Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 01 сарын 15 өдөр

Дугаар 109

 

 

 

 

Б А Г И Т Х Т Д-, Б А Г  С З Д нарын

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч  С.Энхтөр даргалж, шүүгч Г.Даваадорж, Т.Туяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж,

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 181/ШШ2019/02017 дугаар шийдвэртэй, Б А Г И Т Х Т Д-, Б А Г С З Д- нарын нэхэмжлэлтэй, хариуцагч “ Ж Э Ю Г”  ХХК-д холбогдох,

нөхөн сэргээлт хийх хуулиар хүлээсэн үүргээ гүйцэтгээгүйгээс байгаль орчинд учирсан хохиролд нийт 3 965 000 000 төгрөг гаргуулан Байгаль орчин, уур амьсгалын санд оруулах тухай иргэний хэргийг хариуцагчийн өмгөөлөгч Н.Баярхүүгийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Т.Туяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Туяацэцэг, М.Цэрэндэжид, өмгөөлөгч М.Жаргалсайхан, хариуцагчийн төлөөлөгч Г.Чинтөмөр, өмгөөлөгч Н.Баярхүү, П.Цолмонбаатар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Одонтуяа нар оролцов.

 

Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлага, тайлбартаа: “ Ж Э Ю Г”  ХХК нь 5341А дугаар бүхий Ашигт малтмал ашиглах лицензийн гэрчилгээгээр олгосон зөвшөөрлийн дагуу Баянхонгор аймгийн Гурван Булаг сумын Ихрийн ам нэртэй газарт 2006- 2012 оны хооронд алт олборлолтын үйл ажиллагаа явуулсан. “Кондиц” ХХК нь 2011 онд дээрх талбайн экологид учирсан хохирлын үнэлгээг тогтоож, газрын нөөцөд 30 000 000 төгрөг, газрын хэвлийд 259 200 000 төгрөг, экологийн орчинд 419 000 000 төгрөг, усны экологид 3 225 700 000 төгрөг, ургамал нөөцийн экологид 28 400 000 төгрөг, агаарын орчин, амьтны аймагт 2 700 000 төгрөгийн, нийт 3 965 000 000 төгрөгийн хохирол учруулсан гэж дүгнэсэн. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр “ Ж Э Ю Г”  ХХК-иас уг хохирлыг гаргуулж орон нутгийн санд төвлөрүүлэхээр нэхэмжилж, Өвөр хөшөөтийн аманд байрлах нутаг дэвсгэрийн байгаль орчинд учруулсан 5 000 000 төгрөгийн хохирол гаргуулах шаардлагаас татгалзсан.

Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1, 49.2 дах хэсэгт газрын нөөцөд учруулсан хохирлыг 3 дахин, газрын хэвлийн хохирол 2 дахин, хөрсөнд учруулсан хохирол 3 дахин, усны нөөцөд учруулсан хохирол 2 дахин, ургамлын нөөцөд учруулсан хохирлыг 5 дахин тооцсон бодит зардлыг гаргуулна гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан. Үйл ажиллагааны зөвшөөрлийн талаар дурдаагүй.  Зөвшөөрлийн дагуу газрыг ашигласны дараа шороогоор булж, техник болон геологийн нөхөн сэргээлт хийх ёстой атал хариуцагч огт хийгээгүй. Хуульд байгаль орчныг доройтуулсан үйлдэл, эс үйлдэхүйг гэм буруутайд тооцно гэж заасан. Хуульд заасан үүрэг, хариуцлагаа биелүүлээгүй атлаа зөвшөөрөлтэй учраас ухах ёстой, байгаль орчин доройтсон, муудсан, мөс хайлах хамаагүй гэж тайлбарлаж байна. Хуулиар тогтоосон ажиллагааг хийгээгүйн улмаас дээрх хохирол учирсан.

“Кондиц” ХХК, “Эхмонголын байгаль” ХХК-ийг тус тус шинжээчээр томилоход 3 хууль давхардсан. Шинжээч нь “Кондиц” ХХК-ийн дүгнэлтдээ усны экологид 3.2 тэрбум төгрөгийн хохирол учирсан гэж гарын үсэг зурсан боловч, “Эхмонголын байгаль” ХХК-ийн дүгнэлтэд өөр дүн заасан нь нөлөөнд орсон гэж үзэхээр байна. Цэвдгийн усыг дэлхий нийтээр ус гэж хүлээн зөвшөөрсөн. Цэвдгийн ус хэзээ ч нөхөгдөшгүй баялаг. Гэтэл цэвдгийг хайлуулж, ил гаргаж олборлолт хийж байна. Хариуцагч төлөвлөгөөг батлуулах ёстой боловч батлуулаагүй үйл ажиллагаа явуулдаг. Ийм учраас нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна гэжээ.

