Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 01 сарын 11 өдөр

Дугаар 2022/ДШМ/02

 

 

                                          У.*******ад холбогдох

                                           эрүүгийн хэргийн тухай

 

 

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Эрдэнэхишиг даргалж, шүүгч Г.Давааренчин, ерөнхий шүүгч Д.Буянжаргал нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор Н.******* /цахим/

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.******* /цахим/, Ц.*******

нарийн бичгийн дарга Ө.******* нарыг оролцуулан,  

 

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн шүүгч А.Нарантуяа даргалж, шүүгч Г.Дэлгэрсайхан, шүүгч Г.Алгирмаа нарын бүрэлдэхүүнтэй  хийсэн шүүх хуралдааны 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 2021/ШЦТ/47 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч бичсэн хохирогч П.*******, шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.******* нарын гаргасан давж заалдах  гомдлоор У.*******ад холбогдох эрүүгийн 2133000150041 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Д.Буянжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

******* овгийн *******гийн *******, 1984 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Сэлэнгэ аймгийн Орхон суманд төрсөн, 37 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, трактор комбайнч, цахилгаанчин мэргэжилтэй, Худалдаа хөгжлийн банканд жолооч ажилтай, ам бүл 6, эхнэр 4 хүүхдийн хамт, Сэлэнгэ аймгийн, Сайхан сумын 4 дүгээр баг 23-р байрны 03 тоотод оршин суух хаягтай, /РД:*******/.

 

У.******* нь 2021 оны 05 дугаар сарын 05-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сайхан сумын 2 дугаар багийн нутагт 23 дугаар байрны 03 тоотод байрлах гэртээ архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ эхнэр П.*******тай “архи ууж гэртээ хоноогүй” гэх шалтгаанаар маргалдаж, түүний нүүрэн тус газарт цохиж, зүүн гарын сарвууг хазаж, баруун хөмсөг, зүүн бугалгад улаан хүрэн цус хуралт, зүүн сарвууны 3-р хуруунд шүдээр хазагдсан няцарсан шархтай зөөлөн эдийн няцралт бүхий хөнгөн хохирол учруулсан, мөн өдөр дагавар хүү болох Э.ын эрх чөлөөнд халдаж эрүүл мэндэд нь хүзүүний урд хэсэгт, баруун гуянд цус хуралт, зулгаралтын зөөлөн эдийн няцралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн 2 хүний эрүү мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг,

2021 оны 06 дугаар сарын 10-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сайхан сумын 2 дугаар багийн нутагт 23 дугаар байрны 03 тоотод байрлах гэртээ эхнэр П.*******тай “архи уусан” гэх шалтгаанаар маргалдаж, гэр  бүлийн хүчирхийлэл үйлдэж зодон, нүүрэн тус газарт гар утсаар цохиж эрүүл мэндэд нь зүүн нүдний нэвт гэмтэл, хориод хавчуулагдал, агуулагдахуун гоожилт, зүүн нүдний агуулагдахуун авч имплант суулгах мэс заслын дараах байдал (2021.06.12), зүүн  нүдний дээд зовхины сэтэрч урагдсан шарх гэмтэл бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.  

 

Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас: У.*******ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус  зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүх: ******* овогт *******гийн *******ыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д зааснаар шүүгдэгч ******* овогт *******гийн *******ын үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т заасан гэмт хэргийг өршөөн хэлтрүүлж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч У.*******ад 07 /долоо/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т зааснаар шүүгдэгч У.*******ад оногдуулсан 07 /долоо/ жилийн хорих ялаас 02 /хоёр/ жилийн хорих ялыг өршөөн хасаж, эдэлбэл зохих ялыг таван жилийн хугацаагаар тогтоож, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, У.******* нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй болохыг дурдаж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж энэ өдрөөс эхлэн цагдан хорьж,  шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч У.*******ад авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц 2021 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн эд хөрөнгө битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгож Сэлэнгэ аймгийн Сайхан сумын 2 дугаар баг 23 дугаар байрны 03 тоотод байрлах 3 өрөө орон сууцыг хууль ёсны өмчлөгч П.*******, У.******* нарт буцаан олгож, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь хохирогч нарт төлөх төлбөргүй, хохирогч П.******* нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн шүүгдэгчээс нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

