Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 12 сарын 21 өдөр

Дугаар 2021/ДШМ/72

 

 

 

                      Ц.*******, С.******* нарт холбогдох

                                           эрүүгийн хэргийн тухай

 

 

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд:

                 Даргалагч, ерөнхий шүүгч          Д.Буянжаргал

                              Шүүгчид                                      Г.Давааренчин                                  

                                                                          Б.Эрдэнэхишиг                                   

 

                Оролцогчид:

                    Прокурор                                         А.*******

                    Шүүгдэгч                                           Ц.******* /цахим/

                    Шүүгдэгч                                           С.******* /цахим/

                                   Шүүгдэгчийн өмгөөлөгч              Р.*******

                                    Шүүгдэгчийн өмгөөлөгч              Л.*******

                                    Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Энх-Амар нарыг  

    оролцуулав.

Сэлэнгэ аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 2021/ШЦТ/152 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч бичсэн шүүгдэгч нарын өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын дагуу Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1, 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт *******ын *******, ******* овогт *******ын ******* нарт холбогдох эрүүгийн 2031003310011 дугаартай, 175/2021/0087/Э индекстэй 2 хавтас эрүүгийн хэргийг 2021 оны 12 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд  шүүгч Б.Эрдэнэхишигийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1965 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр Булган аймгийн Булган суманд төрсөн, 56 настай, эмэгтэй, тусгай дунд боловсролтой, бага эмч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, охины хамт Сэлэнгэ аймгийн Аптанбулаг сум, 1 дүгээр баг, 2 дугаар байрны 07 тоотод оршин суух хаягтай, урьд Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 11-ний өдийн 02 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар найман зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 800.000 төгрөгөөр торгох ял шийтгүүлсэн, ******* овогт Цэеэн-Ойдовын ******* /РД:/

 

Монгол Улсын иргэн, 1965 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Булган аймгийн Булган суманд төрсөн, 56 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Сэлэнгэ аймгийн Аптанбулаг сум, 1 дүгээр баг, 2 дугаар байрны 01 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, ******* овогт *******ын ******* /РД:/

 

Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Ц.*******, С.******* нар нь 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдөр Сэлэнгэ аймгийн Аптанбулаг сумын 1 дүгээр баг, сумын Засаг даргын тамгын газрын байранд нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж, Засаг даргын тамгын газрын дарга Ү., сонгуулийн хэсгийн хорооны ажилтан Д., К., Н., Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нарийн бичиг Т., жижүүр Л. нарт хүч хэрэглэж, албаны компьютерын дэлгэц, бичгийн хэрэглэл, ажилчдын ширээ, байгууллагын хаяг, самбар, тараах материал, танилцуулгын тавиурыг авч шидэж, эд хөрөнгө устгаж, гэмтээж, хүний халдашгүй чөлөөтэй байх, эд хөрөнгө өмчлөх эрхийг зөрчиж, байгууллагын хэвийн үйл ажиллагаа, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан, мөн хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлж, эсэргүүцсэн гэх гэмт тус тус хэрэг холбогджээ.

 

Анхан шатны шүүх Ц.*******, С.******* нарт холбогдох хэргийг 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 2020/ШЦТ/152 дугаартай шийтгэх тогтоолоор:

1.Шүүгдэгч ******* овогт *******ын *******, ******* овогт *******ын ******* нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулах”,

23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хууль сахиулагчийг эсэргүүцэх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2.Шүүгдэгч Ц.*******, С.******* нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус бүр 1 жилийн хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус бүр 1 жилийн хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхээс оногдуулсан хорих ялыг нэмж нэгтгэн шүүгдэгч Ц.*******гийн нийт эдлэх ялыг 2 жил, шүүгдэгч С.*******ын хорих ялыг 2 жил хорих ял эдлүүлэхээр тус тус тогтоосугай.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.*******, С.******* нарт тус бүр оногдуулсан 2 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4.Шүүгдэгч Ц.*******, С.******* нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс эхлэн өөрчилж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч нарт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

5.Шүүгдэгч Ц.******* С.******* нь энэ гэмт хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүхээр шийдвэрлэвэл зохих Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

5.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.*******, С.******* нараас гэмт хэргийн улмаас бусдад учирсан хохирол болох 305.000 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж Алтанбулаг сумын засаг даргын тамгын газарт төлүүлсүгэй.

