Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 10 сарын 09 өдөр

Дугаар 00121

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС:

 

 

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн шүүгч Д.Ренченхорол даргалж, явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар:

            Нарийн бичгийн дарга                           П.Нямсүрэн

 Улсын яллагч                                         Э.Энхбат

 Шүүгдэгчийн өмгөөлөгч                         А.Хандмаа

             Шүүгдэгч                                                 Б.Э нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийв.

 

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын  прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн Б.Эт холбогдох 1732000370021 тоот эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

                            

Биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1979 оны 06 дугаар сарын 25-нд Сэлэнгэ аймаг Баянгол суманд төрсөн,38 настай, эмэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Сэлнэг Аймаг Мандал сумын 3-р баг, Баянбулагийн 01-А-18 тоот оршин суух, урьд өмнө 2 удаа ял шийтгүүлж байсан, Боржигон овогтой Бгийн Э РД:/МБ79062547/

 

Тодорхойлох нь:

Шүүгдэгч Б.Э нь Сэлэнгэ аймгийн Мандал сумын 9 дүгээр баг, Найрамдлын гудамжинд 2017 оны 08 сарын 03-ны өдөр иргэн Л.Нтай хувийн таарамжгүй харьцааны улмаас марган зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

 

           Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Э мэдүүлэхдээ: 2017 оны 08 дугаар сарын 08-ны өдөр Баруун-Өлөнтөд машинтай Ягаанаа гээд найзтайгаа явж байсан. Тэр машины жолооч бас цуг явж байсан. Бид хэд явж байгаад манай Ягаанаа гэж найз дэлгүүрийн хажуугаас мөнгө авна буугаад зогсож байтал Н, С, Б 3 машинтайгаа араас ирсэн. С аниадаа утсаа өгч байгаач би Бд зодуулчихлаа гэчихсэн бүгдээрээ согтуу 3 настай хүүхэд дагуулчихсан явж байсан. Тэгээд ахруугаа ярьсан чинь ах нь Сг хэр зодчихсон байна гэхээр нь нүүр ам нь аймар болчихжээ. Н эгч энэ хоёр хоёулаа ийм болсон байна гээд ярьсан. Тэгээд чи суугаад хүрээд ирээч би чамайг тосоод авъя хаана явж байгаагаа хэлээрэй гээд  Баруун-Өлөнтөөс наашаагаа тойроод Спиртийн үйлдвэр тойроод явж байсан чинь Н эгч Бтай жолоогоо булаацалдсан. Тэгсэн Спиртийн хажуу талруу орж зогсоочихоод би чамайг цагдаад өгнө чи С бид хоёрыг ийм болтол зодсон гэсэн чинь Б ах машинаас буугаад зугтаасан. Зугтаагаад явангуут нь Н эгч машины аккумлятор суучихаж би машинаа асаана гэхээр нь би та согтуу юм чинь машинаа асааж яах юм бэ тэгсэн дор ингээд явган алхаад харьчихъя гэсэн чинь үгэнд ороогүй. Тэгээд замруу очоод машинд гараа өргөж машин доогуур орчих гээд байхаар нь 2 удаа Н эгчийг татаж унагаасан гэв.

        