 

Хохирогч П.******* давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхээс У.*******ыг гэр бүлийн хүчирхийлэл үзүүлж хүнд гэмтэл учруулсан гэж шүүх үзэж 7 жилийн хорих ял оноож, Өршөөлийн хуулийн дагуу 2 жилийн ялыг нь өршөөж нийт 5 жилийн ял оноосныг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь уг хэрэг гарах үед ******* нь надад гэр бүл хүчирхийлэл үзүүлсэн зүйл байхгүй юм. ...Шүүх хурлын явцад У.*******ын өмгөөлөгч нь хэргийн зүйлчлэлийн талаар нилээн олон үндэслэл, зүйлийг хэлээд гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүнд гэмтэл учруулсан гэж үзэхгүй тул хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлж өгнө үү гэсэн санал хүсэлтээ гаргаж байсан боловч шүүхийн тогтоолд зөвхөн тусдаа амьдарч байсан тул гэр бүлийн хүчирхийлэл болохгүй гэж хэлсэн мэтээр дутуу дүгнэж бичсэн байгаад нь гомдолтой байна. Нэгэнт тухайн өдөр болж өнгөрсөн асуудал нь хохирогч миний болон миний хоёр хүү, У.*******ын өөрийнх нь мэдүүлэгээр нотлогдож байгаа ба миний дээр дурьдсан асуудлаас өөр зүйл огт болоогүй тул гэр бүлийн хүчирхийлэл үзүүлж хүнд гэмтэл санаатай учруулсан гэж үзсэнийг би хэдийгээр хохирогч ч гэлээ хүлээн зөвшөөрөхгүй байна.

Миний хувьд энэ 5 жилийн хугацаанд эрүүл мэндээрээ хохирч, эмчилгээ ч хийлгэж чадахгүй хохироход хүрээд байна. Учир нь би өөрөө хөдөлмөрийн чадвараа 100 хувь алдсан учир эмчилгээний зардлаа олох ямарч боломжгүй байгаа юм. ...Миний хувьд У.*******ад ямар ч гомдолгүй, нэхэмжпэх зүйлгүй. Харин түүнийг даруйхан суллуулж эмчилгээгээ хийлгэж, гэрэл мэдрээд байгаа нүдээ хараатай болгох л хүсэлттэй байна. Иймд миний биеийн эрүүл мэндийн байдал ар гэрийн амьдрал, хүүхдүүдийн маань амьдрал хувь заяаг бодож түүнд холбогдох хэргийн зүйлчлэлийг өөрчилж торгуулийн ял оноож өгнө үү гэжээ.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.******* давж заалдах гомдолдоо: Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн №2021/ШЦТ/47 дугаартай шийтгэх тогтоолд “Шүүгдэгч *******гийн ******* нь 2021 оны 05 дугаар сарын 05-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сайхан сум 4-р баг 23-р байрны 03 тоотод байрлах гэртээ архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ эхнэр П.*******тай маргалдаж улмаар түүний биед болон Э. нарын биед хөнгөн гэмтэл учруулсан, 2021 оны 06 дугаар сарын 10-ны өдөр мөн тоотод эхнэр П.*******тай маргалдан нүүрэн тус газар нь гар утсаар цохиж эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж Шүүгдэгч ******* овогт *******гийн *******ад Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг өршөөн хэлтрүүлж мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 7 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж 2 жилийг нь өршөөн хасаж 5 жилийн хорих ялаар шийтгэжээ. Шүүгдэгч У.******* нь хохирогч нарт төлөх төлбөр байхгүй, хохирогч П.*******, Э. нар нь цаашид гомдол санал байхгүй, гомдол, саналгүй гэдгээ бичгээр гаргаж өгсөн ба У.******* нь 8-22 насны 4 хүүхэдтэй зэргийг харгалзан үзэж шүүгдэгч У.*******ад Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасан үндэслэлийг хэрэглэж ялыг хөнгөрүүлж, зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялыг хөнгөрүүлж шийдвэрлүүлэх хүсэлтэй байгааг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү гэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.******* шүүхэд гаргасан тайлбартаа: Хохирогчийн давж заалдсан гомдлыг үндэслэлтэй гэж үзэж байна. Учир нь тухайн хэрэг гарах үед шүүгдэгч нь гэр бүлийн хүчирхийлэлийн шинжтэй үйлдэл хийгээгүй байдаг. Харин шүүхээс дуудсан цаг хугацаанд утасныхаа сүлжээг хаагаад хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүхэд очоогүй эхнэрээ шүүхийн туслахтай холбоо бариулах, шүүх хурлаа хийлгэчих санаа зорилгоор У. *******ыг гэртээ ирэх үед нь эхнэр нь архи уусан байдалтай согтуу унтаж байсан бөгөөд хүүгээ ”ээж шүүх явах цаг чинь болчихлоо” гэж хэлээд сэрээх үед нь харааж зүхэх байдлаар хандсан байдаг. Шүүгдэгч нь гэртээ ороод утсыг нь авч үзэхэд утасныхаа сүлжээг хаасан байсан тул сүлжээг нь нээгээд шүүгчийн туслахтай ярь гэхэд нь хохирогч нь ярихаас цааргалж, заавал явах албатай юм уу, шүүх дээр чинь очихгүй, ярихгүй гэж уурлан улмаар утас аваад ир гэж үг хэлээр доромжлох үед нь шүүгдэгч утсыг нь шидэж өгөх явцад нүдэн тус газар нь онож нүдийг нь гэмтээж хүнд гэмтэл учруулсан байдаг.

