Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 06 сарын 14 өдөр

Дугаар 181/ШШ2024/02454

 

 

 

 

 

 

 

 

 

 

2024 06 14

181/ШШ2024/02454

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Түмэнцэцэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, **** дугаар хороо, **** айл, ****дугаар байрны **** тоот хаягт оршин байрлах *******ны нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, **** дугаар хороо, **** айл, *** дугаар байрны ****тоот хаягт оршин суух О.С /РД:*************/-д холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: *******ны тамгыг албадан гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Б,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.Оюунчимэг,

Хариуцагч О.С,

Гэрч Б.Б, Д.Т, Ц.П, П.Б,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Отгончимэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч ******* нь хариуцагч ******* холбогдуулан Гэгээ-9 сууц өмчлөгчдийн холбооны тамгыг албадан гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Нэхэмжлэлийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд:

******* нь Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо /олны нэрлэснээр Цагаан байр/-ны 100 айлын 1, 2, 3, 4, 6, 9, 10 дугаар байрнуудын оршин суугчдын эрх ашгийг хамгаалах үүрэгтэйгээр 2007 онд байгуулагдсан.

Тус СӨХ байгуулагдсанаас хойш буюу 2007 оноос хойш хууль бусаар хуурамч нотлох баримтад тулгуурлан******* гэгч нь өөрийгөө тус байрны *******-ны дарга гэж өргөмжлөн, тамга тэмдэг, гэрчилгээг ашиглан оршин суугчдын Үндсэн хуульд заасан үндсэн эрх, эрх ашиг болох эрүүл аюулгүй орчинд амьдрах, өмчлөх эрхийг зөрчиж гэр хорооллын дахин төлөвлөлт Гэзэгийн худаг гэх компанитай нийлж хууль бус үйлдэл гаргасан. Мөн 100 айл орчмын худалдаа үйлчилгээний иргэдтэй гэрээ байгуулж хувьдаа мөнгө авч байсан удаа дараагийн маш их үйлдлүүд байгаа билээ.

Дээрх байрнуудын оршин суугчдын эрх ашиг зөрчигдөж байгаа учраас шүүхээр асуудлыг шийдвэрлүүлэхээр Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо, 1, 2, 3, 4, 6, 9, 10 дугаар байрны оршин суугчдын 2022 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн хуралдаанаар 57.8 хувийн ирцтэй хуралдаж *******ийг Гэгээ-9 сууц өмчлөгчдийн холбооны гүйцэтгэх захирлаар албан ёсоор томилсон. Гэвч Баянбилэг хуулийн дагуу *******-ны даргаар томилогдон ажиллаж байгаа ч тамга, гэрчилгээгүй байгаа учраас оршин суугчдын эрх ашиг зөрчигдөж, СӨХ-ны ажил хуулийн дагуу явагдахгүй байгаа юм.

2022 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Сүхбаатар дүүргийн Засаг даргын 1/1749 тоот албан бичгээр *******-ны тэмдэг болон бусад зүйлсийг тус СӨХ-ны Удирдах зөвлөлд хүлээлгэн өгөх тухай мэдэгдлийг*******д хүргүүлж байсан боловч үүнийг******* огтхон ч хэрэгжүүлээгүй. Тус *******-ны тамга албан ёсоор томилогдоогүй*******д байгаа нь манай СӨХ-ны үйл ажиллагаа доголдож оршин суугч, иргэдийн эрх ашиг зөрчигдөж байна.

Нийт оршин суугчдын хурлаа хуулийн дагуу 14 хоногийн өмнө зарласан. Манай 100 айлын Жобигийн ард талын хуучны цагаан байрнууд дахин төлөвлөлтөд оруулах гэж байгаа юм гээд манай тойргоос гарсан 3 гишүүнтэйгээ, Нийслэлийн орон сууцны корпорацийг бүгдийг нь дуудаж уулзалдаад СӨХ-ны асуудлыг ярилцъя гэдэг 5 мэдэгдэл хийгээд 14 хоногийн өмнө иргэддээ бүгдэд нь зарласан байдаг юм. Тэгээд бид нар СӨХ гэдэг юм аль эсвэл бүр байхгүй болчхооч л гэсэн байр суурьтай байгаа юм.

Иймд*******эс Гэгээ-9 сууц өмчлөгчдийн холбооны тамгыг албадан гаргуулж өгнө үү гэжээ.

