Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 01 сарын 11 өдөр

Дугаар 2022/ДШМ/01

 

                                         Л.*******д холбогдох

                                           эрүүгийн хэргийн тухай

 

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Д.Буянжаргал даргалж, шүүгч Б.Эрдэнэхишиг, Г.Давааренчин нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ө.*******, Г.*******

нарийн бичгийн дарга Ө.******* нарыг оролцуулан,  

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн шүүгч Г.Дэлгэрсайхан даргалж хийсэн шүүх хуралдааны 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 2021/ШЦТ/43 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч бичсэн шүүгдэгчийн өмгөөлөгч М.*******ийн гаргасан гомдлоор Л.*******д холбогдох эрүүгийн дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч, шүүгч Г.Давааренчингийн илтгэснээр хянан хэлэлцэв.

******* овогт *******, ***** оны **** дугаар сарын *****-ний өдөр Сэлэнгэ аймгийн Сант суманд төрсөн, ***** настай, ****эгтэй, **** боловсролтой, *********** мэргэжилтэй, ************* ажилтай, ам бүл ***** хамт Сэлэнгэ аймгийн Сант сумын ***** баг, **** дугаар гудамж, **** тоотод оршин суух хаягтай, /РД:*********/

Л.******* нь Сэлэнгэ аймгийн Сант сумын 13 дугаар цэцэрлэгийн эрхлэгчээр буюу төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалтнаар ажиллаж байхдаа Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсгийн 7.1.5 дахь заалтад заасан “албан үүргээ гүйцэтгэх, эсхүл гүйцэтгэхгүй байхдаа холбогдуулан бусдаас шан харамж шаардах” гэснийг зөрчиж, 2017 оны 12 дугаар сарын 25-ны өөр Сэлэнгэ аймгийн Сант сумын 1 дүгээр баг Ивэн 2 дугаар гудамжны 42 тоотод хахууль өгөгч Б.*******гаас Сэлэнгэ аймгийн Сант сумын 13 дугаар цэцэрлэгт арга зүйч багшаар ажилд оруулах” ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлэхийн тулд 500.000 төгрөгийн хахууль авсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүх: ******* овогт *******г нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлэхийн тулд хахууль авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2-т зааснаар түүний нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 5500 нэгж буюу 5.500.000 төгрөгийн торгох ялаар шийтгэж, уг ялыг 2 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар торгуулийн ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелүүлээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдэж, шүүгдэгч   нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдан, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 4-т зааснаар түүний гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 500.000 төгрөгийг шүүгдэгчийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулан улсын орлого болгож, шийтгэх          тогтоол хүчин төгөлдөр болтол түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч М.******* давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт гэрч Б.Батсүхийн мэдүүлэг нь ашиг сонирхлын зөрчилтэй гомдол гаргагч Б.*******гийн нөхөр нь юм мөн гэрчүүд болох В.*******, А., М., Х., С., О., Ч., Э. зэрэг гэрчүүд нь цэцэрлэгийн хурал дээр Б.******* гэх хүний ярьж байсныг цааш дамжуулж хэлдэг дамжмал буюу шууд бус эх сурвалжаа зааж чадахгүй нотлох баримт юм. Эдгээр гэрч дундаас гэрч Х.ыг өмгөөлөгч миний хүсэлтээр шүүх хуралдаан дээр асууж “******* дарга би авсан билүү, яасан билээ” гэх эргэлзээтэй мэдүүлгийг тодруулж асуухад тийм зүйл яриагүй гэж гэрч Х. нь тодруулж хэлсээр байхад шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт “Хурэлмаа дарга би авсан билүү, яасан билээ гээд сонин юм яриад байсан” гэх мөрдөн байцаалтын шатанд гэрчээр асуусан мэдүүлгийг үнэлсэн байдаг.