Энэ үйл баримт нь насанд хүрээгүй гэрч болон шүүгдэгчийн өөрийнх нь мэдүүлэгээр нотлон тогтоогддог. Хохирогч нь шүүх хурлын явцад утсаа барьж байгаад цохисон гэж мэдүүлж байсан боловч давж заалдах гомдолдоо өөрийн өгсөн худал мэдүүлэгээ залруулж шидэх үед нүд рүү оносон гэж тусгасан байна.

Хохирогч давж заалдах гомдлоо хэргийн зүйлчлэлийг өөрчилж өгөхийг хүссэн байна. Тухайн өдөр гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй үйлдлийг шүүгдэгч гаргаагүй учраас, болж өнгөрсөн үйл баримтыг хохирогч өөрөө сайн мэдэж байгаа учир хэргийн зүйлчлэлийг өөрчлүүлэх санал гаргасан байна гэж үзэж байна. ...Хохирогч нь одоо хөдөлмөрийн чадвараа 100 хувь алдсан, мөн дээрээс нь бөөрний дутагдалд орсон бусдын асаргаа зайлшгүй шаардлагатай байгаа нь үнэн бөгөөд орон сууцны ипотекийн зээлээс гадна хохирогч нь өөрөө цалингийн зээлтэй юм. Түүний хөдөлмөр чадвар алдсаны тэтгэмж нь 350,000 төгрөгөөр тогтсон тул орон сууцны зээлээ төлөх л мөнгө юм байна. Ийм болохоор цалингийн зээл, амьжиргааны зардлаа, эм тариагаа ч авч чадахгүйд хүрч амьдралын хүнд нөхцөл байдал үүсээд байна.

Иймд ЭХХШТхуулийн 39.5 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсэгт заасныг үндэслэн хохирогчийн гаргасан яллагдагч У.*******ад холбогдох хэргийн зүйлчлэлийг өөрчилж торгуулийн ял оноож өгнө үү гэсэн гомдлыг нь хангаж хэргийн зүйлчлэлийг өөрчилж торгуулийн ял өгнө үү гэв.

