| Шүүх | Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашцэрэнийн Ренченхорол |
| Хэргийн индекс | 149/2017/00157/Э |
| Дугаар | 00130 |
| Огноо | 2017-10-18 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Н.Дүүрэнжаргал |
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2017 оны 10 сарын 18 өдөр
Дугаар 00130
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС:
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн шүүгч Д.Ренченхорол даргалж, явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар:
Нарийн бичгийн дарга П.Нямсүрэн
Улсын яллагч Н.Дүүрэнжаргал
Шүүгдэгч Л.О нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийв.
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн Л.От холбогдох 1732000440039 тоот эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, Сэлэнгэ аймгийн Мандал суманд 1988 оны 12 дугаар сарын 02-ны өдөр төрсөн, 29 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй Сэлэнгэ аймгийн Мандал сумын 3 дугаар баг Гандангийн 22 тоотод оршин суудаг, урьд өмнө нь ял шийтгүүлж байгаагүй,
Малчин овогт Лувсангомбын О РД:/М388120276/
Тодорхойлох нь:
Шүүгдэгч Л.О нь 2017 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 17 цагийн орчим архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сэлэнгэ аймгийн Мандал сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр Гандангийн 90 тоотод оршин суух иргэн Т.Ог гэртээ ганцаараа байхад нь гэрт орж Т.Огийн эрх чөлөөнд нь халдан эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Л.О мэдүүлэхдээ:Мэдүүлэг өгөхгүй хийсэн хэргээ хүлээж байна гэм буруугаа ойлгож байгаа гэх.
Мөрдөн байцаалтанд Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.Н..... “..Миний охин мэдрэлийн өвчний учир татаж унадаг, сэтгэцийн өөрчлөлтэй юм. 80 хувиар групп тогтоолгосон. Өчигдөр орой 17 цагийн орчим би түүнийг гэртээ цоожилоод эмийг нь авахаар эмийн сан руу явсан юм. Тэгтэл миний утас руу С гэдэг хүн залгаад “охиныг чинь У гэдэг залуу согтуугаар элдэж хөөгөөд зодоод байсан байна” гэж хэлсэн юм. Тэгээд сандраад гэртээ очиход манай гэрийн цоож эвдэрчихсэн гэр дотор 2-3 унь уначихсан, охины унтдаг орны гудас унжчихсан миний охин Т.Огийн уруул нь язраад цус гарчихсан, айж сандарчихсан байдалтай байсан юм. Юу болсныг С гэдэг хүний модны рам дээр ажилладаг 2 хүн харсан юм шиг байна лээ. Би гэрийн унийг байранд нь хийгээд орны гудсыг засаж янзалчихаад цагдаагийн байгууллага дээр ирсэн юм. Миний охин Т.О унаж татдаг сэтгэцийн өвчтэй юм. Юу болсоныг надад ярихдаа “энэ залуу миний нүүр рүү цохиж нүүрийг дарж түлхсэн, зодсон гэж хэлсэн, тэр болгоныг надад тодорхой ярьж чадахгүй л дээ...” гэх мэдүүлэг хх-ийн 9-10-р хуудас/,
Мөрдөн байцаалтанд гэрч Г.Оийн “...Би 2017 оны 08 дугаар сарын 15-ны орой 17 цагийн орчим Мандал сумын 3-р багт байдаг С гэдэг хүний модны раман дээр мод зүсэж байсан юм. Тэр үед эмэгтэй хүн хашгирч орилоод байсан. Би дотроо энэ П одоо эхнэрийгээ зодоод зодолдож нүдэлдээд байгаа юм байх гэж бодоод С гэдэг хүний хүү Сүхболдод очоод үзээдэх гэж хэлсэн юм. Сүхболд хашаа даваад тэр айл руу орсон. Тэгээд Пгийн гэр дотроос эмэгтэй, эрэгтэй 2 хүн гарч ирэхээр нь харсан чинь нэг нь Гандангийн гудамжинд байдаг О /У/ гэдэг залуу согтуу байдалтай байсан. Харин нөгөө эмэгтэй нь Пгийн эхнэрийнх нь хүүхэд байсан. Би яг хажууд нь очоогүй, холоос харсан, тэгээд Сүхболдыг ирэхээр нь асуухад О гэдэг нөхөр тэр гэрт байсан эмэгтэйг зодож цохьсон байсан, Оыг хөөгөөд явуулчихлаа гэж хэлсэн. ..тэр эмэгтэй унаж татдаг сэтгэцийн өөрчлөлттэй юм гэсэн. Ээж нь түүнийг гэр дотроо цоожлоод явдаг юм гэсэн...” гэх мэдүүлэг/хх-ийн 14-р хуудас/
