| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Базаррагчаагийн Түмэнцэцэг |
| Хэргийн индекс | 181/2022/02045/И |
| Дугаар | 181/ШШ2024/02678 |
| Огноо | 2024-07-03 |
| Маргааны төрөл | Хөдөлмөрийн хуулиар бусад, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 07 сарын 03 өдөр
Дугаар 181/ШШ2024/02678
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Түмэнцэцэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, ***** дугаар хороо, Баянмонгол хороолол, **** дүгээр байр, 71 тоот хаягт оршин суух, Ц.Д /РД:************/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, ********* дүгээр хороо, Энхтайвны өргөн чөлөө, ******** дүгээр байр, *******давхарт оршин байрлах, ХБ ХХК /РД:**********-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Х банкны төслийн санхүүжилт хөгжүүлэлтийн хэлтсийн захирлын ажилд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорыг гаргуулж, Нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийлгэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч Ц.Д,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Мөнхбат, Д.Болормаа,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Жамсрандорж, Д.Оргил,
Гэрч ,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Отгончимэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч Ц.Д хариуцагч Х банкинд холбогдуулан гаргасан нэхэмжлэл болон тайлбартаа:
Миний бие Ц.Д нь Х-ийн Стратеги бодлого төлөвлөлтийн хэлтсийн захирал албан тушаалд 2016 оны 09 дүгээр сарын 29-ны өдөр Хөдөлмөрийн гэрээ байгуулан ажилд орсон бөгөөд 2021 оны 09 дүгээр сарын 17-ны өдрөөс эхлэн Төслийн санхүүжилт хөгжүүлэлтийн хэлтсийн захирлаар ажиллаж байсан. Ажиллаж байх хугацаандаа ямар нэг сахилгын зөрчил гаргалгүй ажиллаж байсан болно.
2022 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр ажил үүргээ гүйцэтгэж байхад *******-ийн Дотоод үйл ажиллагааны хэлтсийн захирал З.Т нар нэр бүхий ажилтнуудыг дуудаж ажлаас халсан талаар мэдэгдсэн, дээрх мэдэгдэл нь намайг ямар үндэслэлээр ажлаас чөлөөлж байгаа талаар мэдэгдээгүй, хэзээ ямар зөрчлөөр ажлаас халж буй нь тодорхойгүй, тайлбар, мэдээлэл авалгүйгээр ажлаас халсан. Тушаалтай танилцуултал ажлаас халсан тушаал 2022 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн он сартай **** дугаар тушаал байсан.
2022 оны 03 дугаар сарын 25-ны өдөр Монгол Улсын Хөгжлийн банк ХХК-ийн Гүйцэтгэх захирлын Б-30 дугаар *******-ийг ажлаас чөлөөлөх тухай тушаал гарсан бөгөөд надад 2022 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр мэдэгдэж, тушаалыг гардуулж өгсөн.
Монгол улсын Хөгжлийн банк ХХК-ийн Гүйцэтгэх захирлын 2022 оны 04 дугаар сарын 13-ны өдрийн ****** дугаар тушаалын үндэслэх хэсэгт Монгол Улсын Хөгжпийн Банкны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1, 21.5.6, *******ны дүрмийн 9.2, Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дүгээр зүйлийн 43.1.1, 78 дугаар зүйлийн 78.1.9, 80 дугаар зүйлийн 80.1.4, 83 дугаар зүйлийн 83.1, 83.3 дахь хэсэг, Хөдөлмөрийн дотоод журмын 10 дугаар зүйлийн 10.13.4, 10.13.6, 11.2 дахь заалтыг тус тус үндэслэн ажлаас 2022 оны 04 дүгээр сарын 12-ны өдрөөр тасалбар болгон чөлөөлсөн.
Тушаалын тушаах хэсэгт намайг ямар зөрчлөөр ажлаас халж буйг бичээгүй, тодорхойгүй, үндэслэл шалтгааныг 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдрөөс хойш *******ны удирдлагуудаас тодруулсан боловч тодорхой хариу өгөөгүй, намайг үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлсөн болно.
*******ны удирдлагуудын зүгээс ажлаас халах 15 ажилтны жагсаалтыг гаргаж, 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдрөөс хойш ажил үүргээр хангаагүй, ажилласнаар тооцож, цалин хөлс олгосон болно.
Миний бие *******инд ажиллах хугацаандаа сахилгын зөрчил гаргаж байгаагүй. Тушаалын үндэслэл болсон *******ны Хөдөлмөрийн дотоод журмыг 2022 оны 03 дугаар сарын 10-ны өдөр шинэчлэн баталсан бөгөөд намайг ажлаас халах тушаалын үндэслэл болсон Хөдөлмөрийн дотоод журмын 10 дугаар зүйлийн 10.13.4, 10.13.6 дахь заалтууд нэмэгдсэн байсан. Иймд намайг болон бусад ажилтнуудыг хоморголон ажлаас халахын тулд дээрх журмыг шинэчлэн баталсан гэж үзэж байна.
Тушаал шийдвэр нь эрх зүйн акт болохын хувьд ажлаас чөлөөлж байгаа тушаал нь агуулгын болон хэлбэрийн хувьд хуульд тавигдсан шаардлагыг хангаж байх ёстой. Иймд үндэслэлгүй ажлаас халагдсан гэж үзэж байна.
*******-д Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2 дахь хэсэгт заасан Хөдөлмөрийн маргаан таслах комисс байхгүй, Монгол улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүргийн засаг захиргаанд Хөдөлмөрийн тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1 дэх хэсэгт заасан Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороо байхгүй тул Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2 дахь хэсэгт зааснаар шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. Иймд намайг төслийн санхүүжилт хөгжүүлэлтийн хэлтсийн захирлын ажилд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорыг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийлгэж өгнө үү гэжээ.
1.а.Нэхэмжлэгчийн өмгөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
2022 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн Монгол Улсын Хөгжлийн банкны Б-30 дугаар тушаал эрх зүйн актын хувьд болон агуулгын хувьд тодорхойгүй тушаалыг гаргасан. Өөрөөр хэлбэл, Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т заасан үндэслэлээр үйлчлүүлэгч *******ийн хөдөлмөрлөх эрхийг цуцалсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дүгээр зүйлийн 80.1.4-т заасан аль зөрчлийг гаргасан нь тодорхойгүй. Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дүгээр зүйлийн 80.1.4-т давтан зөрчил гаргасан, эсвэл хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан гэдэг 2 агуулга дурддаг. Хариуцагч нар тайлбарлахдаа давтан зөрчил гаргасан юм шиг 12 сард ажлаа тасалдаг, 1 сард ажлаа тасалдаг, 3 сард ажлаа тасалдаг гэж шууд хөдөлмөрийн харилцааг цуцлах ноцтой зөрчил гаргасан юм шиг тайлбарласан. Сая шүүгчийн асуусан асуултын хариултад ноцтой зөрчил гаргасан. Энэ нь 2022 оны 3 дугаар сарын 14-ний өдрөөс 3 дугаар сарын 24-ний өдрийн хооронд ажил тасалсан учраас энэ үндэслэлээр халсан гэдгийг хамгийн сүүлийн байдлаар тайлбарлаж байна. Б-30 дугаар тушаалын үндэслэл, тушаах хэсгийн агуулгад огт энэ зөрчлийн талаар дурдаагүй. Өнөөдөр ******* яг ямар зөрчлөөр ажлаас халагдсан гэдгийг мэдэхгүйгээр тушаалыг 4 дүгээр сарын 21-ний өдөр гардаж авсан. Шүүх дээр маргаан үүсгэсний дараа Хөдөлмөрийн гэрээний 6 дугаар зүйлийн 6.3.4, 6 дахь хэсгийг зааж хариу тайлбаруудыг ирүүлсэн. Энэ үндэслэлүүд нь тодорхойгүй тушаал гаргасан. Хөдөлмөрийн гэрээ байгуулагдсан хүчин төгөлдөр эсэхэд маргаагүй гэж ойлгосон. Энэ дээр шүүхээс дүгнэлтээ хийгээсэй гэж хүсэж байна. Зөрчлийг шалган тогтоох процессын ажиллагааны талаар маш их зөрчлүүд гаргасан. Ажил тасалсан буюу хүний нөөц, цаг бүртгэлийн асуудалтай холбоотой юмнуудыг ярьж байна. Хөдөлмөрийн дотоод журмын 15-д цаг бүртгэлтэй холбоотой зөрчил байвал цагийн бүртгэл болон хүний нөөцийн асуудал хариуцсан нэгжийн саналыг үндэслээд Захирлуудын зөвлөлөөрөө оруулаад зөрчлийг заавал шалган тогтооно гэж заасан. Ийм тогтоосон зүйл хавтаст хэрэгт нэг ч байхгүй.
