Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 12 сарын 21 өдөр

Дугаар 2021/ДШМ/69

 

                                     П.*******т  холбогдох  

                                        эрүүгийн хэргийн тухай

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд:

                               Даргалагч, шүүгч                           Д.Буянжаргал

                                  Шүүгчид                                       Б.Эрдэнэхишиг                                  

                                                                                       Г.Давааренчин

                               

                                  Оролцогчид

                                    Прокурор                                     А.Ариунаа /цахим/

                                      Шүүгдэгчийн өмгөөлөгч              Д.Уранчимэг

                                        Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Энх-Амар нар оролцуулан, Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн ерөнхий шүүгч Б.Хэрлэн даргалж шийдвэрлэн 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн шүүх хуралдаанаас гаргасан 183 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч бичсэн прокурорын эсэргүүцлийн дагуу Тээврийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт *******ийн *******т холбогдох эрүүгийн ******* дугаартай, 149/2021/0095/Э индекстэй 1 хавтас эрүүгийн хэргийг 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд шүүгч Г.Давааренчингийн  илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, Улаанбаатар хотод ****** оны **** дүгээр сарын ****-ны өдөр төрсөн, ***** настай, *****эгтэй, ***** боловсролтой, ******* мэргэжилтэй, ам бүл ******* хамт амьдрах, Сэлэнгэ аймаг Мандал сумын **** баг, Т******тоотод оршин суух, энэ хэрэгт холбогдох ****** ажилтай байсан, улсаас авсан гавьяа шагналгүй, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, бие эрүүл, ухаан санаа бүрэн, хэрэг хариуцах чадвартай, ******* овогт *******ийн *******. /РД:************/

Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч П.******* нь Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замын Барилга ашиглалт үйлчилгээний 1 дүгээр ангийн төсөв лимитийн инженерээр ажиллаж байхдаа 2021 оны 08 дугаар сарын 21-ний өдөр 17 цагийн орчимд Сэлэнгэ аймгийн Мандал сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах тус нийгэмлэгийн Үнэгт зөрлөгийн 2 дугаар замын зорчигчийн нам тавцанг солих ажлыг ахлаж гүйцэтгэх үедээ өөрийн хариуцуулан ажиллуулсан эд хөрөнгө болох 1301060401-210104 дугаарын бүртгэлтэй 12 ширхэг зорчигчийн тавцанг завшиж иргэн С.*******өд худалдан Улаанбаатар төмөр замд 1953600 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Анхан шатны шүүх П.*******т холбогдох хэргийг 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр хянан хэлэлцээд 183 дугаартай шүүгчийн захирамжаар:  

1.Шүүгдэгч   П.*******т холбогдох ******* дугаартай эрүүгийн хэрэгт нэмэлт ажиллагааг хийлгэхээр Тээврийн прокурорын газарт буцаасугай.

2. Шүүгдэгч П.*******т өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэргийг прокурорт очтол хэвээр үргэлжлүүлсүгэй...гэж, дээрхи шийдвэрийг эс зөвшөөрвөл эрх бүхий этгээд 5 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

Тээврийн Прокурорын газрын ерөнхий прокурор 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 29 дугаартай эсэргүүцэлдээ: ...Шүүгчийн захирамжийг 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч танилцаад шүүхийн шийдвэр үндэслэлгүй, хуулийн шаардлагад нийцээгүй гэж дүгнэж, дараах үндэслэлээр эс зөвшөөрч эсэргүүцэл бичиж байна. ...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй ажиллагаа гэдэгт шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэхэд буюу тухайн шүүгдэгчийг цагаатгах болон шийтгэх тогтоолын аль нэгийг гаргахад шууд нөлөөлж болохуйц, эсхүл хэргийг прокурорт буцаахгүйгээр тухайн асуудлыг шүүхийн шатанд шийдвэрлэх, эргэлзээг тайлах боломжгүй тохиолдлыг хамааруулан ойлгох зохицуулалт байх тул бичиж буй үндэслэлээ дор дурьдсанаар тайлбарлаж байна. Үүнд:

1.2011 онд үндсэн хөрөнгөөр бүртгэгдэж ашиглагдаж эхэлсэн бетоноор цутгаж хийсэн 3 метр урттай, 1.8 метр өргөнтэй, 12 см зузаантай, нийт 12 ширхэг тавцан нь 2021 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн байдлаар болон цаашид ашиглагдах боломжтой тавцан байсан гэдгийг шинжээчийн нэмэлт дүгнэлтээр тогтоолгох шаардлагатай гэж шүүх үзсэн байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтуудаар дээр дурдсан 12 ширхэг зорчигчийн тавцан нь Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг “Улаанбаатар төмөр зам”-ын “Үнэгт" зөрлөгийн үндсэн хөрөнгийн бүртгэлд 1301060401-210104 дугаараар бүртгэгдсэн эд хөрөнгө болох нь тогтоогдсон. Тухайн эд хөрөнгө нь цаашид ашиглагдах боломжтой эсэхээс үл хамааран тухайн эд хөрөнгийг дур мэдэн захиран зарцуулах эрх нь яллагдагч П.*******т олгогдоогүй, хэрэв тухайн эд хөрөнгийг цаашид ашиглах боломжгүй тохиолдолд “Улаанбаатар төмөр зам”-ын холбогдох албан тушаалтан нь нотломжийн хамт удирдах албан тушаалтанд танилцуулж, үндсэн хөрөнгө актлах комисс томилогдож, шийдвэрлэхээр зохицуулсан талаар хохирогч, иргэний нэхэмжлэгчийн хууль ёсны төлөөлөгч Б.*******, гэрч Б.******* нарын мэдүүлэг, П.*******ын “Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр зам”-тай байгуулсан хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолтын хуулбар зэрэг үйл баримтуудаар тогтоогддог тул шинжээчийн дүгнэлт гаргуулах шаардлагагүй юм.

2.Яллагдагч П.******* Сэлэнгэ аймгийн Мандал сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах нь Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр зам”-ын “Үнэгт” зөрлөгийн 2 дугаар замын зорчигчийн нам тавцанг солих ажлыг хариуцсан зохион байгуулагчаар 2021 оны 08 дугаар сарын 20, 21, 23, 24-ний өдрүүдэд ажиллаж байсан талаар тус нийгэмлэгийн Барилга ашиглалт, үйлчилгээний 1 дүгээр ангийн дарга Б.Гансүхийн 2021 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 78/587 дугаартай албан бичиг, тус ангийн төсөв лимитийн инженерээр ажилладаг болох нь ажлын газрын тодорхойлолт, ажлын байрны тодорхойлолт, хөдөлмөрийн гэрээ зэрэг хэрэгг авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байхад дахин холбогдох баримтуудыг хавсаргах талаар дурдсан нь үндэслэлгүй юм.

3.Итгэмжлэгдэн хариуцсан этгээд гэж аж ахуйн нэгж, байгууллага, иргэдээс өөрийн өмчийг хариуцуулахаар үүрэг хүлээсэн, эсхүл хууль буюу гэрээнд зааснаар бусдын өмчийг итгэмжлэн хариуцах үүрэг хүлээсэн этгээдийг ойлгох бөгөөд ингэхдээ бусдын эд хөрөнгийг өмчлөгчид нь тогтоосон хугацаанд буюу хяналт шалгалтгүйгээр буцаан өгөхгүй байх, үнэ хөлсийг нь төлөөгүй, өөрийн өмчийн адил хууль бус эзэмшил тоггоосон зэрэг аргаар завшдаг юм.

Яллагдагч П.*******ын хувьд 2021 оны 08 дугаар сарын 21-ний өдөр Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг “Улаанбаатар төмөр зам"-ын “Үнэгт" зөрлөгийн 2 дугаар замын зорчигчийн нам тавцанг солих ажлыг хариуцсан зохион байгуулагчаар ажиллаж байхдаа тус зөрлөгийн үндсэн хөрөнгийн 1301060401-210104 дугаарын бүртгэлтэй 12 ширхэг зорчигчийн тавцанг иргэн С.*******т 450.000 төгрөгөөр худалдаж, төлбөрийг Хаан банкны ******* тоот дансаар шилжүүлэн авсан байдаг.

Тодруулвал, түүний албан тушаалын байдал нь бусдын эд хөрөнгийг өөрийн эзэмшилд байлгах эрх, нөгөө талаас боломжийг бий болгосон байна.

Энэ тохиолдолд хууль бус захиран зарцуулалт хийх буюу завших үедээ албан тушаалын байдлаа ямар нэгэн байдлаар дахин ашиглаагүй бол албан тушаалын байдлаа ашигласан гэх нөхцөл байдлаар хүндрүүлэн зүйлчлэхгүй юм.