1.а.Нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.Оюунчимэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлага *******-ны тамгыг хариуцагч*******эс албадан гаргуулах. Хариуцагч талаас татгалзлын үндэслэлээ нотлох баримтын хүрээнд нарийн тодорхой ярихгүй байгаа нь Гэгээ СӨХ-ны тамгыг хууль бусаар эзэмшиж, Удирдах зөвлөлийн дарга хийгээд байна гэдгийг гэрчилж байна гэж үзэж байна. Баянбилэг нь *******-ны албан ёсны дарга болсон нь 2022 оны 4 дүгээр сарын 8-ны өдрийн хурлаар шийдвэрлэгдсэн. Сууц өмчлөгчдийн эрх зүйн байдлын тухай хуульд заасан байгаа. Сууц өмчлөгчдийн холбооны даргыг өнөөдөр хэн сонгох ёстой юм. Оршин суугчид өөрсдөө удирдах зөвлөлөө сонгоод тэр сонгосон удирдах зөвлөл нь хуралдаад даргаа сонгох ёстой. Энэ ажил 2022 оны 4 дүгээр сарын 8-ны өдрийн хурлаар хуулийн хүрээнд хийгдсэн байна. Тийм учраас *******-ны тамга тэмдгийг Сэлэнгэ гэдэг хүн гаргаж өгөх ёстой байна.*******эг Удирдах зөвлөлийн хурлаар гүйцэтгэх захирлаар, даргаар ч юм уу сонгочхоод байгаа талаар баримт хавтаст хэрэгт байхгүй. Нийт оршин суугчдын хурал хийлээ, тэр бүрэлдэхүүнээр хийлээ гэж тус зөвлөлөөр томилно, гүйцэтгэх захирлаа томилно, удирдах зөвлөлөө сонгоод, Удирдах зөвлөл СӨХ-ны даргыг томилно энэ журмаараа явахгүй байгаа асуудлыг яагаад өнөөдөр хөндөж тавих болсон бэ гэхлээр тамга тэмдэг ашиглаад магадгүй нийтийн эрх, ашиг, оршин суугчдын эрх ашиг зөрчигдөөд байна. Баянбилэгийн эрх ашиг биш, энэ Сэлэнгээ гэдэг хүний эрх ашиг биш, нийт оршин суугчдын эрх ашиг яригдаж байгаа. Яагаад гэхээрдахин барилгажилтын төсөл явагдаад эхнээсээ биелээд энэ ажлынхаа хүрээнд Ирээдүйн 100 айл гээд төрийн бус байгууллагаараа энэ ажлыг хийж байгаа. Цаашдаа энэ СӨХ-той нь холбогдоод явах юм бол яалт ч байхгүй СӨХ-ны эрх ашиг хөндөгдөөд байна. Улсын бүртгэлийн гэрчилгээг нь судалж үзсэн. Тамга тэмдгээ авчихвал Улсын бүртгэлийнхээ хуулиар тэр хүрээндээ улсын бүртгэлийн гэрчилгээг өөрчлөх боломжтой. Өнөөдөр энэ хүн 10 жил, 20 жил, нэг жил, нэг сар СӨХ-ны дарга хийсэн гэдэг нь огт хамаагүй, хуулийн дагуу байгуулагдсан байх ёстой. Сэлэнгээг Удирдах зөвлөлөөс чөлөөлсөн гэдэг асуудал үйл баримтаар тогтоогдож байгаа. Байнгын зөрчилдөөнтэй, байнгын асуудалтай. Өнөөдөр Сэлэнгээ яг энэ асуудлыг хийж байсан бял Удирдах зөвлөл ийм бүрэлдэхүүнтэйгээр байгуулагдсан намайг сонгосон гэж чрих ёстой. Тэгэхэд нас барсан хүмүүсийг яриад байх юм. Миний хувьд Сэлэнгээг нэхэмжлэгч талтай эвлэрээд тамга тэмдгээ гаргаад өгчих боломжтой гэж үзэж байна. Тэгээд Удирдах зөвлөлийн даргаар томилогдоод ч юм уу, удирдах зөвлөлийн гишүүнээр ороод ч юм уу энэ ажлыг өөд нь татаад, өөрийнхөө арвин туршлагаасаа хуваалцаад энэ хүмүүст зааж сургаад, өөрөө бас харьцаа хандлагуудаа анхаараад явах боломж байгаа юм. Яагаад энэ хүмүүс 20 жил, 30 жил СӨХ гэсэн нэртэйгээр явах ёстой юм. Үүний цаана өөрийнх нь ашиг сонирхлын зөрчил харагдаад байгаа юм. Санхүүгийн тайлан гэж байхгүй. Сэлэнгэ өөрөө СӨХ-ны дарга гэдгээ нотолбол заавал Баянбилэгт булаацалдах алба байхгүй. Тодорхой үйл ажиллагаа явуулж байгаа юм байхгүй. Оршин суугч нарыгаа хуваагдуулаад байгаа асуудал хэнээс болоод байна, яагаад намайг хүлээн зөвшөөрөхгүй байгаад байна гэдгийг бодох хэрэгтэй. Цагдаагийн газарт яригдахаар асуудлууд ч харагдаад байгаа юм. Энийг баталгаатайгаар хэлэх боломж байхгүй. Иргэний шүүхийн аль ч шатанд талууд эвлэрэн хэлэлцэх боломжтой тул эвлэрээд тамга тэмдгээ өгчих. Удирдах зөвлөлдөө оруулаад, дараа нь та Удирдах зөвлөлөөр сонгогдож СӨХ-ны даргаар ч сонгогдож болно. Яагаад гэхээр СӨХ-ны тухай хуульд зааснаар СӨХ татан буугдах үндэслэл байхгүй байгаа юм. Иймд нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэв.

2.Хариуцагч хариу тайлбартаа: 2007 оноос Гэгээ СӨХ хүнд нөхцөлд үйл ажиллагаа явуулж байгаа боловч 2021 оноос эхлэн Б.Батбилэг нь Ирээдүй 100 айл ТББ-ын дарга тай хамтран хэсэг бүлэг этгээдүүд Гэгээ СӨХ-ны үйл ажиллагаанд ноцтой хохирол учруулж, сууц өмчлөгч буюу хамтран ажиллаж байгаа байгууллагууд, олон нийтийн газар нэр төрд халдан худал мэдээлэл тараах үйл ажиллагааг одоо болтол явуулж, гүтгэж доромжлох нь хэрээс хэтэрч байна. 2022 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо, Улсын Их хурлын гишүүд сонгогчидтойгоо уулзах нэрийдлээр оршин суугчдын хурал зарлан гарын үсэг цуглуулж тэр хурлаа СӨХ-ны хурал болгон ашиглаж Гэгээ СӨХ-ны нэр барьж санаатайгаар хуйвалдан тамга тэмдэг гарган авах хүсэлт гаргасан. Мөн үндэслэлгүйгээр гүйцэтгэх захирлыг ажлаас чөлөөлөх тухай бичсэн байна. Б.Батбилэг нь нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан гэжээ.