Дотоод журмын 10.8 дугаар зүйлд зөрчил тогтоогдсон бол ажилтанд хариу тайлбар өгөх 5 хоногийн дотор бичгээр мэдэгдэнэ гэсэн 2022 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр захирлуудын зөвлөлийн тушаалыг үндэслээд 4 дүгээр сарын 13-ны өдөр тушаалаа гаргасан. Ердөө нэг хоногийн дотор. Хэзээ нь шалган тогтоогоод хэзээ Даваадоржид мэдэгдсэн юм, хэзээ ******* хариу тайлбар өгөх хугацаагаар хангасан гэдэг талаар баримт нэг ч байхгүй. Өөрөөр хэлбэл, Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 23.3-д заасан процесс ажиллагаа бүхэлдээ зөрчигдсөн. Хариуцагчийн зүгээс ажил тасалсан талаар камерын бичлэгээр тогтоогоод үүнийгээ Захирлуудын зөвлөлийн хурлаар оруулсан гэж байна. Гэтэл 1 дүгээр хавтаст хэргийн 202-209 дүгээр талд хүний нөөцийн бодлогын баримт бичиг авагдсан. Энэ баримт бичигт хэрвээ зөрчил тогтоогдсон бол тухайн зөрчлийг тогтоосон баримтуудыг ажилтны хувийн хэрэгт хавсаргана гэсэн өнөөдөр хариуцагч талаас энэ талаар баримтыг нотлох баримтаар гаргаж ирж мэтгэлцээгүй, гаргасан тушаалаа хамгаалаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эд нар камерын бичлэгүүдийг ухсан, ноцтой зөрчлөө яаж хамгаалахав гэдэг баримтуудаа цуглуулах гэж оролдсон, хожим үүнийг бүрдүүлж шүүхэд авчир ирсэн. Дотоод баримт бичгийнхээ хүрээнд энийг огт тогтоогоогүй, тогтоосон зүйл байхгүй, мэдэгдээгүй, мэдэгдсэн баримт байхгүй.
Тушаалд Хөдөлмөрийн дотоод журмын 11 дүгээр зүйлийн 11.6-д тушаалд хөдөлмөрийн харилцааг цуцлах болсон шалтгаанаа заавал дурдана гэж заасан байгаа. Ноцтой зөрчил нь зөндөө байгаа. Байгууллага ноцтой зөрчлөө тухайлаад дурдаад жагсаагаад бичдэг. Яг аль зөрчлийг нь гэдгээ огт дурдаагүй, Хөдөлмөрийн дотоод журмын энэ зохицуулалтыг бүхэлд нь зөрчсөн.
Зөрчлийг тогтоосон гээд байгаа Захирлуудын зөвлөлийн хурлын тэмдэглэл нотлох баримт шинжлэн судлахад 2022 оны 3 дугаар сарын 22-ны өдөр тэмдэглэл үйлдэгдсэн байна. Гэтэл хуулийн энэ процесс хэзээ явсан гэхээр 3 дугаар сарын 22-ны өдөр 1 цаг 30 минутад байна. 3 дугаар сарын 24-ний өдөр 50 минут хувьцаа явсан юм шиг байна. Ийм тэмдэглэл байна. Энэ дээр 2 агуулга яригдана. Ажлын цаг ашиглалт хангалтгүй муу, хаалт давсан гэсэн байна. Үүнийгээ шийдвэрлээгүй, байгууллагынхаа дотоод үйл ажиллагааны хэлтэст үүрэг болгоод өгсөн. Энэ талаар шийдвэр гараагүй. Гэтэл маргаан бүхий Б-30 дугаар тушаалд 4 дүгээр сарын 12-ны өдрийн шийдвэрийг үндэслээд 4 дүгээр сарын 12-ны өдөр саналын хуудас яваад байна. Нэхэмжлэгч талаас нотлох баримтаар захирлуудын зөвлөлийн ажиллах журмыг шинжлэн судлуулсан. Ажиллах журамд Захирлуудын зөвлөл хурал хэлбэрээр үйл ажиллагаагаа явуулна, хурлаас тэмдэглэл гарах юм байна. Тэмдэглэлд нарийн бичиг, дарга нар гарын үсэг зурж байж хүчин төгөлдөр болох талаар дурдагдсан. Гэтэл 3 дугаар сарын 22-ны өдрийн тэмдэглэл гэх зүйл нь өөрөө энэ журамд заасан шаардлагыг огт хангаагүй, өөрөөр хэлбэл хариуцагч талаас халсан тушаалаа хожим нотлох гэж нотлох баримтыг бүрдүүлж авчирсан гэж шууд харахаар байна. Дараагийнх нь хөдөлмөрийн дотоод журам, хөдөлмөрийн дотоод журмыг танилцуулах талаар түрүүн сайн мэтгэлцэж маргасан. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын Хөгжлийн банк нэр бүхий 15, 20, 17, 18 гэдэг тоонууд өөрчлөгдөөд яваад байгаа. Монгол Улсын *******аас чиглэл өгсний дагуу эрх мэдэлтэй албан тушаалтан Монгол Улсын Үндсэн хуульд заасан хөдөлмөрлөх эрхийг шууд зогсоох чиглэлийг өгдөг, түүнд нь зориулаад албан хаагч нар нь дотоод баримт бичгээ боловсруулж гаргадаг ийм л процесс Хөгжлийн банкан дээр явсан байна гэж харагдаж байна. 2018 оны хөдөлмөрийн дотоод журманд өөрчлөлт оруулаад ёс зүйн зөрчлийг тогтоохдоо Ёс зүйн хороогоор хэлэлцэнэ гэсэн. Энийг ердөө Захирлуудын зөвлөл болгож өөрчлөөд 4 хүний бүрэлдэхүүнтэйгээр нэг хуралдсан болоод дараа нь санал асуусан. Энэ нь хуралдсан ч юм уу, үгүй ч юм уу, ер нь нэг уулзалт байсан юм шиг байна гэрчийн мэдүүлгээс харахаар. Хөдөлмөрийн дотоод журамдаа өөрчлөлт оруулж байж хүний хөдөлмөрлөх эрхийг шууд зогсоох арга хэмжээ авсан. Үзлэг хийсэн тэмдэглэлд 2018 оны хөдөлмөрийн дотоод журмууд авагдсан. Одоо яригдаад байгаа 2022 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн Хөдөлмөрийн дотоод журмын сахилга хариуцлагын хэсэг бол 2018 оны дотоод журмын 12 дугаар бүлэгт байгаа. Энэ 12 дугаар бүлгийн 12.12.6-д Ёс зүйн сахилгын хороогоор тогтоохоор зүйл байна. Ажил олгогч ажилтныхаа хөдөлмөрлөх эрхийг зөрчихийн тулд өөрийн дотоод зохион байгуулалт хийсэн гэдэг нь харагдаад байна. Дараагийн нэг үндэслэл хариуцагч талаас 3 дугаар сарын 14-ний өдрөөс 3 дугаар сарын 24-ний өдрийн хооронд ажлаа тасалсан, тийм учраас ноцтой зөрчил гаргасан гээд байна. Гэтэл 2024 оны 5 дугаар сарын 31-ний өдөр өгсөн 2 дугаар хавтаст хэрэгт тайлбар байгаа. Гадуур ажиллах ажлын хуудас гээд энэ дээр би бас түрүүн баримт гаргуулах тухай хариуцагчийн гаргасан тайлбарыг шинжлэн судлуулсан. Энэ тайлбарт 2022 оны 3 дугаар сарын 11-нээс 3 дугаар сарын 24-ний өдрийн хоорондох ажлуудаа хэвийн явуулж байсныг нотлох баримтыг хүргүүлж байна. Энэ нь 3 дугаар сарын 14-ний өдрөөс 3 дугаар сарын 24-ний өдрийн хооронд ажлаа тасалсан гээд нэг ярина. Тэгснээ энэ тайлбар дээрээ хэвийн явуулж байсан нотлох баримтуудыг хүргүүлж байна гээд байгаа юм. Өөрсдөө ийм зөрчилдөөнтэй зүйл яриад байна. Тайлбар өөрөө нотолгооны хэрэгсэл болно. Шүүх дээр гаргаж байгаа тайлбар нь нотолгооны хэрэгсэл болж байгаа. Ийм зөрчилдөөнтэй зүйлийг хариуцагч тал яриад байна. Дараа нь үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгийн асуудал яригдана. Тухайн үедээ үзлэгийг хийгээгүй гэж шууд харагдаж байна. Өөрөөр хэлбэл 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн хариуцагчийн