Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 12 сарын 21 өдөр

Дугаар 2021/ДШМ/71

 

 

 

                                     Г.Бат-Эрдэнэд  холбогдох  

                                        эрүүгийн хэргийн тухай

 

 

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд:

                               Даргалагч, шүүгч                           Д.Буянжаргал

                                  Шүүгчид                                       Б.Эрдэнэхишиг                                  

                                                                                       Г.Давааренчин

                               

                                  Оролцогчид

                                    Прокурор                                     Б.Сүрмандах

                                  Шүүгдэгч                                      Г.Бат-Эрдэнэ

                                      Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Энх-Амар

нарыг оролцуулан, Сэлэнгэ аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 2021/ШЦТ/147 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч бичсэн дээд шатны прокурорын эсэргүүцлийн дагуу Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ашбагад овогт Гантөмөрийн Бат-Эрдэнэд холбогдох эрүүгийн 2131002400192 дугаартай, 175/2021/0141/Э индекстэй 1 хавтас эрүүгийн хэргийг 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд шүүгч Г.Давааренчингийн  илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1982 оны 08 дугаар сарын 30-ны өдөр, Сэлэнгэ аймгийн Ерөө суманд төрсөн, 39 настай, эрэгтэй, дээд боловсролтой, биеийн тамирын багш мэргэжилтэй, Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Ерөнхий боловсролын сургуулийн биеийн тамирын багш ажилтай, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт Сэлэнгэ аймгийн Ерөө сумын 1 дүгээр баг 4-49 тоотод оршин суудаг, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай гэх, Ашбагад овогт Гантөмөрийн Бат-Эрдэнэ /РД:МЕ82083015/

 

Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Г.Бат-Эрдэнэ нь Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Ерөнхий боловсролын сургуулийн биеийн тамирын багш Г.Бат-Эрдэнэ нь 2021 оны 08 дугаар сарын 22-ны өдөр Сэлэнгэ аймгийн Ерөө сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт Монгол Улсын Ойн сангийн 3 дугаар мужид хамаарах “Арбулаг” гэх газраас 193.725 төгрөгийн экологи-эдийн засгийн үнэлгээ бүхий 1.5 метрийн урттай 28 ширхэг буюу 0,6814 мкуб нойтон хус мод зөвшөөрөлгүйгээр бэлтгэсний улмаас ойн санд 581,175.45 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт холбогджээ.

Анхан шатны шүүх Г.Бат-Эрдэнэд холбогдох хэргийг 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр хянан хэлэлцээд 2021/ШЦТ/147 дугаартай шийтгэх  тогтоолоор:  

1.Шүүгдэгч Ашбагад овогт Гантөмөрийн Бат-Эрдэнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан “Төрийн албан хаагч ойд хууль бусаар мод бэлтгэх" гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар шүүгдэгч Г.Бат-Эрдэнийг 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар “Оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэж шийдвэрлэсүгэй. З.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар “Тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг” анхааруулсугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэрэгт битүүмжилсэн 81-12 СЭА улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнэ 1.500.000 /нэг сая таван зуун мянга/-н төгрөг, шүүгдэгчийн эзэмшлийн 70.000 /далан мянга/-н төгрөгийн үнэ бүхий цахилгаан хөрөө, 0.6814 шоо метр нойтон хус мод зэргийг хураан авч, тээврийн хэрэгслийн үнэ 1.500.000 /нэг сая таван зуун мянга/-н төгрөгөөс түүний байгаль орчинд учруулсан хохирол болох 581.175 /таван зуун наян нэгэн мянга нэг зуун далан таван/ төгрөгийг төлүүлж, үлдэгдэл 918.825 /есөн зуун арван найман мянга найман зуун хорин таван/төгрөгийг болон хэрэгт битүүмжилсэн 28 ширхэг хус мод, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан 70.000 төгрөгийн үнэ бүхий цахилгаан хөрөө зэргийг худалдан борлуулсны орлогыг Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсгийн 7.2.4-т зааснаар Байгаль орчин, уур амьсгалын санд оруулсугай.

5.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц 81-12 СЭА улсын дугаартай тээврийн хэрэгслийг хууль ёсны эзэмшигч, өмчлөгчид нь буцаан олгосугай.

