2-т яг ийм нөхцөл байдал үүссэн тохиолдолд хариуцлагаас чөлөөлөгдөх талаар зохицуулалтыг оруулсан байгаа. Шүүх шийдвэр гаргахдаа үүнийг мөн анхаарч үзээсэй гэж хүсэж байна. Давагдашгүй хүчин зүйл үүссэнтэй холбоотойгоор гэрээний хугацаа сунгах саналаа хариуцагч компанийн зүгээс 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр нийт захиалагч нартаа хандаж мэдэгдэл явуулсан. Түүнийг хүлээж авсан гэдгээ нэхэмжлэгч нарын зүгээс хүлээн зөвшөөрөөд шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ хавсаргаж ирүүлсэн байдаг. Эндээс юу харагдаж байгаа вэ гэхээр гэрээний хугацаа сунгах саналыг нэхэмжлэгч нарын зүгээс эсэргүүцээгүй, хүлээн зөвшөөрөхгүй байгаа гэдгээ ямар нэгэн байдлаар илэрхийлээгүй. Иргэний хуулийн 195, 196.1, 196.2-т заасны дагуу гэрээний 2.2-т заасан хугацаанд өөрчлөлт оруулсан гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй. Мөн нөгөө талаасаа гэрээний 4.3 дээр нэг зохицуулалт байгаа. Тэр нь бараа материалын үнэ улиралд 10 болон түүнээс дээш хувиар өсөх юм бол гэрээний үнийн дүнд өөрчлөлт оруулах боломжтой байсан. Гэрээнд өөрчлөлт оруулах процесс нь яаж явагдах вэ гэхээр албан бичгээр мэдэгдээд өөрчлөлт оруулчих боломжтой байсан. Гэтэл компанийн зүгээс тухайн үед үүсээд байсан давагдашгүй хүчин зүйл нь компаниас гадна иргэн захиалагч нарт ч гэсэн адилхан байгаа гэдэг үүднээс нэмэлт санхүүгийн дарамт үүсгэхгүйгээр бага зэргийн хугацааг хойшлуулах байдлаар хүнд нөхцөл байдлыг даван гарах арга замыг сонсгосон. Тэрний үр дүнд барилгын материалаас гадна барилга орон сууцны үнэ огцом өссөн цаг хугацаанд захиалагч нар нь үнийн өөрчлөлтгүйгээр хямд орон сууцтай болох нөхцөлийг нь бүрдүүлэх тал дээр анхаарч ажилласан. Эдгээр нөхцөл байдлуудыг харгалзан үзээд өмнөх шүүх хуралдаан дээр гаргасан тайлбаруудыг энэ хуралдаан дээр гаргасантай адилтгаж үзээд анхаарч үзнэ үү гэж байгаа. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8-т заасныг баримтлан эдгээр нөхцөл байдлуудыг харгалзан үзээд үүргийн гүйцэтгэлийг хангуулах, алданги төлөх үүргээс чөлөөлж өгнө үү гэв.
4. Нэхэмжлэгч талаас орон сууц захиалгаар бариулах гэрээ, үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээ, орон сууцны зээлийн гэрээ Худалдаа хөгжлийн банк, үл хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээ, мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичиг, /хамтран ажиллах гэрээ, эдгээр баримт нотлох баримтын/, мөнгө тушаасан баримт, Голомт банкны орлогын баримт 8 хуудас, Худалдаа хөгжлийн банк-д ****** ХХК-ийн албан бичиг, зээлийн эргэн төлөлтийн хуваарь 1 хуудас, /Дархан Болор талст ХХК-ийн 305,000 төгрөгийн ебаримт, энэ баримтаас татгалзсан/, 4,700,000 төгрөгийг *****гөөс Энхцолмон гэсэн данс руу шилжүүлсэн баримт, байр түрээслэх гэрээ, Хаан банкны дипозет дансны хуулга, /*****/, ******* Худалдаа хөгжлийн банк-ны дансны хуулга, Худалдаа хөгжлийн банкны 2022 оны 08 дугаар сарын 30-ны өдөр 48,000,000 төгрөг зээл олгосон тухай баримт, ****** ХХК-руу шилжүүлсэн баримт, эд хөрөнгө хүлээлцсэн акт, Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын дүгнэлт зэргийг нотлох баримтаар ирүүлсэн.