төлөөлөгчийн тайлбараар 3 дугаар сарын 14-нөөс 3 дугаар сарын 24-ний хооронд нэг бичлэгийг шүүхэд өгөхөд цаг хугацаа ороод байгаа учраас энэ хүсэлтээ өнөөдөр гаргаж байна гэдэг маань өөрөө нотлох баримтыг хожим ажил олгогч бүрдүүлээд байна. Мөн 2 дугаар хавтаст хэрэгт авагдсан гэрчүүдийн мэдүүлгээс харвал Мөнхбат өмгөөлөгч маш тодорхой хэлсэн. Энэ имэйл, дотоод, цахим сүлжээг нь бүгдийг хаачихсан. Гэтэл дотоод сүлжээгээ хаачаад хөдөлмөрийн дотоод журмаа танилцуулсан гэдэг тайлбар яриад байна. Эдгээр зүйл хэрхэн яаж уялдаж холбогдоод байна вэ. Сая нотлох баримт судлахад нэлээн сайн судалсан. Эдгээр үндэслэлээр маргаан бүхий 2022 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн Б-30 дугаар тушаал агуулгын хувьд зөрчилдөөнтэй, тодорхойгүй баримтын хүрээнд нотлогдохгүй байна. Процессын алдаанууд маш олон гаргасан, хүчээр бүрдүүлэх явцдаа зөрчсөн гэж үзсэн байна. Нийгмийн даатгалын шимтгэл төлсөн баримт хавтаст хэргийн 62 дугаар талд авагдсан. Нэхэмжлэгч Даваадоржийн сүүлийн 3 сарын цалинг 2022 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр ажлаас чөлөөлөгдсөн учраас бүтэн ажилласан. 1 дүгээр сар, 2 дугаар сар, 3 дугаар саруудын дундаж цалин хөлснөөс тооцоод Нийгэм хамгаалал, хөдөлмөрийн яамны 2021 оны 12 дугаар сарын 6-ны өдрийн сайдын А/92 дугаар тушаалыг үндэслээд цалин хөлсний дундажийг тогтооход, нэхэмжлэгч нийт 549 хоног ажилгүй байсан. Үүнтэй холбоотойгоор журмын дагуу цалин хөлсийг нь тооцоолж хавтаст хэрэгт өгсөн. Ингэхлээр Б-30 дугаар тушаал үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй учраас үүнийг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажилд нь эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлс болох 133,650,893 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгох, түүний нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийлгэхийг даалгах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэсэн хүсэлттэй байна гэв.
2.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нэхэмжлэлийг эс зөвшөөрч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: *******оос Монгол Улсын Хөгжлийн банк ХХК (МУХБ)-д холбогдуулан гаргасан Монгол Улсын Хөгжлийн банкны Төслийн санхүүжилт хөгжүүлэлтийн хэлтсийн захирлын ажилд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин, хөлс олговорыг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийлгэх шаардлага бүхий нэхэмжлэлийг хүлээн авч танилцлаа.
******* нь хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлахаар Хөдөлмөрийн гэрээний 6.3 дахь хэсэгт тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан тул Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4 дэх заалтыг үндэслэн ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас чөлөөлсөн болно.
Иймд, *******ийг ажлаас чөлөөлсөн гүйцэтгэх захирлын тушаал нь Хөдөлмөрийн тухай хууль болон Хөдөлмөрийн дотоод журамд нийцсэн, үндэслэл бүхий байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
2.а.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын зүгээс шүүх хуралдаанд гаргасан тайлбар, татгалзалдаа: Монгол Улсын хөгжлийн банк нь *******ийг ажлаас чөлөөлөхдөө хөдөлмөрийн дотоод журмаа баримтлаагүй, шалгаж тогтоох процесс ажиллагаа явуулаагүй гэдэг асуудлыг ярихдаа хариуцагчийн хариу тайлбарын үндэслэл болсон Хөдөлмөрийн дотоод журмын 10.5 дугаар заалтыг яриад байгаа нь бас зүйл заалтыг 2 өөрөөр тайлбарлаад байгаа асуудал байна гэдгийг тодруулж хэлмээр байна. 10.5 юуг тодорхойлоод байна гэвэл цаг бүртгэлтэй холбоотой асуудлыг тодорхойлоод байгаа юм. Нэг санал гаргаад саналынхаа хүрээнд шууд шийднэ гэсэн санаа. Бусад нь хойшоогоо цаг бүртгэлээс бусад асуудлуудыг 10.6-с эхлээд зохицуулаад байна. Өөрөөр хэлбэл энэ хүн 2 зөрчил гаргасан. Эхнийх нь ажил тасалсан, 2 дахь нь ёс зүйн зөрчил гаргасан. Ажил тасалсан, ёс зүйн зөрчил гаргасан энэ 2 зөрчил нь өөрөө нэг өдөр хэлэлцэгдэж шийдвэрлэгдсэн учраас энэ хүн алийг нь гэдгийг ойлгохгүй байна гэдэг маягаар тайлбарлаад байна. 2 зөрчлийг нэг дор гаргалаа, нэг тушаалаар бичиж болохгүй гэсэн хуулийн зохицуулалт байхгүй. Тус тусад нь заавал тушаал гаргах шаардлагагүй. Тэгэхээр ажил олгогчийн гаргаж байгаа шийдвэр нь өөрөө талуудын хооронд байгуулсан Хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан гэж яриад байгаа ноцтой зөрчил мөн үү, үгүй юу гэдэг дээр шүүх дүгнэлтээ хийх ёстой болохоос биш тухайн зөрчил нь өөрөө тогтоогдох явцдаа ямар алдаа гаргасан юм, ямар процессын журам баримтлах ёстой байсан гэдэг нь 2 дугаар асуудал юм. Эхний ээлжинд энэ үйл баримт үнэхээр байгаа юм уу, үгүй юм уу гэдгийг тогтооно. Захирлуудын зөвлөлийн шийдвэр гаргаж байгаа процесс нь өөрөө захирлуудын зөвлөлийн шийдвэрийн үндэслэл болсон видео бичлэг үзсэн хүснэгтээр гаргасан. Энэ асуудлуудад би ганцхан видео бичлэгийг тайлбарлаж байна. Захирлуудын зөвлөл юуг үндэслэж тайлбарлаж байна гэвэл видео бичлэг үзсэн хүмүүсийн саналыг үндэслээд захирлуудын зөвлөлийн хурлын шийдвэр гараад байгаа юм. Видео бичлэг үзээд захирлуудын зөвлөлийн хэлэлцэх асуудал гэж оруулж ирээд энэ хүн ажилдаа ирж нүүрээ уншуулчаад буцаад гараад явдаг, өдөрт 01 минут ажилладаг ажлын байран дээр байдаггүй хүн байна гэдэг асуудлыг яриад байна. Нэг болохлоор ажил үүргээр хангасан гэж яриад, нэг болохоор ажлаа тасалсан гэж яриад гэж логик зөрчилтэй гэдэг байдлаар тайлбарлаж байна. Нарийн тайлбарыг сайн ойлгоогүй юм шиг байна. Банкны зүгээс гаргаж байгаа тайлбар нь тухайн ажилтны хувьд 3 дугаар сарын 14-нөөс 3 дугаар сарын 24-ний өдрийн хооронд ажил үүргээ гүйцэтгэх боломжоор банк хангаж байсан. Үүнийг нь нотлох баримт сүүлд гаргаж өгдөг Гадуур ажиллах хуудас гэдэг баримт гэж хэлээд байна. Энэ хүнд бид нар ажил үүргээ гүйцэтгэх боломжийг хангалттай олгосон. 