Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 07 сарын 31 өдөр

Дугаар 181/ШШ2024/02896

 

 

 

 

 

 

 

 

 

 

2024 07 31

181/ШШ2024/02896

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Түмэнцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, **** дугаар хороо, ****дугаар хороолол, /14252/, усны гудамж ******, 7 pay зээлийн төв оффис хаягт оршин байрлах, Хэрээд туургатан барьцаалан зээлдүүлэх газар ХХК /РД:*****/-ийн нэхэмжлэлтэй,

Нэхэмжлэлийн шаардлага: С.С-ыг эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нарийн бичгийн дарга Н.Булган оролцов.

/нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Буяндэлгэр өөрийн эзгүйд хэргийг шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан тул түүний эзгүйд хэргийг шийдвэрлэв/

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Манай компани нь барьцаалан зээлдүүлэх үйл ажиллагаа явуулдаг бөгөөд иргэн С.С хүсэлтийн дагуу 2023 оны 05 дугаар сарын 23-ны өдөр №***** тоот Зээлийн гэрээ байгуулан, Зээлдүүлэгч Хэрээд туургатан ХХК-иас 2,000,000 төгрөгийг, сарын 4 %-ийн хүүтэй, 6 сарын хугацаатай зээлсэн.

Энэхүү зээлийн гэрээ байгуулсантай холбоотойгоор үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор С.С өмчлөлийн ****** УНР улсын дугаартай Toyota Crown-S180 маркын, ****** арлын дугаартай, цагаан өнгийн суудлын автомашиныг Хэрээд туургатан ХХК-ийн өмчлөлд шилжүүлэх Фидуцийн гэрээ-г байгуулж, авто машины нэр Хэрээд туургатан ХХК-ийн нэр дээр шилжсэн.

Зээлдэгч С.С нь гэрээний хугацаанд үндсэн зээлд нийт 501,247 төгргөгийг, зээлийн хүүнд 270,161 төгрөгийг, алдангид 194,540 төгрөгийг тус тус төлсөн бөгөөд нийт 965,948 төгрөгийг төлсөн. Ийнхүү 2023 оны 09 дүгээр сарын 15-ны өдрөөс хойш өнөөдрийг хүртэл үлдэгдэл зээл, хүү төлөх үүргээ гүйцэтгээгүй байна. Хэрээд туургатан ХХК-ийн зүгээс зээлийн гэрээний 2.15.2-т заасны дагуу гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар барьцааны эд хөрөнгийг худалдан борлуулах гэсэн боловч барьцааны эд хөрөнгө нь С.С эзэмшилд байгаа тул Хэрээд туургатан ХХК-ийн зүгээс барьцааны эд хөрөнгийг худалдан борлуулж чадахгүй, гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулж чадахгүй нөхцөл байдалд хүрсний улмаас Баязүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан. Баязүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхээс хариуцагч С.С хаяг дээр байхгүй байна гэсэн үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон.

Хариуцагч болох С.С нь Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, **** дүгээр хороо, Хөх голын ***** тоот гэсэн 2023 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн Зээл хүсэх өргөдөл дээр бичигдсэн гэрийн хаяг дээрээ байхгүй буюу оршин суугаа газар нь мэдэгдэхгүй байгаа тул Иргэний Хэрэг Хянан Шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1 дэх хэсэгт заасан Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд оршин суугаа газар нь мэдэгдэхгүй бол түүнийг эрэн сурвалжлах тухай хүсэлтийг шүүхэд гаргаж болно гэсний дагуу хүсэлтийг гаргаж байна гэжээ.

Шүүх нэхэмжлэгчийн хүсэлт, тайлбар, хэрэгт цугларсан бичгийн баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Хэрээд туургатан барьцаалан зээлдүүлэх газар ХХК нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд С.С эрэн сурвалжлуулж, оршин суух хаягийг тогтоолгох хүсэлтийг шүүхэд гаргажээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.2-д Энэ хуулийн 155.1-д заасан хүсэлтийг гаргагч өөрийн оршин байгаа газрын шүүхэд гаргана гэж заасны дагуу нэхэмжлэгч Хэрээд туургатан барьцаалан зээлдүүлэх газар ХХК нь өөрийн оршин байгаа дүүргийн шүүхэд иргэний эрх зүйн маргааны хариуцагч болох С.С эрэн сурвалжлуулах хүсэлтийг гаргасан байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1-д Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээдийн оршин суугаа газар нь мэдэгдэхгүй бол түүнийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргаж болно гэж заасан.

Нэхэмжлэгч Хэрээд туургатан барьцаалан зээлдүүлэх газар ХХК нь хариуцагч С.С 2023 оны 05 дугаар сарын 23-ны өдөр Зээлийн гэрээ байгуулсан байх тул гэрээний үүргийг шаардаж нэхэмжлэл гаргахад нь хариуцагчаар оролцвол зохих этгээд гэж С.С үзэх үндэслэл хэрэгт хавсаргасан бичгийн нотлох баримтаар тогтоогдож байна.

С.С нь Баянзүрх дүүрэг, ***** дугаар хороо, ******** тоот хаягт оршин суудаггүй болох нь Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 101/ШЗ2024/*****дугаартай Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамжаар тогтоогдсон байна.

Нэхэмжлэгч Хэрээд туургатан барьцаалан зээлдүүлэх газар ХХК нь хариуцагч болох С.С оршин байгаа хаягийг мэдэхгүй, мэдэх боломжгүй гэж тайлбарлаж байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1, 155.3-т заасны дагуу нэхэмжлэлийг хангаж, хариуцагч нарыг эрэн сурвалжлах шийдвэр гаргах хууль зүйн үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т Хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлах, түүний оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг шүүхийн шийдвэрийн дагуу Цагдаагийн байгууллага гүйцэтгэнэ гэж заасан тул С.С эрэн сурвалжилж, оршин байгаа хаягийг тогтоох ажиллагааг Цагдаагийн байгууллагаар гүйцэтгүүлэх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 155.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчаар оролцвол зохих этгээд болох С.С (РД:*******)-ыг эрэн сурвалжилсугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаар оролцвол зохих этгээд С.С эрэн сурвалжилж, оршин байгаа хаягийг тогтоох ажиллагааг хийж гүйцэтгэхийг Баянзүрх дүүргийн Цагдаагийн газарт даалгасугай.

3. Эрэн сурвалжилж тогтоосон хаягийг нэхэмжлэгч /итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Буяндэлгэр, холбоо барих утас:**********/ талд мэдэгдэхийг Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн газарт мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлого болгосугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон хүсэлт гаргагч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг хүсэлт гаргагч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн залж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ТҮМЭНЦЭЦЭГ