5. Хариуцагч талаас ****** ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, ****** ХХК-ийн дүрэм 4 хуудас, салбарын гэрчилгээ, ****** ХХК-ийн Дархан салбарын журам, салбарын гүйцэтгэх захирлын тушаал, Монгол Улсын Үндэсний статистикийн хорооны албан бичиг, ****** ХХК-ий Захиалагчдадаа хүргүүлсэн мэдэгдэл зэрэг баримтуудыг гаргаж өгсөн.
6. Шүүхийн журмаар Хил хамгаалах ерөнхий газраас Монгол, Хятадын хилийн боомтуудын түр хаасан болон нэвтрэх хөдөлгөөнийг хязгаарласан талаарх мэдээлэл, Монгол Улсын Гадаад харилцааны яамнаас Монгол, Хятадын хилийн боомтуудын түр хаасан болон нэвтрэх хөдөлгөөнийг хязгаарласан талаарх мэдээлэл зэргийг нотлох баримтаар бүрдүүлсэн.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэгч ******, ****** нарын хариуцагч “*****” ХХК-д холбогдуулан гаргасан алданги 10,922,022 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Нэхэмжлэгч нар нь анх шүүхэд нэхэмжлэл гаргахдаа гэрээний дагуу хугацаа хэтрүүлсний алданги 12,036,312 төгрөг, орон сууцны дотор хаалгыг өөрийн зардлаар хийлгэсний үнэ 305,000 төгрөг, нийт 12,341,312 төгрөг гаргуулах шаардлага гаргасан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хаалга хийлгүүлсний зардал 305,000 төгрөг, 45 хоногийн алданги 1,114,290 төгрөгөөс тус тус татгалзаж, нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж 10,922,022 төгрөг гаргуулахаар шаардлагаа тодорхойлсон болно.
2. Нэхэмжлэгч тал шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндэслэлээ: “...Хариуцагч тал барилгыг 2022 оны 02 дугаар улиралд багтаан байнгын ашиглалтад хүлээлгэн өгөхөөр гэрээгээр тохирсон боловч энэхүү үүргээ биелүүлээгүй 2023 оны 02 сарын 27-ны өдөр түлхүүрийг нь өгч хүлээлгэн өгсөн. Гэрээний 8.2-т: "Талууд гэрээнд заасан үүргээ хугацаандаа биелүүлээгүй тохиолдолд хоног тутамд гэрээний үнийн дүнгийн 0.1 хувьтай тэнцэх алдангийг нөгөө талдаа төлнө" гэж заасны дагуу хугацаа хэтрүүлж хүлээлгэн өгсөн тул алданги шаардах эрхтэй” гэж тайлбарлаж байна.
3. Хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж буй үндэслэлээ: “ ... орон сууц захиалгаар бариулах гэрээний 9.1, 9.2-т заасны дагуу хариуцлагаас чөлөөлөгдөнө, Дэлхий нийтээр тархаад буй цар тахлаас үүдэн манай улсад бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт 4 удаа ч шилжиж үйлдвэрлэгчид хэвийн тогтвортой ажиллах нөхцөл хангагдахгүй, түүхий эдийн татан авалт хийж чадахгүй санхүүгийн хүндрэл бэрхшээлтэй тулгарсан, дэлхийн зах зээлд түүхий эдүүд, импортоор оруулж байгаа материал, бүтээгдэхүүний үнэ өссөн, олдоц ховордсон, импортлогч БНХАУ-ын хил хорио хязгаарлалтаас болж нийлүүлэлт багасаж тээвэрлэлт хүндэрч үнэ өссөн, 2020-2022 онуудад дотоодын жижиг үйлдвэрүүд ихэнх нь үйлдвэрлэл явуулаагүй, импортын нөөц бүрдүүлээгүйгээс дотоодын зах зээлд материалын хомсдол бий болсон зэрэг шалтгаанаар манай байгууллага захиалагч нартай хийсэн гэрээний дагуу орон сууцыг хугацаанд нь хүлээлгэн өгч чадаагүй нөхцөл байдал үүссэн тул гэрээний дагуу алданги төлөх үндэслэлгүй” гэж маргадаг болно.