6.Энэ хэрэгт шүүгдэгч Г.Бат-Эрдэнэ нь цагдан хоригдсон хоноггүй, шүүхээр шийдвэрлэвэл зохих Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

...9.Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.гэж, дээрхи шийдвэрийг эс зөвшөөрвөл эрх бүхий этгээд 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

 

Сэлэнгэ аймгийн Прокурорын газрын ерөнхий прокурор 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 24 дугаартай дээд шатны прокурорын эсэргүүцэлдээ: ...Шийтгэх тогтоолыг 2021 оны 11 дүгээр сарын 24-ны өдөр хүлээн авч танилцаад Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж дүгнэж, дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд:

Анхан шатны шүүх шүүгдэгч Г.Бат-Эрдэнийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 81-12 СЭА дугаарын тээврийн хэрэгслийн үнэ 1.500.000 төгрөгнөөс гэмт хэргийн улмаас учирсан хохирол 193.725.15 төгрөгийн нөхөн төлбөр болох 581.175. төгрөгийг хасаж, үлдэх 918.825 төгрөгийг Байгаль орчин уур амьсгалын санд оруулахаар шийдвэрлэхдээ шийтгэх тогтоолын 4 дэх заалтанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг баримталж, энэ харилцааг зохицуулсан илүү нарийвчилсан хуулийн зохих зүйл, заалтыг баримтлаагүй буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3,4 дэх заалтуудаас тохирохыг зөв сонгож хэрэглээгүй байна.

 

Мөн анхан шатны шүүх шүүгдэгч Г.Бат-Эрдэнийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 81-12 СЭА дугаарын тээврийн хэрэгслийн үнэ 1.500.000 төгрөгнөөс гэмт хэргийн улмаас учирсан хохирол 193.725.15 төгрөгийн нөхөн төлбөр болох 581.175. төгрөгийг хасаж, үлдэх 918.825 төгрөгийг Байгаль орчин уур амьсгалын санд оруулахаар шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан зөвхөн хохирлыг /нөхөн төлбөр буюу хор уршгийг биш/ төлүүлэх, мөн зүйлийн 4 дэх хэсэгт заасан тухайн тээврийн хэрэгсэл нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийн өмчлөлийнх байвал хурааж, хохирол нөхөн төлөхөд зарцуулах талаар зохицуулалтыг буруу тайлбарлан хэрэглэж, тухайн тээврийн хэрэгсэл нь шүүгдэгчийн эзэмшлийнх биш иргэн Д.Хүрэлбаатарын эзэмшлийнх тул хөрөнгийн үнээс хохиролыг нөхөн төлүүлэх зорилгоор нөхөн төлбөрийн дүнг хасч шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.3-т зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, мөн хуулийн зүйл, хэсэг, заалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж байна.

Иймд анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 16-ний өдрийн 147  дугаартай шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж зөвтгүүлэхээр Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан дээд шатны прокурорын эсэргүүцэл бичив гээд давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор эсэргүүцлийг дэмжиж оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар дээд шатны прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр Г.Бат-Эрдэнэд холбогдох 2131002400192 дугаартай хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь Хянавал:

Шүүгдэгч Г.Бат-Эрдэнэ нь 2021 оны 08 дугаар сарын 22-ны өдөр Сэлэнгэ аймгийн Ерөө сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт Монгол Улсын Ойн сангийн 3 дугаар мужид хамаарах “Арбулаг” гэх газраас 193.725.15 төгрөгийн экологи-эдийн засгийн үнэлгээ бүхий 1.5 метрийн урттай 28 ширхэг буюу 0,6814 м3 нойтон хус мод зөвшөөрөлгүйгээр бэлтгэсний улмаас ойн санд 581.17515 төгрөгийн хохирол учруулсан болох нь иргэний нэхэмжлэгч Х.Сонинбаярын “...2021 оны 08 дугаар сарын 22-ны өдөр гэртээ байж байхад Г.Бат-Эрдэнэ ирээд модонд яваад өгөөч гэж гуйхад нь өөрийн өмчлөлийн 81-12 СЭА улсын дугаартай Портер маркийн тээврийн хэрэгслээр бид хоёр хамт явсан. Ерөө сумын 1 дүгээр баг “Арбулаг” гэх газарт очоод бэлдсэн нойтон модноос 28 ширхэг ачаад байж байтал удалгүй цагдаа ирсэн” гэх мэдүүлэг,  

Гэрч Д.Алтантулгын “...тухайн газраас  мод бэлтгэж болохгүй... Бат-Эрдэнэ гэх хүн тухайн өдөр “Ар булаг” гэх газраас мод бэлтгэх эрхийн бичиг аваагүй... гэх мэдүүлэг,

Ойн аж ахуйн инженер Э.Энхтулгын 2021 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 04 дугаартай шинжээчийн дүгнэлт, шүүгдэгчийн шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар  тогтоогдсон байна.

