Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 10 сарын 06 өдөр

Дугаар 00120

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС:

 

 

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн шүүгч Д.Ренченхорол даргалж, явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар:

            Нарийн бичгийн дарга                           П.Нямсүрэн

 Улсын яллагч                                         Н.Дүүрэнжаргал  

             Шүүгдэгч                                                 Д.У нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийв.

 

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын  прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3 дах хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн Д.Ут холбогдох 201718020137 тоот эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

                            

Биеийн байцаалт: Монгол улсын иргэн, Халх, 1983 оны 08 дугаар сарын 13-ны өдөр төрсөн 34 настай, эрэгтэй, ам бүл 5 эхнэр 3 хүүхдийн хамт Сэлэнгэ аймгийн Баянгол сумын хараа баг 1-3 тоотод оршин суух, эрхэлсэн тодорхой ажилгүй, дээд боловсролтой, уул уурхайн ашиглалтын инженер мэргэжилтэй, урьд өмнө ял шийтгүүлж байгаагүй, бие эрүүл, ухаан санаа бүрэн, хэрэг хариуцах чадвартай

 

Дөрвөд удган овогт Батжаргалын У

 

Тодорхойлох нь:

 

Шүүгдэгч Б.У нь 2017 оны 05 дугаар сарын 05-06-нд шилжих шөнө ОО цагийн орчим Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Баян 2 дугаар багийн нутаг дэвсгэр Нарангийн ам гэх газарт Тоёота Ргаdо маркийн 08-00 УБЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 9. Тээврийн хэрэгслийн хурд, 9.1 “..жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна..”, 9.2 жолооч хөдөлгөөнд аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж зайлшгүй тохиолдолд зогсох арга хэмжээ авна...” гэснийг тус тус зөрчин зам тээврийн осол гарган уг тээврийн хэрэгсэлд зорчиж явсан Ж.Эын эрүүл мэндэд хүнд гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

      Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.У мэдүүлэхдээ: ... 2017 оны 05 дугаар сарын 05-ны өглөө Д.Э гээд хуучны найзалж байсан найз минь утасдаад алттай газар байна тийшээ яваад өгөөч гэж гуйсан. Тэгэхээр нь би завгүй байнаа завтай болохоороо чамруу залгая гэж хэлсэн. Тэгсэн надруу нэлээд хэдэн удаа залгасан тэгээд би сүүлдээ заза явж өгье гээд  явсан. Орой 18 цагт Дархан ороход Д.Э, Ж. Э, Ц гээд тэр гурав хамт байсан. Тэр гуравтай уулзаад цуг явъя гээд газар олсон гэх нөхдүүдтэй нь уулзаад бид хэд цааш хамт гараад Нарангийн даваанд гарахад шөнө болсон байсан. Тэгээд уулын өөдөө өгсөж гараад тэр газар заах хүн нь наад доор чинь л байгаа гэхээр нь тийшээ нь уруудаад явж байсан чинь замгүй болоод зам нь жим болохоор нь би зогссон. Тэгсэн Д.Э яваач зүгээр л байна ш дээ гээд тэгэхээр нь би наадах чинь хазгай байна гэж хэлсэн чинь зүгээр зүгээр гэж хэлсэн тэгтэл тэр зам зааж явсан залуу нь яг наад дор чинь л байсан гээд тэгэхээр нь би дөнгөж хөдөлтөл машин шууд хажуу тийш эргэсэн. Осолдсоны дараа хохирогч Ж.Эыг нөгөө хэд дамжлаад явсан. Би жижиг тэрэгний жолоочтой машин дээр нь очоод машиныг нь аваад жалганых нь доод талд очиж зогсоод хохирогчийг авч явсан. Тэгээд сүлжээтэй газар очоод Баруунхараагийн түргэн дуудаж хохирогчийг түргэний машинд өгч Дарханруу явуулсан. Дарханд эмнэлэгт хэвтэж байхад нь би очиж эргэсэн тэгсэн чинь хөгшинд нь ямар нэгэн гомдол санал байхгүй ээ. Бид өөрсдөө дуудаад авч явсан юм чинь чамайг өөрийг чинь баллачихлаа гэж хэлсэн. Улаанбаатар хотод хагалгаанд ороход нь би бас очсон. Ажилгүй болохоор тэр үедээ мөнгөн тусламж үзүүлэх ямар ч боломж байгаагүй. Тэгээд 6 дугаар сарын дундуур 400000 төгрөг олж өгсөн. Сая 10 дугаар сарын эхээр үлдэгдэл 1300000 төгрөг төлсөн гэжээ.