2.а.Хариуцагч О.Сэлэнгэ шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. *******-нд 2005 оноос хойш ер нь 2000 оноос сууц өмчлөгч иргэд шаардлага тавиад нийтээрээ эвлэлдэн нэгдээд орон сууцнаас өгсөн нэг хүнийг хууль бус гэдгийг нь зарлаад явж байсан. Тэр хүн 100 айлыг хамгийн аймшигтай нөхцөл рүү оруулсан байдаг. Энийг Баянбилэг сайн мэдэхгүй байх гэж бодож байна. Монголын бүх муу муухай гэмт хэргүүд, хүчингийн хэрэг, хүн амины хэрэг, дээрэм хулгай, бүх архичин бүгд энэ 100 айл дээр үүрлэчихсэн байсан. Бид нарт амьдрахад хэцүү байсан. Би өөрөө тэндхийн үндсэн суугч амьдарч байсан. Засаг дарга Аюурзаяа нь намайг дуудаад энэ СӨХ-ийг аваад янзлаадах гэхээр би үгүй гэж хэлсэн. Би өөрөө тухайн үед улсад ажиллаж байсан болохоор явъя гээгүй, тэгээд явсаар байтал эргэн тойрны бүх газар хэцүү болсон. 2005 оноос 2007 оны хооронд 100 айлын сууц өмчлөгчид өөрсдөө яриад эвлэлдэн нэгдээд санхүүжилтээ өөрсдөө гаргаад 9 дүгээр байрнаас эхлээд байраа зассан. Засахдаа бид нар 40 мянгатын орчим шиг байраа 100 айлыг өөрчилсөн. Манайх СӨХ-г авахад 1, 2, 3, 4, 6, 9, 10 дугаар байрууд гээд 9 байр байсан 5, 7 дугаар байрууд төрийн нөлөө бүхий улсуудын Нийслэлийн газрын алба буюу Барилга хот байгуулалтын төлөвлөлтийн инженер гээд том эрх мэдэлтэй хүмүүсийн эрх мэдэлд оччихсон байсан. Тухайн үед бид нар СӨХ-ны газраа нэхэмжилсэн. Газраа нэхэмжлээд явж байхад манай 100 айл хүн амьдрах аргагүй байсан. Орцон дотор архичин, эмзэг бүлгийнхэн үүрлэчихсэн, гэр орноосоо хүмүүс гарч чадахгүй чүдэнз, гэрэл, лаа асааж байж гардаг байнгын цагдаад өдөр бүр дуудлага өгдөг орчин байсан. Бид нар 100 айлыг өөрчилж эхэлсэн, оршин суугчид дагаж эхэлсэн. СӨХ-өө байгуулаад байрны дарга сонгосон 7 удаа сонгосон чинь над руу дайраад, давшлаад би гайхсан. Амьдарч байгаа орчноо өөрчлөөд хогийг нь цэвэрлээд эмзэг хүмүүсийг хороо, нийгмийн халамжийн газрууд, цагдаатайгаа нийлээд орчноо өөрчлөөд тэр хүмүүсийг холбогдох газарт нь өгүүлээд бүх шатных нь арга хэмжээг гуравласан гэрээтэйгээр зохицож явж байсан. Суугчид орчноо гоё болгож болдог юм байна 100 айлыг өөрчилж болдог юм байна гэдгийг ойлгуулсан. 9, 10 дугаар байрны урд талд хужаа нар үүрлэчихсэн газар барилга барьж байгаа нь мэдэгдэхгүй, хүн амьтан байгаа нь ч мэдэхгүй, 100 айлын бүх нохойнуудыг аваачиж тэнд алж идсэн гээд аймшигтай юм болж байсан. Бид нар Даяар Монголынхантай 5 шар дээр очиж уулзаж олж ирээд хужаа нарыг цэгцэлж өгөөч гэдэг хүсэлт гаргаад би Удирдах зөвлөлийн дарга Хасагнямтайгаа явж байсан. Манай СӨХ-ны хувьд маргаантай юмнууд нь инженер, дарга хуучин Бямбаа захирал гээд байгаа энэ хоёр хоорондын хувийн харьцаанаас болоод ёс зүйгүй харьцаа гаргаад тэр нь буруу тал дээр хүмүүсийг дагуулж явсан байдаг. Миний хувьд СӨХ-ны даргын үүрэг гүйцэтгэгчээр 2007 оны 12 дугаар сарын 29-ний өдөр томилогдсон. Тэгээд 2008 оны 2 дугаар сарын 15-ны өдөр Удирдах зөвлөл хуралдаад албан ёсоор болгосон. Тэгтэл Бямбаа захирал энэ бүх юмаа авахын тулд би эд нарын алинтай ч муудаагүй тэр хоёрын маргаанаас болоод одоо хүртэл үргэлжилж байгаа. Энэ чинь бүүр аль дээрээс өс хонзонгийн гаралтай мапижсан аюултай юм