3. Хэрэгт авагдсан 2021 оны 06 дугаар сарын 16-ны өдөр “Орон сууц захиалгаар бариулах гэрээ”-ээр Дархан-Уул аймаг, Дархан сум, 11-р баг, 13-р хороолол нутаг дэвсгэрт байрлалтай Төрийн албан хаагчдын 216 айлын орон сууц-ны 331-А байрны 2-р орц, 4-р давхарт, 73 тоот 2 өрөө байрны батлагдсан зургийн дагуу 58,21 м.кв талбай бүхий сууцыг 2022 оны 02 дугаар улиралд багтаан байнгын ашиглалтад хүлээлгэн өгөх, захиалагч 1 м.кв талбайн үнэ 1,250,000 төгрөг, 2 өрөө байрны талбайн хэмжээ 58,21 м.кв бөгөөд нийт үнэ 72,762,500 төгрөгийг 2021 оны 06 дугаар сарын 08-ны өдөр 5,000,000 төгрөг урьдчилгаанд төлсөн, 2021 оны 06 дугаар сараас 2022 оны 06 дугаар сар хүртэл 16,828,750 төгрөг, ипотекийн зээлд хамрагдан 50,933,750 төгрөгийг төлөхөөр харилцан тохиролцжээ. /хавтаст хэргийн 4-5-р тал/
Энэхүү гэрээний дагуу хариуцагч тал Дархан-Уул аймгийн Дархан сумын 11 дүгээр баг, 13 дугаар хороолол, үндэсний эрх чөлөө 3 гудамж 332/1 байрны 73 тоот хаягт байрлах 58,21 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 2022 оны 08 сарын 26-ны өдөр улсын бүртгэлд нэхэмжлэгч *****, ***** нарын нэр дээр бүртгүүлж, өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг гаргуулж олгосон, нэхэмжлэгч нар нь 2022 оны 08 сарын 30-ны өдрөөр сүүлийн төлбөр болох 48,000,000 төгрөгийг шилжүүлэн орон сууцны нийт үнэ болох 72,762,500 төгрөгийг төлөх үүргээ биелүүлсэн болох нь хэрэгт авагдсан улсын бүртгэлийн гэрчилгээ, Голомт банкны орлогын мэдүүлэг, Худалдаа хөгжлийн банкны дансны хуулга болон бусад баримтуудаар тогтоогдож байна. /хавтаст хэргийн 7-12, 16-20, 53 дугаар тал/
Мөн хэрэгт 2023 оны 02 сарын 27-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгө хүлээлцэх тухай акт авагдсан бөгөөд тус актаар гэрээний зүйл болох орон сууц болон түлхүүрийг хүлээлгэн өгч талууд гарын үсэг зуржээ. /хавтаст хэргийн 54 дүгээр тал/
4. Дээрх үйл баримтаас дүгнэхэд талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн байна гэж үзэхээр байна.
Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т зааснаар худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ.
Дээрх хуульд зааснаар гэрээний талууд гэрээний үүргээ хэн аль нь биелүүлсэн байна.
5. Харин хариуцагч буюу худалдагч тал гэрээгээр тохирсон хугацаанд орон сууцыг хүлээлгэн өгөх үүргээ биелүүлээгүй нь хүндэтгэн үзэх шалтгаантай байсан эсэх талаар талууд маргажээ.
Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-т зааснаар үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэх зарчимтай.
Талуудын байгуулсан гэрээний 2.1-т: “Гэрээнд хоёр тал гарын үсэг зурж, баталснаар хүчин төгөлдөр болох бөгөөд байр ашиглалтад ормогц захиалагч нь нийт төлбөрийг бүрэн төлж барагдуулснаар гэрээ дуусгавар болж, гүйцэтгэгч нь захиалагчид түлхүүр хүлээлгэн өгнө”, 2.2-т: Гүйцэтгэгч нь барилгыг 2021 оны 02 дугаар улиралд багтаан байнгын ашиглалтад хүлээлгэн өгнө” , 4.2-т: “Үлдэгдэл төлбөрийг захиалагч нь орон сууц байнгын ашиглалтад орсны дараа хуанлийн 14 хоногт багтаан 4.1-т заасан дансанд бүрэн төлж барагдуулна” гэж тус тус талуудын үүргийг тодорхойлжээ.
