| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Базаррагчаагийн Түмэнцэцэг |
| Хэргийн индекс | 181/2024/00949/И |
| Дугаар | 181/ШШ2024/02713 |
| Огноо | 2024-07-09 |
| Маргааны төрөл | Нийгмийн даатгалын шимтгэлийн маргаан, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 07 сарын 09 өдөр
Дугаар 181/ШШ2024/02713
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Түмэнцэцэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, *********** дугаар хороо, **************** дугаар гудамж, өөрийн байранд оршин байх, Сүхбаатар дүүргийн Нийгмийн даатгалын газар ТБАГУТҮГ-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, ********* дүгээр хороо, *********** тауэрийн ******* давхарт, ********** тоот хаягт оршин байх, Ү ХХК /РД:****************/-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: 821,952,591.22 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Ариунчимэг, Д.Баярхүү,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Отгончимэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч Сүхбаатар дүүргийн Нийгмийн даатгалын газар ТБАГУТҮГ нь хариуцагч Ү ХХК-д холбогдуулан Нийгмийн даатгалын шимтгэлийн өр 821,952,591.22 төгрөг төлүүлэх нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд:
Ү ХХК нь Нийгмийн даатгалын Ерөнхий хуулийн 18, 32 дугаар зүйлд заасан нийгмийн даатгалын шимтгэл төлөх журам, ажил олгогч даатгуулагчийн шимтгэл төлөх үүргийг зөрчин 2020 оны 07 дугаар сараас эхлэн нийгмийн даатгалын шимтгэл төлөх үүргийг зөрчин 2020 оны 07 дугаар сараас эхлэн нийгмийн даатгалын шимтгэл төлөх үүргээ биелүүлээгүйгээс 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд нийт 821,952,591.22 төгрөгийн нийгмийн даатгалын шимтгэлийн өр үүсгээд байна.
Нийгмийн даатгалын байгууллагын зүгээс ажил олгогчид үүссэн шимтгэлийн өрийг төлөхийг удаа дараа шаардаж 2023 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр нийгмийн даатгалын шимтгэлийн өрийг төлүүлэх тухай Улсын байцаагчийн албан шаардлага, дансны зарлагын гүйгээг зогсоож, төлөгдөөгүй шимтгэл, алдангийг гаргуулах тухай мэдэгдлийг арилжааны банкинд тус тус хүргүүлэх зэрэг шат дараалсан арга хэмжээнүүдийг авсан боловч Ү ХХК нь нийгмийн даатгалын шимтгэлээ төлөлгүй даатгуулагчдыг хохироосоор өдийг хүрлээ.
Иймд Нийгмийн даатгалын Ерөнхий хуулийн 38 дугаар зүйлийн 38.10.6-д заасныг баримтлан 821,952,591.22 төгрөгийг гаргуулан нийгмийн даатгалын сангийн дансанд төвлөрүүлж өгнө үү гэжээ.
2.Хариуцагч Ү ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.С шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Ү ХХК нь 2020 оны 07 дугаар сараас Сүхбаатар дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст өнөөдрийг хүртэл ажилчдын нийгмийн даатгалын шимтгэлийн тайланг сар бүр явуулж байгаа боловч санхүүгийн боломжгүй байдлаас болж нийгмийн даатгалын шимтгэлийн мөнгийг төлөлгүй 821,952,591 төгрөгийн өр үүсгээд байгаа болно.
Сүхбаатар дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэстэй 2021.10.06-ны өдөр ********* тоот болон 2022.05.12-ны өдөр ***************тоот гэрээг байгуулан нийгмийн даатгалын шимтгэлийг график байгуулан төлөхөөр тохиролцсон боловч тухайн үед манай байгууллагад ажиллаж байсан гүйцэтгэх захирал болон санхүүгийн ажилчдын буруутай үйл ажиллагааны мөн Дэлхийн нийтэд мэдэгдсэн Ковид-19 цар тахалын үетэй холбоотойгоор компанийн үйл ажиллагаа зогссон, санхүүгийн байдал муу байснаас шалтгаалан төлөгдөөгүй их хэмжээний өр үүссэн өнөөдрийн байдлаар төлөөгүй байна.
Ү ХХК нь Ковид-19 цар тахалын үед Сүхбаатар дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст Нийгмийн даатгалын шимтгэлийн тайланг сар бүр тасралтгүй явуулж байсан ба ажилчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх болон нийгмийн хариуцлагын хүрээнд ажилчдаа ажлаагүй байсан ч цалинг нь тасралтгүй олгож байсан болно.