Мөн шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт Б *******гийн 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 500 000 төгрөгний зарлага гарсан гэх боловч дээрх мөнгийг юунд зарцуулсан нь тодорхойгүй, Л.*******д өгсөн гэх боловч өгсөн нотлох баримт байхгүй, мөн эрхлэгчийн 2018 оны 01 дүгээр сарын 15-ны едрийн Б/05 дугаартай Ажилд түр авч ажиллуулах тухай тушаал нь Л.******* нь өөрийн ажил үүргийн дагуу зар өгч сонгон шалгаруулалт зарлаад шалгарсан Б.*******г хөдөлмөрийн эрх зүйн харилцаа, эрх хэмжээнийхээ хүрээнд ажилд томилох эрхийнхээ дагуу гаргасан тушаал зэрэг байхад дээрх нотлох баримтуудыг үнэлж дүгнэн шүүгдэгч Л.*******г гэм буруутайд тооцсон нь шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй мөн мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй байхад ямар хөдлөшгүй баримтаар тогтоогоод байгаа нь ойлгомжгүй, түүнчлэн эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч шүүгдэгчийг гэм буруутай эсэхэд эргэлзээ гарвал түүнийг шүүгдэгчид ашигтай шийдвэрлэх зарчмыг эрүүгийн хэргийн анхан шатны шүүх баримтлаагүй байх тул дээрх хэргийг үнэн зөвөөр хянан үзэж Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын шүүхийн 2021 оны 10-р сарын 20-ны өдрийн 2021/ШЦТ/43 дугаартай шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүх хэргийн бодит байдал бүрэн тогтоогдоогүй байхад шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

...Шүүхийн шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэхдээ зөвхөн гэрч Б.******* болон түүний нөхөр Б.Батсүхийн өгсөн мэдүүлгийг гол баримт болгон хэргийг шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалтай нийцэхгүй байна.

Гэрч Б.******* энэ хэрэгт хувийн сонирхолтой, хамааралтай этгээд юм. Гэтэл түүний болон нөхрийн мэдүүлгийг бусад баримтаар тогтоохгүйгээр зөвхөн 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хийгдсэн банкны зарлагын баримтаар гарсан мөнгийг Л.******* авсан гэж үзэх нь учир дутагдалтай байна.

...Мөн хавтаст хэргийн 32 хуудсанд дахь Б.*******г ажилд авах хурлын протколоос үзэхэд Л.*******гийн...үндсэн ажилд авахаар бол дахин шалгалт авна, үүнээс ахисан бол цаашид ажиллах боломжтой шүү гэх байдлаас үзэхэд мөнгө авч ажилд оруулсан гэх үндэслэл харагдахгүй байна.

Хавтас хэргийн 30-р хуудсанд 2019 оны 03-р сарын 04-ний өдөр эрхлэгчийн тушаал гарсан ба Б.*******д байгууллагаас өгсөн үүрэг даалгаврыг цаг тухайд нь биелүүлээгүй гэсэн үндэслэлээр арга хэмжээ авсан байна.

Л.*******гийн хувьд мөнгө авсан бол Б.*******гийн хэлснээр ажилд орсон цагаас нь ажлын байрны дарамт үзүүлэх, үүрэг даалгавар байнга өгөх зэргээр хандах хүсэл байсан уу, Б.*******гийн хувьд энэ хугацаанд байнга ажлын шаардлагаар дарамтлуулсан хэрнээ дээрхи асуудлыг сөхөхгүй, бусдад хэлэхгүй байх ямар нөхцөл байдал байсан, яагаад 3 жилийн дараа гэнэт зөвхөн хамт олны хурал дээр хэлэх болсон зэрэг шалтгаант холбоонуудыг бүрэн судлаагүй хэргийг шийдвэрлэсэн гэж үзэхээр байна.

-Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт мөрдөгч прокурор нь нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй...2 дах хэсэгт...хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч прокурор нь хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийн яллах, цагаатгах...нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно...гэсэн байна.