 

Прокурор Н.******* шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Анхан шатны шүүхийн шийдвэрлэсэн 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 47 дугаартай шийтгэх тогтоол нь хуульд заасан ялыг оногдуулсан. Уг хэрэгт хохирогчийн буруутай тодорхой хэмжээнд байдаг ч хохирогчийн эрүүл мэнд, хэргийн нөхцөл байдал, үйлдэл зэрэг нь нотлох баримтаар бүрэн тогтоогдсон байдаг. Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.

 

                                         ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хохирогч П.*******, шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.******* нарын гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр У.*******ад холбогдох 2133000150041 дугаартай хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

 

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдсонгүй.

 

Шүүгдэгч У.******* нь 2021 оны 05 дугаар сарын 05-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сайхан сумын 2 дугаар багийн нутагт 23 дугаар байрны 03 тоотод байрлах гэртээ архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ эхнэр П.*******тай “архи ууж гэртээ хоноогүй” гэх шалтгаанаар маргалдаж, түүний нүүрэн тус газарт цохиж, зүүн гарын сарвууг хазаж, баруун хөмсөг, зүүн бугалгад улаан хүрэн цус хуралт, зүүн сарвууны 3-р хуруунд шүдээр хазагдсан няцарсан шархтай зөөлөн эдийн няцралт бүхий хөнгөн хохирол учруулсан, мөн өдөр дагавар хүү болох Э.ын эрх чөлөөнд халдаж эрүүл мэндэд нь хүзүүний урд хэсэгт, баруун гуянд цус хуралт, зулгаралтын зөөлөн эдийн няцралт

бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн 2 хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Хохирогч Э.ын “...2021 оны 05 дугаар сарын 05-ний өдөр гэртээ байж байсан. Ээж маань 2, 3 хоног уучихсан өмнөх орой нь гэртээ ирж хоноогүй юм. Тэр орой ээж гэртээ орж ирэхээр нь жижиг өрөөнд хаалгыг нь хаагаад унтуулчихсан байсан. Тэгээд 1 цаг юм уу 2 цагийн дараа шүүгдэгч гаднаас согтуу орж ирээд ээжийн унтаж байгаа өрөө рүү ороод амыг нь дараад байхаар нь би болиоч гэсэн чинь эргэж хараад намайг хэд, хэд цохисон. Тэгээд эргэж хараад ээжийн нүүр ам руу дахиад цохиод байсан. Ээж болиоч гэсэн чинь гарын хуруунаас нь хазаад хаячихсан. Энэ хоёр зодолдож яваад ээж зугтаагаад вааны өрөө рүү ороод нуугдчихсан тэгсэн араас нь очоод вааны өрөөний хаалгыг эвдээд ороход манай найз охин Хулан цагдаа дуудсан. Энэ хүн хутга авах гээд явж байхад цагдаа ороод ирсэн. Энэ хооронд би энэ хүнтэй маргалдаад шүүгдэгч намайг өшиглөхөөр нь би цагдаагийн нүдэн дээр өөдөөс нь нэг цохисон. Анх намайг болиоч гэхэд эргэж хараад цохиод, өшиглөөд байсан тэгэхээр нь нэг цохисон”  гэх мэдүүлэг,

Хохирогч П.*******ын “...2021 оны 05 дугаар сарын 05-ний орой 8 дугаар байранд ажлаа хийгээд сууж байсан. Миний нэг таньдаг хүн толгой өвдөөд байна. Толгой бариад өгөөч гэхээр нь очоод барьж өгсөн чинь хоёр лааз пиво уучхаач гэхээр нь хоёр пиво уучхаад гэртээ орж ирсэн чинь манай хүүхэд ээж одоо унт, агаа ууртай байгаа гээд хамаг хутга, шөвгөө нуугаад хоол ундаа хийчихсэн байсан. Тэгээд унтаж байсан чинь гэнэтхэн үснээс үсдэж аваад чирэхээр нь би орилоод боссон. Ийм л зүйл болсон. Өөрөө бараг хагасыг нь мэдээгүй байх...” гэх мэдүүлэг,” гэх мэдүүлэг