 

Хариуцагч тал тайлбартаа: Хохирол гэдэг нь хэмжиж, тооцож болохуйц эрх зүйн зөрчил болон үр дагаврын шалтгаант холбоо байх ёстой. Өөрөөр хэлбэл, хариуцагч компани хуульд заасан журмыг зөрчиж зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулснаас болж хохирол учирсан буюу хэмжиж болохуйц хохирол учирсан байхыг шаардана. Энэ хоёр нь хоорондоо шалтгаант холбоотой байх ёстой. Хэрэгт авагдсан баримтаар “ Ж Э Ю Г”  ХХК 2003 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр 5341А гэсэн ашиглалтын тусгай зөвшөөрлийг 30 жилийн хугацаатайгаар авч үйл ажиллагаа явуулдаг. Тусгай зөвшөөрөл гэдэг нь хуулиар ашигт малтмал ашиглахыг зөвшөөрсөн зөвшөөрлийг хэлнэ. Иймд хариуцагч хууль зөрчсөн ямар үйл ажиллагаа явуулсан гэдэг нь тодорхой бус, байгаль орчинд хохирол учруулсан гэх үндэслэлгүй байна.

Мөн “ Ж Э Ю Г”  ХХК нь ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг бусдаас шилжүүлж авсан талаар хэрэгт нотлох баримт авагдсан. Тусгай зөвшөөрөлтэй компани нь нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөх үндэслэлтэй эсэхийг тодруулах шаардлагатай гэж үзэж байна. “Кондиц” ХХК-ийн дүгнэлт шүүхэд албан бичгээр ирсэн байсан. Манай зүгээс уг дүгнэлтийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Дүгнэлтэд нөхөн сэргээгдэх талбай энэ хугацаанд “ Ж Э Ю Г”  ХХК нь өмнөх уурхайтай нийлж зохих тусгай зөвшөөрлийг оруулан Ашигт малтмалын тухай хуульд заасан уулын ажлын төлөвлөгөө, байгаль орчноо хамгаалах, нөхөн сэргээх төлөвлөгөөг гарган ажиллаж нөхөн сэргээлгэх гэрээгээр орж ирсэн үйл баримтууд авагдсан байдаг. Эдгээр нөхцөл байдал нь нэхэмжлэгч нарын гаргаж байгаа шиг 2011 оноос өмнөх хохирол байх ёсгүй. Нэг газар үйл ажиллагаа явуулж байгаа учир 3.9 тэрбум төгрөгийн хохирол учрах үндэслэлгүй. Энэ нь хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлтээр харагддаг. “Кондиц” ХХК-ийн дүгнэлт нотлох баримтын шаардлага хангаагүй учир шүүхийн шийдвэрт нөлөөлөх баримт биш юм.

Байгаль орчныг хамгаалах тухай хуульд байгаль орчинд учруулсан хохирол гэж байгалийн баялгийг зөвшөөрөлгүй бэлтгэсэн, олборлосон эсхүл байгаль орчны хэм хэмжээнд зөвшөөрөл бүхий хязгаараас хэтрүүлэн олборлосон үйл ажиллагааг хэлнэ. Хамгийн гол тавигдах шаардлага нь зөвшөөрөлгүй олборлосон байхыг хэлж байна. Иймд хариуцагч компани зохих ёсны зөвшөөрөл авсан энэ нь баримттай учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжүүдийг ашигт малтмалын хайгуулын үйл ажиллагаа явуулсны төлөө тухайн байгаль орчинд хор хөнөөл учруулсан гэх үндэслэлээр мөнгөн хөрөнгө нэхэмжлэх юм бол Монгол Улсад уул уурхай байх шаардлагагүй. Учир нь ашигт малтмал ашиглана гэдэг нь газрын хөрсийг ухаж, ялгаж авах нь тодорхой бөгөөд тусгай зөвшөөрөлтэй, зөвшөөрөлгүй байх нь хамаагүй газрын хөрсийг хөндсөн бол ямар нэгэн байдлаар хөрсийг хэдэн метр куб шороо орсныг нь үнэлээд дүгнэх ёстой.