байгаа. Тэгэхээр энэ олон хүмүүсийг, 100 айлыг өөрчилсөн, тэр 7 байрыг гэрэлтэй, гэгээтэй 40 мянгатын орчин шиг болгосон ******* удирдах зөвлөл сайтай, хяналтын зөвлөл сайтай, манайх 2007 оноос эхлээд хуулийн зөвлөхтэй явсан. Яг энэ СӨХ албан ёсны Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын 82 тоот гэрчилгээ аваад явахдаа хуулийн зөвлөхтэй байсан. Манайх хуулийн зөвлөхтэй явсаар байгаад өнөөдөр хүрсэн, өнөөдөр ч хуулийн зөвлөгөө аваад явж байдаг. Би Баянбилэгт хэлсэн. Баянбилэгийг анх Иргэдийн хурлын төлөөлөл юм болов уу гэж бодсон. Та 2021 оны 12 дугаар сарын 07-ны үеэр манай нийтийн эзэмшлийн талбайг сууц өмчлөгчдийн холбооны тохижилтын ажил хийлгэхгүй шахаж гарч ирсэн хүн та байгаа юм. Хаанаас ирсэн ямар албан дээр байдаг хүн бэ тантай танилцъя гэсэн та нэрээ хэлээгүй, тэгвэл утсаа өгчих гэсэн чинь би чамд утсаа өгөхгүй гэж хэлсэн. Тэгээд би яасан том хүн бэ гээд таны зургийг чинь авахад, яагаад зураг аваад байгаа юм гэсэн. Зургийг чинь аваад Засаг даргаас, Иргэдийн хурлаас, дүүргээс очоод чамайг асуусан. Энэ ямар хүн бэ, манай дүүрэгт юу хийдэг хүн бэ гэхэд ийм хүн байдаггүй гэж хэлсэн. Тэр зураг миний утсанд байгаа. Би ч чамайг мэдэхгүй байна. Яагаад гэвэл СӨХ-г би 19 жил удирдаж байгаа. СӨХ-ны удирдах зөвлөл 4 улиралын тайлан тавьдаг. Удирдах зөвлөл дээр хянагдаж удирдах зөвлөлд тайлангаа тавьж, удирдах зөвлөлийнхөө гаргасан тогтоол шийдвэрийг биелүүлдэг, өдөр тутмынх нь ажлыг зохицуулдаг. СӨХ нь нийт сууц өмчлөгч нийтийн эрх ашгийг хохироохгүйн тулд Сэлэнгэ миний бие өнөөдрийг хүртэл сууц өмчлөгч иргэдийн итгэл үнэмшлийг аваад өнөөдөр болтол явсан. Гэтэл сууц өмчлөгчид алгаа ташаад СӨХ-ны удирдлагыг сонгож байсан сууц өмчлөгчид өнөөдөр байхгүй болсон. Түрээслэгчид, өмнө амьдарч байсан хүмүүсийн хүүхдүүд, хүүхдүүдийн хүүхдүүд, хүргэн, бэр, ах дүү хамаатан садангууд болчихсон. Энд ирсэн байгаа хүмүүсийн хаяг нь бүгд худлаа. Баянбилэгийг 30 гаруй настай байж ээж аавтайгаа амьдраад байна гэж бодохгүй байна. 3 дугаар байр 2016 онд буулгагдчихсан байр. Тэгэхлээр 3 дугаар байрыг манай Засаг дарга Аюушжав буулгасан. 3,600,000 төгрөгийг Гэзгийн хутаг компаниас аваад буулгасан. Дараа нь Өндөрзаяа гэж явсан. Дараа нь Гэзгийн худаг компани чинь Засгийн газрын 100,000 гэр хорооллын айлуудыг орон сууцжуулах төслийг хэрэгжүүлж байсан. Тэр аймшигтай, хүний амь амьдрал, амь насаар тоглосон аймшигтай хүмүүс бол чиний гэрчээр оруулах гэж байгаа хүмүүс. Улс орноо цөлмөж болж байгаа юм уу, шударга ёс гэдэг чинь ганц л байдаг. Би харин шударга хуулийн өмнө шүүхийн өмнө ирсэндээ баярлаж байна. Тиймээс үнэнээр нь ярина. Би худлаа ярих ямар ч эрх надад байхгүй. Тийм учраас би өнөөдөр шүүх хуралдаанд орж байгаа хүмүүс нэг удаа нийгмийн өмнө хүлээсэн хариуцлага байхгүй, нэг удаа СӨХ-нд төлбөр төлөөгүй хүмүүс юм. Би зөндөө олон удаа загнуулж, гүтгүүлсэн. СӨХ 2022 оны 4 дүгээр сарын 8-ны өдөр хуралдаагүй. Энэ хүмүүс өөрсдөө гарчихсан. Энэ хурал хийсэн гэж яриад байгаа нь хурал биш. Энэ тойргийн гишүүн *******, *******, *******тэй уулзана гэсэн 4 дүгээр сарын 8-ны өдрийн хурал. Энэ 2022 оны 4 дүгээр сарын 8-ны өдрийн миний зураг гэв.