4.Мөрдөн шалгах ажиллагаагаар яллагдагч П.******* нь 12 ширхэг зорчигчийн тавцанг иргэн С.*******т худалдаж, уг төлбөрийг Д.*******гийн Хаан банкны ******* тоот дансаар шилжүүлэн авсан нь тогтоогддог. Д.*******гийн хувьд П.*******ыг хууль бус захиран зарцуулалт хийж байгууллагын өмчийг бусдад худалдсан талаар мэдээгүй буюу мэдэх боломжгуй байсан. Түүний дансаар мөнгө шилжүүлэн авсан нь түүнийг гэмт хэрэг үйлдэхэд санаатай нэгдсэн гэж үзэх боломжгүй ба ийм байдал мөрдөн шалгах ажиллагааны явцад ч тогтоогдоогүй болно.

Иймд Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 183 дугаартай шүүгчийн захирамжийг хүчиигүй болгуулж, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан дээд шатны прокурорын эсэргүүцэл бичив гээд давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор эсэргүүцлийг дэмжиж оролцов.

Шүүгдэгчийн өмгөөлөгч давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Прокурорын эсэгүүцэлийг дэмжиж оролцож байна.  Миний үйлчлүүлэгч П.******* нь гэм буруутай үйлдэл хийснээ хүлээн зөвшөөрсөн. Хэрэгт нотлогдвол зохих байдал тогтоогдсон хэрэгт дахин ажиллагаа хийх шаардлага байхгүй тул шүүгчийн захирамжийг хүчингүй болгож дахин хэлцүүлэхээр буцааж өгнө үү гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ анхан шатны шүүгчийн захирамж хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянавал:

Тээврийн прокурорын газраас яллагдагч П.*******ыг “Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр зам”-ын Барилга ашиглалт, үйлчилгээний 1 дүгээр ангийн төсвийн инженерээр ажиллаж байхдаа 2021 оны 08 сарын 21-ний өдөр Сэлэнгэ аймгийн Мандал сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэрт “Үнэгт” зөрлөгийн 2 дугаар замын зорчигчийн нам тавцанг солих ажлыг хариуцсан зохион байгуулагчаар ажиллаж байхдаа сольсон хавтангаас 12 ширхгийг бусдад зарж худалдан  байгууллагад 1.953.600 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх “...байгууллагын үндсэн хөрөнгөд бүртгэгдсэн 12 ширхэг хавтан  нь 2021 оны 08 сарын 21-ний өдрийн  байдлаар цаашид хэвийн ашиглагдаж болох эсэх талаар  шинжээчийн дүгнэлт гаргуулах, яллагдагч П.*******ын ажлын байрны тодорхойлолтын тодруулж тухайн гэмт хэргийг үйлдэхдээ албан тушаалын байдлаа ашиглаж үйлдсэн эсэхийг тодруулан шалгаж ял өөрчлөн сонсгох, эд хөрөнгө худалдсан мөнгөө хэрхэн зарцуулсан болон гэмт хэрэгт бусдын хамтын оролцоо байгаа эсэхийг шалган тогтоох нь зүйтэй гэж үзэн хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

Учир нь: Эрүүгийн хуульд заасан өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргүүд нь иргэн, аж ахуй нэгж, байгууллагын эд хөрөнгө, эсхүл түүнийг өмчлөх эрхийг гэмт этгээд хэрхэн хохирогчоос шилжүүлэн өөрийн захиран зарцуулах боломжид хууль бусаар авч байгаа аргаас хамааран хулгайлах, дээрэмдэх, залилах, завших болон бусад гэмт хэргүүд болж ялгагдан зүйлчлэгддэг.

Тухайлбал, хулгайлах гэмт хэрэг ихэвчлэн эд хөрөнгийг өмчлөгч, эзэмшигчид нь мэдэгдэхгүйгээр, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах байдлаар илэрдэг бол дээрэмдэх гэмт хэрэгт хохирогчид бие махбодийн болон сэтгэл санаанд хүч хэрэглэн эсэргүүцлийг дарах байдлаар эд хөрөнгө гэмт этгээдийн захиран зарцуулалтад ирдэг. Мөн залилан мэхлэх гэмт хэргийн тухайд өмчлөгч, эзэмшигч гэмт этгээдэд хуурагдан мэхлэгдэж төөрөгдсөний улмаас эд хөрөнгөө өгөх зэргээр дээрх гэмт хэргүүдэд хохирогчийн эд хөрөнгө хууль бус аргаар гэмт этгээдэд шилждэг бол завших, ашиглах гэмт хэргийн хувьд хохирогчийн эд хөрөнгө гэмт этгээдэд хууль ёсоор шилжсэний дараа уг эд хөрөнгийг шамшигдуулах, завших санаа бий болж хэрэгждэг.