Ашигт малтмалын тухай хуулиар тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгж нь байгалийн нөөц ашигласны төлбөр, тусгай зөвшөөрөл ашигласны төлбөрийг төлөөд үйл ажиллагаагаа явуулж, олсон орлогоос улсын төсөвт холбогдох хураамжаа төлдөг. Харин ашигт малтмал олборлоод байгаль орчинд хохирол учруулсны төлөө мөнгөн хөрөнгө төлөх ёстой гэсэн ойлголт байхгүй. “Кондиц” ХХК-ийн 2011 онд гаргасан дүгнэлтээс хойш тус талбайд нөхөн сэргээлтийн үйл ажиллагаа хийгдсэн тул уг дүгнэлтийг үндэслэх боломжгүй. Нөхөн сэргээлт хийгдээгүй газрын зардлыг нэхэмжилсэн бол оновчтой байх байсан. Байгаль орчныг хамгаалах тухай хуульд заасны дагуу байгаль орчинд учруулсан хохирол биш, харин ашигт малтмалын үйл ажиллагаа явуулахад үүсэж байгаа зүй ёсны газрын эвдрэл, өөрчлөлт юм. Иймд нэхэмжлэлийн үндэслэл буруу байгаа тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, Байгаль хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “ Ж Э Ю Г”  ХХК-иас 180 240 000 төгрөгийг гаргуулж, Засгийн газрын Байгаль орчин, уур амьсгалын санд оруулж, нэхэмжлэлийн шаардлагаас 3 784 760 000 төгрөгт тооцогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3 дах хэсэгт заасныг баримтлан Өвөрхөшөөтийн амны 12806А тусгай зөвшөөрөлтэй 204.37 гектар талбайд хайгуулын үйл ажиллагаа явуулснаас байгаль орчинд учруулсан хохирол, нөхөн төлбөр нэхэмжилсэн нэхэмжлэлээс татгалзсан тул уг шаардлагад холбогдуулан үүсгэсэн хэргийг хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар нэхэмжлэгч нар тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх тул тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурьдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас 1 059 150 төгрөг гаргуулж улсын орлогод оруулахаар шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн өмгөөлөгч Н.Баярхүү давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүх хууль буруу тайлбарлан хэрэглэсэн, нотлох баримтын шаардлага хангаагүй баримтыг шийдвэрийн үндэслэл болгосон, нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага тодорхой бус байхад хэргийг шийдвэрлэсэн. Тодруулбал, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2.11-д заасныг үндэслэн хариуцагч компанийг байгаль орчинд хохирол учруулсан гэж дүгнэсэн. Хариуцагч “ Ж Э Ю Г”  ХХК нь байгаль орчны чадавхи тогтоосон хэм хэмжээ, зөвшөөрөгдөх дээд хэмжээний хязгаараас хэтрүүлж байгаль орчныг бохирдуулсан, доройтуулсан, гэмтээсэн, байгалийн нөөц баялгийг хомсдуулсан, экологийн тогтолцоог алдагдуулсан аливаа үйлдэл, эс үйлдэхүй хийсний улмаас байгаль орчинд хохирол учруулсан гэжээ.

Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2.11-д “байгаль орчинд учруулсан хохирол”-ыг тодорхойлохдоо нэг бол байгалийн баялгийг зөвшөөрөлгүй бэлтгэсэн, олборлосон байх, эсвэл байгаль орчны чадавхын тогтоосон хэм хэмжээ, зөвшөөрөгдөх дээд хэмжээний хязгаараас хэтрүүлсэн байх гэсэн 2 тодорхой урьдчилсан нөхцөл шаардсан байна. Хариуцагч нь Баянхонгор аймгийн Гурванбулаг сум, Ихрийн аманд Ашигт малтмал, Газрын тосны газраас олгосон ашиглалтын тусгай зөвшөөрөлд үндэслэн үйл ажиллагаа явуулсан тул байгалийн баялгийг зөвшөөрөлгүй бэлтгэсэн, олборлосон асуудал байхгүй. Байгаль орчны чадавхын тогтоосон хэм хэмжээ, зөвшөөрөгдөх дээд хэмжээг хэтрүүлсэн гэх үндэслэл, баримтгүй ба дээд хэмжээ гэх стандарт байхгүй байдаг. Цаашлаад байгалийн ямар нөөц баялаг нь хэдий хэмжээгээр хомсдож, экологийн тогтолцоо нь хэрхэн алдагдаж, энэ нь хариуцагчийн ямар буруутай, хууль зөрчсөн үйл ажиллагаанаас хамааралтайг тогтоосон, нотолсон баримт байхгүй. Хариуцагч ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй явуулсан үйл ажиллагааны явцад хөндөгдсөн газар, түүний хэвлийн нөхцөл байдлыг хууль бус үйл ажиллагаагаар экологийн тогтолцоог алдагдуулсан зэргээр авч үзэх үндэслэлгүй.

Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт иргэн, аж ахуйн нэгж, байгууллага хууль бус үйл ажиллагаагаараа байгаль орчин, түүний баялагт учруулсан шууд хохирлыг нөхөн төлөх үүрэгтэй буюу “хууль бус үйл ажиллагаа” байснаар хохирлын асуудал хөндөгдөхөөр заасан. Ашигт малтмалын тухай хуульд “ашигт малтмал ашиглах” гэж газрын гадаргуу, түүний хэвлий, хүдрийн овоолго, хаягдал, байгалийн уснаас ашигт малтмал ялган авах, олборлох...”-ыг ойлгох буюу тухайн газрын хэвлий, шороон дахь металл элементийг ямар нэгэн байдлаар ялган авах ажиллагааны явцад газрын хэвлий тодорхой хэмжээгээр хөндөгдөж анхны хэв шинжээс өөрчлөгдөх нь тодорхой. Тэр бүрт тийм хэмжээний шороо ухсан байна, түүнд тийм хэмжээний ус хэрэглэсэн байх ёстой, эдгээрийн нийлбэр ийм хэмжээний мөнгө болно, энэ нь шууд утгаар байгаль орчны хохирол болно гэсэн нэхэмжлэлийн үндэслэл нь туйлын ойлгомжгүй.