3.Хэрэгт доорх бичгийн баримтууд авагдсан:

3.а.Нэхэмжлэгч талаас: Улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг төлсөн баримт, 2022.04.08-ны өдрийн Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны 100 айлын 1, 2, 3, 4, 6, 9, 10 дугаар байрны бүх гишүүдийн хурал, дотоод журам, Байрнуудын өмчлөгч оршин суугчдын дахин төлөвлөлт болон *******-ны талаарх бүх гишүүдийн 2022.04.08-ны өдрийн 03 дугаартай хурлын тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, Байрнуудын өмчлөгч оршин суугчдын бүх гишүүдийн 2022.04.08-ны өдрийн хурлын тогтоол, *******-ны удирдах зөвлөлийн 2022.04.14-ний өдрийн 01 дугаартай хурлын тэмдэглэл, Удирдах зөвлөлийн 2022.04.14-ний өдрийн 01 дугаартай хурлын шийдвэр, Шинээр байгуулагдсан удирдөх зөвлөлийн 2022.04.14-ний өдрийн 01 дугаартай гүйцэтгэх захирлыг томилох тухай хурлын тогтоол, Хяналтын зөвлөлийн 2022.04.14-ний өдрийн 01 дугаартай хурлын шийдвэр, *******ийн иргэний үнэмлэхний хуулбар, оршин суугаа хаягийн лавлагаа, *******, , нарын иргэний үнэмлэхийн хуулбар, *******-ны захирал*******э ба удирдах зөвлөлийн даргад хүргүүлсэн 2022.04.05-ны өдрийн мэдэгдэл, зарлал, *******-ны удирдлагыг өөрчлөх тухай хуралдааны зарыг хүргэсэн нэрсийн жагсаалт 1-10 дугаар байр /2022.03.25/, *******-г татан буулгахыг зөвшөөрсөн иргэдийн нэрсийн жагсаалт 1-10 дугаар байр /2022.03.25/, *******-ны даргыг солих, удирдах зөвлөл сонгохоор хуралд оролцсон ирцийн бүргэл 2022.04.08 /1-10 дугаар байр/, оршин суугчдын бичгээр гаргасан хүсэлт, Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2022.09.26, 2023.09.28-ны өдрүүдийн 2/1684, 7/1805 дугаартай албан бичиг, Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2022.10.03-ны өдрийн 1/1749 дугаартай Гэгээ-9 захирал*******д хүргүүлсэн албан бичиг, 2022.10.03-ны өдрийн 1/1750 дугаартай *******т хүргүүлсэн албан бичиг, СӨХ-ны 2023.08.16-ны өдрийн Удирдах зөвлөлийн хурлын тэмдэглэл, 2 дугаартай тогтоол, СӨХ-ны удирдах зөвлөлийн дарга, гишүүдээ *******т олгосон итгэмжлэл, СӨХ-ны удирдах зөвлөлийн 2007.04.28-ны өдрийн 3 дугаартай гүйцэтгэх захирлыг томилох тухай тогтоолын хуулбар, Удирдах зөвлөлийн даргыг сонгох тухай 2007.04.28-ны өдрийн 01 дугаартай тогтоолын хуулбар, Удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнийг сонгон батлах тухай 2007.04.28-ны өдрийн 02 дугаартай тогтоолын хуулбар, Хяналтын зөвлөлийн гишүүдийг батлах тухай 2007.04.28-ны өдрийн 04 дугаартай тогтоолын хуулбар, СӨХ-ны нэрийг өөрчлөх тухай 2007.04.28-ны өдрийн 05 дугаартай тогтоолын хуулбар, Хантайшир-8 СӨХ-ны Удирдах зөвлөлийн гишүүнийг чөлөөлөх тухай 2007.04.28-ны өдрийн 01 дугаартай тогтоолын хуулбар, Ажлаас чөлөөлөх тухай 2007.04.28-ны өдрийн 02 дугаартай тогтоолын хуулбар, Хяналтын зөвлөлийн гишүүнээс чөлөөлөх тухай 2007.04.28-ны өдрийн 03 дугаартай тогтоолын хуулбар, 2007.04.28-ны өдрийн *******-ны Удирдах зөвлөлийн өргөтгөсөн хурлын тэмдэглэл, 2007.04.28-ны өдрийн *******-ны 2006.12.03-ны өдрийн хурлын ээлжит бус хурлын зарим тогтоолд нэмэлт өөрчлөлт оруулах тухай мэдээллийн хуулбар, Удирдах зөвлөлийн 2007.04.28-ны өдрийн хурлын тэмдэглэлийн хуулбар, 2007.04.14-ний өдрийн Удирдах зөвлөлийн өргөтгөсөн хурлын тухай зарлалын хуулбар, хурлаар хэлэлцэх асуудлын төлөвлөгөөний хуулбар, 2007.04.28-ны өдрийн Удирдах зөвлөлийн өргөсөн хурлын дотоод журмын хуулбар, 2007.04.28-ны өдрийн Хяналтын зөвлөлийн хурлын тэмдэглэлийн хуулбар, 2007.04.28-ны өдрийн 01 дугаартай Хяналтын зөвлөлийн даргыг сонгох тухай тогтоолын хуулбар, Удирдах зөвлөлийн өргөтгөсөн хуралд оролцсон хүмүүсийн нэрсийн хуулбар, Удирдах зөвлөлийн даргын тодорхойлолтын хуулбар, 2007.03.20-ны өдрийн санал асуулгын дүнгийн товчооны хуулбар, 100-н айлын ариун цэврийн байгууламж 6,7-н засварын зураг, Түлхүүр гардуулах гэрээний нөхцөлтэй нийтийн эзэмшлийн орон сууцны орцын их засвар /Сүхбаатар дүүрэг 7-10 дугаар хороо/ гүйцэтгэлийн зураг, Хот байгуулалт, хөгжлийн газрын 2021.04.21-ний өдрийн 01/1054 дугаартай албан бичиг, 24 дүгээр цэцэрлэгийн баруун талд байрлах гадна талбайн хүүхдийн тогтоомын тохиржилт ногоон байгууламжийн гүйцэтгэл, гаргаж өгсөн.

3.б.Хариуцагч талаас: Хариу тайлбар, *******-ны гэрчилгээний хуулбар, 2009.02.15-ны өдрийн *******-ны бүх гишүүдийн хуралдааны тэмдэглэлийн хуулбар, 2009.02.15-ны өдрийн 01 дугаартай *******-ны бүх гишүүдийн хурлын тогтоолын хуулбар, 2009.02.16-ны өдрийн *******-ны удирдах зөвлөлийн хуралдааны тэмдэглэлийн хуулбар, 2009.02.16-ны өдрийн 02 дугаартай *******-ны удирдах зөвлөлийн тогтоолын хуулбар, Сертификат, Сүхбаатар дүүргийн шүүхийн 2008.09.10-ны өдрийн 202 дугаартай шийдвэрийн хуулбар, Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын 2013.02.01-ний өдрийн 126 дугаартай Эрүүгийн хэрэг хэрэгсэхгүй болгох тухай прокурорын тогтоолын хуулбар зэргийг гаргаж өгсөн.