3 дугаар сарын 14-нөөс 3 дугаар сарын 24-ний өдөр олгосон. Гэтэл энэ хүн ажлаа хийхгүй, ажил дээр ирж нүүрээ уншуулж цагаа бүртгүүлчээд гараад яваад байсан байна. Тэр процессыг нь бид нар ажлаа тасалсан гэж яриад байгаа юм. Тэрнээс биш эд нарын яриад байгаа шиг нэг болохлоор ажлаа хийж байсан, нэг болохлоор ажлаа тасалсан гэж яриад байгаа юм биш. Өөрөөр хэлбэл энэ хүн ажил хийдэггүй хүн юм. Энэ нь бид нарын өмнө гаргаж өгсөн нотлох баримтуудаар хангалттай харагдаж байгаа. Газрын захирлынхаа сул талыг ашиглаад газрын захирлаараа цагаа бүртгүүлээгүй цагийнхаа гадуур ажиллах хуудсаар баталгаажуулах маягаар цалингаа бүрэн аваад явж байсан. Бусад цаг хугацаанд нь нүүрээ уншуулчаад гараад явчихдаг байсан хүн. Тэгэхлээр энэ үйл процесс нь хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил мөн юм уу, үгүй юм уу гэдгийг ярих ёстой. Тэрнээс энэ хүн чинь гарын үсэг зурсан байна уу, зураагүй байна уу, хөдөлмөрийн гэрээн дээр гарын үсэг зурах ёстой байсан уу, үгүй юу гэх мэтийн юмнуудыг яриад явж байгаа нь өөрөө энэ хүн анхнаасаа хөдөлмөрийн гэрээ байгуулахдаа гарын үсгээ зурахдаа ажлаа таслах юм бол намайг ажлаас хална гэдгийг мэдэж байсан юм уу, үгүй юм уу гэдэг дээр анхаарлаа хандуулах ёстой болохоос биш бусад асуудал чинь дараагийн асуудал. Гэхдээ бид нар бас ярих юм, тэд нар дээр чинь бүгд дээр нь байгаа гэдгийг хэлмээр байна. Энэ хүний хувьд ажлаа огт хийдэг байгаагүй ажлыг үнэхээр цалгардуулдаг маш хариуцлагагүй хүнийг өнөөдөр банк хохироогоод байсан юм байхгүй. Энэ хүн харин банкийг хохироосон учраас олон цагийн цалинг ажил хийгээгүй байж авсан учраас энэ хүнээс бид нар сөрөг нэхэмжлэлээ гаргасан юм. Тэр нь юугаар нотлогддог вэ гэхлээр гадуур ажиллах хуудас гэдэг юмыг нь яриад байгаа юм. Хоцорсныг нь яриагүй. Цагаа бүртгүүлснийг нь яриагүй юм. Сөрөг нэхэмжлэлийн үндэслэл чинь өөр. Та бид нарын гаргасан сөрөг нэхэмжлэлийг буруу ойлгосон байна. Бид нарын гаргасан сөрөг нэхэмжлэл болохлоороо хүний гарын үсгийг дуурайлгаж зураад илүү цалин авчихжээ гэдэг байдлаар сөрөг нэхэмжлэл гаргасан. Нотариаттай холбоотой бичиг баримтын шаардлага хангахгүй байна гэсэн асуудлуудыг ярьж байна. Нотариатын үйлдэл хийх зааврыг яриад шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд энэ нотлох баримт биш юм. Банкны зүгээс юу гэж хэлж байна гэхээр бид нар нотариатын үйлдлийг хэрхэн яаж хийх талаар үүрэг хүлээсэн хүмүүс биш. Нотариат нь үүргээ хүлээж байгаа тэр зааврыг дагаж мөрдөх чинь нотариатын үүрэг нотариат нь өөрөө тамгаа дараад болчихсон, бид нар гэрчлээд өглөө гээд өгчихсөн юмыг банк тэрнийх нь төлөө хариуцлага хүлээх асуудал байх боломжгүй. Өөрөөр хэлбэл нотариат буруу үйлдэл явуулж батлах ёсгүй юмыг баталсан гэж байгаа бол энэ хүмүүс хандах ёстой газарт нь хандаад тэр нотариатын мэргэжлийн зөвлөл байдаг юм уу, ёс зүйн зөвлөл байдаг юм уу тэр газар руу нь хандаад шийдвэрлүүлээд явна шүүх дээр ийм асуудал яригдах ёсгүй. Тэгэхлээр тэр яриаг нь битгий анхаарч үзээрэй гэдэг байдлаар хэлмээр байна. Монгол Улсын Хөгжлийн банк, Даваадорж гэдэг 2 хүний хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээн дээрээ бид нар юу тохирсон, тэр тохиролцоогоо бид нар зөрчсөн юм уу, зөрчөөгүй юм уу гэдэг асуудал. Банк зөрчсөн юм уу, Даваадорж зөрчсөн юм уу. Тэгэхлээр банк юу гэж үзэж байна гэхээр Даваадорж зөрчсөн гэж үзэж байгаа. Хөдөлмөрийн гэрээгээр тохиролцсон ажлаа таслахгүй байх үүргээ зөрчсөн, ёс зүйн зөрчил гаргахгүй байх үүргээ зөрчсөн. Тийм учраас энэ ажлаас халах буюу Хөдөлмөрийн тухай хуулийн 80.1.4-т заасан ажлаас шууд чөлөөлөх үндэслэл болсон гэдэг байдлаар ярьж байгаа юм. Ноцтой зөрчлийг шалгаж тогтоохтой холбоотойгоор бид нар хангалттай шалгаж тогтоосон, тогтоох үйл процессуудаа баримтуудаа гаргаж өгсөн. Давхар дээрээс нь шүүх нэг удаа тогтоогдох биш тогтоож байгаа процессоос гадна үйл баримт нь өөрөө үнэн юм уу, худлаа юм уу гэдгийг шүүхэд бас бид нар мэдэгдэх ёстой гэдэг үүднээсээ үзлэг хийлгээд байгаа гэдгийг хэлэх нь зүйтэй байх. Өөрөөр хэлбэл энэ үйл баримтаар юуг харуулж байна гэхээр энэ хүн өглөө ажилдаа ирээд нүүрээ уншуулчхаад гараад явдаг. Тэрийгээ тайлбарлахдаа би гадуур аягүй чухал ажилтай явсан гэж ярьдаг. Яг юу хийж байсан юм гэхээр хэлэх юм байдаггүй. Юу хийж байснаа хэлэхгүй байгааг нь шүүх анхаарч үзнэ байх. Ёс зүйн хороотой байна гэсэн холбогдох хууль тогтоомжид ямар ч зохицуулалт байхгүй. Хөгжлийн банк нь өөрсдийн дотоод журмаараа тухайн ёс зүй болон сахилгын асуудалтай холбоотой асуудлыг Захирлуудын зөвлөл бүрэн эрхийн хүрээнд шийдвэрлэх боломжтой гэж үзээд хөдөлмөрийн дотоод журмаараа захирлуудын зөвлөл энэхүү асуудлыг шийдвэрлэнэ гэж заасан. Хөдөлмөрийн тухай хуулийн 12.3-т хөдөлмөрийн дотоод хэм хэмжээний аливаа зохицуулалт нь ажилтны эрхийг хууль тогтоомжид зааснаас буюу хууль тогтоомжид заасан байх ёстой тухайн зохицуулалт нь хууль тогтоомжид зааснаас дордуулсан бол тухайн зохицуулалтыг хүчин төгөлдөр бус болно гэж заасан байгаа юм. Энэ нь 9 хороотой байх шаардлагатай ажил олгогчид өөрт нь олгосон зохицуулалт холбогдох хууль тогтоомжод байхгүй учраас ажил олгогч заавал ёс зүйн хороотой байх шаардлагатай гэсэн зүйл яригдахгүй юм. Мөн нэр бүхий ажилтнуудыг халахаар ******* буюу эрх бүхий албан тушаалтан чиглэл өгсөн чиглэл өгсний дагуу мэйл болон дотоод сүлжээнд хандах эрхийг хаасан гэсэн тайлбар өгөөд байдаг. Гэрчийн мэдүүлэг болон гэрчийн мэдүүлэгт *******, *******, ******* гэдэг хүний асуудалд *******аас тодорхой чиглэл ирсэн, имэйлд хандах эрхийг хаасан гэдэг боловч тэр гэрчийн мэдүүлэгт Даваадоржтой холбоотой ямар ч үг үсэг Даваадоржийн имэйлд хандах эрхийг хаасан, тухайн *******аас өгсөн чиглэл Даваадоржийн нэр байсан гэсэн ямар ч тайлбар мэдүүлэг байхгүй. Тухайн гэрчийн мэдүүлэгт үндэслээд ******* тухайн үедээ бас халах *******аас чиглэл өгсөн гэсэн зүйлийг нэхэмжлэгчийн өмгөөлөгч нар яриад байгаа учраас үндэслэлгүй гэж дүгнэж байна. Нэхэмжлэгчийг ажлаас халсан 2022 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн Б-30 дугаар тушаал нь тухайн тушаалд ямар зөрчил гаргасныг тодорхой бичээгүй, агуулга нь тодорхойгүй байна гэж бас тайлбарласан байгаа. Энэ нь тушаах хэсэг дээр ерөнхийдөө тодорхой байгаа. Хөдөлмөрийн тухай хуулийн энэхүү тушаалын тушаах хэсэгт Хөдөлмөрийн тухай хуулийн 42.2-ыг үндэслэсэн байгаа. Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2-т ажилтан дараах үндсэн үүрэгтэй. 42 дугаар зүйлийн 42.2.2-т ажлын цагийг баримтлах, ажлын цагийг гарц гаргалгүйгээр гүйцэтгэх, зарцуулах гэж ажилтны үүргийг зааж өгсөн. Хөдөлмөрийн дотоод журмын 10.13.4 хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 2 болон түүнээс дээш өдөр хугацааг ажилд баталсан эсвэл 1 сарын хугацаанд ажил тасалсан, хоцорсон цаг нь ажлын өмнөх 2 өдөртэй тэнцэж байвал ажилтны ноцтой зөрчил болно гэсэн заалтыг тухайн тушаар хэсэг дээр зааж өгсөн. Хөдөлмөрийн дотоод журмын 10.13.6-д ёс зүйн хэм хэмжээг зөрчсөнийг захирлуудын зөвлөл тогтоосон гэсэн энэхүү хөдөлмөрийн дотоод журмыг тухайн тушаалын тушаах хэсэгт бас үндэслэсэн байгаа учраас тухайн тушаалын үндэслэх хэсэгт Даваадорж нь ямар зөрчил гаргасныг бүхэлд нь товч тодорхой бичсэн байгаа учраас ямар зөрчил гаргасан нь тодорхойгүй, агуулга нь тодорхойгүй байна гэсэн тайлбар үндэслэлгүй байна гэв.
3.Хэрэгт дараах бичгийн баримтууд авагдсан байна. Үүнд:
А.Нэхэмжлэгчээс шүүхэд нотлох баримтаар Монголын Улсын Хөгжлийн банкны захирлын 2022 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн *********** дугаартай *******ийг ажлаас чөлөөлөх тухай тушаалын хуулбар, *******ийн иргэний үнэмлэхийн лавлагаа, Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаа, *******ийн дундаж цалин хөлс тодорхойлсон тооцоолол зэргийг гаргаж өгсөн.
Б.Хариуцагчаас шүүхэд нотлох баримтаар: Монгол Улсын Хөгжлийн банк ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Б.Аззаяа, Б.Жамсрандорж нарт олгосон итгэмжлэл, хариу тайлбар, *******ийг ажлаас чөлөөлөх тухай 2022 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн Б-30 дугаартай тушаалын хуулбар, 2020 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр байгуулсан Хөдөлмөрийн гэрээний хуулбар, Нууцын баталгааны хуулбар, 2021 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн Хөдөлмөрийн гэрээнд өөрчлөлт оруулах тухай гэрээний хуулбар, Төслийн санхүүжилтийн газрын Төслийн санхүүжилтийн хөгжүүлэлтийн хэлтсийн захирлын ажлын байрны тодорхойлолтын хуулбар, Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлын 2022 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн А-21 дугаартай журам батлах тухай тушаалын хуулбар, Хөдөлмөрийн дотоод журмын хуулбар, цаг бүртгэлийн системээс авсан ажлын цаг бүртгэл, *******ийн ажлын цаг бүртгэл, *******ийн ажлын цаг бүртгэл /2022 оны 03 дугаар сар, хяналтын камерын бичлэгээр баталгаажсан/, Хөгжлийн банкны захирлуудын зөвлөлийн 2022 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн шийдвэр, Захирлуудын зөвлөлийн санал өгөх хуудас, Гүйцэтгэх захирлын 2021 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн Захирлуудын зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчлэн батлах тухай А-75 дугаар тушаал, Гүйцэтгэх захирлын 2012 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн А-12 дугаар тушаалын 2 дугаар хавсралтаар батлагдсан Ажилтны ёс зүйн дүрэм, Гүйцэтгэх захирлын 2013 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн Ажлын цагийн хуваарийг өөрчлөх тухай А-33 дугаар тушаал, Гүйцэтгэх захирлын 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн Ажлын цагийн хуваарь батлах тухай А-83 дугаар тушаал, Төлөөлөн удирдах зөвлөлийн 2022 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн Захиргаа, удирдлага хариуцсан дэд захирал Я.Сод-Эрдэнийг ажлаас чөлөөлөх тухай 05 дугаар тогтоол, ТУЗ-ийн 2022 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн Захиргаа, удирдлага хариуцсан дэд захирлын үүрэг гүйцэтгэгчийг томилох тухай 23 дугаар тогтоол, ТУЗ-ийн 2021 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн Тэргүүн дэд захирал, дэд захирал, газрын захирлын үүрэг гүйцэтгэгч нарыг томилох тухай 26 дугаар тогтоол, ТУЗ-ийн 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн Дэд захирлын үүрэг гүйцэтгэгчийг томилох тухай 08 дугаар тогтоол, Хөгжлийн банкны 11 дүгээр давхрын цахилгаан шат, хяналтын камер болон цаг уншигч төхөөрөмжийг харуулсан гэрэл зургийн үзүүлэлт, *******ийн 2021 оны 12 дугаар сар, 2022 оны 01-04 дүгээр саруудын цалингийн дэлгэрэнгүй задаргаа, *******ийн Худалдаа, хөгжлийн банкны 1 давхрын Хөгжлийн банк руу нэвтрэх шилэн хаалтыг удаа дараа давж ёс зүйн зөрчил гаргаж байсныг нотлох бичлэгүүд, Б.Энхбаатар, Б.Жамсрандорж нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр томилж олгосон итгэмжлэл, Монгол Улсын Хөгжлийн банкны хуулийн этгээдийн гэрчилгээний хуулбар, Монгол улсын Засгийн газрын 2021.08.18-ны өдрийн Дүрэм шинэчлэн батлах, Монгол улсын хөгжлийн банкны талаар авах зарим арга хэмжээний тухай тогтоолын хуулбар, Хөгжлийн банкны дүрмийн хуулбар, гэрэл зургийн үзүүлэлт, Хөгжлийн банкны захирлын 2023 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн Б-48 дугаартай ийг ажлаас чөлөөлөх тухай тушаалын хуулбар, Д.Оргилд олгосон итгэмжлэл, *******ийн 2022.03.11-2022.03.24-ний өдрүүдэд гадуур ажилласан талаарх ажлын хуудас зэргийг гаргаж өгсөн.