Гэтэл 2020 оны 10 дугаар сарын 07-ны өдөр тус цэцэрлэгийн дотоод хяналтын хуралд оролцсон багш, ажилчдыг гэрчээр асуусан мэдүүлгийг мөрдөгч, прокурор нь зөвхөн яллах талын байр сууринаас харж нотлох баримт болгосон ба шүүх нь шийтгэх тогтоолынхоо тодорхойлох хэсэгт...эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2-т заасан...шүүх прокурор, мөрдөгч нь хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгож нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ...гэснийг баримталж хэргийг шийдвэрлэсэн...гэжээ.

Тус хуралд оролцсон гэрч В.*******, А., М., гэрч Х., С., О., Ч., Э. нарын мэдүүлэг нь тус хуралд Б.******* нь 500.000 төгрөгийг Л.******* даргад өгсөн гэж хэлсэн гэдгийг нотолсон болохоос биш авсан гэдгийг нотолсон мэдүүлэг биш юм. Тухайн гэрч нараас хэн нь ч Б.******* өмнө нь 500.000 төгрөгийг даргад өгсөн гэдгийг хэлж байгаагүй ба зөвхөн хурал дээр л хэлсэн гэдгийг гэрчилдэг.

Гэтэл шүүх зөвхөн өөрийн дотоод итгэлээр үнэлнэ гэсэн байдлаар гэрч нарын мэдүүлгийг эсрэг талын байр сууринаас харж хэргийг шийдвэрлэсэн нь шударга ёсны зарчимтай нийцэхгүй байна.

-Б.*******г тус цэцэрлэгийн арга зүйч багшийн ажилд 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдрөөс авсан нь хахууль авсан үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой мэтээр үзсэн байна. Гэтэл хэрэгт цугласан цагаатгах талын баримтуудыг шүүх авч үзээгүй байна. Үүнд:

-Хэрэгт цугларсан баримтаас үзэхэд Л.******* нь Б.*******г ажилд авахдаа дараахи нөхцөл шаардлага, шалгуурын үндсэн дээр авсан байна.

1рт. Б.*******г Л.******* нь анх удаа ажилд авч байгаа асуудал биш юм. Өмнө нь 2014 оны 08 сарын 14 өдөр тус цэцэрлэгт багшийн ажилд авч байсан тушаал гарч байсан учраас хуучин хамт олноо таньдаг, мэддэг гэдэг үндэслэлээр ажилд авсан...

2рт: Тус цэцэрлэгийн арга зүйч багшийн орон тоо нь 2018 оны 01 сард зарлагдсан ба сонгон шалгаруулалтын зарыг орон нутгийн олон нийтийн сүлжээ сайт, фэйсбүүк.зарын самбар дээр тавьсан ба Б.*******гаас өөр хүн ирээгүй учраас ганцаараараа тухайн ажлын байранд тэнцсэн,

3рт: Б.*******г ажилд авах шийдвэрийг Л.******* нь ганцаараа гаргаагүй ба хэргийн 32-33 хуудсанд авагдсан тэмдэглэлээс үзэхэд В.*******.А. нарын хамт ажилд шалгаруулж авсан ба А. нь ...өрсөлдөгчгүй юм чинь орох нь тодорхой гэж ойлгож байна... гэж хэлж байсан. -мөн Б.******* нь удаа дараа ажилд орох хүсэлтүүдийг тус байгууллагад гаргаж байсан ба энэ бүх байдлыг нэгтгэж үзсэний үндсэн дээр түүнийг ажилд авсан болох нь баримтаар тогтоогддог.

Хэрэгт авагдсан баримтуудад дүгнэлт хийхэд Б.*******гийн мөрдөн байцаалтын шат болон шүүхийн хэлэлцүүлгийн үед өгсөн удаа дараагийн мэдүүлгүүд нь өөрөө хараагүй, нотлогдоогүй асуудлуудаар бусдыг болон Л.*******г гүтгэсэн агуулгатай байгаа нь доорхи байдлаар нотлогдож байна.