3.в.Шүүхийн журмаар бүрдүүлсэн: Нэхэмжлэгч талаас гэрч , , Ц.Пүрэвсүрэн, П.Булганмаа нарыг асуулгах хүсэлт гаргасныг шүүх хангаж, шүүх хуралдаанд гэрчийн мэдүүлэг авсан, гэрчээр асуугдсан Ц.Пүрэвсүрэн мэдүүлэг өгсөнтэй холбогдуулан 2007.07.04-ний өдрийн *******-ны орлогын баримт 02 дугаартайг, 2004 оны 1 сарын огноотой орлогын баримт 12 дугаартайг, Монголын Нотариатчдын танхимын 2012.03.22-ны өдрийн 118 тоот Хүсэлтийн хариу, Иргэн Ц.Пүрэвсүрэн, М.Зэнзмаа нарын гомдолд гаргасан Ц.Сэржмядагийн 2013.05.22-ны өдрийн тайлбар, 2009 оны 6-р сарын 21-ний өдрийн Орон сууц арилжааны 169 тоот гэрээний хуулбар зэрэг авагджээ.

ҮНДЭСЛЭХ нь:

4.Шүүх, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.

5.Нэхэмжлэгч ******* нь хариуцагч*******д холбогдуулан *******ны тамгыг албадан гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:

******* байгуулагдсанаас хойш буюу 2007 оноос хойш хууль бусаар хуурамч нотлох баримтад тулгуурлан******* гэгч нь өөрийгөө тус байрны *******-ны дарга гэж өргөмжлөн, тамга тэмдэг, гэрчилгээг ашиглан оршин суугчдын Үндсэн хуульд заасан үндсэн эрх, эрх ашиг болох эрүүл аюулгүй орчинд амьдрах, өмчлөх эрхийг зөрчиж Гэр хорооллын дахин төлөвлөлт хийх нэрийн дор Гэзгийн худаг гэх компанитай нийлж хууль бус үйлдэл гаргасан. Мөн 100 айл орчмын худалдаа үйлчилгээний иргэдтэй гэрээ байгуулж хувьдаа мөнгө авч байсан удаа дараагийн үйлдэл гаргасан. *******-ны тамга албан ёсоор томилогдоогүй*******д байгаа нь манай СӨХ-ны үйл ажиллагаа доголдож оршин суугч, иргэдийн эрх ашиг зөрчигдөж байх тул шаардах эрхтэй гэжээ.

6.Хариуцагч******* нэхэмжлэлийн шаардлагыг 2022 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо, Улсын Их хурлын гишүүд сонгогчидтойгоо уулзах нэрийдлээр оршин суугчдын хурал зарлан гарын үсэг цуглуулж тэр хурлаа СӨХ-ны хурал болгон ашиглаж *******-ны нэр барьж санаатайгаар хуйвалдан тамга гаргуулан авах нэхэмжлэл гаргасан, мөн үндэслэлгүйгээр гүйцэтгэх захирал намайг ажлаас чөлөөлсөн, Б.Батбилэг нь нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасныг зөвшөөрөхгүй гэж маргасан.

7.Зохигч талуудын тайлбар, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

Иргэний хуулийн 143 дугаар зүйлийн 143.1-д нийтийн зориулалттай орон сууцны нэг байшинд хоёр буюу түүнээс дээш өрх сууц өмчлөгч болсон тохиолдолд дундын өмчлөлийн эд хөрөнгийг дундаа өмчлөх эрхийг хэрэгжүүлэх, орон сууцны ашиглалтын хэвийн байдлыг хангах, сууц өмчлөгчдийн эрх ашиг, сонирхлыг хамгаалах, зорилгоор сууц өмчлөгчдийн холбоо байгуулахаар хуульчилсан.

7.1.Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 100 айлын 1, 2, 3, 4, 6, 9, 10 дугаар байруудын оршин суугчдын байгуулсан Гэгээ-9 Сууц өмчлөгчдийн холбооны өргөдөл, холбогдох бичиг баримтыг хянаад Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1-т заасан эрхийн хүрээнд СӨХ-ны хурлын шийдвэрийг үндэслэн *******г 2007 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр СӨХ-ны бүртгэлд бүртгэж Сүхбаатар дүүргийн Засаг дарга 82 дугаартай гэрчилгээ олгожээ./хх-128/

7.2.Хавтаст хэрэгт Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны *******-ны Удирдах зөвлөлийн хурлын 2007 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 03 тоот Гүйцэтгэх захирлыг томилох тухай тогтоол, мөн өдрийн 01 тоот Удирдах зөвлөлийн даргыг сонгох тухай тогтоол, 02 тоот Удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнийг сонгон батлах тухай тогтоол, 04 тоот Хяналтын зөвлөлийн гишүүдийг батлах тухай тогтоол, 05 тоот СӨХ-ны нэрийг өөрчлөх тухай тогтоол, 01 тоот Хантайшир-8 СӨХ-ны Удирдах зөвлөлийн гишүүнийг чөлөөлөх тухай тогтоол, 02 тоот Ажлаас чөлөөлөх тухай тогтоол, 03 тоот Хяналтын зөвлөлийн гишүүнийг чөлөөлөх тухай тогтоол, мөн өдрийн Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны *******-ны Удирдах зөвлөлийн өргөтгөсөн хурлын тэмдэглэл, мөн өдрийн Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны *******-ны 2006 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн ээлжит бус хурлын зарим тогтоолд нэмэлт өөрчлөлт оруулах тухай мэдээлэл, Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны *******-ны Удирдах зөвлөлийн хурлын тэмдэглэл, Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны *******-ны Удирдах зөвлөлийн өргөтгөсөн хурлын 2007 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн тэмдэглэл, Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны *******-ны Удирдах зөвлөлийн өргөтгөсөн хурлаар хэлэлцэх асуудлын төлөвлөгөө, Удирдах зөвлөлийн өргөтгөсөн хурлын дотоод журам, 01 тоот Хяналтын зөвлөлийн даргыг сонгох тухай тогтоол, Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны *******-ны Удирдах зөвлөлийн өргөтгөсөн хуралд оролцсон хүмүүсийн нэрс-ийн жагсаалт, 2007 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн ...санал асуулгын дүнгийн товчоо, *******-ийн бүх гишүүдийн хуралдааны 2009 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн тэмдэглэл, мөн өдрийн Бүх гишүүдийн хурлын тогтоол, *******-ийн бүх гишүүдийн хуралдааны 2009 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн тэмдэглэл, мөн өдрийн *******-ны удирдах зөвлөлийн 002 тоот тогтоол зэрэг авагдсан байна./хх 128, 79-101, 129-135/