Гэрч С.Хулангийн “...2021 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 20 цагийн орчим би найз залуу Э., 2 дүүтэйгээ гэртээ байхад манай хадам ээж П.******* нь гаднаас орж ирээд жижиг өрөөнд ороод унтсан. Би унтаж амрах гээд орондоо орчихсон хэвтэж байхад “болиоч” гээд 2 дүү орилохоор нь би босож очсон чинь хадам аав ороод ирсэн ээжийг зодоод бүгд орилоод байсан.Тэгээд манай найз залуу Э. хадам аав, ээжийг салгах гээд дунд нь байхад хувцас нь цус болчихсон зогсож байхаар нь би гэнэт сандраад хадам аав ээжийг ална гээд байдаг болохоор дүү Доржпхагваар хутга мэсээ бүгдийн нуулгасан. Хадам аав У.******* нь гэрийнхээ эд зүйлийг эвдэж, хаалга үүдээ хөшиглөж цөмөлсөн. Хадам ааваас архи согтууруулах ундааны зүйл үнэртэж байсан, нилээн уурласан байдалтай бүгд рүү нь дайраад байсан. Тэгээд хадам ээжийн гарыг нь хазаж, хөмсгийг сэтлээд хаясан байсан. Би тэгээд дүүгийнхээ утсыг аваад цагдаа дуудсан...” гэх мэдүүлэг /1хх-ийн 144/,

Насанд хүрээгүй гэрч Э.Цэдэн-Очирын “...Манай аав ээжийг жижиг өрөөнд байхад нь ороод зодсон. Би аавыг боль гэсэн чинь аав тоохгүй ээжийг зодоод байсан. Тэгээд манай аав ээжийн нэг нүдийг нь хазаад нэг нүдийг нь цохисон. Мөн аав ээжийн нэг хурууг нь хазаад гэмтээсэн. Тэгээд том ах Э.ын хоолойг боогоод, ээжийг угаалгын өрөөнд орсон чинь хаалгыг нь эвдсэн. Тэгээд манай эгч С.Хулан цагдаа дуудаад цагдаа нар ирсэн. ...Тиймээ урьд манай аав ээжийг зөндөө зоддог байсан. Архи уугаад ирэхээр л зодоод байдаг. Заримдаа манай аав У.******* нь өөрөө архи уухаараа ээжийг эрүүл байсан ч зодож байсан. Манай аав хааяа уурлахаараа болон согтуу үедээ ах бид хоёрыг зоддог. Зодохдоо хөл рүү өшиглөж, нуруу руу цохидог. Манай аав ээжийг архи уугаад байхаар ална гэж хэлдэг. Ээж сая нэг өдөр гэртээ хоноогүй болохоор аав ээжийг ална гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /1хх-н 147/,

Насанд хүрээгүй гэрч Э.Доржлхагвын “...Манай том ах Э. нь аавтай зууралдаж л байсан. Цохиж, зодсон асуудал байхгүй. ...Би тухайн үед өөр өрөөнд байсан болохоор сайн хараагүй. Урьд нь аав маань ээжийг 3-5 удаа зодож байсанг харж байсан. Манай аав дүү бид хоёрыг зодож, цохисон зүйл байхгүй. Тиймээ тэр өдөр манай эгч С.Хулан намайг хутгануудаа бүгдийн хураа гээд би болкон дээр хайрцаганд нуусан. Манай аав ээжийг архи уухаар л тэгэж хэлдэг. Тэр нь ээжийг архи уулгахаа болиулах гэж л хэлдэг байх гэж бодож байна...” /1хх-н 148/ гэсэн мэдүүлгүүд

Сэлэнгэ    аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 171 дугаартай шинжээчийн “Э.ын биед хүзүүний урд хэсэг, баруун гуяанд цус хуралт зулгаралтын зөөлөн эдийн няцралтын гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. З.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэсэн дүгнэлт /1хх-н 113-114/,

Сэлэнгэ    аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 05 дугаар сарын 14-ны өдрийн 172 дугаартай шинжээчийн “П.*******ын биед баруун хөмсөг, зүүн бугалганд улаан хүрэн цус хуралт, зүүн сарвууны 3-р хуруунд шүдээр хазагдсан няцарсан шархтай зөөлөн эдийн няцралтын гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. 3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэсэн /1хх 121-122/ дүгнэлт, шүүгдэгчийн шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

 

Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн ба эдгээр нь хоорондоо ноцтой зөрүүгүй, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, гэмт хэргийн үйл баримтыг нотолсон байх ба шүүгдэгч У.*******ыг хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэм буруутай гэж анхан шатны шүүхээс дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн байна.