-Б.*******гаас цагдаагийн газар гаргасан өргөдөлдөө /хэргийн 15 хуудсанд/ ...манай цэцэрлэгт Л.******* эрхлэгчийн хамаатан садан,найз нөхдийн хүүхдүүд ажилладаг, ******* эгч дээрхи хүмүүстэй нийлээд гадуурхах, дарамт учруулах хандлагатай байдаг гэх,

-2-р хавтас хэргийн 23 хуудсанд авагдсан шүүх хуралдааны тэмдэглэлд...Манай цэцэрлэгт 20 гаруй ажилтан байдгаас 10 ажилтан нь ******* эрхлэгчтэй хамаатан садны хүмүүс байдаг гэх үндэслэлгүй мэдүүлэг өгсөн байдал, -2020 оны 10 сарын 07-ны өдрийн /хх-127-13/ хурлын тэмдэглэлд багш Г.Нандинцэцэгийн өгсөн...хүүхэд манай ангид ороод ирэхээр нь арга зүйч ээ хүүхдээ аваарай,ямар нэгэн юм болох вий гэхэд өөдөөс Б.******* нь “Чамайг хүүхэд гаргаад сайн явахыг чинь харнаа” гээд занасан байдалтай хэлсэн нь надад аймар байсан... гэх мэдүүлэг,

Олон нийтийн цахим сүлжээний хэрэгслэлээр шийдвэрлэгдээгүй хэргийн талаар болон бусад ор үндэслэлгүй зүйлээр гүтгэж доромжилсон байдал, зэргээс үзэхэд Б.*******гийн хувийн байдлыг тогтоох шаардлагатай байсан.

Иймээс миний үйлчлүүлэгч Х.*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дах хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэдгийг Б.*******, түүний нөхөр 2-ын мэдүүлгээс өөр байдлаар нотолж чадаагүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотлогдвол зохих байдлуудаар бүрэн тогтоогоогүй учраас Сэлэнгэ аймгийн Сайхан сум дах сум дундын шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 2021/шцт/43 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож Л.*******д холбогдох хэргийг цагаатгаж өгнө үү гэв.

 

                                         ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн өмгөөлөгчийн гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр Л.*******д холбогдох дугаартай хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

 

Прокуророос Л.*******гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлэхийн тулд хахууль авсан гэмт хэрэгт  яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх Л.*******д холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотолбол зохих байдлуудыг нотлон тогтоож ирүүлээгүй, хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар түүнийг  гэм буруутайд тооцох хангалттай үндэслэл тогтоогдоогүй байхад Сэлэнгэ аймгийн Сант сумын цэцэрлэгийн эрхлэгчээр буюу төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалтнаар ажиллаж байхдаа Авилгын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсгийн 7.1.5 дахь заалтад  заасан “албан үүргээ гүйцэтгэх, эсхүл гүйцэтгэхгүй байхтай  холбогдуулан  бусдаас шан харамж шаардах”  гэснийг зөрчин Б.*******гаас 500.000 төгрөг авч цэцэрлэгийн арга зүйч багшаар ажилд авч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлэхийн тулд хахууль авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй болжээ.

 

Шүүх хэргийн бодит байдлыг хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үндэслэн сэргээн тогтоохдоо нотлох баримтын шинж чанар, тэдний хоорондын болон хэргийн хамаарал, хуульд заагдсан арга хэрэгсэл, шаардлагын дагуу цугларсан эсэхийг дүгнэж, улмаар баримтуудыг харьцуулан шинжилж, эсрэг болон холбогдогчтой нэг ашиг сонирхолтой байж болох этгээдүүдийн мэдүүлгийн агуулга, нотолгооны тэнцвэр, хэргийн байдалтай хэрхэн уялдаж байгаа зэргийг эрх зүйн ухамсрыг удирдлага болгон үнэлдэг.

 

Улсын яллагчаас шүүх хуралдаанд  шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл нь хэрэгт авагдсан гэрч нарын мэдүүлгүүд, Б.*******гийн 5031544109 дугаартай Хаан банкны 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн депозит  дансны  тухайн өдөр 500.000 төгрөгийн зарлага гарсан тухай дэлгэрэнгүй хуулга, Сэлэнгэ аймгийн Сант сумын 13 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн Б/05 дугаартай “Ажилтан түр авч ажиллуулах тухай”  тушаал зэргээр тогтоогдсон гэж мэтгэлцсэн байна.