Цаашид Сүхбаатар дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсээс гаргасан нэхэмжлэлд дурдагдсан төлбөрийг тодорхой хугацаанд төлж барагдуулна гэжээ.
3.Нэхэмжлэгчээс нотлох баримтаар: Ш.Ариунчимэг, Д.Баярхүү нарт олгосон итгэмжлэл, Нийгмийн даатгалын Ерөнхий газрын даргын 2024.01.16-ны өдрийн ********* дугаартай албан тушаалаас чөлөөлж, томилох тухай тушаалын хуулбар, Ү ХХК-ийн нийгмийн даатгалын шимтгэлийн авлагын дэлгэргүй, Сүхбаатар дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэс, Ү ХХК нарын 2021.10.06, 2022.05.12-ны өдрүүдэд байгуулсан Нийгмийн даатгалын шимтгэлийн авлагыг тогтоосон хугацаанд барагдуулахаар тохиролцож байгуулсан гэрээ, Сүхбаатар дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсээс Хаан банкинд хүргүүлсэн 2023.03.14-ний өдрийн 206, 2023.10.13-ны өдрийн 631 дугаартай мэдэгдэл, Голомт банкинд хүргүүлсэн 2023.03.14-ний өдрийн 207, 2023.10.13-ны өдрийн 633 дугаартай мэдэгдэл, Төрийн банкинд хүргүүлсэн 2023.03.14-ний өдрийн 209, 2023.10.13-ны өдрийн 630 дугаартай мэдэгдэл, Хас банкинд 2023.10.13-ны өдөр хүргүүлсэн 632 дугаартай дугаартай мэдэгдэл, Ү ХХК-ийн захирал С.Б-д 2023.11.23-ны өдөр хүргүүлсэн 141 дугаартай улсын байцаагчийн албан шаардлага, Ү ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн мэдээллийн хуулбар, Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны Засаг даргын тодорхойлолтын хуулбар, Нийгийн даатгалын Ерөнхий газрын Нийгмийн даатгалын хяналт шалтгалт хийх 115 дугаартай томилолтын хуулбар, Ү ХХК-ийн 2023.01 дүгээр сарын тайлан, 2023.01 дүгээр сарын нийгмийн даатгалын шимтгэл ногдуулалтын хуулбар зэрэг баримтуудыг гаргаж өгсөн байна.
Хариуцагч талаас нотлох баримтаар: Н.Санжаад олгосон итгэмжлэл, Ү ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, хариу тайлбар зэргийг гаргаж өгчээ.
ҮНДЭСЛЭХ нь:
4.Шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
5.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардах эрхийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд:
5.1. Ү ХХК нь 2022 оны 7 дугаар сараас эхлэн нийгмийн даатгалын шимтгэлийг дутуу төлсний улмаас 821,952,591.22 төгрөгийн өр үүсгэсэн. Нийгмийн даатгалын байгууллагаас өрийг төлөх талаар албан шаардлага хүргүүлж, дансны зарлагын гүйлгээг зогсоож, төлөгдөөгүй шимтгэл, алдангийг гаргуулах тухай мэдэгдэл хүргүүлсэн боловч хуульд заасан үүргээ биелүүлээгүйгээс нийгмийн даатгалын шимтгэлийн төлбөр нийт 821,952,591.22 төгрөгийг гаргуулахаар Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 38 дугаар зүйлийн 38.10.6-д зааснаар шаардах эрхтэй гэжээ.
6.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.С шүүхэд гаргасан хариу тайлбартаа ...2020 оны 07 дугаар сараас Сүхбаатар дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст өнөөдрийг хүртэл ажилчдын нийгмийн даатгалын шимтгэлийн тайланг сар бүр явуулж байгаа боловч санхүүгийн боломжгүй байдлаас болж нийгмийн даатгалын шимтгэлийн мөнгийг төлөлгүй 821,952,591 төгрөгийн өр үүсгээд байгаа. ...2021.10.06-ны өдөр 25/20211006 болон 2022.05.12-ны өдөр ************* тоот гэрээг байгуулан нийгмийн даатгалын шимтгэлийг график байгуулан төлөхөөр тохиролцсон боловч тухайн үед манай байгууллагад ажиллаж байсан гүйцэтгэх захирал, санхүүгийн ажилчдын буруутай үйл ажиллагааны мөн Дэлхийн нийтэд мэдэгдсэн Ковид-19 цар тахалын үетэй холбоотойгоор компанийн үйл ажиллагаа зогссон, санхүүгийн байдал муу байснаас шалтгаалан төлөгдөөгүй их хэмжээний өр үүссэн өнөөдрийн байдлаар төлөөгүй байна. Нэхэмжлэлд дурдагдсан төлбөрийг тодорхой хугацаанд төлж барагдуулна гэжээ.
