Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Ганбатын Мөнхтулга |
Хэргийн индекс | 128/2019/0006/З |
Дугаар | 128/ШШ2019/0337 |
Огноо | 2019-05-31 |
Маргааны төрөл | Бусад, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 05 сарын 31 өдөр
Дугаар 128/ШШ2019/0337
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Мөнхтулга би, Монгол Улсын Хөгжлийн банк ХХК-ийн нэхэмжлэлтэй, Монголбанкны Ерөнхийлөгч, Монголбанкны хянан шалгагч, улсын байцаагч О.Оргилмаа нарт холбогдох Монголбанкны Ерөнхийлөгчийн 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн А-290 дугаар тушаал, Монголбанкны улсын байцаагчийн 2018 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 2018/12039/005 дугаартай мэдэгдлийг илт хууль бусад тооцуулах шаардлага бүхий захиргааны хэргийг хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Монгол Улсын Хөгжлийн банк ХХК-ийн гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Г.Амартүвшин нь тус шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: ...Монгол Улсын Хөгжлийн банк ХХК нь Монголбанкны Ерөнхийлөгчийн 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн А-290 дугаар тушаал, Монголбанкны улсын байцаагчийн 2018 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 2018/12039/005 дугаартай мэдэгдлийг илт хууль бусад тооцуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдөр тус шүүхэд гаргасан.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-т нэхэмжлэлээсээ бүхэлд нь ... татгалзах гэж нэхэмжлэгчийн эрхийг заасны дагуу Монгол Улсын Хөгжлийн банк ХХК нь нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзаж байна.
Хүсэлтийг хүлээн авч хуульд заасны дагуу шийдвэрлэж өгнө үү. гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Монгол Улсын Хөгжлийн банк ХХК нь 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдөр тус шүүхэд хандан ...Монголбанкны Ерөнхийлөгчийн 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн А-290 дугаар тушаал, Монголбанкны улсын байцаагчийн 2018 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 2018/12039/005 дугаартай мэдэгдлийг илт хууль бусад тооцуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргажээ.
Улмаар нэхэмжлэгч Монгол Улсын Хөгжлийн банк ХХК-ийн гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Г.Амартүвшингээс 2019 оны 5 дугаар сарын 31-ний өдөр нэхэмжлэлээсээ татгалзаж байгаа тухай хүсэлтээ шүүхэд бичгээр гарган ирүүлсэн байна.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзах тухай хүсэлт нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1-д Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохдоо дараахь эрх эдэлнэ, 20.1.1-д нэхэмжлэлээ өөрчлөх, түүний шаардлагын хэмжээг ихэсгэх, эсхүл багасгах, нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзах, хариуцагчтай эвлэрэх, 66 дугаар зүйлийн 66.1-д Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзаж болно., 66.2-д Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсанаа бичгээр илэрхийлэх... гэж заасан хуулийн шаардлагыг хангасан байх бөгөөд гуравдагч этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, түүний нэхэмжлэлтэй, Монголбанкны Ерөнхийлөгч, Монголбанкны хянан шалгагч, улсын байцаагч О.Оргилмаад холбогдох захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Шүүхээс нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4-д Нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан этгээд уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхээ алдах, 122 дугаар зүйлийн 122.2-д Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэ хуулийн 122.1-д зааснаас бусад шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолд гомдол гаргах эрхгүй болохыг тайлбарласан бөгөөд
нэхэмжлэгч Монгол Улсын Хөгжлийн банк ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2019 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 17 дугаар тогтоолоор тус банкны гүйцэтгэх захиралын үүрэг гүйцэтгэгчээр Г.Амартүвшинг томилсон байгаа болохыг дурдах нь зүйтэй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-т заасныг үндэслэн нэхэмжлэгч Монгол Улсын Хөгжлийн банк ХХК-иас Монголбанкны Ерөнхийлөгч, Монголбанкны хянан шалгагч, улсын байцаагч О.Оргилмаа нарт холбогдуулан гаргасан Монголбанкны Ерөнхийлөгчийн 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн А-290 дугаар тушаал, Монголбанкны улсын байцаагчийн 2018 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 2018/12039/005 дугаартай мэдэгдлийг илт хууль бусад тооцуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлээсээ нэхэмжлэгч татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5-д заасны дагуу нэхэмжлэгч Монгол Улсын Хөгжлийн банк ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй бөгөөд энэхүү шүүгчийн захирамжийг шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэхийг дурдсугай.
ШҮҮГЧ Г.МӨНХТУЛГА