 

              Мөрдөн байцаалтанд хохирогч Ж.Эын “...2017 оны 05 сарын 05-ны өдрийн өглөө 10 цагийн үед байхаа өөрийн найз Цтэй цуг хашаа цэвэрлэхээр явж байтал биржийн тэнд явж байтал Цгийн таньдаг гэх 1 залуутай таарсан чинь алтанд яваад ирлээ.Нарангийн давааны тэнд гайгүй газар оллоо гээд нэг чулуу үзүүлээд тэгэхээр нь “тэр газар луу цуг явахаар болоод салсан тэгээд би өөрийн найз Д.Э руу залгаад алт гарч байгаа талаар хэлсэн тэгсэн удалгүй Д.Э залгаад нөгөө газар луу чинь явья гээд Ц бид 2-г дуудсан тэгэхээр нь бид 2 очтол Д.Э машин дуудчихсан байгаа гэсэн удалгүй Б.У машиныг нь унаад ирсэн...Тэгээд нөгөө газраа дөхөж байгаа

 бололтой машин явахгүй юм байна гээд жижиг соната маркийн машинаа доор үлдээгээд Б.Уын машинд 7-лаа суугаад Нарангийн даваа өөд өгсөөд явсан нэг мэдсэн машины бөгс нь гулсаж эхлээд тэгээд тэнвэр алдаад өнхөрсөн сэрсэн чинь би Дархан хотын эмнэлэгт хэвтэж байсан....Миний биеийн байдал одоогоор харьцангуй сайжирч байгаа гэхдээ миний зүүн талын нүд ослын улмаас суваг нь цус хурсан цаашид хараа муудах байх гэсэн одоо бараг харахаа больж байх шиг тэнгэр муудахаар өвдөөд байдаг юм.Би мөрдөн байцаалтын явцад эмчилгээний баримтуудаа гаргаж өгсөн одоогоор баримттай 2.157.198 төгрөгийн хохирол баримтгүй 1.300.000 төгрөгийн хохирол нийт 3.457.198 төгрөгийн хохирол учраад байна.Ослоос хойш жолооч Б.У надад 2017 оны 06 сарын дундуур байх аа 2 удаа 200.000 төгрөг өгсөн нийт 400,000 төгрөг өгсөн байгаа.Цаашид зүүн нүдэндээ эмчилгээ хийлгэх шаардлагатай байна гарсан зардлыг баримтаар бүрдүүлж өгнө гомдолтой байна цаашид гарах зардлаа нэхэмжилнэ..” гэх мэдүүлэг /хх-ийн 25-р хуудас/

 

           Мөрдөн байцаалтанд Иргэний хариуцагч Д.Дгийн “...Би хүлээн зөвшөөрөхгүй байна.Учир нь энэ машин бол миний машин биш.Би энэ машиныг У гэдэг хүнд зарж худалдаагүй.Би өөрөө Улаанбаатар хотын харьяат хүн.Уын эхнэр Баярмаа гэдэг хүн бол манай хамаатан юмаа.Бид нар ах дүүсийн хүүхдүүд байгаа юмаа. 2016 оны 10 дугаар сард байх Баярмаа эгч над руу утсаар яриад “Ундрах ах бид 2-т хотын харьяалалтай хүн хэрэгтэй байна.Машиндаа хотын дугаар авч үлдэх гэсэн юм.Бид 2 орон нутгийн харьяалалтай болохоор болохгүй байна гэж ярьсан.Тэгэхээр нь би зөвшөөрсөн.Тэгээд удалгүй тэр өдөртөө Ундрах ах ирээд би хамт явж иргэний үнэмлэхээ хуулбарлан өгч машин худалдах гэрээн дээр гарын үсэг зурсан.Тэгээд л би яваад өгсөн./хх-ийн 28-р хуудас/