7.Шүүхээс 2024.06.20-ны өдөр хариуцагч Ү ХХК-ийн оршин байх хаягаар шүүх хуралдааны тов мэдэгдэх хуудас хүргүүлсэн, мөн шүүгчийн туслах хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.С-ийн 99305000 дугаартай утсаар холбогдож шүүх хуралдааны тов мэдэгдэхэд ...за ойлголоо гэсэн, өөрийгөө хариуцагч компанийн нягтлан гэж танилцуулсан эмэгтэй шүүгчийн туслахтай 2024.06.27-ны өдөр утсаар холбогдож, шүүх хуралдаанд дуудан ирүүлэх тухай мэдэгдэх хуудас ирсэн байна, түүнд 95520556 дугаарыг яагаад бичсэн болохыг асуусан зэргээс дүгнэхэд, хариуцагч талд шүүх хуралдааны тов мэдэгдсэн боловч хүндэтгэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т Хариуцагч, түүний төлөөлөгч ...хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бол нэхэмжлэгч хэргийг түүний эзгүйд хянан шийдвэрлэх талаар хүсэлт гаргаж болно. Энэ тохиолдолд шүүх нэхэмжлэгчээс гаргасан тайлбар болон бусад баримт нотолгоог үндэслэн хэргийг хянан шийдвэрлэнэ. гэж заасны дагуу хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
8.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.
8.1 Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгыг 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс дагаж мөрдсөн ба нэхэмжлэгч Сүхбаатар дүүргийн Нийгмийн даатгалын газар /ТБАГУТҮГ/-ын дарга Д.Э нь хэвээр ажил үүргээ гүйцэтгэж байгаа болох нь Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2024.01.16-ны өдрийн Б/05 тоот Албан тушаалаас чөлөөлж, томилох тухай тушаал, 2024.02.06-ны өдрийн 312 дугаар Итгэмжлэл олгосон албан бичгээр тус байгууллагыг төлөөлөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулахаар Хууль эрх зүйн мэргэжилтэн Д.Б, орлого шимтгэлийн байцаагч Ш.А нарт итгэмжлэл олгожээ./хх 3-4/
8.2 Хариуцагч Ү ХХК-ийн захирал С.Б нь 2024.02.16-ны өдрийн 27/17 тоот Итгэмжлэгдэн төлөөлөгч томилох тухай албан бичгээр Н.С-г ...иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны бүх шатанд манай байгууллагыг төлөөлөн оролцох бүрэн эрхийг олгосон өдрөөс хойш 2 /хоёр/ жилийн хугацаанд хүчинтэйгээр олгожээ./хх 27-30/
8.3 Хариуцагч Ү ХХК нь 2020 оны 7 дугаар сараас эхлэн 2023 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийг хүртэлх хугацааны нийгмийн даатгалын шимтгэл төлөх үүргээ биелүүлээгүйгээс 821,952,591.22 төгрөгийг хуульд заасан хугацаанд төлөөгүй, хугацаа хэтрүүлсэн болох нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, нэхэмжлэгч, хариуцагч нарын төлөөлөгчдийн гаргасан тайлбарууд, 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдөр Нийгмийн даатгалын шимтгэлийн авлагыг тогтоосон хугацаанд барагдуулахаар тохиролцож байгуулсан №******** тоот, мөн 2022 оны 5 дугаар сарын 12-ны өдөр байгуулсан ********** тоот гэрээнүүд, 2020 оны 7 дугаар сараас 2023 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх хугацааны Нийгмийн даатгалын шимтгэлийн авлагын дэлгэрэнгүй бүртгэлийн баримт, Ү ХХК-ийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн 2023 оны 1-р сарын тайлан, мөн Ү ХХК-д ажиллаж буй даатгуулагчдын 2023 оны 1-р сарын нийгмийн даатгалын шимтгэлийн ногдуулалтын тайлан зэргээр тогтоогдож байна./хх 5-8, 20-21/
8.4 Сүхбаатар дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэс нь 2023.03.14-ний өдөр 206 тоот, 2023.10.13-ны өдрийн 631 тоот албан бичгүүдээр Хаан банкинд, мөн 2023.03.14-ний өдрийн 207 тоот, 2023.10.13-ны өдрийн 633 тоот албан бичгүүдээр Голомт банкинд, 2023.03.14-ний өдрийн 209 тоот, 2023.10.13-ны өдрийн 630 тоот албан бичгээр Төрийн банкинд, 2023.10.13-ны өдрийн 632 тоот албан бичгээр Хас банкинд тус тус дансны зарлагын гүйлгээг зогсоож, төлөгдөөгүй шимтгэл алдангийг гаргуулах тухай мэдэгдэл-ийг хүргүүлжээ./хх 9-15/