 

6.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн 1 ширхэг СД-г хэргийн хамт хадгалсугай.

...Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг үргэлжлүүлсүгэй.” гэж, эрх бүхий этгээд хувийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч нарын өмгөөлөгч Р.******* давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...2021 оны 11 сарын 18-ны өдрийн Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 152 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч  гомдол гаргаж байна.

Шүүгдэгч Ц.*******, С.******* нар нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16-р зүйлийн 1, мөн хуулийн тусгай ангийн 23.1-р зүйлийн 1 заасан гэмт хэрэгт холбогдон шалгагдаж шүүхээс тухайн зүйл ангиудаар гэм буруутайд тооцон зүйл анги тус бүрт нь нэг, нэг жилийн хорих ял оногдуулж нэмж нэгтгэн эдлэх ялыг 2 жилээр шүүгдэгч тус бүрээр тогтоож, нээлттэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн байдаг.

Шүүгдэгч Ц.*******, С.******* нар нь 2020 оны 10-р сарын 06-ны өдөр олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулах, Хууль сахиулагчийг эсэргүүцэх “гэмт хэрэгт холбогдсон байна.

Шийтгэх тогтоолын шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар тодорхойлохдоо.../тогтоолын 24 талд / Шүүгдэгч Ц.*******, С.******* нарын ял шийтгүүлсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16-р зүйлийн 1, 23.1-р зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь 2021 оны “Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4.-р зүйлийн 4.1 зааснаар энэ хуульд хамрагдаж, ял шийтгүүлсэн ялтны шүүхээс оногдуулсан ялаас хэтрүүлэхэд хамаарч байгаа хэдий ч шүүгдэгч нар нь гэмт хэргийн улмаас бусдад учруулсан 305.000 төгрөгийн хохирлыг нөхөн төлөөгүй, нөхөн төлөхөө илэрхийлээгүй, нөхөн төлөх шаардлагагүй талаар шүүх хуралдаанд тайлбарласан бөгөөд энэ нь “Өршөөл үзүүлэх тухай” хуульд заасан гэмт хэргийн улмаас учруулсан хохирол нөхөн төлсөн ,нөхөн төлөхөө илэрхийлсэн байна гэсэн шаардлагыг хангаагүй тул 2021 оны “Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулж, ялаас хэлтрүүлэх хуулийн шаардлага хангагдаагүй гэж дүгнэлээ” гэжээ.       

Шүүгдэгч нарын хувьд тухайн өдрийн шүүх хуралд улсын яллагчтай маргалаа гэх үндэслэлээр шүүхийн танхимаас гаргаж байлцуулахгүйгээр шүүх хуралдааныг үргэлжлүүлсэн нь мэдүүлэг өгөх боломжгүй байдлыг үүсгэсэн байдаг. Энэ нь шүүхийн шийтгэх тогтоолд бичигдсэнээр хохирлын талаар болон гэм буруугийн талаар хуулиар олгогдсон эрхээ эдлэж үг хэлэх боломжгүй байдал үүссэн байдаг.

Шүүгдэгч нарын хувьд гэм буруугийн тал дээр маргах зүйлгүй, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн тул 2021 оны 07 сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4-р зүйлийн 4.1 заалтаар оногдуулсан ялыг өршөөн хэтрүүлэх нь зүйтэй байна Шүүгдэгч Ц.*******гийн биеийн байдал тааруу байна.Шүүх хуралдааныг ойрын хугацаанд хуралдуулж өгөхийг хүсч байна гэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.******* давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбартаа: Ц.*******, С.*******ын нарын өмгөөлөгчөөр оролцож байна. Өмнө нь Ц.*******гийн тэмцэж буй Алтанбулаг сумын асуудал дээр өмгөөлөгчөөр явж байсан. Ер нь Р.******* өмгөөлөгчтэй ижил байр суурьтай байна. Энэ хэрэгт Ц.*******, С.******* нарын үйлдлийг ялгаж, салгаагүй нийтэд нь зүйлчлэн шийдсэн байдаг. Өнөөдөр бид гэм буруугийн маргаангүй мэтгэлцээгүй, шүүгдэгч нар 1 сар гаруй хоригдсон. Өнөөдрийн байдлаар гэм буруугаа ойлгосон. Мөн С.******* сая хэллээ 14 настай охиных нь хувьд Дархан-Уул аймагт суралцдаг айлд амьдарч байгаа. Иймд Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулж өгнө үү гэв.