Тусгай зөвшөөрөлтэй ашигт малтмалын үйл ажиллагаа явуулсан нь хамаагүй, ашигт малтмал, уурхайн ажил хийсэн л бол түүний үр дагаварт байгаль орчин хохирч байгаа, энэ нь Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2.11-д заасан нөхцөлийг үүсгэсэн гэдэг нь буруу юм. Иймд Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2.11-д “байгалийн баялгийг зөвшөөрөлгүй бэлтгэсэн, олборлосон ....”, “байгаль орчны чадавхын тогтоосон хэмжээ, зөвшөөрөгдөх дээд хэмжээний хязгаараас хэтрүүлсэн” гэсэн үндсэн 2 гол нөхцөлийн алинд ч хамаарах үйлдэл, эс үйлдэхүйг хариуцагч гаргаагүй. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1 дэх хэсэгт иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь байгаль орчин болон байгалийн нөөцөд хохирол учруулсан бол нөхөн төлбөр төлөх бөгөөд нөхөн төлбөрийг Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 12 дугаар зүйлд заасан Байгаль орчин, уур амьсгалын санд оруулна гэж, 49.3 дах хэсэгт энэ хуулийн 49.2 дах хэсэгт заасан хохиролд байгаль орчны хяналтын улсын байцаагч нөхөн төлбөр ногдуулна гэжээ. Эндээс харахад хохиролд хамаарах нөхөн төлбөрийг байгаль орчны хяналтын улсын байцаагч ногдуулах тодорхой зохицуулалттай ба улсын байцаагч хариуцагч компанийг хууль зөрчсөн үйл ажиллагаа явуулсан, байгаль орчны чадавхын тогтоосон хэмжээ, зөвшөөрөгдөх дээд хэмжээний хязгаараас хэтрүүлсэн гэх дүгнэлт, хохирол нөхөн төлөх шийдвэр гаргаагүй болно. Үүнээс үзвэл шүүх Иргэний хуулийн гэм хорын зохицуулалт, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн байгаль орчинд учирсан хохирол, түүнийг шаардах үндэслэлийг зохицуулсан зохицуулалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн байна.

Хариуцагч нь “Эхмонголын байгаль” ХХК-ийн дүгнэлтийг хуульд заасан шаардлага хангаагүй, нотлох баримт болохгүй гэж тайлбарладаг ч 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн давах шатны шүүхийн шүүх хуралдаанд “шинжээчийн дүгнэлтийн 180 000 000 төгрөгийг гаргаж өгье, өөрсдөө нөхөн сэргээлтээ хийчих гэсэн тул шинжээчийн дүгнэлтийн дүнг зөвшөөрсөн, энэ талаар маргаагүй гэж үзэхээр байна” гэжээ. 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн шүүх хуралдааны явцад хэлсэн энэ тайлбар нь тодорхой нөхцөлтэй эвлэрэх санал болохоос ямар нэгэн шинжээчийн дүгнэлтийн дүнг зөвшөөрсөн асуудал огт биш юм. Эвлэрэх саналыг шүүхийн шийдвэрийн үндэслэл, нотлох баримт болгох хууль, зохицуулалт байхгүй. Хариуцагч олон удаагийн шүүх хурал, мэтгэлцээний явцад “Эхмонголын байгаль” ХХК-ийн дүгнэлтийг зөвшөөрсөн гэх тайлбар нэг ч удаа хэлээгүй, харин ч энэхүү дүгнэлт хууль зөрчсөн, шаардлага хангахгүй тул зөрчлийг арилгуулах тодорхой тайлбаруудыг гаргасаар ирсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2 дах хэсэгт шинжээч шинжилгээ хийж дүгнэлт гаргахдаа Шүүхийн шинжилгээний тухай хуульд заасан журмыг баримтална гэж заасан. Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.5-д санаатайгаар худал дүгнэлт гаргасан тохиолдолд хүлээлгэх хариуцлагыг сануулсан тэмдэглэлийг шинжээч дүгнэлт гаргахдаа үйлдсэн байх учиртай. Ингэснээр шүүхийн журмаар шинжилгээ хийхэд хууль дээдлэх, хараат бус байх, шинжилгээг тал бүрээс нь бүрэн, бодитой, шинжпэх ухааны үндэстэй хийх зарчим хангагдах юм. “Эхмонголын байгаль” ХХК-ийн дүгнэлт дээрх хуулийн заалтыг хангаагүй буюу шинжээчид санаатайгаар худал дүгнэлт гаргасан тохиолдолд хүлээлгэх хариуцлагыг сануулсан тэмдэглэл үйлдэгдээгүй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсэгт шүүх хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, хуульд заасан арга хэрэгслээр олж авсан бодит нөхцөл байдлыг тогтооход шаардлагатай аливаа баримтат мэдээллийг нотлох баримт байна гэж заасан байдаг. Гэтэл шүүхээс Шүүхийн шинжилгээний тухай хуулийг зөрчиж гарсан шинжээчийн дүгнэлтийг, хариуцагч үүнийг зөвшөөрсөн хэмээн тайлбарлаж хэргийг шийдвэрлэсэн нь шүүх нотлох баримтыг үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй гэж үзнэ. Энэ талаар өмнө нь давж заалдах шатны шүүхийн 2441 дүгээр магадлалд “...Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2 дахь хэсэгт зааснаар шинжээчийн эдлэх эрх, хүлээх үүрэг, хариуцлагыг урьдчилан тайлбарлаж танилцуулаагүйг шүүх тодруулсан атлаа шүүх хуралдааныг үргэлжлүүлэн явуулсан нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзнэ, нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд нотлогдвол зохих маргааны үйл баримтыг зөв тогтоохын тулд холбогдох ажиллагааг хэрэгжүүлэх нь шүүхийн эрх хэмжээнд шийдвэрлэгдэх юм гэж дүгнэн тодорхой ажиллагааг хийлгэхээр анхан шатны шүүхэд буцаасан.

