| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Тогтохын Туяа |
| Хэргийн индекс | 184/2018/03779/и |
| Дугаар | 149 |
| Огноо | 2020-01-20 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2020 оны 01 сарын 20 өдөр
Дугаар 149
Х.Г-ийн
нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Б.Нармандах, Т.Туяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж,
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 184/ШШ2019/02966 дугаар шийдвэртэй, Х.Г-ийн нэхэмжлэлтэй, Н.Б-од холбогдох, гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлтэй,
Хүүхдийн асрамжийг Н.Б-од үлдээх тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагч, түүний өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Т.Туяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Энхтүвшин, хариуцагч Н.Б-, түүний өмгөөлөгч Б.Цолмон, А.Буяндэлгэр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Билэгжаргал нар оролцов.
Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлага болон тайлбартаа: Бид 2009 оны 4 дүгээр сард танилцаж, 2011 оны 6 дугаар сарын 02-ны өдөр гэр бүл болсон ба 2017 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр улсын бүртгэлд бүртгүүлсэн. Бидний дундаас 2011 оны 8 дугаар сарын 15-ны өдөр охин Б.Минжбадам, 2013 оны 7 дугаар сарын 25-ны өдөр хүү Б.Тод-Эрдэм, 2015 оны 7 сарын 28-ны өдөр хүү Б.Базаррагчаа нар төрсөн. Н.Б- нь 2013 оноос эхлэн гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж эхэлсэн. Эмнэлэгт эмчлүүлж байх хойгуур хүүхдүүдийг маань аваад явсан. Хүүхдүүдээ өөрийн асрамжид авмаар байна. Н.Б- өмнө нь эвлэрэх үедээ хэлдэг байсан зүйлсээ хэлж байна, 7 хоног өнгөрөөд л ааш нь хувирч, доромжилж, зодох гэх мэт үйлдлээ хийдэг. Тусдаа амьдарсан жил гаруй хугацаанд тайван сайхан байсан, эвлэрэх саналыг хүлээн зөвшөөрөхгүй. Гэрлэлтээ цуцлуулж, хүүхдүүдийг өөрийн асрамжид тогтоолгож, тэтгэлэг гаргуулна гэжээ.
Хариуцагч тал тайлбартаа: Бид 2009 онд танилцаж хамтран амьдарсан. 2016 оны 5 дугаар сараас эхэлж эхнэр Х.Г-ийн зан ааш эвдэрч, архи ууж гэртээ согтуугаар танхайрдаг болсон. Хөдөө ажлаар явж ирээд амрах гэхээр уурлаж гэрээс хөөх үйлдлүүд гаргадаг. Миний бие гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж байгаагүй. Харин Х.Г- нь хүүхдүүдийг харгис, хэрцгийгээр зоддог. Тэрээр хүүхдүүдийг амралтаар нь Говь-Алтай аймагт хадам аавын хамт аваад явдаг боловч тэнд нь орхиод өөрөө алга болдог. Сүүлд Х.Г-ийн авга ахынх нь эхнэр “Х.Г- хүүхдүүдээ хөдөө орхиод явсан, ирж ав” гэсэн тул 2018 оны 7 дугаар сарын 22-ны өдөр миний эгч, хүргэн ах 2 явж хүүхдүүдийг хотод авч ирсэн. Гэрлэлт цуцлуулах шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тайлбараа өөрчилж, гэрлэлт цуцлахыг зөвшөөрөхгүй, эвлэрч амьдармаар байна. Хүүхдүүдийн асрамжийг өөрт тогтоолгоно, тэтгэлэг төлөхгүй, 60 хоногийн эвлэрэх хугацаа авах хүсэлтэй байна. Дахин ааш авир гаргахгүй, 3 хүүхдээ тусад нь байлгаж, бид хоёр хэн хэн нь ганц бие явах хэцүү байх, 2-3 сар хамт байх хугацаа авах хүсэлтэй байна гэжээ.
Хариуцагч сөрөг нэхэмжлэлдээ: Х.Г- эхнэр, эх хүн шиг байгаагүй. Би түүнийг олон жил хайрлаж, хүний ёсноос гажууд үйлдлүүдийг нь тэвчиж ирсэн, хүүхдүүдийг зодож, сэтгэл санаа, бие махбодын хүчирхийлэлд байлгадаг байсан. Хүчирхийллийн эсрэг сургалтанд сууж байсан. Хүүхдүүд надад илүү сайн. Жил гаруй хугацаанд ээжтэйгээ байгаагүй, хүүхдүүдэд би бүхнээ зарцуулдаг. 3 хүүхдийг хичээлд нь өөрөө хүргэж, авдаг. Завгүй үед манай эгч нар тусалдаг. Х.Г-ийг хүүхдүүдтэйгээ уулз гэдэг боловч өөрөө уулздаггүй. Хүүхдүүдийн асрамжийг өөрт тогтоолгоно, харин тэтгэлэг гаргуулахгүй. Дээрх нөхцөл байдлуудыг харгалзан хүүхдүүдийн асрамжийг төрсөн эцэг надад үлдээж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: Хүүхдүүдийн асрамжийг Н.Б-од үлдээнэ гэхэд тэр их харгис хүн. Уурласан үедээ хүүхдүүдээ битгий зодоороо гэж хэлье. Би 3 хүүхдээ өөрөө өсгөсөн тул өгнө гэхэд хэцүү байна. Сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.
