Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 11 сарын 16 өдөр

Дугаар 77

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Мөнхтуяа даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Б ,

Улсын яллагч Н.Мөнхбат,

Шүүгдэгч Б.А  нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

 

Говь-Алтай аймгийн Прокурорын газраас 2015 оны Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б.А-т холбогдох 17160003400032 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, Говь-Алтай аймгийн Халиун сумын харьяат, 1993 оны 06 дугаар сарын 21-ний өдөр төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 3, аав, ээжийн хамт Говь-Алтай аймгийн ........ сумын ........... багт оршин суудаг, өмнө нь ял шийтгэл эдэлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, бие эрүүл, ухаан бүрэн, Д........ регистрийн дугаартай, Жалайр овогт Б-ын А гэв.

 

Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч  Б.А  нь 2017 оны 08 дугаар сарын 08-ны өдөр Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Оргил багийн Очир төвийн дээд талд иргэн Д.Г-гийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдож Говь-Алтай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох:

 

Шүүгдэгч Б.А  нь 2017 оны 08 дугаар сарын 08-ны өдөр Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Оргил багийн Очир төвийн дээд талд иргэн Д.Г-ийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

 

Шүүгдэгч Б.А-ийн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхийг зөвшөөрч байна гээд мэдүүлсэн: “...BM баарнаас гарч такси барих гээд зогсож байхад Г  гэх жолооч машиныхаа хажууд манай найз М-тэй муудалцаад барилцаад зогсож байсан. Би юу болсон юм больцгоо гээд хэлсэн чинь Ганхөлөг ах намайг чи муухай үг хэлсэн гээд цохиод авсан юм. Тэгэхээр нь би эргүүлээд цохиод авсан чинь Г  ах А салгаад цааш нь аваад явсан. Тэгээд аваад явахаар нь би араас нь очоод А-г давуулаад Г  ахын нүд рүү нь хөмсгийг нь цохичихсон юм. Өөр зодоон болоогүй. Цагдаа ирээд аваад явсан. Тухайн үед архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Гэхдээ юу болсныг нь санаж байгаа. А  бид хоёрын дундуур ороод салгаад аваад явж байхад нь би ардаас нь очоод цохичихсон юм. А-тэй бүлэглэн зодсон зүйл байхгүй. Г  ахыг гараараа нүүр, цээжнээс дээшээ 3 удаа цохисон. Хохирол, эмчилгээний төлбөр гэж 400.000 төгрөг төлсөн. Бүлэглэн зодсон зүйл байхгүй. Г  ах бид хоёрын дунд болсон асуудал байгаа. Гэмт хэрэг хийсэн үйлдлээ хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг,

Хохирогч Д.Г-ийн мөрдөн байцаалтад мэдүүлсэн: “...2017 оны 08 дугаар сарын 08-ны орой 00 цагийн үед Есөнбулаг сумын спорт цогцолборт гэр бүлээрээ заал авч тоглосон юм. Тоглож дуусаад Д , Г , Т , манай эхнэр Б  нарын хамт өөрийн 74-45 ГАҮ дугаарын НRV маркийн автомашинтай гэр лүүгээ явж байсан юм. Очир төвийн дээд талын зам дээр явж байхад нэг залуу гараа алдлан зам дээр гарч ирсэн. Би уг хүнийг дайрчихаж магадгүй гээд зогсох гэж байхад машины хамар руу нэг нь цохисон. 3-4 залуучууд байсан. Нэг нь миний талын хаалгыг онгойлгосон... Би “та нар яаж байгаа юм бэ” гэхэд нэг нь “Хөгшин төгзөг минь” гээд машинаас татаж буулгасан. А  гэдэг залуу миний зүүн шанаанд гараа атгаж байгаад цохисон. Миний нүүррүү цус урсаад ороод ирсэн юм. Дахиад дайрахаар нь би уг залуугийн шанаа орчим руу нэг удаа цохисон. Гэтэл Ам  гэдэг залуу нь “Боль, боль” гээд намайг салгахаар араас тэврээд авсан. Тэгтэл А  урдаас баруун хөмсөгний дээд тал руу 1 удаа гараараа цохисон...А-аас бусад нь намайг нэг ч цохиогүй. Ам  нь А  бид хоёрыг салгах гээд намайг барихад А  цохичихсон. Түүнээс намайг бүлэглэн зодсон асуудал байхгүй...Миний биед сүртэй гэмтэл учраагүй. А  нь манай нутгийн залуу байсан байна лээ. Тухайн үед харанхуй байсан учраас нэгнээ таниагүй. Түүнээс хойш А  хэд хэдэн удаа ирж уучлалт гуйсан. Одоо ямар нэгэн гомдол саналгүй...нэхэмжлэх зүйл алга байна...” гэх мэдүүлэг /хх 31-32-рт/,