Мөрдөн байцаалтанд гэрч С.Сын “...гэрийнхээ хашааныхаа урд талд юм хийгээд байж байхад манай зүүн талын Монгол гэртэй хашаанд эмэгтэй хүн орилж чарлаад байсан. Тэр үед урд талын хашаанд байсан Билгээ гэдэг хүүхэн надад “энэ айлд зодоон болоод байх шиг байна, эмэгтэй хүн орилоод зодуулж нүдүүлээд байгаа юм шиг байна, чи ороод үзээдэхээч” гэж хэлэхээр нь би тухайн гэртэй айл руу очсон юм. Намайг тэр айл руу ороход зүс таних У гэдэг залуу шал согтуу байдалтайгаар нэг эмэгтэйг зодож байгаа бололтой гарнаас нь зуураад барьчихсан байж байхаар нь би түүнийг хориглож салгасан юм. Тэр согтуу залуу надад “чамд ямар хамаатай юм бэ, эр, эмийн хооронд илжиг бүү жороол ч гэлүү” нэг тиймэрхүү юм хэлсэн. Тэр их согтуу байсан. У тухайн эмэгтэйг цохиж зодож байхыг бол хараагүй, нөгөө эмэгтэй нь сэтгэцийн өвчтэй юм уу гэмээр хүн байсан ба ямар ч байсан У түүний дээр мордоод суучихсан байсан..” гэх мэдүүлэг/хх-ийн 15-р хуудас/
Шүүх үзлэг хийсэн акт №174 дугаартай дүгнэлтэн дэх “..Огийн биед доод уруулын дотор талд язарсан шарх, дээд, доод уруулын дотор тал, баруун зүүн нүдний дээд, доод зовхи зүүн хацар эрүү баруун гарын алганы ар хэсэгт, зүүн гарын бугалга, баруун ташааны доод хэсэг, зүүн ташааны доод хэсэгт цус хуралт, зүүн гарын тохойн үенд зулгаралт, дээд, доод урууланд зөөлөн эдийн гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл хатуу мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна..” гэх дүгнэлт /хх-ийн 21-р хуудас/
Шүүгдэгч Л.О хувийн байдлыг тогтоосон баримт иргэний үнэмлэхний хуулбар /ХХ-ийн 27-р хуудас/, оршин суугаа газрын тодорхойлолт /хх-ийн 30-р хуудас/, ял шалгах хуудас /ХХ-ийн 32-р хуудас/ зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар:
Шүүгдэгч Л.О нь 2017 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 17 цагийн орчим архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сэлэнгэ аймгийн Мандал сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр Гандангийн 90 тоотод оршин суух иргэн Т.Ог гэртээ ганцаараа байхад нь гэрт орж Т.Огийн эрх чөлөөнд нь халдан эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь нотлогдон тогтоогдож байна.
Хохирогч Огийн биед доод уруулын дотор талд язарсан шарх, дээд, доод уруулын дотор тал, баруун зүүн нүдний дээд, доод зовхи зүүн хацар эрүү баруун гарын алганы ар хэсэгт, зүүн гарын бугалга, баруун ташааны доод хэсэг, зүүн ташааны доод хэсэгт цус хуралт, зүүн гарын тохойн үенд зулгаралт, дээд, доод урууланд зөөлөн гэмтэл учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг хангаж байх тул гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Л.О анх удаа хөнгөн гэмт хэргийг үйлдсэн, хохирогч нэхэмжлэх зүйлгүй, шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн байх тул Л.От Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар торгох ял шийтгэх, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, Л.О өмнө авсан бусдын батлан даалтанд байлгах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээх, зэргийг шүүхийн шийтгэх тогтоолд тусгах нь зүйтэй байна.
Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Малчин овогт Лувсангомбын Оын хүний эрүүл, мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Малчин овогт Лувсангомбын Оыг дөрвөн зуун тавин /450/ нэгж буюу 450000 төгрөгөөр торгосугай.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Л.О нь торгууль 450000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгийг 6 сарын хугацаанд төлж биелүүлэхийг даалгаж энэ хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын 15000 төгрөгтэй тэнцэх хэмжээг нэг хоногийн хорих ялаар тооцож солихыг мэдэгдсүгэй.
4.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, Л.О нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүйг дурьдсугай.
5. Л.От авсан бусдын батлан даалтанд байлгах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээсүгэй.
6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүхийн тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар гомдол эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан, хүргүүлсэнээс өдрөөс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ Д.РЕНЧЕНХОРОЛ