Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Цэнд-Аюушийн Мөнхзул |
Хэргийн индекс | 128/2018/0737/З |
Дугаар | 128/ШШ2019/0342 |
Огноо | 2019-06-03 |
Маргааны төрөл | Бусад, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 06 сарын 03 өдөр
Дугаар 128/ШШ2019/0342
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнхзул би, Каркас ХХК-ийн нэхэмжлэлтэй, нийслэлийн Засаг дарга, Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд тус тус холбогдох захиргааны хэргийг хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Каркас ХХК-ийн захирал Д.Чинбат шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Каркас ХХК-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг дарга, Нийслэлийн газар зохион байгуулалтын албанд холбогдох захиргааны хэрэгт Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлд Нэхэмжлэлийн шаардлагаас татгалзах гээд 66.1-д Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эс үл хэсэгчлэн татгалзаж болно..., 66.2-д ...Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсанаа бичгээр илэрхийлэх бөгөөд шүүх хуралдааны явцад нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзвал шүүх хуралдааны ажиллагааг дуусгаж, тэмдэглэлд тусгана...", 68.4-т Нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан этгээд уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхээ алдах бөгөөд харин бусад этгээд уг асуудлаар нэхэмжлэл гаргахад саад болохгүй... гэж заасныг үндэслэн энэхүү хүсэлтийг гаргаж байна.
Каркас ХХК нь дээрх захиргааны хэрэгт гуравдагч этгээдээр оролцож байгаа Дашгүнпанлин хийдтэй 2019 оны 05 дугаар сарын 27-ны өдөр 3/05 дугаар Эвлэрлийн гэрээ-г байгуулж, цаашид Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, Хүнсчдийн гудамж, нутаг дэвсгэрт байршилтай хил залгаа газрын маргаан, барилга байгууламжийн маргааныг эцэслэн шийдвэрлэх, талууд хэн аль нь маргаан үүсгэхгүй байхаар тохиролцсон.
Иймд цаашид талууд газрын маргааны асуудлаар маргахгүй, харилцан зөвшилцөж, эвийг эрхэмлэн асуудлыг шийдвэрлэхээр болсон тул Каркас ХХК нь Нийслэлийн Засаг дарга, Нийслэлийн газар зохион байгуулалтын албанд холбогдуулан гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байгаа тул хүлээн авч, татгалзлыг баталж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар
зүйлийн 20.1.1-д ...нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ бүхэлд нь эсхүл хэсэгчлэн татгалзах..., мөн хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь эсхүл хэсэгчлэн татгалзаж болно., 66.2-т Нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ татгалзсанаа бичгээр илэрхийлэх... гэж заасны дагуу нэхэмжлэгч Каркас ХХК нь нийслэлийн Засаг дарга, Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд тус тус холбогдуулан гаргасан Нийслэлийн Засаг даргын 2010 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 329 дүгээр захирамжаар Каркас ХХК-ийн эзэмшлийн газартай давхацсан хэсгийг хүчингүй болгуулах, Каркас ХХК-ийн эзэмшлийн 10.156 м.кв талбайн кадастрын зураглалыг зөвтгөж, кадастрын мэдээллийн санд бүртгэхийг даалгах шаардлага бүхий нэхэмжлэлээсээ татгалзсанаа шүүхэд бичгээр илэрхийлснээрээ түүнээс гарах үр дагавартай танилцаж, гарын үсэг зурсан, хүсэл зоригоо илэрхийлсэн байна.
Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-т Энэ хуулийн 106 дугаар зүйлд заасан шийдвэр гаргаснаас бусад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шийдвэрлэж байгаа асуудлаар шүүгч захирамж, шүүх тогтоол гаргана гэж заасны дагуу нэхэмжлэгч Каркас ХХК нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, уг захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, 66.4-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Каркас ХХК-иас нийслэлийн Засаг дарга, Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд тус тус холбогдуулан гаргасан Нийслэлийн Засаг даргын 2010 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 329 дүгээр захирамжаар Каркас ХХК-ийн эзэмшлийн газартай давхацсан хэсгийг хүчингүй болгуулах, Каркас ХХК-ийн эзэмшлийн 10.156 м.кв талбайн кадастрын зураглалыг зөвтгөж, кадастрын мэдээллийн санд бүртгэхийг даалгах шаардлага бүхий нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзсаныг баталж, уг захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Нэхэмжлэгч нь уг асуудлаар шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй бөгөөд хэргийн оролцогчид энэхүү шүүгчийн захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Ц.МӨНХЗУЛ