Гэрч М.Ам-гийн мөрдөн байцаалтад мэдүүлсэн “...М, Т , Б.А  бид нар нэг ангид сурч байсан. Тэр өдөр бид 4 "ВМ" нэртэй бааранд 22 цаг өнгөрч байхад орсон. Бааранд ороод 1 шил 0.5 литрийн архи, Нийслэл нэртэй пиво тус бүр 2-ийг ярьж сууж байгаад ууцгаасан. 00 цаг болж баар хаагаад бид гарч ирцгээсэн. Тавдугаар сургуулийн урд талын уулзварын хажууд такси барих гээд зогсож байтал саарал өнгийн суудлын машин хажуугаар зогсох гэж байгаа юм шиг удаан өнгөрсөн. Тэр машин бидний хажуугаар өнгөрч зогссон. Зогсоод машин дотроос жолооч нь М-ийг “чи хэзээ ийм болчихсон юм боохой” гэж орилсон. Машин зогсоод 2 залуу бууж ирээд М-ийг бариад авсан. Араас 2 эмэгтэй, жолооч Г   зэрэг хүмүүс гарч ирсэн юм. Жолооч Г  нь А-тай маргалдсан. Яг юу гэж маргасныг санахгүй байна. Жолооч Г  болон А  нар нэг нэгнийгээ цохисон гэсэн. Харанхуй тул хараагүй. Хэн эхэлж, хэдэн удаа цохисоныг хараагүй. Нэгнийгээ нэг нэг удаа л цохисон байх. Би тэднийг салгахаар жолооч Г-ийг араас нь тэврээд авсан....” гэх мэдүүлэг /хх 48-49-рт/,

Гэрч А.Т-ын мөрдөн байцаалтад мэдүүлсэн: “...Би түрүүлээд 50 метр орчим зайд явж байсан болохоор зодооныг сайн мэдэхгүй. Ард хүн орилоод байхаар нь буцаад иртэл Г  нь хөмсөгөө цохиулсан байсан...” гэх мэдүүлэг /хх 53-рт/,

Гэрч, хохирогчийг нүүрэлдүүлж мэдүүлэг авсан тэмдэглэл/хх 54-57/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн акт №250 дугаартай “...1. Иргэн Г-ийн биед тархи доргилт, баруун хөмсгөнд шарх, толгой орой, дагзны хэсэгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги   алдалтанд   нөлөөлөхгүй.

4. Шүүх эмнэлгийн   гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна..." гэх шинжээчийн дүгнэлт/хх 59-60-рт/,

Шүүгдэгч Б.-гийн мөрдөн байцаалтад яллагдагчаар мэдүүлсэн: “...Хийсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэх мэдүүлэг/хх 72-рт/ зэрэг хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, бэхжигдсэн улсын яллагчийн хүсэлтээр шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчийн хүсэлтээр: Хохирогч Д.Г-ийн мэдүүлэг/хх 31-32-рт/, гэрч, хохирогчийг нүүрэлдүүлэн байцаасан тэмдэглэл/хх 54-57-рт/, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч Даваахүүгийн дүгнэлт/хх 59-60-рт/, шүүгдэгч Б.А-гийн мөрдөн байцаалтад яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг/хх 71-72-рт/, хохирогч Д.Г-гийн хүсэлт зэрэг нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.