Магадлалын дагуу анхан шатны шүүхээс 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 181/ШТ2018/00445 дугаартай тогтоол гарч, “Эхмонголын байгаль" ХХК-ийн дүгнэлт нь шаардлага хангахгүй, иймээс шүүх хохирлын хэмжээг тодорхойлох боломжгүй байгаа тул өөрийн санаачилгаар бүрэлдэхүүнтэй шинжээч томилсон байдаг. Томилогдсон шинжээч нар мэргэжлийн байгууллагаар дүгнэлт гаргуулсны дараа шүүхээс тавьсан асуултад хариулах боломжтой талаар хариу ирүүлсэн. Өөрөөр хэлбэл, шинжээч томилсон тогтоолын биелэлт хангагдаагүй ба хариуцагч уг тогтоолын биелэлтийг хангуулахаар хүсэлт гаргасан ч шүүх хүлээж аваагүй. Эцэст нь 2006-2012 онд учирсан хохирлын хэмжээг одоо тодорхойлох боломжгүй тул 2014 оны “Эхмонголын байгаль” ХХК-ийн хийсэн дүгнэлтийг нотлох баримтаар үнэлэх нь зүйтэй гэсэн. Нэхэмжлэлийн шаардлагын хэмжээ болсон хохирлын үнэлгээг шийдвэр гаргах үед тогтоох боломжгүй гэж байгаа бол нэхэмжлэлийн шаардлагыг хангах ч үндэслэл байхгүй.

Хариуцагчаас нөхөн сэргээлт хийх хуулиар хүлээсэн үүргээ гүйцэтгээгүйгээс байгаль орчинд учирсан хохирол, нөхөн сэргээх төлбөрт нийт 3 965 000 000 төгрөг нэхэмжилсэн. 2017 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх энэхүү хэргийг шийдвэрлэх явцад нэхэмжлэлийн үндэслэлийг “нөхөн сэргээлт хийгээгүйгээс байгаль орчинд учруулсан хохирол” болохыг нэхэмжлэгч нараас тодруулж, хэргийг хэрэгсэхгүй болгосон. Нэхэмжлэгч уг шийдвэрийг эс зөвшөөрсөн давж заалдах гомдолдоо “дээр дурдсанаас өөр үндэслэлээр нэхэмжлэл гаргасан байхад шүүх нөхөн сэргээлт хийгээгүйгээс болж хохирол учруулсан гэж ялгаж салгаж ойлгохгүй, эсвэл хуулиа мэдэхгүй буруу дүгнэн шийдсэн, нэхэмжлэлийн үндэслэл нь нөхөн сэргээлт хийгээгүйтэй нь холбоогүй, нөхөн сэргээлт хийсэн хийгээгүй ялгаагүй байгаль орчинд хохирол учруулсан” гэдэг. Харин шүүх нэхэмжлэгч нарын “бидний нэхэмжлэлийн үндэслэл биш” гэж тайлбарласан үндэслэл буюу “нөхөн сэргээлт хийгээгүйгээс байгаль орчинд учруулсан хохирол, нөхөн сэргээлтийн төлбөр" шаардсан хэргийг хянан хэлэлцэж, шийдвэр гаргасан.

