Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 12 сарын 07 өдөр

Дугаар 2021/ДШМ/68

 

 

Н.*******, С.******* нарт

холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

 

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд:

                 Даргалагч, ерөнхий шүүгч            Д.Буянжаргал

                                Шүүгчид                                      Б.Эрдэнэхишиг                                  

                                                                            Г.Давааренчин                                  

 

                Оролцогчид:

                    Прокурор                                          А.*******

                                   Шүүгдэгчийн өмгөөлөгч                А.*******

                    Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Энх-Амар нарыг оролцуулж, Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны  шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 2021/ШЦТ/121 дугаартай шийтгэх тогтоолыг эс  зөвшөөрч  бичсэн шүүгдэгч нарын өмгөөлөгчийн давж заалдсан гомдлын дагуу Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт *******ийн *******, ******* овогт *******ийн ******* нарт холбогдох эрүүгийн 2031000360022 дугаартай, 3 хавтас эрүүгийн хэргийг 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд  шүүгч Г.Давааренчингийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1964 оны 08 дугаар сарын 22-ны өдөр Архангай аймагт төрсөн, 57 настай, эрэгтэй, дээд боловсролтой, багш, төрийн удирдлагын менежер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Сэлэнгэ аймгийн Ерөө сум, 2 дугаар баг Буурагчин, Энхтал гудамж 1-04 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, ******* овогт *******ийн ******* /РД:*******/,

 

Монгол улсын иргэн, 1974 оны 08 дугаар сарын 31-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 47 настай, эрэгтэй, дээд боловсролтой, ой зүйч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Сэлэнгэ аймгийн Ерөө сум, 2 дугаар баг Дарь- Эх 3-29 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай гэх ******* овогт *******ийн ******* /РД:/

 

Холбогдсон хэргийн талаар:

-Шүүгдэгч *******ийн ******* нь 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Сэлэнгэ аймгийн Ерөө бүсийн сум дундын ойн ангийн даргаар ажиллаж байхдаа Монгол Улсын Ойн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2. Иргэн, ойн нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллага ашиглалтын бүсийн ойгоос мод, ойн дагалт баялгийг зохих төлбөр, хураамжийг төлсний үндсэн дээр ашиглах эрхтэй. 18 дугаар зүйлийн 18.3.7. Ойн баялгийг ашигласан төлбөр, хураамжийг ногдуулж, тэдгээрийн гүйцэтгэлийг хангах,

Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2016 оны А/133 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтаар батлагдсан Ойгоос мод бэлтгэх журмын 3.3. Мод бэлтгэгч талбай тусгаарласан материалыг үндэслэн ойн нөөц ашигласны төлбөр хураамжийг урьдчилан төлж, “Ойгоос мод бэлтгэх эрхийн бичиг”-ийг Ойн ангиас эсхүл сум, дүүргийн Засаг даргын томилсон эрх бүхий албан тушаалтнаас авна гэснийг,

Аж ахуйн нэгжтэй байгуулсан гэрээний 3 дугаар зүйлийн 3.2. Мод бэлтгэгч тухайн улиралд бэлтгэх модны нөөц ашигласны төлбөрийг заавал урьдчилан төлсөн байна” гэснийг тус тус зөрчиж албан үүрэг, бүрэн эрх албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж модны нөөц ашигласны төлбөрийг төлөөгүй “Ар санжит” ХХК-д 3 удаа мод бэлтгэх эрхийн бичиг олгож “Арсанжит” ХХК-д давуу байдал бий болгон 1.905.000 төгрөгийн хохирол учруулсан буюу нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон гэмт хэрэг үйлдсэн,

-Шүүгдэгч *******ийн ******* нь 2015 оноос 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдөр хүртэл хугацаанд Сэлэнгэ аймгийн Ерөө бүсийн сум дундын ойн ангийн даргаар ажиллаж байхдаа Монгол улсын Ойн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2. Иргэн, ойн нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллага ашиглалтын бүсийн ойгоос мод, ойн дагалт баялгийг зохих төлбөр, хураамжийг төлсний үндсэн дээр ашиглах эрхтэй. 18 дугаар зүйлийн 18.3.7. Ойн баялгийг ашигласан төлбөр, хураамжийг ногдуулж, тэдгээрийн гүйцэтгэлийг хангах,

Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2016 оны А/133 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтаар батлагдсан Ойгоос мод бэлтгэх журмын 3.3. Мод бэлтгэгч талбай тусгаарласан материалыг үндэслэн ойн нөөц ашигласны төлбөр хураамжийг урьдчилан төлж, “Ойгоос мод бэлтгэх эрхийн бичиг”-ийг Ойн ангиас эсхүл сум, дүүргийн Засаг даргын томилсон эрх бүхий албан тушаалтнаас авна гэснийг,

Аж ахуйн нэгжтэй байгуулсан гэрээний 3 дугаар зүйлийн 3.2. Мод бэлтгэгч тухайн улиралд бэлтгэх модны нөөц ашигласны төлбөрийг заавал урьдчилан төлсөн байна” гэснийг тус тус зөрчиж албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж модны нөөц ашигласны төлбөрийг төлөөгүй; “Цант ажнай” ХХК-д 2016 оны 02 дугаар сарын 15-ны өдрөөс 2017 оны 02 дугаар сарын 08-ны өдрийг хүртэл хугацаанд 6 удаа мод бэлтгэх эрхийн бичиг олгож “Цант ажнай” ХХК-д давуу байдал бий болгон 4,390,282 төгрөгийн хохирол учруулсан,

“Номин-Од” ХХК-д 2015 оны 08 дугаар сарын 10-ны өдрөөс 2018 оны 07 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл хугацаанд 20 удаа мод бэлтгэх эрхийн бичиг олгож “Номин-Од” ХХК-д давуу байдал бий болгон 25,172,400 төгрөгийн хохирол учруулсан,

“Мандал оргил” ХХК-д 2016 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 2017 оны 08 дугаар сарын 29-ний өдрийг хүртэл хугацаанд 18 удаа мод бэлтгэх эрхийн бичиг олгож “Мандал оргил” ХХК-д давуу байдал бий болгон 11,579,925 төгрөгийн хохирол учруулсан, “Ар санжит” ХХК-д 2016 оны 03 дугаар сарын 25-ны өдрөөс 2018 оны 07 дугаар сарын 26-ний өдрийг хүртэл хугацаанд 16 удаа мод бэлтгэх эрхийн бичиг олгож “Ар санжит” ХХК-д давуу байдал бий болгон 9,418,960 төгрөгийн хохирол учруулсан,

“ЭБНЗ” ХХК-д 2015 оноос 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл хугацаанд 6 удаа мод бэлтгэх эрхийн бичиг олгож ЭБНЗ ХХК-д давуу байдал бий болгон 9,077,249 төгрөгийн хохирол учруулсан,

“Өгөөж хараа” ХХК-д 2016 оны 01 дүгээр сарын 06-ны өдрөөс 2017 оны 06 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл хугацаанд 16 удаа мод бэлтгэх эрхийн бичиг олгож “Өгөөж хараа” ХХК-д давуу байдал бий болгон 10,068,745 төгрөгийн нийт 66.363.995 төгрөгийн хохирол учруулсан буюу нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгон их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Анхан шатны шүүх Н.*******, С.******* нарт холбогдох хэргийг 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 2021/ШЦТ/121 дугаартай шийтгэх тогтоолоор:

“1. Шүүгдэгч ******* овогт *******ийн *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгон их хэмжээний хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч ******* овогт *******ийн *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Шүүгдэгч С.*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 3 жилийн хугацаагаар хасч, 10,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 төгрөгийн торгох ял оногдуулж, шүүгдэгч Н.*******д Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасч, 5.400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 төгрөгийн торгох ял оногдуулж тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарын хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан С.*******д оногдуулсан 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 төгрөгийн торгох ялыг 3 жилийн хугацаанд, шүүгдэгч Н.*******д оногдуулсан 5.400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 төгрөгийн торгох ялыг 2 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхийг тус тус үүрэг болгосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.*******, Н.******* нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээг 22 буюу 15.000 төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг тус тус анхааруулсугай.

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан, битүүмжлэгдсэн эд хөрөнгө, эд зүйлгүй, шүүгдэгч С.*******, Н.******* нар нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, шүүхээр шийдвэрлэвэл зохих Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдсугай...” гэж дурдаж шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч нарын өмгөөлөгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Анхан шатны шүүхээс дээрх хоёр шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1.1, 22.1.2 дахь хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож, ял хариуцлага хүлээлгэсэн болно. Хоёр шүүгдэгчийн гэм буруутайд тооцсон гэмт хэргийн зүйчлэл нь Эрүүгийн хуулийн 22 дугаар бүлэг буюу авлигын гэмт хэрэгт багтаж байна. Монгол Улсын дээд шүүхийн 2009 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 23 дугаар тогтоолд тайлбарлахдаа албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэдгийг Авлигын эсрэг хуулийн 3.1.3-т зааснаар ойлгож, хэрэгжүүлнэ гэжээ. Монгол Улсын Эрүүгийн хууль тогтоомжид Авлигын эсрэг хуульд энэхүү 22 дугаар бүлгийн гэмт хэрэг нь санаатай үйлдэгддэг ашиг сонирхлын зөрчилтэй үйлдэгддэг гэмт үйлдлүүд байдаг байна.

