Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 09 сарын 27 өдөр

Дугаар 00115

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС:

 

 

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн шүүгч Д.Ренченхорол даргалж, явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар:

 

            Нарийн бичгийн дарга                           П.Нямсүрэн

 Улсын яллагч                                         Э.Энхбат  

 Шүүгдэгчийн өмгөөлөгч                         А.Хандмаа

             Шүүгдэгч                                                 Г.Со нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийв.

 

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын  прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3 дах хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн Г.Сод холбогдох 1732000000029 тоот эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

                            

Биеийн байцаалт:Монгол улсын иргэн, яс үндэс халх, Хэнтий аймгийн Жаргалхан суманд 1973 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр төрсөн, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, улсаас авсан гавъяа шагналгүй ам бүл 7 эхнэр 5 хүүхдийн хамт Сэлэнгэ аймгийн Баянгол сумын 2 дугаар баг 07-03 тоотод оршин суух

 

 Олхон овогт Ганпүрэвийн Со  / РД: ХЗ 73112710 /

 

Тодорхойлох нь:

Шүүгдэгч Г.Со нь Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Хараа 1-р багийн нутаг дэвсгэр, “Чонын ам” гэх газарт 2017 оны 09 сарын 03-ны өдөр Киа Бонго загварын 21-74 ДАР улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж, тээврийн хэрэгсэлд зорчин явсан Н.Хын эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

 

    Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

 

         Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Со мэдүүлэхдээ: ... 2017 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр 08 цагийн үед байхаа. Би гэрээсээ гараад хартал манай хэдэн үхэр Чонын амны хяр дагаад бэлчиж байхаар нь үхрээ уулнаас буулгахаар болоод өөрийнхөө Киа бонго маркийн 21-74 ДАР улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэйгээ гарсан тэгэхдээ цуг байсан Н.Хыг машиндаа суулгаад явсан. Би жолоогоо бариад бид хоёр уулын өөдөө өгсөж байсан. Тэгсэн машин гэнэт хүч алдаад уулын уруу хэд хэд өнхөрсөн тэгсэн хажууд Н.Х цонхоор шидэгдсэн байсан. Тэгээд би гайгүй юу гээд очтол гайгүй энэ хөл нэг л эвгүй болчихлоо гэхээр нь урагшаа Наранбаатарын отог руу явж машин олоод Баруунхараа руу очоод эмнэлэгт хүргэсэн. Тэгсэн Дархан руу авч явна гээд аваад явсан би цагдаа дээр очиж болсон талаар мэдүүлсэн. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэжээ.

 

              Мөрдөн байцаалтанд хохирогч Н.Хаас.....2017 оны 09 сарын 03-ны өдрийн өглөө 08 цагийн үед Г.Со “хамар дээр хэдэн үхэрнүүд наашлуулчихаад цаашаа гар аргаар алт олборлож байгаа газарлуугаа явъя” гээд бид 2 түүний Киа Бонго загварын 21-74 ДАР улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй хөдөлсөн. Тэгээд уулын энгэр өгсөөд явж байтал гэнэт машин хүч алдаад ухарсан ба Г.Со жолоогоо аль тийш нь билээ нэг тийш нь дарахад машин хөндлөн болж ирээд уулын уруу хэд хэдэн удаа өнхөрсөн. Би өнхөрч байхад цонхоор нь шидэгдээд газар унасан...Миний баруун хөл ил хугаралтай гээд хүнд гэмтэл гарсан, хөлөө хадуулж, оёулаад гибсдүүлсэн...Эмчилгээний зардал 1 сая орчим төгрөгний зардал гарсаныг Г.Со гаргаж өгсөн ба одоо гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг. /хавтаст хэргийн 25-26-р тал/

 

                 Шүүх эмнэлэгийн үзлэг хийсэн акт №890 дугаартай “....Н.Хын биед баруун шилбэний ил хугарал, хагалгааны дараах байдал, зөөлөн эдийн няцрал, баруун бугалга, сарвууны цус хуралт, зулгаралт бүхий шинэ гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр буюу цохигдох, дарагдах үед үүсгэгдэх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.20-д зааснаар учирах үедээ амь насанд аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарна” гэх шинжээчийн дүгнэлт /Хавтаст хэргийн 31-32-р тал/

 

                  Техникийн шинжээчийн №04 дугаартай “...Жолооч Г.Со нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.1-д заасан “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна” гэсэн заалтыг зөрчиж, тээврийн хэрэгсэлээ онхолдуулсан байна” гэх дүгнэлт. /хавтаст хэргийн 34-р тал/

 

            Шүүгдэгч Г.Сын хувийн байдлыг тогтоосон баримт иргэний үнэмлэхний хуулбар /ХХ-ийн 43-р хуудас/, оршин суугаа газрын тодорхойлолт /хх-ийн 42-р хуудас/, ял шалгах  хуудас /ХХ-ийн 48-р хуудас/ зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар:    

           

            Шүүгдэгч Г.Со нь Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Хараа 1-р багийн нутаг дэвсгэр, “Чонын ам” гэх газарт 2017 оны 09 сарын 03-ны өдөр Киа Бонго загварын 21-74 ДАР улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж, тээврийн хэрэгсэлд зорчин явсан Н.Хын эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан болох нь нотлогдон тогтоогдож байна.

           

Прокуророос шүүгдэгч Г.Со хөдөлгөөний аюулгүй байдлыг тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хохирогч Н.Хын эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь тохирсон байна гэж үзлээ.

 

Иймд шүүгдэгч Г.Сод ял шийтгэл оногдуулахдаа шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын шинж чанар хэр хэмжээ зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзаж шүүгдэгчийг гэм буруутайд тооцож, 2015 оны Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд  заасныг баримтлан шийдвэрлэх  нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч Г.Сын үйлдсэн хэрэг нь хөнгөн гэмт хэрэг бөгөөд шүүгдэгч нь  хөнгөн гэмт хэргийг анх удаа үйлдсэн, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, хохирогч шүүгдэгчид гомдол саналгүй байх тул Г.Сод холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3-д заасан хэрэгт тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасч, Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэхь хэсгийн 1.1-д зааснаар түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх нь зүйтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

Шүүгдэгч Г.Сод өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга арга хэмжээг хүчингүй болгох нь зүйтэй  байна.

 

           Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдаад:

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1, 5, 9, 36.2 дугаар зүйл, 36.6 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Олхон овогт Ганпүрэвийн Сыг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

 2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3 дах хэсэгт заасныг баримтлан Г.Сын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 01 жилийн хугацаагаар хасч, гэмт хэргийн улмаас учруулсан хохиролоо нөхөн төлсөн, уг хэрэг нь хөнгөн гэмт хэрэгт хамаарч байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг баримтлан Г.Сыг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.

 

 3. Энэ хэрэгт хураагдан ирсэн Г.Сын “В”, “С” ангиллын 1023140 дугаартай жолооны үнэмлэхийг тогтоол хүчинтөгөлдөр болмогц харъяалах шийдвэр гүйцэтгэлийн албанд шилжүүлэхийг шүүгчийн туслах М.Мөнхзаяад даалгасугай.

 

            4. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Г.Сод өмнө авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

5. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ                                Д.РЕНЧЕНХОРОЛ