 

Хэргийн үйл баримтын талаар: Сэлэнгэ аймгийн Сант сумын 13-р цэцэрлэгийн арга зүйч Б.*******гийн хүсэлтээр  цэцэрлэгийн нийт ажилчдын хурлыг 2020 оны 10 сарын 07-ны өдөр явуулж тус хуралд хөндлөнгийн ажиглагчаар сумын засаг даргын тамгын газрын 2 ажилтныг оролцуулсан байна.

Тус хурал дээр арга зүйч Б.******* нь  ажилд орохын тулд 2017 оны 12 сарын 15-ны өдөр эрхлэгч Л.*******д 500.000 төгрөг өгсөн, ажлаасаа чөлөөлөгдөж байгаа тул мөнгөө буцаан авна гэж мэдэгдэж улмаар 2020 оны 10 сарын 08-ны өдөр энэ тухай гомдлоо Цагдаагийн газарт гаргаснаар хэрэг бүртгэлтийн хэрэг нээж хэргийг шалгасан байна.

 

Хэрэгт авагдсан нотлох баримтаар:

Гэрч Б.******* Авилгатай тэмцэх газарт:  “...2018 оны 01 сард ажлын байранд сонгон шалгаруулалт зарлагдсны дагуу ажилд ороход эрхлэгч Л.******* нь арга зүйчээр ажиллах олон багш байгаа ... гэхдээ чи ирж уулз...” гэж удаа дараа утсаар ярьж, гар харсан өнгө аястай 2017 оны 09 сараас 2017 оны 12 сарын 25-ны өдрийг хүртэл  хугацаанд хүлээлгэсэн. Арга зүйчийн шинэ орон тоо гарч байгаа гэж  өөр ажилд орох гэж байсныг минь хясаж боогдуулж  байсан учир  идэшний мах авах гэж төлөвлөж байсан 500.000 төгрөгөө... 2017 оны 12 сарын 25-ны өдөр Сант Хаан банкнаас бэлнээр авч нөхөр Б.Батсүхийн хамт гэрт нь очиж Л.*******д өгсөн.  Сонгон шалгаруулалтад нэг ч багш арга зүйч оролцоогүй. Хамт олны хурал дээр мөнгө өгөлцөж авалцсан гэдгээ хүлээн зөвшөөрсөн...” гэсэн өргөдөл гаргасан бол  

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Б.******* өгсөн мэдүүлэгтээ: 2017 оны 09 сард цэцэрлэгийн эрхлэгч Л.*******тай уулзаж орон тоо байна уу гэж асуухад удахгүй “арга зүйч” -ийн орон тоо гарна.  Зар тавигдах үед ирж уулзаарай гэж байсан.  Ингээд орон тоо гарч байна уу гээд утсаар ярьдаг байсан. 2017 оны 10 сарын үед  цалингийн санхүүжилт батлагдаагүй байна чи хүлээж байгаарай гэсэн. 2017 оны 12 сарын 20-ны үед санхүүжилт батлагдсан ирж уулзаарай гэж хэлэхээр нь нөхрийн хамт Сант сумын Хаан банкны тооцооны төвөөс өөрийн данснаас бэлнээр 500.000 төгрөг авч Л.******* эрхлэгчийн гэрт нь аваачиж өгсөн.  2018 оны 01 сард Сант сумын цэцэрлэгт “арга зүйч”-ийн ажлын байранд ажилтан сонгон шалгаруулж авна гэсэн зар “Face book, зарлалын самбар” зэрэгт тавигдсан. ... тэгээд очоод сонгон шалгаруулалтандаа ороход надаас өөр нэг ч багш сонгон шалгаруулалтанд ороогүй. Би ганцаараа сонгон шалгаруулалтанд орж тэнцээд ажилдаа орсон...” гэх   /хх-ийн 23/,