Авлигын эсрэг хуулийн 3.1.3-т “Албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашиглах” гэж албан тушаалын эрх мэдлийг албаны эрх ашгийн эсрэг буюу хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод ашиглаж, хийх ёстой үйлдлийг хийхгүй байх, хийх ёсгүй үйлдэл хийхийг ойлгоно гэсэн байна. Энэхүү ойлголтыг Монгол хэлний үг, өгүүлбэр зүйн утга талаас нь авч үзвэл албан тушаалын эрх мэдлийг хувийн ашиг сонирхлоор гүйцэлдүүлэх зорилгод ашиглах юм байна гэж ойлгогдож байна. Хууль тогтоогч эсрэг буюу хувийн ашиг сонирхлоо гэсэн өгүүлбэрт эрдэмтэн мэргэдийн тайлбарласнаар ойролцоо ижил утгатай нэг юмыг тайлбарлаж буй холбоос үг гэж үзжээ. Хэрэв эсрэг ба хувийн ашиг сонирхлоо гэсэн бол шал өөр утгыг илэрхийлэх болж байна. Жишээлбэл Сүх жанжин буюу гоймон баатар хүрэлцэн ирэв гэдэг үгийг үзэхэд нэг утга санааг илэрхийлж байна. Харин Сүх жанжин ба гоймон баатар хүрэлцэн ирэв гэвэл өөр утга санааг илэрхийлэхээр байна. Мөн чоно буюу хонь голын эрэгт байна гэвэл чоно цээжтэй хонь бөгстэй амьтан байж таарах нь гэсэн утга агуулагдаж байна.

Хоёр шүүгдэгчийн зүгээс сумын иргэдийн хурлын төлөөлөгчдийн хуралдаанаас батлагдсан хуваарьт багтсан аж ахуйн нэгжүүдэд мод ашиглах зөвшөөрлийг бичиж өгөхдөө ямарваа хувийн ашиг сонирхол, зорилго агуулаагүй байдаг нь хавтаст хэргийн материалд авагдсан гэрчүүдийн мэдүүлэг, шүүгдэгч нарын мэдүүлэг зэргээр нотлогддог болно. Хэрэв сумын иргэдийн хурал зөвшөөрөл, хуваарь батлаагүй байхад 2 шүүгдэгч мод ашиглах зөвшөөрөл өгсөн бол ямарваа нэг ашиг сонирхол байсан гэж үзэж болох юм. Иймд шүүгдэгч Н.******* С.*******, нарт ял халдаасныг хүчингүй болгож, цагаатгаж өгнө үү гэв.

 

Прокурор давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүгдэгч С.*******, Н.******* нарын давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцож, дараах дүгнэлтийг гаргаж байна. Ойн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2-д “иргэн, аж ахуйн нэгж байгууллага ашиглалтын бүсээс ойн дагалдах баялгийг зохих төлбөр хураамжийг төлсний үндсэн дээр ашиглах эрхтэй” мөн хуулийн 18 дугаар зүйлд сум дундын болон сум, дүүргийн ойн ангийн даргын эрх үүргийг зааж өгсөн байдаг. Байгаль, орчин аялал жуулчлалын сайдын 2016 оны А/136 дугаарт тушаалын 1 хавсралтаар батлагдсан Ойгоос мод бэлтгэх журмын 3.3-д ойгоос мод бэлтгэх төлбөр хураамжийг урьдчилан төлж, мод бэлтгэх эрхийн бичгийг эрх бүхий албан тушаалтнаас авна, мөн заавал урьдчилан төлсөн байна гэж заасныг зөрчиж, сум дундын ойн ангийн дарга Н.******* 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдрийг хүртэл Сэлэнгэ аймгийн Ерөө бүсийн ойн ангийн даргаар ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, модны нөөц ашигласан төлбөрийг төлөөгүй 1 аж ахуйн нэгжид 3 удаагийн үйлдлээр мод бэлтгэх эрхийн бичиг олгож, давуу байдал бий болгосны улмаас 1,905,000 төгрөгийн хохирол учруулсан. Шүүгдэгч С.******* 2015 оноос 2017 оныг хүртэлх хугацаанд 6 аж ахуйн нэгжид 82 удаагийн мод бэлтгэх эрхийн бичгийг олгож 66,363,995 төгрөгийн хохирол учруулсан нь тогтоогдсон.