Дээрх гэрээний 2.2-т 2022 он гэдгийг бичихдээ 2021 он гэж техникийн алдаа гаргасан болохыг талууд шүүх хуралдаан дээр тайлбарласан бөгөөд энэ хугацааны талаар маргаангүй болно.
6. Хэрэгт авагдсан баримт болон талуудын тайлбараар нэхэмжлэгч нь үнэ төлөх үүргээ хамгийн сүүлийн төлбөрийг 2022 оны 08 сарын 30-ны өдөр төлснөөр гүйцэтгэсэн, хариуцагч “*****” ХХК нь орон сууцыг 2022 оны 06 сарын 24-ний өдрийн “Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын 15/2022-Д дугаартай дүгнэлт”-ээр ашиглалтад оруулсан, тус орон сууцны өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ 2022 оны 08 сарын 26-ны өдөр нэхэмжлэгч нарын нэр дээр бүртгүүлсэн, 2023 оны 02 сарын 27-ны өдөр орон сууцыг биет байдлаар хүлээлгэн өгснөөр хариуцагч нь гэрээнд заасан үүргээ мөн биелүүлсэн байна.
Талуудын байгуулсан гэрээний дагуу хариуцагч нь 2022 оны 02 дугаар улиралд багтаан орон сууцыг улсын комисст хүлээлгэн өгсөн боловч орон сууцаа нэхэмжлэгч нарын эзэмшил, ашиглалтад шилжүүлэн өгөөгүй болох нь тогтоогдож байна.
Хариуцагч тал энэхүү үндэслэлээ Ковид-19 цар тахлын улмаас хил хаагдаж, тодорхой хязгаарлалт хийгдэж, барилгын материалын үнэ нэмэгдэн, нийлүүлэлт буурсан зэрэг хүндэтгэн үзэх нөхцөл байдал бий болсон гэж тайлбарлаж байна.
Хэрэгт авагдсан Хил хамгаалах ерөнхий газрын 2024 оны 02 сарын 23-ны өдрийн албан бичгээр ирүүлсэн Короновируст халдвар /Ковид-19/-т цар тахлын үед Монгол, Хятадын хилийн боомтуудын түр хаасан болон нэвтрэх хөдөлгөөнийг хязгаарласан талаарх мэдээллээр Монгол, Хятадын хилийн 13 боомтоор ачаа болон зорчигч тээврийн хөдөлгөөнийг түр хаасан, нээсэн хугацааны хувьд өөр өөр байгаа бөгөөд БНХАУ-ын талаас хамгийн сүүлийн хугацаагаар Замын-Үүд боомтын ачаа тээврийн хөдөлгөөнийг 2022 оны 06 сарын 25-ны өдрөөр нээсэн үйл баримт тогтоогдож байна.
Мөн хариуцагч талаас гаргаж өгсөн Монгол Улсын үндэсний статистикийн хорооны 2024 оны 02 сарын 26-ны өдрийн албан бичгээр орон сууцны барилгын материалын үнэ өссөн гэх хариуцагч талын тайлбар тогтоогдож байна гэж үзэх үндэслэлтэй байна.
6. Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.2-т: “Хугацаа хэтрэхэд хүргэсэн нөхцөл байдал нь үүрэг гүйцэтгэгчийн гэм буруугаас болоогүй бол үүрэг гүйцэтгэгчийг хугацаа хэтрүүлсэн гэж үзэхгүй” гэж заажээ.
Мөн талуудын байгуулсан гэрээний 9.1-д: “давагдашгүй хүчин зүйлээс /байгалийн гамшиг, дайн байлдаан, зэвсэгт мөргөлдөөн, үймээн самуун, төрийн захиргааны дээд байгууллагын шийдвэр, экспорт импортын хориг дэд бүтцээр ханган нийлүүлэгч гуравдагч байгууллагууд болон хуульд заасан бусад нөхцөл/ орон сууцыг хугацаанд нь хүлээлгэн өгч чадаагүйд хүрвэл гүйцэтгэгч нь ямар нэгэн хариуцлага хүлээхгүй ба нөхцөл байдлыг харгалзан талууд гэрээнд заасан хугацаанд нэмэлт өөрчлөлт оруулах замаар гэрээнд өөрчлөлт оруулна”, 9.2-т: “Монгол Улсын эдийн засаг, санхүүгийн хямрал нь нийгмийн бүх салбарт нөлөөлсөн, эрх бүхий хөндлөнгийн байгууллагаас шалтгаалсан, гүйцэтгэгчээс шалтгаалахгүй аливаа давагдашгүй хүчин зүйлийн нөлөөгөөр гүйцэтгэгчээс үл шалтгаалах энэ гэрээгээр тодорхойлогдсон, бусад давагдашгүй хүчин зүйлийн улмаас гүйцэтгэгч нь гэрээгээр хүлээсэн үүргээ гэрээт хугацаанд биелүүлэх боломжгүй болсон тохиолдолд хариуцлагаас чөлөөлөгдөнө” гэж тус тус заасан.