 

Шүүгдэгч Г.Бат-Эрдэнэ нь Сэлэнгэ аймаг Ерөө сумын Ерөнхий боловсролын сургуулийн биеийн тамирын багшаар ажилладаг, төрийн албан хаагч тул ойгоос зохих зөвшөөрөлгүй мод бэлтгэсэн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2.4 дэх хэсэгт заасан төрийн албан хаагч хууль бусаар мод бэлтгэх, тээвэрлэх гэмт хэргийг үйлдсэн гэж тодорхойлсон нь хуульд нийцсэн, анхан шатны шүүх  хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм бурууд үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байна гэж үзлээ.

 

Сэлэнгэ аймгийн Прокурорын газрын дээд шатны прокурор 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 24 дугаартай эсэргүүцлийн үндэслэлээ анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн зохих заалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн гэжээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд хураан авсан хөрөнгө орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулах, илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлэх зорилгоор гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн  хувьд ногдох хөрөнгө орлогыг хураах албадлагын арга хэмжээг хэрхэн хэрэглэх талаар нарийвчлан зохицуулсан .

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2-д “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого” гэж Монгол Улсад бол энэ хуулийн тусгай ангид заасан, гадаад улсад бол тухайн улсын хуулиар нэг жилээс дээш хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэг үйлдэж шууд, шууд бусаар олсон эдийн, эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник, хэрэгслийг ойлгоно” гэж,

7.5 дугаар зүйлийн 3-д “...Хураан авсан хөрөнгө, орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулна. Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогын хэмжээ нь хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлнэ.” гэж тус тус  заажээ.

Шүүгдэгч Г.Бат-Эрдэнэ нь хууль бусаар мод бэлтгэж тээвэрлэхдээ бусдын  өмчлөлийн 81-12 СЭА улсын дугаартай тээврийн хэрэгслийг ашигласан  болох нь хэрэгт авагдсан тээврийн хэрэгслийн гэрчилгээ болон иргэний нэхэмжлэгч Х.Сонинбаярын мэдүүлэг зэргээр тогтоогдсон байх ба  хөрөнгийн үнэлгээний тайлангаар тээврийн хэрэгслийг 1.500.000 /нэг сая таван зуун мянга/ төгрөгөөр  үнэлсэн байна.

 

Тухайн шүүгдэгчийн хувьд гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгсэл нь бусдын өмчлөлийнх болох нь тогтоогдсон  тус тээврийн хэрэгслийг хураан авах боломжгүй тул эрх бүхий этгээдээс тогтоосон хөрөнгийн үнэлгээг үндэслэн тээврийн хэрэгслийн үнэ 1.500.000 төгрөг гаргуулан үүнээс гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг төлүүлж, илүү гарсан тохиолдолд улсын төсөвт оруулах,  гэмт хэрэг үйлдэхэд ашигласан цахилгаан хөрөө, хууль бусаар бэлтгэсэн 28 ширхэг хус мод зэргийг хураан авч улсын орлого болгохоор  шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр хууль зөрчөөгүй боловч ийнхүү шийдвэрлэхдээ хуулийн зохих заалтыг хэрэглээгүй байх тул дээд шатны прокурорын эсэргүүцлийг хүлээн авах үндэслэлтэй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 4 дэх заалтад хууль хэрэглээний болон найруулага зүйн өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1, 1.4, 2-д заасныг  удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Сэлэнгэ аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 2021/ШЦТ/147 дугаартай шийтгэх тогтоолын “Тогтоох” хэсгийн

 

4 дэх заалтыг:

“4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Бат-Эрдэнийн  гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого болох түүний өмчлөлийн цахилгаан хөрөө 1 ширхэг, 28 ширхэг хус мод зэргийг хураан авч улсын орлого болгож, гэмт хэрэг үйлдэх үедээ ашигласан бусдын өмчлөлийн 81-12 СЭА улсын дугаартай Хюндэй портер маркийн тээврийн хэрэгслийн үнэ 1.500.000 /нэг сая таван зуун мянга/ төгрөгийг шүүгдэгчээс гаргуулан үүнээс гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг төлүүлж, илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлсүгэй.” гэж найруулгын өөрчлөлт оруулж, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж, дээд шатны прокурорын эсэргүүцлийг хангасугай.  

 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2-д зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн,  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэсэн  үндэслэлээр оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

 

 

                               ДАРГАЛАГЧ                               Д.БУЯНЖАРГАЛ

                                 ШҮҮГЧИД                               Б.ЭРДЭНЭХИШИГ      

                                                                                 Г.ДАВААРЕНЧИН