Энэ хэргийн тухайд шүүгдэгч нар өөрт олгогдсон албаны эрх мэдэлд албан тушаалаа урвуулан хэтрүүлж, хууль, дүрэм журам, гэрээний үүргийг зөрчсөн нь гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж үзэж байна. Шүүгдэгч нар мод бэлтгэх эрхийн бичиг олгохдоо хувийн ашиг сонирхлоо хангаагүй гэдэг нь өрөөсөл ойлголт юм. Учир нь шүүгдэгч Н.******* 3 удаагийн ,С.******* 82 удаагийн үйлдлээр давтамжтай бусдад давуу байдал олгосон нь албан тушаалын эрх мэдлээ зориуд санаатайгаар урвуулан ашиглахыг хүссэн гэж үзэх нь зүйтэй. Авлигын эсрэг хуулийн 3.1.3-т тайлбарлахдаа “албаны эрх ашгийн эсрэг буюу хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэхээр...” гэж заасан.

Монгол хэлний хуулийн дагуу хэлний бодлогын үндэсний зөвлөлийн даргын 2016 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн 5 дугаар тогтоол гарсан. Уг тогтоолын дагуу зөвлөлийн ажлын албаны дэргэдэх шинжлэн ухааны академийн хэл зохиолын хүрээлэн, Монгол Улсын багшийн их сургууль, Монгол Улсын боловсролын их сургуулийн эрдэмтдийн боловсруулсан Монгол хэлний зөв бичих дүрмийн журамласан толь, Монгол хэлийн их тайлбар толь гарсан.

Монгол хэлний дүрмийн хувьд буюу гэдэг нь зэрэгцүүлэн холбох холбоо үг гэж үзэж байгаа юм. Хоорондоо хамааралгүй 2 утгыг зэрэгцүүлэн холбоход ашиглана гэсэн байдаг. Энэ утгын дагуу ойлговол “Албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашиглах” гэж албан тушаалын эрх мэдлийг албаны эрх ашгийн эсрэг эсвэл хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод ашиглаж, хийх ёстой үйлдлийг хийхгүй байх, хийх ёсгүй үйлдэл хийхийг ойлгохоор байна. Хууль хэрэглээний хувьд 2002 оны эрүүгийн хуульд ч буюу гэх асуудлаар маргаан гардаг байсан. Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2-д давтан бүлэглэж буюу урьдчилан үгсэж зохион байгуулалттай бүлэн энэ гэмт хэргийг үйлдсэн бол хүндрүүлэн зүйлчлэхээр зааж, шүүхийн практикт тус тусад нь зүйлчлэн ял шийтгэж байсан.  Тэгэхээр анхан шатны шүүхийн шийдвэр хэргийн үйл баримтад тохирсон дүгнэлт хийсэн, эрүүгийн хуулийг зөв тайлбарлаж, хэрэглэсэн гэж үзэж байгаа тул өмгөөлөгчийн гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Н.******* С.******* нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт  зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлснийг анхан шатны шүүх хүлээн авч хянан хэлэлцээд шүүгдэгч нарыг нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгон их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, шүүгдэгч С.*******г  нийтийн албанд томилогдох эрхийг 3 жилийн  хугацаагаар хасч, 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялаар, шүүгдэгч Н.*******г нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасч, 5.400 нэгжтэй  тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох  ялаар тус тус шийтгэж шийдвэрлэсэн байна.

 

Шүүгдэгч нарын өмгөөлөгчийн давж заалдах гомдлын дагуу Н.******* С.******* нарт холбогдох эрүүгийн 2031000360022  дугаартай хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь  хянавал:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангасан гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Шүүгдэгч *******ийн ******* нь Сэлэнгэ аймгийн Ерөө бүсийн сум дундын ойн ангийн даргаар 2015 оноос 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдөр хүртэл хугацаанд ажиллаж байхдаа Монгол улсын Ойн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2. “...Иргэн, ойн нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллага ашиглалтын бүсийн ойгоос мод, ойн дагалт баялгийг зохих төлбөр, хураамжийг төлсний үндсэн дээр ашиглах эрхтэй...” 18 дугаар зүйлийн 18.3.7. “...Ойн баялгийг ашигласан төлбөр, хураамжийг ногдуулж, тэдгээрийн гүйцэтгэлийг хангах...,

Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2016 оны А/133 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтаар батлагдсан Ойгоос мод бэлтгэх журмын 3.3. “... Мод бэлтгэгч талбай тусгаарласан материалыг үндэслэн ойн нөөц ашигласны төлбөр хураамжийг урьдчилан төлж, “Ойгоос мод бэлтгэх эрхийн бичиг”-ийг Ойн ангиас эсхүл сум, дүүргийн Засаг даргын томилсон эрх бүхий албан тушаалтнаас авна...” гэснийг,

Аж ахуйн нэгжтэй байгуулсан гэрээний 3 дугаар зүйлийн 3.2. “...Мод бэлтгэгч тухайн улиралд бэлтгэх модны нөөц ашигласны төлбөрийг заавал урьдчилан төлсөн байна...” гэснийг тус тус зөрчиж албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж модны нөөц ашигласны төлбөрийг төлөөгүй

“Цант ажнай” ХХК-д 2016 оны 02 дугаар сарын 15-ны өдрөөс 2017 оны 02 дугаар сарын 08-ны өдрийг хүртэл хугацаанд 6 удаа,

“Номин-Од” ХХК-д 2015 оны 08 дугаар сарын 10-ны өдрөөс 2018 оны 07 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл хугацаанд 20 удаа,

 “Мандал оргил” ХХК-д 2016 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 2017 оны 08 дугаар сарын 29-ний өдрийг хүртэл хугацаанд 18 удаа,

“Ар санжит” ХХК-д 2016 оны 03 дугаар сарын 25-ны өдрөөс 2018 оны 07 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл хугацаанд 16 удаа,

“ЭБНЗ” ХХК-д 2015 оноос 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл хугацаанд 6 удаа,

“Өгөөж хараа” ХХК-д 2016 оны 01 дүгээр сарын 06-ны өдрөөс 2017 оны 06 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл хугацаанд 16 удаа мод бэлтгэх эрхийн бичгийг тус тус  олгож дээрхи нэр бүхий 6 /зургаа/ ХХКомпанид давуу байдал бий болгон нийт 66.363.995 төгрөгийн  буюу их хэмжээний хохирол учруулсан,

 

Шүүгдэгч Н.******* нь Сэлэнгэ аймгийн Ерөө бүсийн сум дундын ойн ангийн даргаар 2017 оноос 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдөр хүртэл хугацаанд ажиллаж байхдаа модны нөөц ашигласны төлбөрийг төлөөгүй “Арсажинт” ХХКомпанид 3 удаа мод бэлтгэх эрхийн бичиг олгож, “Арсажинт” ХХКомпанид  давуу байдал бий болгон 1.905.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон бөгөөд шүүгдэгч нар болон шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс модны нөөц ашигласны төлбөрийг урьдчилан төлүүлэхгүйгээр аж ахуйн нэгжүүдэд эрхийн бичиг олгосон үйлдлийн талаар  маргаагүй болно.  

Сэлэнгэ аймгийн Ерөө бүсийн ойн ангийн дарга нь  Төрийн албаны тухай хуульд  зааснаар төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалтан буюу  Авилгын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 1-д  заасан тухайн хуулийн үйлчлэлд хамаарах “Нийтийн албан тушаалтан”  юм.

Шүүгдэгч нар нь Монгол улсын Ойн тухай хууль  болон түүнтэй нийцүүлэн гаргасан Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2016 оны А/133 дугаартай тушаалаар баталсан “Ойгоос мод бэлтгэх журам”-д тус тус зааснаар аж,ахуйн нэгж, байгууллага нь  ойгоос мод, ойн дагалт баялгийг зохих төлбөр, хураамжийг төлсний үндсэн дээр ашиглах Ойн ангийн дарга эрхийн бичиг олгосноор мод бэлтгэх эрх үүсдэг байна. 

Гэтэл шүүгдэгч С.*******, Н.******* нар нь зохих төлбөр хураамж төлөөгүй нэр бүхий аж, ахуйн нэгжид  удаа дараа ойгоос  мод бэлтгэх эрхийн бичиг олгож, өөрт олгогдсон эрх үүргээ мэдсээр байж, хууль тогтоомжийг санаатайгаар зохих ёсоор хэрэгжүүлээгүйгээс нэр бүхий аж ахуйн нэгжүүдэд эдийн засгийн хувьд  давуу байдал  бий болгосон байна.