Хэрэгт авагдсан 2022 оны 11 сарын 21-ний өдрийн 221121/01 дугаартай албан бичгээр хариуцагч “*****” ХХК нь захиалагчдадаа мэдэгдэл хүргүүлсэн бөгөөд энэхүү мэдэгдлээр Ковид-19 цар тахлын бүх нийтийн хөл хорио, хил гаалийн ачаалал, хүндрэл зэргээс шалтгаалан барилгын материалын үнэ 30-100 хувь өсөж, олдоц ханган нийлүүлэлт хомсодсоноос барилгын ажил удааширсан талаар дурдаж, гэрээнд заасан давагдашгүй хүчин зүйлийн нөхцөл үүссэн, нөгөө талаас гэрээний 4.3-т зааснаар гэрээний үнэд өөрчлөлт оруулахгүйгээр үүргээ биелүүлж байгаа тул 2022 оны 12 сарын 25-ны өдөр барилгын ажлаа дуусгаж захиалагч нартаа хүлээлгэн өгөхөөр мэдэгджээ. Энэхүү мэдэгдлийг нэхэмжлэгч нар тухайн үедээ цахимаар хүлээн авсан болох нь талуудын тайлбараар тогтоогдож байна.
Нэхэмжлэгч тал гэрээний 9.1-д зааснаар гэрээнд нэмэлт өөрчлөлтийг бичгээр оруулаагүй тул хариуцлагаас чөлөөлөгдөхгүй гэж тайлбарлаж байгаа боловч энэхүү гэрээний 9.1-д заасан хариуцлага хүлээхгүй байх, гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах заалтууд нь ба холбоосоор холбогдсон байх тул зэрэгцсэн утгатай байна гэж үзнэ. Өөрөөр хэлбэл гэрээний 9.1-д заасан давагдашгүй хүчин зүйлээс шалтгаалан орон сууцыг хугацаанд нь хүлээлгэн өгч чадаагүйд хүрвэл гүйцэтгэгч нь ямар нэгэн хариуцлага хүлээхгүй, мөн нөхцөл байдлыг харгалзан гэрээний хугацаанд нэмэлт өөрчлөлт оруулахаар гэрээгээр тохиролцсон байна.
Иймээс гэрээнд бичгээр нэмэлт өөрчлөлт оруулсан эсэхээс үл хамааран хариуцагчийн хугацаа хэтрүүлсэн нөхцөл байдал нь хүндэтгэн үзэх шалтгаантай байсан гэж үзэх үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байх тул гэрээнд заасан хариуцлага хүлээхгүй байх үндэслэлд хамаарч байна гэж үзлээ.
7. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3-д анзын гэрээг бичгээр байгуулна гэж заасан ба талуудын хооронд байгуулсан гэрээний 8.2-д Талууд нь гэрээнд заасан үүргээ хугацаандаа биелүүлээгүй тохиолдолд хоног тутамд гэрээний үнийн дүнгийн 0,1 хувьтай тэнцэх алдангийг нөгөө талдаа төлнө гэж тохирсон боловч дээр дурдсан үндэслэлүүдээр 10,922,022 төгрөгийн алданги гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн болно.
8. Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул нэхэмжлэгч нараас төлсөн 212,415 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6-д тус тус зааснаар хариуцагч “*****” ХХК-иас алданги 10,922,022 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч ******, ****** нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т тус тус зааснаар нэхэмжлэгч ******, ****** нараас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 212,415 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т тус тус зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд талууд шийдвэрийг 14 хоногийн дараа гарснаас хойш 14 хоногийн дотор гардаж авах үүрэгтэй ба хэрэв эс зөвшөөрвөл заасан хугацаанд гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.ОЮУНЦЭЦЭГ