Дээрх шаардлага бүхий хэргийг хянан хэлэлцсэний дараа нөхөн сэргээлтийн зардал гаргуулах нэхэмжлэлийн шаардлага байхгүй гэж дүгнэсэн нь ойлгомжгүй. Шүүх нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлд тулгуурлан шийдвэрлэх гэж буй хэрэг маргааны эрх зүйн харилцааны төрлийг тодорхойлох бөгөөд энэ нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангах хамгийн анхдагч нөхцөл болдог. Нэхэмжлэлийн шаардлага тодорхой бус, ойлгомжгүй байгаа тохиолдолд шүүх материаллаг эрх зүйн ямар харилцаанаас үүдэлтэй маргаан болохыг тодорхойлох, хэрэглэгдэх хууль, түүний хэм хэмжээг зөв олж тайлбарлах боломжгүй юм. Нэхэмжлэлийн үндэслэл анхнаасаа тодорхой бус байсныг шүүх тодруулаагүй, үүнээс болж маргааны эрх зүйн харилцааны төрлийг зөв тодорхойлж чадаагүй буюу анх хянан хэлэлцэхдээ тодорхойлсон нэхэмжлэлийн үндэслэл нь нэхэмжлэгчийн мэтгэлцэж, нотлох гэж оролдож байгаа үндэслэлээс өөр байгаа нөхцөлд шийдвэр хууль ёсны, үндэслэлтэй гарсан гэж үзэхгүй тул шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгоно уу гэжээ.

 

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагад нийцжээ.

 

Нэхэмжлэгч нь хариуцагч “ Ж Э Ю Г”  ХХК-д холбогдуулан Баянхонгор аймаг, Гурван булаг сумын нутаг, Ихрийн амны 5341А тусгай зөвшөөрөлтэй 77.09 гектар, Өвөрхөшөөтийн амны 12806А тусгай зөвшөөрөлтэй 204.37 гектар талбайн байгаль экологид учруулсан хохирол, түүний нөхөн сэргээлтийн төлбөрт нийт 3 966 800 000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад уг шаардлагын зарим хэсгээс татгалзаж, Ихрийн амны нутаг дэвсгэрийн байгаль орчинд учруулсан хохиролд нийт 3 965 000 000 төгрөгийг гаргуулж, орон нутгийн санд төвлөрүүлэнэ гэж өөрчилснийг, хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч маргасан байна. /1хх1-2, 16-17, 33-34, 184-188/

 

Хариуцагч нь 2006 оноос 2012 оны хооронд нэхэмжлэлийн шаардлагад дурдсан Баянхонгор аймгийн Гурванбулаг сумын Ихрийн ам нэртэй газарт 5341А дугаартай Ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрлийн үндсэн дээр шороон ордны алтны олборлолтын үйл ажиллагаа явуулж, тодорхой хэмжээнд техникийн болон биологийн нөхөн сэргээлт хийсэн нь тогтоогдсон, талууд энэ талаар маргаагүй. Харин дээрх үйл ажиллагааг явуулснаар байгаль орчинд хохирол учруулсан эсэхэд маргажээ.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ, хариуцагч “ Ж Э Ю Г”  ХХК нь 2006-2012 он хүртэлх хугацаанд Ихрийн аманд тусгай зөвшөөрлийн дагуу алт олборлох үйл ажиллагаа явуулахдаа газар ашигласны дараа шороогоор булж, техник болон геологийн нөхөн сэргээлт огт хийгээгүйн улмаас байгаль орчинд хохирол учирсан, уг хохирлыг шаардана, нөхөн сэргээлт хийх төлбөр шаардаагүйг тайлбарласан байна. /8хх 187-194/

 

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг тодруулснаар нэхэмжлэгч тал техникийн болон биологийн нөхөн сэргээлтийн зардал шаардаагүй талаар шийдвэрт дүгнэлт хийсэн нь шүүх Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2.11-д заасан зохицуулалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн, нэхэмжлэгчийн тодорхойлсноос өөр шаардлага шийдвэрлэсэн гэж үзэхгүй. Тодруулбал, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2.11-д байгалийн баялгийг зөвшөөрөлгүй бэлтгэсэн, олборлосон, эсхүл байгаль орчны чадавхын тогтоосон хэм хэмжээ, зөвшөөрөгдөх дээд хэмжээний хязгаараас хэтрүүлэн байгаль орчныг бохирдуулсан, доройтуулсан, гэмтээсэн, байгалийн нөөц баялгийг хомсдуулсан, экологийн тогтолцоог алдагдуулсан аливаа үйлдэл, эс үйлдэхүйг “байгаль орчинд учруулсан хохирол” гэж тодорхойлсон байна. Энэхүү зохицуулалтын байгалийн баялгийг зөвшөөрөлгүй бэлтгэсэн, олборлосон гэх нөхцөл нь хариуцагч компанид хамааралгүй. Харин эс үйлдэхүйн хувьд ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрөл бүхий хуулийн этгээдийн үйл ажиллагаатай холбоотой учраас байгаль орчны чадавхын тогтоосон хэм хэмжээ, зөвшөөрөгдөх дээд хэмжээний хязгаараас хэтрүүлэн байгаль орчныг доройтуулсан, экологийн тогтолцоог алдагдуулсан гэх нөхцөлд хамааруулан ойлгох учиртай. Уг хуулийн заалтаас аль хэсэг нь хариуцагчид хамааралтай талаар шүүх шийдвэрийн үндэслэх хэсэгт нарийвчлан бичээгүйгээс ойлгомжгүй болжээ.