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Б.Батсүх өгсөн мэдүүлэгтээ: Цэцэрлэгт сонгон шалгаруулалт болоход манай эхнэрээс өөр хүн байгаагүй. Гэтэл ******* эгч хүмүүс байгаа гээд ажилд авахгүй удаагаад байсан болохоор ядаж нэг ч гэсэн ажилтай болье гээд шийдчихсэн байсан. Тэгээд ганц нэг хүнээс асуухаар гар хараад байгаа юм биш үү өгөх юм байгаа бол өгөх хэрэгтэй гэхээр нь ******* эгч рүү чат бичээд “дансаа өгчих гэж хэлтэл “бэлнээр авна” гэсэн, тухайн үед эхнэр бид хоёрт идэш авах гээд байсан мөнгө л байсан. 500.000 төгрөг байсан тэрнийгээ манай эхнэр өөрийнхөө банкны данснаас  авсан... тэгээд орой нь эхнэр бид хоёр гэрийн нь гадаа очоод эхнэр ганцаараа ороод ******* эгчид мөнгийг өгчихөөд гараад ирсэн...” гэж /хх-ийн 17/ тус тус мэдүүлжээ.

 

Гэрч Б.Батсүх, Б.******* нарын өргөдөл болон мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлгүүд нь өөр хоорондоо  агуулгын хувьд зөрүүтэй, Тухайлбал:    

1. 2017 оны 10 сард ажилд орох хүсэлтээ өгсөн. Гэтэл хүлээлгээд байсан болохоор эрхлэгчийг гар харж байна гэж бодоод мөнгө өгсөн гэж гэрч Б.*******, түүний нөхөр Б.Батсүх нар мэдүүлдэг боловч хэрэгт авагдсан Сэлэнгэ аймгийн Сант сумын 1-р цэцэрлэгийн 2017 оны  төсөв, санхүүгийн тайлан зэргээс  тухайн байгууллага нь 2017 онд бүтэц  орон тооны  хувьд 16 ажилтантай ажилласан /хх-ийн 148/,  2018 оны 01 сараас эхлэн  тус цэцэрлэгт 1 орон тоо нэмэгдэж 17 ажилтантай ажилласан болох нь тухайн байгууллагын 2018 оны төсөв, санхүүгийн тайлан /хх-ийн 152/ зэргээр тогтоогдож байна. Энэ баримтаар 2017 онд тухайн цэцэрлэгт шинээр нэмж ажилтан авах төсөв, орон тоо байгаагүй гэдэг нь харагдаж байх тул гэрч Б.Батсүх, Б.******* нарын  цэцэрлэгийн эрхлэгч Л.******* нь “ажилд авна” гэж хэлчихээд  шан харамж харж 2017 оны 09 сараас 2017 оны 12 сарын 25-ны өдөр буюу мөнгө өгөх хүртэл хугацаанд хүлээлгэсэн гэсэн мэдүүлэг нь үгүйсгэгдэж байна.

Мөн Сэлэнгэ аймаг Сант сумын 13-р цэцэрлэгт 2018 онд шинэ орон тоо батлагдсаар тус орон тоон дээр ажилтан сонгон авах талаар тухайн байгууллагаас зарлал мэдээлэл гарсны дагуу гэрч Б.******* нь хүсэлтээ гаргасан байх ба түүнээс өөр хүн ажилд орох тухай хүсэлт гаргаагүй, цэцэрлэгийн удирдлагаас  зохих шалгалт авсны үндсэн дээр түүнийг  ажилд авсан болох нь гэрч В.*******ын  мөрдөн байцаалтын шатанд өгсөн “..Манай цэцэрлэгт 2018 оны 01 сараас “арга зүйч”-ийн орон тоо батлагдаад ажилтан авахаар сонгон шалгаруулалт явуулахаар  нээлттэй  ажлын байранд ажилтан авах зар тавьсан. Тухайн зарын дагуу ******* ажлын анкетаа бөглөж ажилд орох хүсэлтээ өгсөн. *******г ажилд сонгон шалгаруулж авахдаа багш , эрхлэгч Л.******* бид гурав мэдлэгийг шалгах зорилгоор мэргэжлийн мэдлэг сорих тест авч ярилцлага хийсэн.... “арга зүйч”-ийн орон тоо батлагдах гэж байгаа гээд 2017 оны сүүлчээс хойш яригдаж байсан.  Тус орон тоонд ажиллах  хүн олдохгүй байсан....” гэсэн мэдүүлэг /хх-ийн 49-50/,