В.Шүүхийн журмаар бүрдүүлсэн баримтууд: Нийгмийн даатгалын Ерөнхий газраас гаргуулсан *******ийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх лавлагаа /2022.01.12/, Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлын 2018.12.28-ны өдрийн А-383 дугаар тушаалаар батлагдсан Хөдөлмөрийн дотоод журмын хуулбар, Гүйцэтгэх захирлын 2020.01.29-ний өдрийн А-22 дугаар тушаалаар батлагдсан Ёс зүй, сахилгын хорооны ажиллах журмын хуулбар, мөн гүйцэтгэх захирлын 2021.09.14-ний өдрийн А-78 дугаар тушаалаар батлагдсан Албан хэрэг хөтлөлтийн түр журмын хуулбар, гүйцэтгэх захирлын 2012.03.06-ны өдрийн А-12 дугаар тушаалаар батлагдсан Хүний нөөцийн бодлогын хуулбар, 2017.08.22-ны өдрийн А-177 дугаар тушаалаар батлагдсан Захирлуудын зөвлөлийн ажиллах журмын хуулбар, Ажилтнуудын ажлын цаг бүртгэлийн NES хүний нөөцийн систем байгууллагын компьютерт 2022 оны 01 дүгээр сараас 03 дугаар сарыг дуустал хугацаанд *******ийн ирсэн, явсан цаг бүртгэлд үзлэг хийсэн тэмдэглэл, түүний хавсралт, хяналтын камерын бичлэгтэй 2 ширхэг CD-нд үзлэг хийсэн тэмдэглэл, Хил хамгаалах Ерөнхий газрын 2024.02.29-ний өдрийн 2-3в/1370 дугаартай, мөн 2024.04.02-ны өдрийн 2-3в/1889 дугаартай, 2024.04.08-ны өдрийн 2-3в/1955 дугаартай албан бичгүүд, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн тамгын газраас Т.*******ийн нэхэмжлэлтэй, Монгол улсын хөгжлийн банк ХХК-д холбогдох хэргээс хуулбарлан гаргуулсан гэрч Б.*******, , Ц.Булганхишиг нарын мэдүүлэг, Цагдаагийн албан хаагчийн 2024.04.16-ны өдрийн илтгэх хуудас, хаягнаас 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 10 цаг 28 минутанд [email protected], [email protected], [email protected], [email protected] хаяг руу явуулсан Хөдөлмөрийн дотоод журамд санал авах тухай цахим шууданд үзлэг хийсэн тэмдэглэл, хавсралт зэрэг тус тус авагджээ.
ҮНДЭСЛЭХ нь:
4.Шүүх, нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзэв.
5.Нэхэмжлэгч шаардах эрхийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон.
Үүнд:Монгол Улсын Хөгжлийн банкны удирдлагын зүгээс ажлаас халах 15 ажилтны жагсаалт гаргаж, 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдрөөс хойш ажил үүргээр хангаагүй атлаа цалинг бүтэн олгосон боловч 2022 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр ажлаас чөлөөлөх тушаал гаргасан бөгөөд уг тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т заасан хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ямар ноцтой зөрчил гаргасан болохыг бичээгүй, зөрчлийг шалгаж тогтоосон баримтгүй, ажилтнаас тайлбар мэдүүлэг аваагүй тул тушаал хууль зүйн үндэслэлгүй. Мөн ажил олгогч Хөдөлмөрийн дотоод журам шинэчлэн батлахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.1, 122.2-т заасныг зөрчиж, ажилтны төлөөлөгчийн саналыг харгалзаагүй, шинэчлэн баталсан журмыг ажилтанд танилцуулах үүргээ хэрэгжүүлээгүй. Хөдөлмөрийн тухай хуульд нийцээгүй Хөдөлмөрийн дотоод журмын заалтыг үндэслэж, нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн нь хууль зөрчсөн тул урьд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулж, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийхийг даалгахаар шаардах эрхтэй гэж тодорхойлсон.
6.Хариуцагч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: Нэхэмжлэгч нь 2022 оны 3 дугаар сарын 14-нөөс 3 дугаар сарын 24-ний өдөр ажлаа хийхгүй, өглөө ажилдаа ирж нүүрээ уншуулж цагаа бүртгүүлчээд гарч яваад байсныг видео бичлэгээр тогтоосон, Хөдөлмөрийн гэрээгээр тохиролцсон ажлаа таслахгүй байх үүргээ зөрчсөн, мөн ёс зүйн зөрчил гаргахгүй байх үүргээ зөрчсөн учраас ажлаас халсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 80.1.4-т заасан ажлаас шууд чөлөөлөх үндэслэл болсон. Банкны Захирлуудын зөвлөлийн ээлжит хурал 2022 оны 3 дугаар сарын 22-ны өдрөөс 2022 оны 3 дугаар сарын 24-ний өдөр хуралдаж, Төслийн санхүүжилт хөгжүүлэлтийн хэлтсийн захирал *******ийг өглөө, оройдоо ирж цагаа бүртгүүлээд явдаг, ажлын цаг ашиглалт муу, 1 дүгээр давхарын хаалтыг давж гарсан зөрчлүүдийг нь камерийн бичлэгээр тогтоогдсон нь ёс зүйн ноцтой зөрчил гаргасныг тогтоож, хөдөлмөрийн гэрээг цуцлах шийдвэр гаргасан. Хөдөлмөрийн гэрээний заалтыг ажлаас чөлөөлсөн тушаалд дурдаагүй нь ажилтны гаргасан ёс зүйн зөрчлийг үгүйсгэх үндэслэл болохгүй. Нэхэмжлэгч *******ийг Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т заасан үндэслэлээр ажлаас чөлөөлсөн Монгол Улсын Хөгжлийн банк ХХК-ийн гүйцэтгэх захирлын тушаал хууль зүйн үндэслэлтэй тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан.
7.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:
7.1.Нэхэмжлэгч ******* нь Монгол Улсын Хөгжлийн банк ХХК-ийн Төслийн санхүүжилт хөгжүүлэлтийн хэлтсийн захирлаар хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байгаад Монгол Улсын Хөгжлийн банк ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2022 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн Б-30 дугаар *******ийг ажлаас чөлөөлөх тухай тушаалаар ажлаас чөлөөлөгдсөн болох нь зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон хөдөлмөрийн гэрээний хуулбар, гүйцэтгэх захирлын Б-30 дугаартай тушаал, нэхэмжлэгчийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаа зэргээр тогтоогдож байна. /хх 4-7, 16-21/
7.2.Монгол Улсын Хөгжлийн банк ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2022 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн Б-30 дугаар *******ийг ажлаас чөлөөлөх тухай тушаал-д Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2.2, 78 дугаар зүйлийн 78.1.9, 80 дугаар зүйлийн 80.1.4, 83 дугаар зүйлийн 83.1, 83.3, 123 дугаар зүйлийн 123.2.5, Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1, 21.5.6, Монгол Улсын Хөгжлийн банкны дүрмийн 9.2, Хөдөлмөрийн дотоод журмын 4.1.5, 10.13.4, 10.13.6, 11.2, Захирлуудын зөвлөлийн 2022 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн шийдвэрийг тус тус үндэслэн Хөдөлмөрийн дотоод журамд заасан сахилгын ноцтой зөрчил гаргасан тул Төслийн санхүүжилтийн газрын Төслийн санхүүжилтийн хэлтсийн захирал *******той байгуулсан хөдөлмөрийн гэрээг 2022 оны 4 дүгээр сарын 13-ны өдрөөр цуцалж, ажлаас нь чөлөөлжээ./хх 4, 15/
7.3.Нэхэмжлэгч ******* нь ажлаас чөлөөлсөн ажил олгогчийн тушаал үндэслэлгүй талаарх гомдлоо урьдчилан шийдвэрлүүлэх боломжгүй үндэслэлээ хариуцагч банкинд Хөдөлмөрийн маргаан таслах комисс байхгүй, Сүхбаатар дүүргийн Засаг захиргаанд Хөдөлмөрийн маргаан таслах комисс байхгүй гэж, 2022 оны 5 дугаар сарын 19-ний өдөр шүүхэд гомдлоо гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2.1, 158 дугаар зүйлийн 158.2.2 дахь хэсэгт заасантай нийцнэ гэж үзэв.
8.Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-д ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан /хоёр ба түүнээс дээш/ гаргасан, эсхүл хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлахаар хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан тохиолдолд хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачлагаар цуцлахаар, мөн хуулийн 123 дугаар зүйлд заасан сахилгын шийтгэлийг ажил олгогч ажилтанд ногдуулахдаа ажилтны гэм буруу, сахилгын зөрчлийн шинж чанар, үр дагаварт тохирсон шийтгэлийн хэлбэрийг сонгох ба тушаалд ажилтны хэзээ гаргасан, ямар зөрчилд сахилгын шийтгэл ногдуулж байгаа үндэслэлээ тусгахаар заасан.