7.3.Мөн 2022 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны 100 айлын 1, 2, 3, 4, 6, 9, 10 дугаар байрны бүх гишүүдийн хурал, дотоод журам, мөн өдрийн Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны 100 айлын 1, 2, 3, 4, 6, 9, 10 дугаар байрны өмчлөгч оршин суугчдын дахин төлөвлөлт болон *******-ны талаарх бүх гишүүдийн хурлын 03 тоот тэмдэглэл, тус хуралдаанд оролцогчдыг харуулсан гэрэл зургийн үзүүлэлт, Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны 100 айлын 1, 2, 3, 4, 6, 9, 10 дугаар байрны өмчлөгч оршин суугчдын бүх гишүүдийн хурлын 2022 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн тогтоол, *******-ны удирдах зөвлөлийн 2022 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 01 дугаартай хурлын тэмдэглэл, *******-ны удирдах зөвлөлийн 2022 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 01 дугаар хурлын шийдвэр, *******-ны шинээр байгуулагдсан удирдөх зөвлөлийн хурлын 2022 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 01 дугаартай Гүйцэтгэх захирлыг томилох тухай тогтоол зэргийг нэхэмжлэгч талаас гаргаж өгсөн байна./хх-3-16,

7.4.Дээрх баримтаас үзэхэд, *******-ны Удирдах зөвлөлийн 2009 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 002 тоот тогтоолоор *******-ны гүйцэтгэх захирал С.Бямбааг 2009 оны 02 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн үүрэгт ажлаас нь чөлөөлж, гүйцэтгэх захирлаар*******эг мөн өдрөөс эхлэн сонгон ажиллуулсан бөгөөд тухайн цаг хугацаанаас хойш буюу *******-ны Удирдах зөвлөлийн 2022 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн хурлын 01 тоот шийдвэрээр ...гүйцэтгэх захирал гэгч*******эг огцруулж шинээр томилогдох гүйцэтгэх захирал нь удирдах зөвлөлөөс гаргасан шийдвэрийг цаг хугацаанд нь биелүүлдэг. Оршин суугчдын итгэлийг дааж удирдан зохион байгуулж ажиллах чадвартай байх болзол шалгуурт тэнцсэн хүнийг томилж ажиллуулахыг санал нэгдсэн. *******-ны гүйцэтгэх захирлаар ажиллаж байгаа*******эг огцруулж шинээр байгуулагдсан удирдах зөвлөлийн гишүүн *******ийг *******-ны гүйцэтгэх захирлаар томилон ажиллуулахаар шийдвэрлэжээ./хх 136, 14, 15/

Эдгээр баримтуудаас дүгнэхэд ******* нь Гэгээ-9 Сууц өмчлөгчийн холбоог төлөөлж шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй тул хариуцагчийн татгалзсан тайлбар үндэслэлгүй байна.

Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн тухай хуулийн 8 дугаар зүйлд бүх гишүүдийн хурал ээлжит болон ээлжит бус байх, дүрэмд өөрөөр заагаагүй бол ээлжит хурлыг жилд нэгээс доошгүй удаа хуралдуулахаар зохицуулсан байна.

7.5.*******-ны бүх гишүүдийн хурлыг хуульд заасны дагуу 2022 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр зохион байгуулж явуулсан болох нь хэргийн үйл баримт, шүүх хуралдаанд оролцож мэдүүлэг өгсөн гэрч , , Ц.Пүрэвсүрэн нарын мэдүүлгээр нотлогдсон.

Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.5-д Бүх гишүүдийн хурлын товыг хурал хуралдуулахаас 14-өөс доошгүй хоногийн өмнө гишүүдэд зарлаж, хурлаас гарах шийдвэрийн төслийг бичгээр мэдэгдэнэ. гэж заажээ.

7.6.Доорх баримтаар *******-ны бүх гишүүдийн хурлын товыг хурал хуралдуулахаас 14-өөс доошгүй хоногийн өмнө гишүүдэд зарлаж, хурлаас гарах шийдвэрийн төслийг бичгээр мэдэгдсэн гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Үүнд: -2022 оны 03 дугаар сарын 25-ны өдөр *******-ны Бүх гишүүдийн хурал товлогдож, сууц өмчлөгчдөд хуралд оролцохыг мэдэгдсэн талаар Зарлал, хурлаар хэлэлцэх асуудлыг урьдчилан гаргаж оролцох боломжгүй хүмүүсээс санал авсан болох нь *******, 2022 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт хамаарах 10 айлын 1, 2, 3, 4, 6, 9, 10 дугаар байруудын оршин суугчдын *******-ны удирдлагыг өөрчлөх тухай хуралдааны зарыг хүргэсэн нэрсийн жагсаалт гэсэн бичвэртэй тухайн байр тус бүрийн оршин суугчдын нэрсийн жагсаалтууд,/хх 23, 24-62/