Гэрч А.гийн “...тухайн үед сургуулийн өмнөх боловсролын багш мэргэжилтэй байх ёстой гэсэн шаардлагыг хангасан хүн суманд ганцхан Б.******* багш байсан юм.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 52-53/,

Сонгон шалгаруулалт явуулсан тухай хурлын “...  Эрхлэгч:  энэ ажлын байранд түр 6 сар хүртэл харна.  Цаашид хамтарч ажиллах боломжгүй бол дахин сонгон шалгаруулалт зарлана гэж ойлгоорой... хэрэв чамд өрсөлдөгч байсан бол чиний тест, ярилцлага, компьютерын чадвар тиймэрхүү байлаа. Өрсөлдөгч байхгүй  болохоор ингээд анхны түвшинг тань тодорхойлоод ажилд авч байгаа гэж ойлгож болно...”  гэсэн тэмдэглэл, /хх-ийн 32/

Сэлэнгэ аймгийн Сант сумын 13-р цэцэрлэгийн  эрхлэгчийн 2018 оны 01 сарын 15-ны өдрийн Б/05 дугаартай  “ажилтан түр авч ажиллуулах тухай” тушаал, /хх-ийн 31/  зэргээр  шинээр батлагдсан орон тоон дээр ажилтан сонгон авахдаа зохих журмын дагуу шалгаруулалт явуулсан, тухайн ажлын байранд өрсөлдөгч байгаагүй талаар ажил олгогчоос шинээр томилогдож буй ажилтанд тодорхой тайлбарласан болох нь тогтоогдож байна.

 

2. Гэрч Б.Батсүх, Б.******* нар нь 500,000 төгрөгийг 2017 оны 12 сарын 25-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сант сумын Хаан банкны тооцооны  төвөөс мөнгийг аваад орой нь *******гийн гэрт хамт аваачиж өгсөн гэдэг боловч хэргийн  08, 153 хуудсанд авагдсан Б.*******гийн Хаан банкны депозит дансны  2017.12.25-ны өдрийн дэлгэрэнгүй хуулгад мөнгийг 2017 оны 12 сарын 25-ны өдрийн 16.38 минутад Дархан / ПОС /  машинаар зарлага гарсан тухай тэмдэглэл үйлдэгдсэн байх ба мөнгийг нь Сант сумын Хаан банкны тооцооны төвөөс авсан эсэх нь эргэлзээтэй байх ба энэ талаар мөрдөн байцаалтын шатанд нарийн шалгаж тогтоож чадаагүй байна.

 

3. Улсын яллагчаас Шүүгдэгч Л.*******д 500,000 төгрөг өгсөн гэдэг нь хэрэгт авагдсан гэрч В.*******ын “... ******* нийтийн хурал дээр би энэ ажилд орохдоо ******* эрхлэгчид 500,000 төгрөг өгсөн гэж хэлсэн.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 49-50/, А.гийн “.. багш нарын хурал дээр ******* багш би энэ ажлыг хийж чадахгүй юм байна ажилд орохдоо 500.000 төгрөг эрхлэгч Л.*******д өгсөн одоо тэрийгээ аваад ажлаасаа гарья гэж хэлсэн, тэгэхэд эрхлэгч ******* “надад авсан юм байхгүй, цагдаа шүүхээрээ асуудлаа шийдүүл” гэж хэлсэн.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 52-53/, Гэрч М.Эрхэмзаяагийн “*******  ажилд орохдоо эрхлэгч *******д 500,000 төгрөг өгсөн тэр мөнгөө авья гэж хурал дээр хэлж байсан.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 55/, Гэрч М.гийн “багш нарын хурал дээр ******* ажилд орохдоо эрхлэгч *******д 500,000 төгрөг өгсөн тэр мөнгөө авья гэж хэлж байсан.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 57/, С.гийн 2020 оны 10 дугаар сард цэцэрлэгийн ажилчдын хурлыг би удирдан явуулсан юм. Тус хурлаар арга зүйчээр ажиллаж байсан *******гийн гаргасан өргөдлийн дагуу хурал явагдсан юм. Тэр хурал даар ******* “намайг ажилд ороход 500.000 төгрөг авч ажилд авсан ...гэж хэлсэн” гэсэн мэдүүлгүүдээр  /хх-ийн 77/ тогтоогдсон гэж тайлбарладаг боловч тухайн гэрчүүд нь 2020 оны 10 сарын 07-ны өдөр болсон бүх ажилчдын хурал дээр болсон үйл баримтын талаар мэдүүлсэн байх ба энэхүү мэдүүлгүүд нь Л.*******гийн бусдаас мөнгө авсан үйлдлийг шууд нотолж буй баримт гэж үзэх үндэслэлгүй байна.