 

Шүүгдэгч Ц.******* давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбартаа:  Биднийг 305,000 төгрөгийн хохирол учруулсан гэж шүүх шийдвэрлэсэн. Уг 305,000 төгрөгийг 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдөр төлж барагдуулсан учир биднийг Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулж, хариуцлагаас чөлөөлж өгнө үү гэв.

 

Шүүгдэгч С.******* давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбартаа:  Би гэм буруугаа хүлээж байна. Шүүхээс тогтоосон 305,000 төгрөгийн хохирлыг төлсөн учир Өршөөлийн хуульд хамруулж тусална уу. Би дахин ийм үйлдэл гаргахгүй. Дахин улс төртэй холбогдохгүй гэдгээ та нарын өмнө хүлээж байна. Насны эцэст бид хоёрын дундаас 1 охин гарсан. Өнөөдрийг хүртэл охин маань бид хоёрыг хүлээж байгаа. Бид хоёр охиноосоо нуучихсан байгаа гэв.

  

Прокурор давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүгдэгч нарын өмгөөлөгчдийн давж заалдах гомдолтой танилцсан. Шүүгдэгч нарын хувьд гэм буруугийн шүүх хуралдаанаас дэг зөрчсөн үндэслэлээр гарсан. Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд оролцуулж, Өршөөл үзүүлэх тухай хуулийн талаар шүүгч, улсын яллагчийн зүгээс хангалттай тайлбарлаж өгсөн. Шүүгч улсын яллагчийн зүгээс хэргийн оролцогчийн эрхийг хязгаарласан асуудал огт байхгүй. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1, 23.1 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэрэг хангалттай нотлогдон тогтоогдсон. Уг гэмт хэрэг нь анхнаасаа 2 буюу түүнээс дээш этгээд үйлддэг онцлогтой. Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4.1 дүгээр зүйлд зааснаар дээрх 2 гэмт хэрэг ялаас өршөөн хэлтрүүлэх үндэслэлд хамаардаг ч гэмт хэргээс учирсан хохирлыг нөхөн төлөх, төлөхөө илэрхийлэхийг шаардсан хууль зүйн үндэслэлтэй. Өнөөдрийн байдлаар хохирол төлбөр төлөгдсөн байх учир Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдуулж ялаас чөлөөлөх үндэслэлтэй байна гэв.

 

                                         ТОДОРХОЙЛОХ нь:

 

Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Ц.*******, С.******* нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1, 23.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг  шүүхэд шилжүүлснийг анхан шатны шүүх хүлээн авч хянан хэлэлцээд тэднийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1, 23.1 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэргүүдэд тус тус гэм буруутайд тооцож, шүүгдэгчдэд зүйл анги бүрт зааснаар 01 жилийн хорих ял оногдуулж мөн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан хорих ялыг нэмж нэгтгэн шүүгдэгч бүрийн биечлэн эдлэх ялын хэмжээг 02 жилийн хугацаагаар тогтоож шийдвэрлэжээ.