-2022 оны 4 дүгээр сарын 5-ны өдрийн Мэдэгдэл-ээр *******-ийн захирал Сэлэнгээ ба удирдах зөвлөлийн дарга танд: тус СӨХ-ийн харьяа байруудын оршин суугчдын санал хүсэлтээр бүх гишүүдийн хурал зохион байгуулагдаж байгаа тул тайлан мэдээ сонсох шаардлагатай байна. Иймд 2022 оны 4 дүгээр сар 8-нд 16 цаг 30 минутанд 3-р сургуулийн Урлаг заал-нд хүрэлцэн ирж үйл ажиллагааны тайлангаа тавина уу. Оршин суугчид: ...нийт 32 оршин суугч нар гарын үсгээ зурсан баримт,/хх 23/

-*******-ийн бүх гишүүдийн хуралд бичгээр санал өгсөн ...3-р байрны 18 тоотын оршин суугч Д.Сугарсүрэн, 1-р байрны 43 тоотын оршин суугч Ч.Баярсайхан, 9-р байрны 11б тоотын оршин суугч Б.Оюунчимэг, 6-р байрны 4 тоотын оршин суугч П.Рэнцэнханд, 4-р байрны 17 тоотын оршин суугч Д.Энхбаяр нарын гараар бичиж, гарын үсэг зурсан саналууд,/хх-63, 67-69, 71/

Зарлал гэсэн баримтанд: Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо, 100 айлын 1, 2, 3, 4, 6, 9, 10 дугаар байруудын оршин суугчид 2022 оны 04 сарын 08-ны өдрийн 16:30 цагт Монгол 3 дугаар сургуулийн Урлаг заал-нд үндсэн оршин суугч эзэмшигчдийн хуралтай тул иргэд та бүхэн өргөнөөр оролцоно уу. Хэлэлцэх асуудал: 1.Иргэдийн өргөдөл, гомдол санал хүсэлтийг үндсэн Гэгээ-9 сууц өмчлөгчдийн холбооны асуудлыг шийдвэрлэх,

2.Өмнө нь ажиллаж байсан сууц өмчлөгчийн холбооны удирдах зөвлөлийг татан буулгах,

3.Дахин удирдах зөвлөл, хяналтын зөвлөл сонгох, баталгаажуулах.

4.Дахин төлөвлөлттэй холбоотой хийгдсэн ажлуудын талаархи мэдээлэл сонсгох,

5.Дүүргийн Засаг даргын нөөц хөрөнгөөр нийт өмчлөгч эзэмшигчдийн амьдарч буй байрны эрсдэл болон мкв-ын бодит үнэлгээг хийх тухай,

6.6-р байрны урд талд Хелос ХХК-аас чөлөөлж авах тухай /А.Баясгалан/, 7.24-р цэцэрлэгийн урд байрлах газрыг хувь иргэн Мөнх-Итгэлээс чөлөөлж авах тухай. Холбогдох утасны дугаар: 90727077, 99545441, 88609717, 88664925 зэргээр тогтоогдож байна.

Иймээс *******-ны бүх гишүүдийн хурлыг 2022 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр товлон хуралдуулж, хуучин СӨХ-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан*******эг огцруулж шинээр байгуулагдсан удирдах зөвлөлийн гишүүн *******ийг *******-ны гүйцэтгэх захирлаар томилон ажиллуулахаар шийдвэрлэсэн үйл баримт тогтоогдож байх тул уг хурлыг хууль бус гэж үзэх үндэслэлгүй байна.

7.7.Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.4.9-т гүйцэтгэх захирлыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн тухай удирдах зөвлөлийн шийдвэр гарвал уг шийдвэр гарсан өдрөөс хойш ажлын 3 хоногт багтаан холбооны тэмдэг болон бусад зүйлсийг удирдах зөвлөлд хүлээлгэн өгөх;-өөр заасан хуулийн заалтыг хариуцагч******* биелүүлээгүй, *******ны тамга*******эд одоо ч байгаа үйл баримт тогтоогдож байна.

Иймээс хариуцагч О.Сэлэнгийн 2022 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо, Улсын Их хурлын гишүүд сонгогчидтойгоо уулзах нэрийдлээр оршин суугчдын хурал зарлан гарын үсэг цуглуулж тэр хурлаа СӨХ-ны хурал болгон ашиглаж *******-ны нэр барьж санаатайгаар хуйвалдан тамга гаргуулан авах нэхэмжлэл гаргасан, мөн үндэслэлгүйгээр гүйцэтгэх захирал намайг ажлаас чөлөөлсөн... гэх татгалзал үндэслэлгүй, бичгийн баримтаар нотлогдоогүй тул нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.

8.Нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдөр урьдчилан төлсөн 70,200/далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч*******эс тэмдэгтийн хураамж 70,200/далан мянга хоёр зуу/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч *******нд олгож шийдвэрлэх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт тус тус заасантай нийцнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.4.9 дэх заалт, Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч*******эс *******ны тамгыг албадан гаргуулж, нэхэмжлэгч *******нд олгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хараамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200/далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч*******эс 70,200/далан мянга хоёр зуун/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч Гэгээ-9 сууц өмчлөгчдийн холбоонд олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.5, 119.7 дахь заалтад зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй, зохигчийн оролцоогүйгээр шийдвэрлэсэн талд шүүх шийдвэрийг энэ хуулийн 119.4-т заасан хугацаанд зохигчид гардуулах ба ийнхүү гардуулах боломжгүй бол шүүх уг хугацаа өнгөрснөөс хойш 7 хоногийн дотор зохигчийн оршин суугаа /оршин байгаа/ газар болон ажилладаг байгууллагын аль нэг хаягаар баталгаат шуудангаар, эсхүл шүүхийн ажилтнаар хүргүүлэх бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ТҮМЭНЦЭЦЭГ