Хариуцагч Монгол Улсын Хөгжлийн банк ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2022 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн Б-30 дугаар тушаалд хөдөлмөрийн гэрээний заалтыг үндэслэл болгоогүй, нэхэмжлэгч *******ийн хэдийд гаргасан, ямар зөрчлийн улмаас хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах болсон талаар заагаагүй байх бөгөөд шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын зүгээс нэхэмжлэгч *******ийг өглөө, оройдоо ажлын цаг бүртгэлийн төхөөрөмжид цагаа бүртгүүлсэн боловч ажил үүргээ гүйцэтгэдэггүй, гадуур ажилтай гэх нэрийдлээр ажлаа тасалсан, 1 дүгээр давхарын хаалтыг давж гарсан зөрчлүүд нь камерийн бичлэгээр тогтоогдсон, Захирлуудын зөвлөлийн хурлаар нэхэмжлэгчийн гаргасан ёс зүйн ноцтой зөрчил гаргасныг тогтоож, хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлахаар шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн дотоод журмын 10.13.4, 10.13.6-д заасан ноцтой зөрчилд хамаарна гэж тайлбарласан.
9.Монгол Улсын Хөгжлийн банк ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2022 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн А-21 дүгээр тушаалаар шинэчлэн баталсан Хөдөлмөрийн дотоод журам-ын 10.13.4-т хүндэтгэн үзэх шалтгаагүйгээр 2 ба түүнээс дээш өдрийн хугацаагаар ажил тасалсан, эсхүл 1 сарын хугацаанд нийт тасалсан, хоцорсон цаг нь ажлын 2 өдөртэй тэнцэж байвал, 10.13.6-д заасан Ёс зүйн хэм хэмжээ зөрчсөнийг Захирлуудын зөвлөл тогтоосон үйлдэл, эс үйлдэхүйг ноцтой зөрчилд тооцохоор, журамд заасан ноцтой зөрчил гаргасан тохиолдолд хөдөлмөрийн гэрээг шууд цуцлахаар Хөдөлмөрийн дотоод журмын 11.2-т заажээ. /хх 27-35/
9.1.Монгол Улсын Хөгжлийн банк ХХК-ийн Захирлуудын зөвлөлийн 2022 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн ээлжит хурал болсон ба уг хуралд Гүйцэтгэх захирал *******, Тэргүүн дэд захирал , Бизнес, хөгжил хариуцсан дэд захирлын үүрэг гүйцэтгэгч , Үйл ажиллагаа хариуцсан дэд захирлын үүрэг гүйцэтгэгч нар оролцож, хурлаар Хүний нөөцийн асуудлыг шийдвэрлэх тухай хэлэлцэж, Төслийн санхүүжилтийн газрын Төслийн санхүүжилт хөгжүүлэлтийн хэлтсийн захирал *******ийг өглөө, оройдоо ирж цагаа бүртгүүлээд явдаг, ажлын цаг ашиглалт муу, мөн 1 дүгээр давхрын хаалтыг давж гарсан зөрчлүүдийг гаргасан нь камерийн бичлэгээр тогтоогдсон нь хөдөлмөрийн гэрээ болон Хөдөлмөрийн дотоод журамд зааснаар ёс зүйн хэм хэмжээний ноцтой зөрчил гаргасан гэж үзэж, Захирлуудын зөвлөлийн гишүүдийн саналыг үндэслэн, холбогдох арга хэмжээ авч ажиллахыг Дотоод үйл ажиллагааны хэлтэс //-т үүрэг болгож шийдвэрлэсэн талаар ...хурлын товч тэмдэглэлээс гэх баримт авагдсан байна. /хх 89/
Хариуцагч Монгол Улсын Хөгжлийн банк ХХК-ийн Захирлуудын зөвлөлийн хурлаар нэхэмжлэгч *******ийг ёс зүйн хэм хэмжээний ноцтой зөрчил гаргасан гэж дүгнэхдээ ямар баримтад үндэслэн тогтоосон, Монгол Улсын Хөгжлийн банкны ажилтны ёс зүйн дүрэм-д заасан ямар хэм хэмжээг ноцтой зөрчсөнийг тогтоосон болохоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасны дагуу баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй байна.
9.2.Монгол Улсын Хөгжлийн банк ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2017 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн А-177 дугаар тушаалаар Монгол Улсын Хөгжлийн банкны Захирлуудын зөвлөлийн ажиллах журам-аар, захирлуудын зөвлөлийн бүрэлдэхүүнийг 1-р хавсралтаар 11 гишүүдтэй, нарийн бичгийн дарга 1 байхаар, харин ажиллах журмыг 2-р хавсралтаар баталсан ба уг журмын 2.1-д захирлуудын зөвлөлийн хурал ээлжит болон ээлжит бус байна, журмын 2.8-д захирлуудын зөвлөлийн гишүүдийн олонх оролцсоноор хурал хүчин төгөлдөр болно, 2.12-т Хурлаас гарах шийдвэр нь Хурлын /хураангуй/ тэмдэглэл хэлбэртэй байх ба шаардлагатай асуудлаар Гүйцэтгэх захирал тушаал гаргана, 2.13-т Хурлын тэмдэглэлд Хурлын дарга болон хурлын нарийн бичгийн дарга гарын үсэг зурна гэж заажээ.\хх 211-212\
Гэвч хэрэгт авагдсан Монгол Улсын Хөгжлийн банк ХХК-ийн Захирлуудын зөвлөлийн 2022 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн ээлжит хурлын товч тэмдэглэлээс гэх нэртэй баримтанд хурлын дарга болон хурлын нарийн бичиг гарын үсэг зураагүй байх тул дээрх журамд заасанд нийцээгүй байна гэж үзнэ.\хх 89\
9.3.Мөн нэхэмжлэгчийн өмгөөлөгч нь хариуцагч Монгол Улсын Хөгжлийн банк ХХК-иас гаргаж өгсөн Монгол Улсын Хөгжлийн банкны Захирлуудын зөвлөлийн 2022 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн ээлжит хурлын товч тэмдэглэлээс гэх баримтыг хэн уг тэмдэглэлийг хөтөлсөн болох нь тодорхойгүй, гарын үсэг зурж баталгаажигдаагүй тул Монгол Улсын Хөгжлийн банк ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2017 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн ****** дугаар тушаалаар баталсан Монгол Улсын Хөгжлийн банкны Захирлуудын зөвлөлийн ажиллах журам-ын 2.12, 2.13 дэх заалтад заасан шаардлагыг хангаагүй байх тул нотлох баримтаар үнэлэх боломжгүй талаар тайлбарлаж маргасан тул шүүх уг баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасан журмын дагуу нотлох баримтаар үнэлэх боломжгүй гэж үзлээ.
9.4.Нэхэмжлэгч *******ийг ажлаас чөлөөлөхдөө Монгол Улсын Хөгжлийн банк ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2022 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн Б-30 дугаар тушаалд Захирлуудын зөвлөлийн 2022 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн шийдвэрийг үндэслэсэн байх боловч Монгол Улсын Хөгжлийн банкны Захирлуудын зөвлөлийн гишүүдийн санал өгөх хуудас 2022 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн огноотойгоор 1 дүгээр хавтаст хэргийн 90 дүгээр хуудсанд авагдсан баримтыг тушаалын үндэслэл болсон шийдвэр гэж дүгнэх хууль зүйн үндэслэл болохгүй байна.
9.5.Нэхэмжлэгч ******* шүүх хуралдаанд ...ажил таслаагүй, энэ нь цалинг бүрэн олгосон баримтаар нотлогдож байгаа, хэдийд ямар зөрчил гаргасан болохыг тогтоогоогүй, ёс зүйн зөрчил гаргасан талаар ажилтанд мэдэгдэж, ажилтнаас тайлбар аваагүй атлаа үндэслэлгүй тушаал гаргаж хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалж ажлаас чөлөөлсөн нь үндэслэлгүй гэж гомдлын үндэслэлээ тодорхойлсон, хариуцагч Монгол Улсын Хөгжлийн банк ХХК нь Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.3-т зааснаар *******ийг хэдийд, ямар зөрчлийг хэрхэн гаргасан болох талаар ажилтанд мэдэгдэж, ажилтнаас тайлбар авсан болохоо баримтаар нотлох үүргээ мөн хэрэгжүүлээгүй байна гэж шүүх дүгнэлээ.