 

Харин шүүгдэгч У.******* нь  2021 оны 06 дугаар сарын 10-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сайхан сумын 2 дугаар багийн нутагт 23 дугаар байрны 03 тоотод байрлах гэртээ эхнэр П.*******тай “архи уусан” гэх шалтгаанаар маргалдаж, гэр  бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож, нүүрэн тус газарт гар утсаар цохиж эрүүл мэндэд нь зүүн нүдний нэвт гэмтэл, хориод хавчуулагдал, агуулагдахуун гоожилт, зүүн нүдний агуулагдахуун авч имплант суулгах мэс заслын дараах байдал (2021.06.12), зүүн  нүдний дээд зовхины сэтэрч урагдсан шарх гэмтэл бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэх гэмт хэргийн талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэл муутай болжээ гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

 

Гэр бүлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2.“гэр бүл” гэж гэрлэлтийн үр дүнд буй болсон, эд хөрөнгийн бус амины болон эд хөрөнгийн эрх, үүргээр холбогдсон хамтын амьдрал бүхий гэр бүлийн гишүүдийг;

3.1.3.“гэрлэгчид” гэж гэрлэлтээр холбогдсон харилцан тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээх нөхөр, эхнэрийг гэж,

 

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1. Энэ хуулийн үйлчлэлд дараахь этгээд хамаарна

3.1.1.эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа этгээд, тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа этгээд;

3.1.2.тусдаа амьдарч байгаа төрүүлсэн, үрчлэн авсан хүүхэд, төрсөн, үрчлэн авсан эцэг, эх, ах, эгч, дүү.

3.2.Энэ хуулийн зохицуулалтад гэрлэлтээ цуцлуулсан эхнэр, нөхөр, хамтран амьдарч байсан, эсхүл хамтран амьдарч байгаагүй ч гэр бүлийн харилцаатай байсан, дундаасаа хүүхэдтэй этгээд нэгэн адил хамаарна.” гэж тус тус зааснаар У.*******ын үйлдлийг гэр бүлийн хүчирхийлэл гэх боломжтой боловч хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр  тухайн гэмт хэрэг гарсан нөхцөл байдал, гэм буруугийн сэдэлт, зорилгыг тогтоож эрх зүйн үнэлэлт өгөх нь зүйтэй.

 

Гэр бүлийн хүчирхийлэл гэдэг нь хэн нэгэн хүний ганц нэгэн удаагийн, санамсаргүй, тохиолдлын зан үйл бус тодорхой зорилгод хүрэх үүднээс төлөвлөгдсөн, ухамсарт үйлдэл төдийгүй бусдыг зовоон тарчлаах нэг хэлбэр юм.

Өөрөөр хэлбэл гэр бүлийн хүчирхийлэл гэдэг нь хэн нэг нь нөгөөгөө эрх мэдэл эсхүл хүчээр далайлгаж, эрхшээлдээ оруулах, хараат байлгах зорилгоор хяналт тогтоон, өөрийн хамааралд оруулж буй тэгш бус харилцаа бөгөөд байнгын үргэлжилсэн шинжтэй байдаг онцлогтой.