         Мөрдөн байцаалтанд Хохирогч Л.Нгийн “...2017 оны 08 сарын 03-ны өдрийн орой 20 цагийн орчимд байхаа би Б, А гэх хамаатныхаа 2 хүнтэй хамт замын хойно Баянхангайд явж байтал Б.Этэй таараад “замын урагшаа гарна” гэхээр нь суулгаад Найрамдлын гудамжны харалдаа явж байтал машины дугуй хатарахаар нь зогссон тэгсэн Б Б.Э нар машинаас буугаад гадаа юм яриад зогсоод байсан би удалгүй Б.Э надад “та одоо яагаад Бд Аыг хүнтэй явалддаг гэж хэлсэн юм” гэхээр нь би тэгэж хэлээгүй гэж хэлэхэд Б.Э намайг шууд гараараа цохиж унагаагаад үснээс чирээд Найрамдалын гудамж руу оруулаад дээрээс өшиглөөд зодоод байсан. Тэгэхээр нь би больё гэсэн боловч тоохгүй “та Б, А нарыг хооронд нь хэрэлдүүлдэг” гээд машины тэнд аваачаад дахиад зодоод байсан...Миний зүрх толгой байнга өвдөөд байдаг болсон, мөн сав хөдөлсөн 7 хоног бариа хийлгэсэн...Би уг нь эм тариа авч уусан боловч баримтаа хадгалаагүй...Гомдолтой байна” гэх мэдүүлэг. /Хавтаст хэргийн 6-8-р тал/

 

          Мөрдөн байцаалтанд гэрч  Б.Аын “...Гэнэт Б Э , Л.Н эгч рүү уурлаад цохиод эхэлсэн ба үснээс нь чирээд цохиж зодоод байсан. Маргааш нь Л.Н эгчийн хөл, гуя, гар нь битүү хөх няц болсон байсан” гэх мэдүүлэг / Хавтаст хэргийн 10-11-р тал/

 

            Шүүх эмнэлэгийн үзлэг хийсэн №164 дугаартай акт “...Л.Нгийн биед тархи доргилт эрүү, баруун зүүн хөлийн гуяанд цус хуралт, баруун хөлийн өвдгөнд зулгаралт, эрүүнд зөөлөн эдийн гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх шинжээчийн дүгнэлт /Хавтаст хэргийн 17-р тал/

 

             Шүүгдэгч Б Э хувийн байдлыг тогтоосон баримт иргэний үнэмлэхний хуулбар /Хх-ийн 27-р хуудас/, оршин суугаа газрын тодорхойлолт /Хх-ийн 28-р хуудас/, ял шалгах  хуудас /Хх-ийн 31-р хуудас/ зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар:    

           

            Шүүгдэгч Б.Э нь Сэлэнгэ аймгийн Мандал сумын 9 дүгээр баг, Найрамдлын гудамжид 2017 оны 08 сарын 03-ны өдөр иргэн Л.Нтай хувийн таарамжгүй харьцааны улмаас марган зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлогдон тогтоогдож байна.

           

             Хохирогч Л.Нгийн биед тархи доргилт эрүү, баруун зүүн хөлийн гуяанд цус хуралт, баруун хөлийн өвдгөнд зулгаралт, эрүүнд зөөлөн эдийн гэмтэл тогтоогдсон дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэж хөнгөн гэмтэл санаатай учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг хангаж байх тул гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

 

            Шүүгдэгч Б.Э анх удаа хөнгөн гэмт хэргийг үйлдсэн, хохирогч нэхэмжлэх зүйлгүй, шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан Б.Эт Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэх, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, Б.Эт өмнө авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээх, мөн шүүгдэгч нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солих зэргийг шүүхийн шийтгэх тогтоолд тусгах нь зүйтэй байна.

      

    Монгол улсын Шүүхийн  тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

        1.Шүүгдэгч  Боржигон овогт Бгийн Эийг хүний эрүүл, мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

        2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэхь хэсэгт зааснаар Боржигон овогт Бгийн Эт 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсугай.

 

       3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт зааснаар Б.Э нь нийтэд тустай ажил хийлгэх ялаас санаатай зайлсхийвэл түүний 08 цагийг 01 хоногийн хорих ялаар солихыг анхааруулсугай.

 

        4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, Б.Э нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжин ирээгүй болохыг дурьдсугай.                        

 

       5. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Б.Эт өмнө авсан таслан сэргийлэх арга хэмжээг нь хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

        6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар гомдол эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан, хүргүүлсэнээс өдрөөс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                Д.РЕНЧЕНХОРОЛ