 

Харин шүүгдэгч Б.А  нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулах нотлох баримт байхгүй гэснийг дурьдах нь зүйтэй байна.

 

Шүүх хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд болох шүүгдэгч Б.А-гийг сэжигтэн, яллагдагчаар, мөн хохирогч, гэрч нарыг байцаахдаа энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар бүлэгт заасан үндэслэл журмын дагуу уг хэргийг хянан шийдвэрлэхэд шаардлагатай үйл баримтуудыг хангалттай цуглуулж тогтоосон, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн ноцтой зөрчил тогтоогдохгүй байна гэж шүүх дүгнэлээ.

 

Прокурорын газраас хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн бөгөөд шүүгдэгч шүүх хуралдаанд өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирогчид 400.000 төгрөгийн хохирлыг нөхөн төлж барагдуулсан болох нь хохирогчийн 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр шүүхэд ирүүлсэн хүсэлт, шүүгдэгчийн шүүхэд гаргасан тайлбар зэргээр тогтоогдож байна.

 

Иймд шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг дүгнэхэд шүүхээс шүүгдэгч Б.А-гийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Шүүгдэгч Б.А-гийг хууль эрх зүйн мэдлэг дутмаг байдал, мөн архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдал нь гэмт хэрэг гарахад нөлөөлсөн байна гэж шүүх үзлээ.

 

2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх:

 

Шүүгдэгч Б.А  нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирогчид 400.000 төгрөгийн хохирлыг нөхөн төлж барагдуулсан, прокурор 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 43 дугаартай тогтоолоор эрүүгийн хэрэг үүсгэж, Б.А-гийг яллагдагчаар татаж, мөрдөн байцаалтын ажиллагааг хялбаршуулсан журмаар явуулахаар шийдвэрлэсэн байна.

 

Прокурорын санал болгосон хэргийн зүйлчлэл, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаарх саналыг шүүгдэгч Б.А  нь хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан/хх 95-рт/ бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт “...Гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч байна...” гэсэн байх тул шүүхээс шүүгдэгчийн болон прокурорын гаргасан саналын хүрээнд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай  хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А-т 500 нэгжтэй тэнцэх төгрөгөөр буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

 

Шүүгдэгч Б.А  нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлыг улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа гэм буруугаа хүлээн зөвшөөрч учруулсан хохирлоо нөхөн төлсөн байх тул 2015 оны Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсэгт зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож ял оногдуулахдаа харгалзаж  үзсэн бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч Б.А нь шүүх хуралдаанд өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүйгээр шүүх хуралдаанд оролцоно гэсэн хүсэлтийг шүүхэд гаргасан болохыг тэмдэглэх нь зүйтэй байна.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний цахим үнэмлэх шүүхэд шилжиж ирсэн зэргийг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 17.5 дугаар зүйлийн 8, 9 дэх хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Жалайр овогт Б-ын А-ийг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоосугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А-ийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан Б.А-т оногдуулсан таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 1 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан Б.А  нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлээгүй, ялтан нь хохирогчид 400.000 төгрөг төлсөн, бусдад төлөх төлбөргүй, ялтнаас гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, ялтан нь цагдан хоригдоогүй, иргэний цахим үнэмлэх шүүхэд шилжиж ирсэн зэргийг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц ялтан Б.А-ийн иргэний цахим үнэмлэхийг Говь-Алтай аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэст шилжүүлсүгэй.

7. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол ялтан Б.А-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

10. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, ялтан Б.А-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

 

 

 

 

           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Ч.МӨНХТУЯА