8.5Улмаар, Сүхбаатар дүүргийн нийгмийн даатгалын хэлтсийн улсын байцаагчийн 2023 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 141 тоот Нийгмийн даатгалын шимтгэлийн өрийг барагдуулах тухай улсын байцаагчийн албан шаардлагаар хариуцагч Ү ХХК-ийн захирал С.Б-д нийгмийн даатгалын шимтгэлийн өрийг төлж барагдуулахыг шаардсан байна./хх 16/
Нэхэмжлэлийн шаардлагад хамаарах Үлэмж ХХК-ийн нийгмийн даатгалын шимтгэлийн өр төлбөр нь 1994 оны Нийгмийн даатгалын тухай хууль хүчин төгөлдөр үйлчилж байх хугацааны өр төлбөрт хамаарч байна.
9.Нийгмийн даатгалын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 1, 16 дугаар зүйлийн 1, 17 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1-д зааснаар хариуцагч Ү ХХК нь нийгмийн даатгалын шимтгэлийг үнэн зөв тодорхойлж, хуульд заасан хувь хэмжээгээр сар бүр тооцон, тухайн сард нь нийгмийн даатгалын сангийн дансанд шилжүүлэх үүрэгтэй.
9.1.Хэрэгт авагдсан бичгийн баримтууд, зохигч талуудын маргаагүй тайлбараар хариуцагч Үлэмж ХХК нь 2020 оны 7 дугаар сараас 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийг хүртэлх хугацааны төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийг төлөөгүйн улмаас нийт 821,952,591.22 төгрөгийг хуульд заасан хугацаанд төлөөгүй, нэхэмжлэгч Сүхбаатар дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсээс хариуцагч Ү ХХК-д нийгмийн даатгалын шимтгэлийн өрийг төлж барагдуулах тухай улсын байцаагчийн албан шаардлага, Дансны зарлагын гүйлгээг зогсоож, төлөгдөөгүй шимтгэл, алдангийг гаргуулах тухай мэдэгдэл-ийг холбогдох банкуудад хүргүүлж, шимтгэл төлүүлэх ажиллагааг хийсэн боловч хариуцагч хуульд заасан үүргээ биелүүлээгүй болох нь тогтоогдож байна.
Нэхэмжлэгч нь хариуцагчаас алданги гаргуулах шаардлага гаргаагүйг дурдах нь зүйтэй.
10.Иймээс, Нийгмийн даатгалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 1-ийн 1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Ү ХХК-иас нийгмийн даатгалын төлөгдөөгүй шимтгэл 821,952,591.22 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох хууль зүйн үндэслэлтэй байна.
11.Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасан журмаар хувиарлана.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Нийгмийн даатгалын тухай /1994 он/ хуулийн 17 дугаар зүйлийн 1-ийн 1 дэх хэсэг заасныг баримтлан хариуцагч Ү ХХК-иас 821,952,591.22 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Сүхбаатар дүүргийн Нийгмийн даатгалын газар ТБАГУТҮГ-т олгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар хариуцагч Ү ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжийн 4,267,713 төгрөгийг гаргуулж улсын төсвийн орлого болгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.5, 119.7 дахь заалтад зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй, зохигчийн оролцоогүйгээр шийдвэрлэсэн талд шүүх шийдвэрийг энэ хуулийн 119.4-т заасан хугацаанд зохигчид гардуулах ба ийнхүү гардуулах боломжгүй бол шүүх уг хугацаа өнгөрснөөс хойш 7 хоногийн дотор зохигчийн оршин суугаа /оршин байгаа/ газар болон ажилладаг байгууллагын аль нэг хаягаар баталгаат шуудангаар, эсхүл шүүхийн ажилтнаар хүргүүлэх бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ТҮМЭНЦЭЦЭГ