 

         Мөрдөн байцаалтанд гэрч Ж.Цгийн “...2017-05-05-ны орой 21.00 цагийн үед Э М, Ж.Э нарын 6 хүний хамт Уын жолоодож явсан “Прадо маркын 08-00 УБЕ улсын дугаартай автомашинтайгаар алт олборлох зорилгоор Шарын гол сумын “Шар хөтөл” гэх газар руу явсан юм.Ингээд нэгэн давааг өгсөөд уруудах гээд явж байсан чинь гэнэт машины хойд дугуй шарваж гулгаад баруун тал руугаа хэд хэдэн удаа өнхөрч онхолдсон юм.Онхолдох үед сандарч цочирдсон ба машинаас гарч ирэхэд Э онхолдох үед машинаас шидэгдэж унасан ухаангүй байдалтай байсан.Бид хоёр хар багын найзууд юм л даа.Би Эыг татаж сэгсэрэхэд сэргэж “нуруу өвдөөд байна гээд ёолоод байсан....Миний хувьд биед гэмтэл бэртэл учираагүй тул шүүх эмнэлэгт үзүүлээгүй юм.Цаашид ч үзүүлэх шаардлагагүй гэх мэдүүлэг /хх-ийн 31-р хуудас/

 

           Мөрдөн байцаалтанд гэрч Ч.Мын “...2017-05-05-ны орой би найз Э, Б нартай хамт Эийн машинаар Дархан уул аймгаас Баянгол сумын Наран гэх газар луу алтанд явахаар гарсан.Тэгээд дээрх очих ёстой газрынхаа наахан нь ирээд жижиг машин цаашаа явж чадахааргүй тэндээ машинаа үлдээгээд араас ирсэн Прадо 95 маркын машинд суугаад цааш явсан.Тэгээд нэг даваа өөд өгсөж явтал зам нь дуусч малын жим гарч ирсэн.Тэгэхээр нь тэр жимийг дагаад хазгай газраар явж байтал жолооч машинаа зогсоогоод энэ зам эвгүй юм байна гэж хэлэхэд хажууд нь сууж явсан нэг танихгүй залуу гайгүй юм биш үү гэж ярьсан.Гэтэл нөгөө машины жолооч цаашаа дөнгөж хөдлөөд уулын хажуу руу машинтайгаа унасан.Тэр үед би ухаан алдаж нэг сэрсэн чинь машин уулын доор уначихсан би дотор нь хэвтэж байсан.Тэгээд ар араасаа машинаас цуварч гараад хамт явсан хүмүүсээ бүртгэж үзсэн чинь нэг хүн дутуу байсан.Тэгэхээр нь тэр орчмоороо хайсан чинь унасан машины доор хэвтэж байсан тэгээд бөөнөөрөө нөгөө хүний гаргаж авсан ба тэр хүн ухаангүй болсон байсан....Миний биед гэмтэл учраагүй болохоор шүүх эмнэлэгт үзүүлэхгүй гэх мэдүүлэг /хх-ийн 33-р хуудас/

 

           Мөрдөн байцаалтанд гэрч П.Эийн"...Жолооч нь бол эрүүл байсан.Ямар нэгэн архи дарс үнэртээгүй, осол болсон шалтгаан нь тэр их хазгай газраар явснаас болж машин тэнцвэрээ алдаж уулын уруу унасан.Ядаж байхад гадаа үзэгдэх орчин хязгаарлагдсан, харанхуй болсон байсан /хх-ийн 34-р хуудас/

   Мөрдөн байцаалтанд Гэрч Б.Бийн “...Шөнө дундын үед манай машин явахаа байгаад бид 3 Прадо маркийн машинд суугаад уул өгсөж уруудаад явсан.Нэг мэдэхэд машин уналаа гээд түс тас гээд машин өнхөрөөд байсан.Нэг мэдсэн чинь машин дээшээ хараад зогссон байхаар нь бид нар ээлж ээлжээр гарч ирцгээсэн.Прадод сууж ирсэн нэг залуу бэрчээд хөдөлж чадахгүй байхаар нь бид нар суудлын бүрээс дээр дамжпаад Соната машин дээр ирээд бүгд Баруунхараа чиглээд сүлжээ ороход түргэн дуудахад эмнэлгийн машин ирээд гэмтсэн залууг Дарханы эмнэлэг рүү авч явсан /хх-ийн 36-37-р хуудас/