Эд хөрөнгө бусдын итгэмжлэл, хариуцлагад хууль ёсоор шилжих гэдгийг аж ахуй нэгж, байгууллага, иргэдээс өөрийн өмчийг хариуцуулахаар үүрэг хүлээсэн эсхүл хууль буюу гэрээнд зарим тохиолдолд итгэлцлийн үндсэн дээр захиран зарцуулах эрхгүйгээр бусдын өмчийг итгэмжлэн хариуцах үүрэг хүлээхийг хэлнэ.

Тухайн эд хөрөнгөтэй харьцах хууль ёсны эрх бүхий этгээдүүдийн хувьд эд хөрөнгөтэй харьцахаар зөвшөөрөгдсөн хэмжээ хязгаар, хараа хяналтандаа байлгаж буй эрх хэмжээ нь зүйлчлэлийн гол шалгуур тул онцгой анхааран үзэх бөгөөд эд хөрөнгийн бүртгэл, зарлага, хэрэгцээг хянах, хадгалалтыг хариуцах нярав, гадны халдлага, осол, аюулаас хамгаалах чиг үүрэгтэй манаач, харуул нар нь бусдын өмчийг итгэмжлэн хариуцсан ажилтан гэж тооцогдоно.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч  Б.Халиуны “ ...тус хавтангууд нь үндсэн хөрөнгийн бүртгэлд бүртгэгдсэн байдаг. ...хавтангуудыг хуулж аваад бөөгнүүлж хураасан байсан...” , гэрч С.*******ийн “...хэрэв үндсэн хөрөнгийн ашиглалтын хугацаа дууссан, эвдэрч цаашид ашиглах боломжгүй болох нь тогтоогдож байгаа  бол тухайн үндсэн  хөрөнгийг хариуцаж байгаа албан тушаалтан нотломжийн хамт удирдлагад  танилцуулж, байгууллагын үндсэн хөрөнгө актлах  комисс томилогдож, шийдвэрлэх ёстой. ...өөрийн дураар зарж борлуулах, устгаж болохгүй...” гэсэн мэдүүлэг, шүүгдэгчийн хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолт, хөрөнгийн үнэлгээний “Вендо” ХХК-ны 2021 оны 08 сарын 27-ны өдрийн тайлан зэрэг баримтаар  шүүгдэгч П.******* нь Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замын Барилга ашиглалт, үйлчилгээний 1 дүгээр ангийн төсөв лимитийн инженерээр ажилладаг бөгөөд ажлын байрны тодорхойлолтод зааснаар обьектуудад төлөвлөгөөгөөр их засвар хийх ажлын гэмтлийн актыг тогтоож, хийгдэх ажлын хэмжээг гаргаж төсөв зохиох үүрэг бүхий техникийн ажилтан байх ба  тухайн хөрөнгийг итгэмжлэн хариуцсан болон эрх бүхий албан тушаалтай этгээд гэж үзэхгүй бөгөөд бусдын дансаар худалдсан хавтангийн үнийг бусдын дансаар  дамжуулан авсан нь хэргийг хамтран үйлдсэн гэх үндэслэлгүй байна.

Мөн шүүгдэгчийн бусдад худалдсан бетон хавтангийн хувьд байгууллагын үндсэн бүртгэлд бүртгэгдсэн, ашиглалтын дагуу зохих ёсоор хэрэглэгдэж, үндсэн хөрөнгийн бүртгэлээс хасагдаагүй, байгууллагын үндсэн хөрөнгийн бүртгэл болон шинжээчийн дүгнэлтээр хөрөнгийн үнэлгээ тогтоогдсон байна.

Иймд тус хэрэгт  нэмэлт ажиллагаа зайлшгүй хийгдэх шаардлагатай гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлгүй байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасан тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаарын хүрээнд П.*******т холбогдох эрүүгийн хэргийг шийдвэрлэх боломжтой байна гэж үзэн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, дээд шатны прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, 2 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 183 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, П.*******т холбогдох хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Шүүгдэгч П.*******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг  хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2-д зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн,  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэсэн  үндэслэлээр оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

 

                         ДАРГАЛАГЧ                                     Д.БУЯНЖАРГАЛ

      ШҮҮГЧИД                                     Б.ЭРДЭНЭХИШИГ

                                Г.ДАВААРЕНЧИН