Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 09 сарын 27 өдөр

Дугаар 00114

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС:

 

 

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн шүүгч Д.Ренченхорол даргалж, явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар:

 

            Нарийн бичгийн дарга                           П.Нямсүрэн

 Улсын яллагч                                         Д.Уранчимэг

Шүүгдэгчийн өмгөөлөгч                          Ж.Энхжаргал  

             Шүүгдэгч                                                 А.У нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийв.

 

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын  прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн А.Ут холбогдох 1732000240010 тоот эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

                            

Биеийн байцаалт: Монгол улсын иргэн, яс үндэс халх, 1994 оны 07 дугаар сарын 31-ний өдөр төрсөн, бүрэн бус дунд боловсролтой, жолооч гагнуурчин мэргэжилтэй,  23 настай, эрэгтэй,  ам бүл 3 эхнэр хүүхдийн хамт амьдардаг, Сэлэнгэ аймгийн Мандал сумын 241 дүгээр тоочиг 2 дугаар багт оршин суух, эрхэлсэн тодорхой ажилгүй, Тайж овогт Ариунзаяагийн У /РД:МЗ94073118/

Тодорхойлох нь:

Шүүгдэгч А.У нь 2017 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 23 цагийн орчим Сэлэнгэ аймгийн Мандал сумын 7-р багийн нутаг дэвсгэр, Эко угаалгын орчим иргэн Ц.Оэтэй маргалдан улмаар түүнийг зодож биед нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.У мэдүүлэхдээ: 2017 оны 08 дугаар сарын 22-ны өдөр хойд Ноёдоос наадмын талбай орчихоод буцаж Мандал суманд Тост өргөө хотхонд ирчихээд хоёр найзыгаа хүргэж өгөх гээд явж байгаад хохирогч Ц.Оэтэй замдаа маргалдсан. Эхний удаад түүний хажуугаар өнгөрч явчихаад түүний хэлсэнийг буруу сонссоноос болж эргэж ирээд мотоциклоосоо бууж ирэн маргалдаж зодолдсон юм. Би хохирогчийг мөргөхөд дээд талын үүдэн шүд нь намайг мөргөхөд унасан гэсэн дахиад цохиход доод талынх нь шүд унасан. Хохирогч ёо ёо шүд гээд уулга алдсан. Тэгээд 2017 оны 08 дугаар сарын 26-ны өдөр цагдаагийн хэлтэс дээр мөрдөн байцаагч дуудаж мэдүүлэг аваад би өөрийнхөө хийсэн хэргийг хүлээсэн гэжээ.

Мөрдөн байцаалтанд хохирогч Ц.Оэ мэдүүлэхдээ: 2017 оны 07 сарын 22 ны өдрийн орой 22 цагийн үед байхаа би Соембо талбай дээр шоу үзэж байгаад харих гээд өөрийн дүү Баатараатай цуг ээжийнх рүүгээ явж байсан.Тэгээд Эко угаалгын газрын тэнд явж байгаад зам гарах гэтэл нэг мотоцикль дээр 3 залуу суусан дайрах шахаад өнгөрсөн тэгэхээр нь хөөе жоохон аажуухан яваач гэсэн чинь өнгөрч яваад буцаж ирээд юу гээд байгаа юм бэ явдагаараа явж байна ш дээ г хээр би зүгээр яваарай гэсэн чинь тэр 3 залуу мотоцикпоосоо бууж ирээд А.Уыг намайг заамдаж аваад мөргөсөн тэгэхэд миний дээд талын шүд унасан харин дахиад гараараа нүүр лүү цохиход миний доод шүд унасан тэгэхээр нь А.Уыг барьж аваад эд нар намайг нийлж зодохно гэж бодоод цуг явж байсан дүү Баатараагаа ээжийнх рүү яваад хүн дуудаад ир гэж хэлсэн.тэр үед нөгөө 3 залуу мотоциклоо аваад явах гэхээр нь би мотоциклийг татаад үлдсэн мотоцикпоо хаяад гудамж гүйх үед нь цаанаас цагдаа нар ирж таарсан тэгээд аваад явсан....А.У намайг зодсон нөгөө 2 залуу нь хараад зогсож байсан гэх мэдүүлэг /Хх-ийн 10-р хуудас/

 

           Мөрдөн байцаалтанд гэрч Б.Хуанышийн “..А.У араас орилж доромжиллоо гээд нөгөө Ц.Оэ гэх ах нь дайрчих шахаад явлаа гээд тэр 2 жоохон үл ойлголцсон юм шиг байна лээ тэгээд маргалдаж байснаа зодолдсон гэх мэдүүлэг /хх-ийн 12-р хуудас/

 

            Шүүх эмнэлэгийн үзлэг хийсэн акт №163 дугаартай “...Оий биед зүүн дээд 1-р шүд, баруун доод 2-р шүд булгарч унасан, баруун доод 1-р шүд хөдөлгөөн орсон гэмтэл тогтоогдлоо.дээрх гэмтэл нь хатуу мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.2-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэсэн дүгнэлт /хх-ийн 16-р хуудас/

                  Шүүгдэгч А.Уын хувийн байдлыг тогтоосон баримт иргэний үнэмлэхний хуулбар /ХХ-ийн 24-р хуудас/, оршин суугаа газрын тодорхойлолт /хх-ийн 23-р хуудас/, ял шалгах  хуудас /ХХ-ийн 27-р хуудас/ зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар:        

           

            Шүүгдэгч А.У нь 2017 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 23 цагийн орчим Сэлэнгэ аймгийн Мандал сумын 7-р багийн нутаг дэвсгэр, Эко угаалгын орчим иргэн Ц.Оэтэй маргалдан улмаар түүнийг зодож биед нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлогдон тогтоогдож байна.

           

             Хохирогч Ц.Оийн биед зүүн дээд 1-р шүд, баруун доод 2-р шүд булгарч унасан, баруун доод 1-р шүд хөдөлгөөн орж биед нь хөнгөн гэмтэл санаатай гэмтэл учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг хангаж байх тул гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

 

            Шүүгдэгч А.У анх удаа хөнгөн гэмт хэргийг үйлдсэн, хохирогч нэхэмжлэх зүйлгүй тул А.Ут холбогдох Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар торгох ял шийтгэх, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, А.Ут өмнө авсан бусдын батлан даалтанд байлгах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээх, зэргийг шүүхийн шийтгэх тогтоолд тусгах нь зүйтэй байна.

           

            Монгол улсын Шүүхийн  тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

        1.Шүүгдэгч Тайж овогт Ариунзаяагийн Уыг хүний эрүүл, мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

        2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэхь хэсэгт зааснаар Тайж овогт Ариунзаяагийн Ут 240 /хоёр зуун дөчин/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсугай.

 

       3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт зааснаар А.У нь нийтэд тустай ажил хийлгэх ялаас санаатай зайлсхийвэл түүний 08 цагийг 01 хоногийн хорих ялаар солихыг анхааруулсугай.

 

        4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, А.У нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжин ирээгүй болохыг дурьдсугай.                        

 

       5. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол А.Уд өмнө авсан таслан сэргийлэх арга хэмжээг нь хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

        6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар гомдол эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан, хүргүүлсэнээс өдрөөс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                Д.РЕНЧЕНХОРОЛ