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн өмгөөлөгчийн гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр Ц.*******, С.******* нарт холбогдох 2031003310011 дугаартай хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянавал:

Шүүгдэгч Ц.*******, С.******* нар нь дээрхи гэмт хэргүүдийг үйлдсэн болох нь хохирогч Ү.ын /1-р хх-ийн 20-21, 88-89 тал/, Г.Энхтүвшингийн /1-р хх-ийн 24-25 тал/, С.Гантөмөрийн /1-р хх-ийн 28-29, 32-33 тал/, К.ийн /1-р хх-ийн 30-31 тал/ мөрдөн шалгах ажиллагаа, шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгүүд гэрч Д.ын /1-р хх-ийн 35-36, 104-105 тал/, Н.ийн /1-р хх-ийн 37-38, 97-98 тал/, Л.ы /1-р хх-ийн 39 тал/, Т.Уянгын /1-р хх-ийн 40-41, 99-100 тал/, М.Билгүүний /1-р хх-ийн 42 тал/, Б.Цолмонгийн /1-р хх-ийн 43-44, 101-102 тал/, Д.Одбаярын /1-р хх-ийн 46-47 тал/, Д.Батсүхийн /1-р хх-ийн 48 тал/ мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлгүүд, Хэргийн газрын үзлэг хийсэн тухай тэмдэглэл гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 66-76 тал/, Хяналтын камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 77-82 тал/, Эд мөрийн баримтаар үзлэг хийж баримтжуулсан СД-ийг тооцох тухай /1-р хх-ийн 83 тал/, Ашид билгүүн ХХК-ий эд зүйл үнэлгээ тогтоосон ТХҮ-820/23, ТХҮ-820/18 тоот дүгнэлтүүд /1-р хх-ийн 117-134/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

Анхан шатны шүүх гэмт хэргийн зүйлчлэл, гэм буруугийн асуудлаар хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэсэн, мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчиж, оролцогчийн эрхийг хаасан, хязгаарласан байдал тогтоогдоогүй байна.

Шүүгдэгч болон түүний өмгөөлөгчдийн зүгээс “...шүүгдэгч нар нь гэм буруугийн талаар маргаагүй, анхан шатны шүүх хуралдааны үед төлөгдөөгүй байсан 305.000 төгрөгийн хохирлоо нөхөн төлсөн учраас 2021 оны 07 сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4-р зүйлийн 4.1-д зааснаар шүүгдэгч нарт оногдуулсан хорих ялыг өршөөн хэлтрүүлж өгнө үү...” хүсэлт гомдол гаргасныг хүлээн авах нь зүйтэй.

Учир нь: Анхан шатны шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлуудыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэн дээр Эрүүгийн хуулийн тухайн зүйл, хэсэгт заасан ял шийтгэлийг оногдуулсан ба анхан шатны шүүх хуралдааны үед гэмт хэргийн улмаас учруулсан хохирол болох 305.000 төгрөгийг нөхөн төлөөгүй, нөхөн төлөхөө илэрхийлээгүй байсан, харин давж заалдах шатны шүүхээр хэрэг хэлэлцэгдэх үед гэм буруугаа хүлээсэн, учруулсан бодит хохирлыг нөхөн төлсөн байх тул 2021 оны Өршөөлийн хуулинд хамруулж оногдуулсан хорих ялыг өршөөн хэлтрүүлж, ялаас чөлөөлөхөөр шийдвэрлэв.  

Иймд Сэлэнгэ аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 152 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч нар болон тэдний өмгөөлөгчдийн гомдлыг хангахаар давж заалдах шатны шүүх хуралдаанаас дүгнэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1, 1.1, 2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Сэлэнгэ аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 152 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ц.*******, С.******* болон түүний өмгөөлөгчдийн гаргасан давж заалдах гомдлыг хангасугай.

 

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 4.2-д зааснаар шүүгдэгч Ц.*******, С.******* нарт Сэлэнгэ аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 152 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1, 23.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар тус бүрт 02 жилийн хорих ял оногдуулсныг өршөөн хэлтрүүлсүгэй.

 

3.Шүүгдэгч нар 305.000 төгрөгийн хохирлоо нөхөн төлсөн, бусдад төлөх төлбөргүй болохыг дурьдсугай.

 

4.Шүүгдэгч нарт урд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, магадлал хүчин төгөлдөр болтол хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2-д зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн,  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэсэн  үндэслэлээр оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

 

                        ДАРГАЛАГЧ                                    Д.БУЯНЖАРГАЛ

 

                            ШҮҮГЧИД                                     Г.ДАВААРЕНЧИН

                                                                                         

                                                                                 Б.ЭРДЭНЭХИШИГ