Шүүгдэгч нарын дээрхи үйлдлийн улмаас орон нутгийн төсөвт орох орлогыг хугацаанд нь төвлөрүүлээгүй, төрийн үйл ажиллагаанд хор уршиг учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд заасан нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгох гэмт хэргийн бүрэлдэхүүнийг хангасан гэж анхан шатны шүүхээс шүүгдэгч нарын гэм буруугийн асуудалд эрх зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийж хуульд заасан  ял шийтгэл ногдуулсан байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.  

Албан тушаалын гэмт хэргийн нийгмийн аюулын шинж нь хуулиар хамгаалсан ашиг сонирхлыг зөрчиж, хохирол учруулахаас гадна хууль дээдлэх шударга ёсыг сахих, нийтийн ашиг сонирхлыг хамгаалах зарчмыг ноцтой зөрчиж, төрд итгэх олон нийтийн итгэлийг алдагдуулах бусад хор уршиг учруулдгаараа онцлог юм.  

Энэ хэргийн тухайд шүүгдэгч нар өөрт олгогдсон албаны эрх мэдэл, албан тушаалаа урвуулан хэтрүүлж, хууль, дүрэм журам, гэрээний үүргийг зөрчсөн нь гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж үзнэ.

“Хувийн ашиг сонирхол” гэж нийтийн албан тушаалтан албаны үүргээ хэрэгжүүлэхэд өөрөө болон түүнтэй хамаарал бүхий этгээдийн зүгээс нөлөөлж болохуйц эдийн болон эдийн бус ашиг сонирхлыг хэлдэг бөгөөд шүүгдэгч нар төлбөр хураамжийг урьдчилан төлүүлэхгүйгээр тодорхой нэр бүхий аж ахуйн нэгжүүдэд  олон удаагийн давтамжтай  үйлдлээр мод бэлтгэх эрхийн бичиг олгож байгаа үйлдлийг албан тушаалын эрх мэдлээ зориуд санаатайгаар урвуулан ашиглаж байна гэж үзнэ.

Монгол улсын хуулинд “ба”, “болон”, “буюу”,  гэх  мэт  холбоо үгнүүдийг өргөн хэрэглэдэг бөгөөд Монгол хэлний дүрэмд буюу гэдэг холбоо үгийг зэрэгцүүлэн холбох холбоо үг гэж үздэг.

Зэрэгцүүлэн холбох гэдэг нь өгүүлбэрийн зэрэгцсэн гишүүд болон энгийн нийлмэл өгүүлбэр, салангид өгүүлбэрүүд, догол мөр зэргийг холбох үүрэгтэй гэж Монгол хэлний зөв бичих дүрмийн журамласан толь бичигт заасан байх тул шүүгдэгчийн өмгөөлөгчийн  ...Авлигын эсрэг хуулийн 3.1.3-т “...албан тушаалын эрх мэдлийг албаны эрх ашгийн эсрэг буюу хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод ашиглаж...” гэсэн ойлголтыг Монгол хэлний үг, өгүүлбэр зүйн утга талаас нь авч үзвэл албан тушаалын эрх мэдлийг хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод ашиглах юм байна гэж ойлгогдож байх тул “шүүгдэгч нарт хувийн ашиг сонирхол байгаагүй, сумын иргэдийн хурлын төлөөлөгчдийн хуралдаанаас мод бэлтгэх эрхийг тухайн аж ахуйн нэгжүүдэд олгох шийдвэр гарсан, эрхийн бичиг олгохдоо хураамжийг урьдчилан төлүүлээгүй байдал нь хувийн ямар нэгэн ашиг сонирхол огт байгаагүй тул Прокуророос тэдний үйлдэлд зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл үндэслэлгүй,  шүүгдэгч нарын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн шинжийг агуулаагүй...” гэсэн гомдлыг  хүлээн авах үндэслэлгүй байна.

 

Иймд Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 2021/ШЦТ/121 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч С.*******, Н.******* нарын өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас дүгнэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1, 1.4, 2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 2021/ШЦТ/121 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч С.*******, Н.******* нарын өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2-д зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн,  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэсэн  үндэслэлээр оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

 

 

                        ДАРГАЛАГЧ                                    Д.БУЯНЖАРГАЛ

 

                            ШҮҮГЧИД                                    Б.ЭРДЭНЭХИШИГ

                                                                                        

                                                                                 Г.ДАВААРЕНЧИН