Гэтэл У.******* нь тодорхой хугацаанд хохирогч П.*******аас тусдаа амьдарч байсан бөгөөд тухайн өдөр шүүгдэгч, хохирогчийн хооронд бий болсон  “шүүх дээр очсонгүй” гэх хувийн таарамжгүй харилцааны явцад түүний зүй бус үйлдлийн улмаас гэнэт үүссэн санаа сэдэлтээр гар утас шидэж дээр дурдсан П.*******ын эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан

насанд хүрээгүй гэрч Э.Цэрэн-Очирын өгсөн “...Тэр үед ээж согтуу орон дээр унтаж байсан. Тэгсэн аав гаднаас орж ирээд ээжийг ...шүүх хуралдаа явдаггүй юм уу...гээд түлхүүрний оосор сураар гар луу нь ороолгож байгаад ээжийг босохгүй байсан чинь уурлаад утсаа шидчихсэн чинь ээжийн нүдийг оночихсон юм...” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 43-р ху/,

насанд хүрээгүй гэрч Э.Доржлхагвын өгсөн “...Тухайн өдөр ойролцоогоор 12 цагийн үед ээжийн найз орж ирээд ээжийн хамт архи ууж байгаад гараад явсан. Тэгээд ээж найзыгаа гарч явсны дараа гэрийн том өрөөнд орон дээр унтаж байх үед аав У.******* 15 цагийн үед гэрт орж ирээд шууд том өрөөнд орж ээжийг дуудаад хөнжлийг нь хуу татаад “...бос, тэр шүүхээс чинь дуудаад байна., дарга нь загнаад байна....” гээд ээжид хэлсэн чинь ээж “...би согтуу байна. жоохон эрүүл болоод очно...” гэтэл аав уурлаад орон дээр цэнэглээстэй байсан ээжийн утсыг аваад хүн рүү залгаснаа “...май чи энэ хүнтэйгээ ярь...” гээд утсаа ээжийн нүүр лүү шидчихсэн юм. Тэгсэн тэр утас нь ээжийн нүдийг оночихсон юм...” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 46-р ху/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар шүүгдэгч хохирогч нарын хооронд тухайн үеийн таарамжгүй нөхцөл байдал гэнэт буюу дээрх нөхцөлд үүссэн болох нь нотлогдож байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2-д заасныг баримтлан түүний үйлдэлд Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1-д заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчлөх үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

 

Иймд Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 2021/ШЦТ/47 дугаартай шийтгэх тогтоолын “Тогтоох” хэсгийн 1, 3, 4 дүгээр заалтуудад өөрчлөлт оруулан, бусад заалтуудыг хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас дүгнэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1, 1.4, 2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 47  дугаартай шийтгэх тогтоолын

 

1 дүгээр заалтыг:

“1.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2-д заасныг журамлан ******* овогт *******гийн *******ад сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлснийг мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 болгон хөнгөрүүлэн зүйлчилж, У.*******ыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах, хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай” гэж,

 

3 дугаар заалтыг:

“3.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч У.*******ад 02 /хоёр/ жил 04 /дөрөв/ сарын  хугацаагаар хорих ял оногдуулж, 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т зааснаар шүүгдэгч У.*******ад оногдуулсан 02 /хоёр/ жил 04 /дөрөв/ сарын хорих ялаас 02 /хоёр/ жилийн хорих ялыг өршөөн хасаж, эдэлбэл зохих ялыг 04 /дөрөв/ сарын хугацаагаар тогтоосугай” гэж,

 

4 дүгээр заалтыг:

“Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч У.*******ад оногдуулсан 04 /дөрөв/ сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй” гэж тус тус өөрчилсүгэй.

 

2.Шийтгэх тогтоолын бусад заалтуудыг хэвээр үлдээж, хохирогч П.*******, шүүгдэгч У.******* болон түүний өмгөөлөгч Ц.******* нарын гомдлыг хүлээн авсугай.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч У.*******ын энэ гэмт хэргийн улмаас 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдрөөс өнөөдрийг хүртэл цагдан хоригдсон 69 хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцсугай.

 

4.Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн  шийдвэрт  нөлөөлсөн,  шүүх  хуулийг  Улсын  дээд шүүхийн албан ёсны

тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг  гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

             ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Б.ЭРДЭНЭХИШИГ

 

                                   ШҮҮГЧ                                  Г.ДАВААРЕНЧИН

                                                                                        

                ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                  Д.БУЯНЖАРГАЛ