 

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлтүүд, Баянхонгор аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхээс 2018 оны 3 дугаар сарын 15-ны өдөр Ихрийн амны нутаг дэвсгэрт хийсэн үзлэгийн тэмдэглэл, түүний хавсралт, гэрч Ш.Мягмар, Н.Жадамба нарын мэдүүлэг, Баянхонгор аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Улсын байцаагчийн 2007 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн 31/19/241 дугаар, 2012 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 31/19/17 дугаар дүгнэлт, Байгаль орчин, ногоон хөгжлийн яамны сайдын 2012 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 1/371 дугаар албан бичиг, Уул уурхайн дэд сайдын 2015 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн 2/1642 дугаар албан бичиг, түүний хавсралт, Баянхонгор аймгийн Гурван булаг сумын нутагт орших Ихэр, Өвөрхөшөөтийн аманд байрлах МV-005341, MV-012806 дугаар тусгай зөвшөөрөл бүхий талбайд хийсэн хяналтын ажлын тайлан зэрэг бичгийн баримтуудыг харьцуулан үнэлж, зөв дүгнэжээ. /1хх5, 57, 151, 2хх55-160, 3хх175-191, 4хх31-205, 8хх25-35,103-110/

 

Иймээс дээрх нотлох баримтуудад үндэслэн хариуцагч нь 2006 оноос 2012 он хүртэл тухайн газарт үйл ажиллагаа явуулахдаа нөхөн сэргээлт хийх хуулиар хүлээсэн үүргээ цаг хугацаанд нь гүйцэтгээгүйгээс байгаль орчинд хохирол учруулсан нь тогтоогдсон гэж дүгнэснийг буруутгах үндэслэлгүй байна. Байгаль орчинд учруулсан хохирлын хэмжээг тогтоосон “Кондиц” ХХК, “Эхмонголын байгаль” ХХК-ийн өөр, өөр үнийн дүн бүхий дүгнэлт хэрэгт авагдсан, тухайн 2 дүгнэлтийн зөрүүтэй байдлыг гаргах, шинжээч нарт хуульд заасан эрх, үүрэг тайлбарлах, хууль сануулах, хохирлын үнэлгээ гаргасан “Кондиц” ХХК, “Эхмонголын байгаль” ХХК-ийн төлөөлөгч нарыг шүүх хуралдаанд оролцуулах, газар дээр нь үзлэг хийлгэх тухай нэхэмжлэгчийн хүсэлтэд дурдсан ажиллагааг хийхийг тус шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 2441 дугаар магадлалаар зааж, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцааж байжээ. /7хх233-240/

 

Анхан шатны шүүх магадлалд дурдсан ёсоор маргаан бүхий газарт үзлэг хийх, дүгнэлт гаргасан хуулийн этгээдийн төлөөлөгч нарт хууль сануулан гэрчээр асуух, Баянхонгор аймгийн Гурванбулаг сум Ихрийн ам нэртэй газарт байрлах хариуцагч компанийн тусгай зөвшөөрөл бүхий газрын байгаль орчинд учруулсан хохирлын үнэлгээг тогтоолгохоор 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 181/ШТ2018/00445 дугаар шүүхийн тогтоолоор Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9, 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт зааснаар бүрэлдэхүүнтэй шинжээч томилох зэргээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуулийн дагуу явуулсан байна. /8хх25-35,103-111,116-118,134-137,158-162/

 

Шүүхийн тогтоолоор томилогдсон шинжээч нар нь 2019 оны 6 дугаар сарын 20-ны өдөр “цэвдгийн мэргэжилтнээр заавал дүгнэлт гаргуулснаар хохирлын үнэлгээг тогтоох боломжтой” гэх агуулгатай тайлбар бүхий хариуг ирүүлжээ. /8хх172-173/ Шүүх үүнийг шинжээчээр дүгнэлт гаргуулах боломжгүй гэж үзсэн нь буруутгах үндэслэл болохгүй бөгөөд энэ тохиолдолд шинжээч томилсон шүүхийн тогтоол биелэгдээгүй учраас хэрэгт авагдсан нотлох баримтыг үнэлж хэргийг шийдвэрлэснийг шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангаагүй гэж үзэхгүй.

 