 

Шинжээчийн №6917 дугаартай дүгнэлтэн дэх “...Эын биед цээжний зүүн 5,6,7-р хавирганы зүүн уушгийг гэмтээсэн зөрөөтэй хугарал, зүүн уушигны авчийлт, цээжний зүүн хөндийн шингэн хуралдалт, зүүн хацар, эрүү, зүүн нүдний ухархайн гадна урд дотор доод хана, гайморын хөндийн урд ар ханануудын ясны олон хэлтэрхий үүсгэсэн хугарлууд гэмтэл тогтоогдлоо. Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.10- д зааснаар амь насанд аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарна ...” гэх дүгнэлт /хх-ийн 44- р хуудас/

Шинжээчийн №31 дугаартай “...тоёота прадо маркийн 08-00 УБЯ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Б.У нь МУ-ын замын хөдөлгөөний дүрмийн 9. Тээврийн хэрэгслийн хурд 9.1 “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна. 9.2 Жолооч хөдөлгөөнд аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна .” гэснийг зөрчсөн /хх-ийн 59-р хуудас/

            Шүүгдэгч Б.Уын хувийн байдлыг тогтоосон баримт иргэний үнэмлэхний хуулбар /ХХ-ийн 104-р хуудас/, оршин суугаа газрын тодорхойлолт /хх-ийн 103-р хуудас/, ял шалгах  хуудас /ХХ-ийн 107-р хуудас/ зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар: 

           

            Шүүгдэгч Б.У нь нь 2017 оны 05 дугаар сарын 05-06-нд шилжих шөнө ОО цагийн орчим Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Баян 2 дугаар багийн нутаг дэвсгэр Нарангийн ам гэх газарт Тоёота Ргаdо маркийн 08-00 УБЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 9. Тээврийн хэрэгслийн хурд, 9.1 “..жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна..”, 9.2 жолооч хөдөлгөөнд аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж зайлшгүй тохиолдолд зогсох арга хэмжээ авна...” гэснийг тус тус зөрчин зам тээврийн осол гарган уг тээврийн хэрэгсэлд зорчиж явсан Ж.Эын эрүүл мэндэд хүнд гэмтэл учруулсан болох нь нотлогдон тогтоогдож байна.

           

Прокуророос шүүгдэгч Б.У хөдөлгөөний аюулгүй байдлыг тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хохирогч Ж.Эын эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь тохирсон, шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирол төлбөрөө сайн дураараа нөхөн төлсөн байна гэж үзлээ.

 

Иймд шүүгдэгч Б.Ут гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан  тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасч, хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, үүрэг хүлээлгэх нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч Б.Ут өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга арга хэмжээг хүчингүй болгох нь зүйтэй  байна.

 

           Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдаад:

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1, 5, 9, 36.2 дугаар зүйл, 36.6 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Дөрвөд удган овогт Батжаргалын Уыг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

 2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3 дах хэсэгт заасныг баримтлан Б.Уын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 01 жилийн хугацаагаар хасч Эрүүгийн хуулийн 7.1 дугаар зүйлийн 1-д заасан хорих ял оногдуулахгүйгээр  01 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсугай.

3. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, Б.У нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг дурдсугай.

    4. Энэ хэрэгт хураагдан ирсэн Б.Уын “В”, “С” “D” ангиллын 279780 дугаартай жолооны үнэмлэхийг тогтоол хүчинтөгөлдөр болмогц харъяалах шийдвэр гүйцэтгэлийн албанд шилжүүлэхийг шүүгчийн туслах М.Мөнхзаяад даалгасугай.

 

     5. Энэ хэргийн улмаас Б.Уын эзэмшлийн Тоёота прадо маркийн 08-00 УБЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүй болгосугай.

 

            6. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Б.Ут өмнө авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ                                Д.РЕНЧЕНХОРОЛ