 

Шүүгдэгч Л.*******г Авилгын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсгийн 7.1.5 дахь заалтад  заасан “албан үүргээ гүйцэтгэх, эсхүл гүйцэтгэхгүй байхтай холбогдуулан бусдаас шан харамж шаардах” гэснийг зөрчин Б.*******гаас 500.000 төгрөг авч түүний ашиг сонирхлын үүднээс цэцэрлэгийн арга зүйч багшаар ажилд томилсон гэдэг нь хэрэгт авагдсан дээрхи баримтуудаар хангалттай тогтоогдохгүй байхад анхан шатны шүүхээс хэрэгт авагдсан нотлох баримтуудаас аль нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой эсэхэд үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй байна.  

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасан бөгөөд хэрэгт цугларсан нотлох баримтуудаар шүүгдэгч Л.******* нь Б.*******гаас 500.000 төгрөг авсан гэх үйл баримт эргэлзээгүйгээр нотлогдоогүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд... эргэлзээ гарвал түүнийг шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ” гэж  заасныг баримтлан Л.*******д холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хэргийг хэрэгсэхгүй болгож анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.  

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч давж заалдах гомдлын үндэслэлээ ...Б.******* нь ажлын байранд гарсан маргаан хувийн таарамжгүй харьцааны улмаас шүүгдэгч Л.*******г  ажилд авахын тулд 500.000 төгрөгийн шан харамж авсан гэмт хэрэгт гүтгэсэн байх магадлалтай... гэж тайлбарлаж байгаа боловч энэ нь хэрэгт авагдсан  баримтаар тогтоогдоогүй байна.

Харин хэрэгт авагдсан баримтаар Б.******* нь ажлын байрны чиг үүргээ хэрэгжүүлэх явцдаа мэдээ тайлан гаргах үйл ажиллагаатай холбоотойгоор эрхлэгч, ажилтан нартай маргасан, ажилтнуудын хоорондын үл ойлголцлоос тэдгээрийн харилцаа муудаж улмаар маргаанаа шийдвэрлүүлэхээр холбогдох дээд байгууллагад хүсэлт гаргасан, ажилтан нь ажлаасаа чөлөөлөгдөх хүртэл даамжирсан байдал тогтоогддог бөгөөд энэ нь тухайн байгууллагын удирдлага зохион байгуулалт муу, удирдах ажилтны ур чадвар сул байдалтай  холбоотой гэж үзэхээр байна.  

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1, 1.2, 2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 2021/ШЦТ/43 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Прокурорын газраас шүүгдэгч ******* овогт *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн дугаартай хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Шүүгдэгч Л.*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг магадлал хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг  гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

             ДАРГАЛАГЧ,

              ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Д.БУЯНЖАРГАЛ

                                                       

                                ШҮҮГЧ                                    Б.ЭРДЭНЭХИШИГ

 

                                ШҮҮГЧ                                     Г.ДАВААРЕНЧИН