Хуульд заасан шаардлага хангаагүй “Эхмонголын байгаль” ХХК-ийн дүгнэлтийг шийдвэрийн үндэслэл болгосон гэх давж заалдах гомдлын хувьд, анхан шатны шүүх тухайн шинжээчийн бүрэлдэхүүнд багтсан С.Түмэннаст, Н.Жадамба, Г.Даваа нарыг шинжээчийн хувиар болон гэрчээр асууж мэдүүлэг авч, тэдгээр нь дүгнэлт болон шинжлэх ухааны үндэслэл, үнэлгээ гаргасан аргачлалын талаар дэлгэрэнгүй тайлбарласан байна. Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2 дах хэсэгт заасан ажиллагааг нөхөн гүйцэтгэх боломжгүй, мөн цаг хугацааны хувьд 2006-2012 оны хооронд Баянхонгор аймгийн Гурванбулаг сумын нутагт “ Ж Э Ю Г”  ХХК-ийн Ихрийн амны 5341А дугаар тусгай зөвшөөрөл бүхий талбайд алтны шороон орд ашиглах үйл ажиллагааны улмаас байгаль орчинд учруулсан хохирлын хэмжээг тогтоох боломжгүй тул Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 344/С дугаартай тогтоолын дагуу Байгаль орчин, ногоон хөгжлийн яамны сайдын 2014 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн А-221 дугаар тушаалаар томилогдсон “Эхмонголын байгаль” ХХК-ийн шинжээчийн дүгнэлтийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1 дэх хэсэгт зааснаар нотлох баримтын хэмжээнд үнэлж дүгнэсэн нь хууль зөрчөөгүй гэж үзэв.

 

Хариуцагч тал хэрэгт авагдсан шинжээч нарын дүгнэлтийг эс зөвшөөрсөн талаар давж заалдах гомдол гаргах боловч байгаль орчинд хохирол учруулаагүй гэх тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар өөрсдөө нотлох үүргээ хэрэгжүүлсэн гэж үзэх нөхцөл байдал хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй болно.

 

Нэхэмжлэгчийн хувьд байгаль орчинд учирсан хохирол, нөхөн сэргээх төлбөр гаргуулах гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргасныг нь шүүх тодруулж, улмаар байгаль орчинд учирсан хохирол гэж тодорхойлж, “Кондиц” ХХК-ийн гаргасан нөхөн сэргээлтийн үнэлгээ 3 965 000 000 төгрөг гэх дүгнэлтийг үнэлэх боломжгүй, “Эхмонголын байгаль” ХХК-ийн тогтоосон хохирлын үнэлгээ бодитой гэж үзээд дээрх байдлаар дүгнэж, нотлох баримтын хэмжээнд үнэлсэн байна. Мөн хариуцагчаас хэрэг хянан шийдвэрлэх явцад шүүхээс томилсон шинжээч “Эхмонголын байгаль” ХХК-ийн тогтоосон үнийн дүнгээр эвлэрэн хэлэлцэх санал гаргаж байсныг нь харгалзжээ. /7хх232/ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсэгт заасан нотлох баримт нь мөн хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дах хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгчийн тайлбар, шүүх хуралдааны тэмдэглэл зэрэг нотолгооны хэрэгслээр тогтоогддог тул энэ талаар гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж байна.

 

Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.3.Энэ хуулийн 49 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хохиролд байгаль орчны хяналтын улсын байцаагч нөхөн төлбөр ногдуулна гэжээ. Шүүх, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.2 дахь хэсэгт заасан улсын байцаагчаас ногдуулсан нөхөн төлбөр гэж дүгнээгүй, харин байгаль орчныг доройтуулсантай холбоотой хохирол гэдэг агуулгаар дүгнэсэн.  Шүүхийн дээрх дүгнэлт нь Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1 дэх хэсэгт заасан “иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь байгаль орчин болон байгалийн нөөцөд хохирол учруулсан бол нөхөн төлбөр төлөх бөгөөд нөхөн төлбөрийг Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлд заасан Байгаль орчин, уур амьсгалын санд оруулна” гэсэнтэй нийцсэн. Иймд хариуцагчаас гаргуулах мөнгөн хөрөнгийг Байгаль, орчин уур амьсгалын санд оруулахаар шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Түүнчлэн, нэхэмжлэгч нар нь засгийн газрын чиг үүргийг тухайн орон нутагт хэрэгжүүлдэг тул нэхэмжлэлийн шаардлага гаргах эрхгүй этгээд гэж үзэхгүйг дурдах нь зүйтэй. Иймд дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн өмгөөлөгч Н.Баярхүүгийн “шүүх Байгаль орчныг хамгаалах тухай хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.5.санаатайгаар худал дүгнэлт гаргасан тохиолдолд хүлээлгэх хариуцлагыг сануулсан тэмдэглэл үйлдэгдээгүй буюу хуульд заасан шаардлага хангаагүй “Эхмонголын байгаль” ХХК-ийн дүгнэлтийг шийдвэрийн үндэслэл болгосон, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг тодруулалгүй, өөр буюу нөхөн сэргээлттэй холбоотой шаардлага шийдвэрлэсэн” гэх агуулгаар гаргасан гомдлыг хүлээн авах үндэслэл тогтоогдохгүй байна. Иймд давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн                 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 181/ШШ2019/02017 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч талын давж заалдах журмаар гаргасан гомдлыг бүхэлд нь хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч “ Ж Э Ю Г”  ХХК-аас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн  1 059 150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.  

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7 дах хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалын хувийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

 

                       ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       С.ЭНХТӨР

                                                          

                                        ШҮҮГЧИД                                       Г.ДАВААДОРЖ

 

                                                                                               Т.ТУЯА