9.6.Монгол Улсын Хөгжлийн банк ХХК-ийн Хөдөлмөрийн дотоод журмын 10.13.4-т хүндэтгэн үзэх шалтгаагүйгээр 2 ба түүнээс дээш өдрийн хугацаагаар ажил тасалсан, эсхүл 1 сарын хугацаанд нийт тасалсан, хоцорсон цаг нь ажлын 2 өдөртэй тэнцэж байвал гэх ноцтой зөрчилд хамаарах зөрчлийг заасан байх боловч нэхэмжлэгчийн гаргасан зөрчил нь дээрх зөрчлүүдийн алинд хэрхэн хамаарсан болохыг тогтоосон талаарх үйл баримт тодорхой бус байна.
9.7.Шүүх хуралдаанд оролцсон гэрч ...*******ийн шууд удирдлагын хувьд миний зүгээс тухайн үед өглөө, оройдоо ирж цагаа бүртгүүлээд явж байсныг мэдээгүй. Сүүлд камерын бичлэг үзээд дараа нь ойлгосон. Ажлаа хэвийн явуулах боломжоор хангаж байсан, ямар нэгэн байдлаар хязгаарлаж байгаагүй. Миний хувьд харьцангуй чөлөөт удирдлага тухайн ажилтан хийх ажлуудаа өөрөө хийгээд явна. Би өдөр тутмын цаг бүртгүүлж байгаа эсэх дээр анхаардаггүй. Ажлын үр дүнг нь чухалчилж хардаг. Тэр үүднээсээ ******* ажлаа хийж байгаа гэж итгэж байсан. Одоо ч хэвээрээ байгаа. Гэхдээ халагдах тушаалыг нь би тухайн үедээ үзсэн. Камерын бичлэгээс харахад яах аргагүй ажилдаа ирээд бүртгүүлчээд явдаг нь харагдаж байсан. Сүүлд нь мэдсэн... талаар мэдүүлсэн боловч нэхэмжлэгч *******ийг ажлаас чөлөөлсөн тушаалд сахилгын ямар ноцтой зөрчлийн улмаас хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан болохоо тодорхой заагаагүй, тушаалын үндэслэл болсон Хөдөлмөрийн дотоод журмын 10.13.4, 10.13.6-д заасан зөрчил тогтоогдсон гэж үзэх үндэслэлгүй байна.
Дээрх үндэслэлээр, Монгол Улсын Хөгжлийн банк ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2022 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн ******* дугаар тушаалд хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах болсон үндэслэлээ тодорхой заагаагүй байх тул уг тушаалыг хууль зүйн үндэслэлтэй гаргасан гэж шүүхээс дүгнэлт хийх боломжгүй байна.
10.Хариуцагч Монгол Улсын Хөгжлийн банк ХХК нь Хөдөлмөрийн дотоод журмыг шинэчлэн батлахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.1, 122.2-т заасныг зөрчсөн гэх нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн тайлбар гэрч Ц.Булганхишигийн ...Хөдөлмөрийн дотоод журам шинэчилсэн найруулга хэлбэрээр батлагдсан. Нэг бүрчлэн ажилтнуудад танилцуулаад гарын үсгээр баталгаажуулах процесс байдаггүй. Тухайн үед е оффис системд байршуулаад, мэйлээр бүгдэд нь мэдэгддэг. Ажилтнууд танилцсан гэсэн үг. Нэг бүрчлэн танилцуулаад гарын үсэг зуруулдаггүй. Хөдөлмөрийн дотоод журамд өөрчлөлт оруулахдаа газар, нэгжээс санал авдаг. Газар, нэгжүүд рүү явуулаад тэдгээрээс санал ирж байгаа хариу нь учир тухайн нэгжийн ажилтнууд хамрагдсан гэсэн үг... гэх мэдүүлэг, хаягнаас 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 10 цаг 28 минутад, Tsevegmid Sanvaidagva , Chinzorig Baasankhonkh , Batzorig Sodnom-Ish [email protected], Ulziisaikhan Davaasambuu , , Oyunchimeg TumenUlzii , Togtokhbayar Nyamjav нарын нийт 7 хүн рүү мэйл явуулсан цахим шууданд үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг баримтаар үгүйсгэгдэж байна.
Иймээс, нэхэмжлэгч *******ийг ажлаас чөлөөлсөн Монгол Улсын Хөгжлийн банк-ийн гүйцэтгэх захирлын 2022 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн Б-30 дугаар тушаал хууль зүйн үндэслэлгүй байх тул түүнийг урьд эрхэлж байсан Төслийн санхүүжилт хөгжүүлэлтийн хэлтсийн захирлын албан тушаалд эгүүлэн тогтоох үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.
11.Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1-т Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь үндэслэлгүйгээр цуцлагдсан ажилтныг эрх бүхий байгууллагын шийдвэрээр ажлын байранд нь эгүүлэн тогтоосон бол түүнд урьд нь эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаанд өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг ажил олгогч нөхөн олгоно. гэж заасан тул ажилтан буюу нэхэмжлэгч *******ийн ажилгүй байсан хугацааны цалин олговор гаргуулах нэхэмжлэлийг хангах хууль зүйн үндэслэлтэй.
11.1.Хөдөлмөр, нийгмийн хамгаалалын сайдын 2021 оны А/192 дугаар тушаалаар батлагдсан Дундаж цалин хөлс тодорхойлох журам-ийн дагуу нэхэмжлэгч *******ийн сарын дундаж цалинг тодорхойлох /2022 оны 1, 2, 3 сар/-д нэг сард 4,868,885 төгрөгийн цалинтай байсан болох нь Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолтоор тогтоогдож байна. /хх 6-7, 62, 88/
11.2.Ажилгүй байсан хугацааг 2022 оны 04 дүгээр сарын 13-ны өдрөөс 2024 оны 07 дугаар сарын 04-ний өдрийг хүртэл ажлын 549 хоногоор тооцоход 133,650,893 төгрөг /нэг өдрийн 243,444,25 төгрөгийг х 549 хоног = 133,650,893 төгрөг/ болж байх тул 133,650,893 төгрөгийн олговрыг олгох үндэслэлтэй байна.
11.3.Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч *******ийн 2022 оны 4 дүгээр сарын 13-ны өдрөөс 2024 оны 7 дугаар сарын 04-ний өдрийг хүртэлх хугацааны нийгмийн даатгалын шимтгэл, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, баталгаажуулалт хийхийг хариуцагч Монгол Улсын Хөгжлийн банк ХХК-д даалгаж шийдвэрлэнэ.
14.Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч *******ийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн тул хариуцагчаас ажилд эгүүлэн тогтоолгох шаардлагад 70,200 төгрөг, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор 133,650,893 төгрөгөөс Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасны дагуу тооцож, 826,204 төгрөгийн тэмдэгтийн хураамжийг тус тус гаргуулах нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д заасантай нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Хөдөлмөрийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 158 дугаар зүйлийн 158.2.2 дахь хэсэг, 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсэг, 43 дугаар зүйлийн 43.2.7 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан *******ийг Монгол Улсын Хөгжлийн банк ХХК-ийн Төслийн санхүүжилт хөгжүүлэлтийн хэлтсийн захирлын ажилд эгүүлэн тогтоож, Монгол Улсын Хөгжлийн банк ХХК-иас 133,650,893 /нэг зуун гучин гурван сая зургаан зуун тавин мянга найман зуун ерин гурван/ төгрөгийг гаргуулж *******ид олгож, уг олговороос холбогдох эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг суутган, нийгмийн даатгалын шимтгэл, эрүүл мэндийн даатгалын хураамжийг нөхөн төлж, зохих бичилт хийхийг Монгол Улсын Хөгжлийн банк ХХК-д даалгасугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан Монгол Улсын хөгжлийн банк ХХК-аас /70,200+826,204/ нийт 896,404 /найман зуун ерин зургаан мянга дөрвөн зуун дөрвөн/ төгрөгийг гаргуулж Улсын төсвийн орлого болгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.5, 119.7 дахь заалтад зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй, зохигчийн оролцоогүйгээр шийдвэрлэсэн талд шүүх шийдвэрийг энэ хуулийн 119.4-т заасан хугацаанд зохигчид гардуулах ба ийнхүү гардуулах боломжгүй бол шүүх уг хугацаа өнгөрснөөс хойш 7 хоногийн дотор зохигчийн оршин суугаа /оршин байгаа/ газар болон ажилладаг байгууллагын аль нэг хаягаар баталгаат шуудангаар, эсхүл шүүхийн ажилтнаар хүргүүлэх бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ТҮМЭНЦЭЦЭГ