Шүүх: Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Х.Г-, хариуцагч Н.Б- нарын гэрлэлтийг цуцалж,
Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6 дах хэсэгт заасныг баримтлан насанд хүрээгүй 2011 оны 8 дугаар сарын 15-ны өдөр төрсөн Б.Минжбадам, 2013 оны 7 дугаар сарын 25-ны өдөр төрсөн хүү Б.Тод-Эрдэм, 2015 оны 7 дугаар сарын 28-ны өдөр төрсөн хүү Б.Базаррагчаа нарыг төрсөн эх Х.Г-ийн асрамжид үлдээж,
Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т заасныг баримтлан насанд хүрээгүй охин Б.Минжбадам, хүү Б.Тод-Эрдэм, хүү Б.Базаррагчаа нарыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас, суралцаж байгаа бол 18 нас хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр төрсөн эцэг Н.Б-оос сар бүр хүүхдийн тэтгэлэг гаргуулж, тэжээн тэтгүүлэх,
Хариуцагч Н.Б-ын Х.Г-т холбогдуулан гаргасан охин Б.Минжбадам, хүү Б.Тод-Эрдэм, хүү Б.Базаррагчаа нарыг өөрийн асрамжинд авах сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох, Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дах хэсэгт зааснаар хариуцагч Н.Б-оос гаргуулах хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь түүний цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтрэхгүйг болон зохигчид гэр бүлийн дундаа хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргахгүй гэснийг дурдаж,
Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар зохигчид нь хүүхдээ эрүүл, чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, үндэсний ёс заншил уламжлалаа дээдлэх, хүүхдийн эрхийг хамгаалах, хөдөлмөрийн анхны дадлага олгох зэрэг эцэг, эх тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээх, Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6 дах хэсэгт зааснаар гэрлэлтээ цуцлуулсан эцэг эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглохыг мэдэгдэж,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 63 дугаар зүйлийн 63.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 239 844 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н.Б-оос 239 844 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Х.Г-т олгож, хариуцагч Н.Б-оос сөрөг нэхэмжлэлийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
Хариуцагчийн өмгөөлөгч Б.Цолмон давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.2, 168.1.3, 168.1.7-д тус тус заасан зөрчил гаргасан. Хэрэг хянан шийдвэрлэсэн 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 13 цаг 40 минутанд товлогдсон шүүх хуралдаанд өмгөөлөгч 5 минут хоцорсон. Н.Б- нь “өмгөөлөгч ирж байгаа, түүний хамт шүүх хуралдаанд оролцоно” гэж хүсэлт гаргасан. Энэ үед би шүүхийн байранд ирсэн байсан. Шүүгч хүсэлтийг шийдвэрлэх гээд завсарлах үед Н.Б- хүсэлт гаргасан гээд надтай уулзсан, бид шүүх хуралдааны танхимын үүдэнд байсан, гэтэл шүүгч Н.Б-ын өмгөөлөгчтэй хамт шүүх хуралдаанд оролцох, эрх зүйн туслалцаа авах хүсэлтийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Үүнийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.2-т заасан зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгчийн шүүх хуралдаанд биечлэн оролцох эрхийг хангаагүй гэж үзнэ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч, түүний өмгөөлөгчөөс шүүхэд гаргасан удаа дараагийн хүсэлтүүдийг үндэслэлгүйгээр хэрэгсэхгүй болгож Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.3-т заасан хэргийн оролцогчийн эрх ноцтой зөрчсөн. Хэргийн 69-70, 80, 137-139 дүгээр талд байгаа хүсэлтүүдийг гаргасан ч хангаагүй нь хариуцагч, түүний хүүхдүүдийн эрх ашгийг ноцтой зөрчсөн үйлдэл. Энэ нэхэмжлэлтэй холбоотой хэргийг эрүүгийн журмаар шалгаж байгааг тайлбарлаж нотлох баримт гаргуулах хүсэлт гаргасныг хангаагүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6, мөн хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.7-д заасан үндэслэл бий болсон. Н.Б- нь уншиж, бичиж чадахгүй учир түүний гарын үсэгтэй С.Жавзанноровын гаргасан амлалт бүхий баримт нь хуурамч бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.6-д заасан үндэслэлийг хангаж байна.
Хариуцагчийн тайлбар, хүсэлтүүдэд Х.Г-ийн хувь хүн, биеэ авч явж буй байдал, айл гэрийн эзэгтэй байж чадсан эсэх, хүүхдүүдэд эх шиг байсан эсэх баримтуудыг түшиглэн шүүхэд нотолсон байдаг. Х.Г-ийн гэмт хэргийн шинжтэй үйлдлүүдийн талаарх баримтууд хэргийн 67, 105, 118-123, 140-145, 149, 215-216, 307-309 дах талд авагдсан, 215-216 дахь талд хүүхдийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтүүд байсныг үнэлэхгүй асрамжийг Х.Г-т гэж тогтоосон нь бодит байдалд нийцэхгүй гэжээ.
Хариуцагчийн өмгөөлөгч А.Буяндэлгэр давж заалдах гомдолдоо: Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчиж хариуцагчийг өмгөөлөгчтэй шүүх хуралдаанд оролцох болон өмгөөлөгч шүүх хуралдаанд биечлэн оролцох эрхийг хангалгүй хэргийг хянан шийдвэрлэсэн. Энэ нь Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16.14-т заасан хууль зүйн туслалцаа авах эрх, Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 7 дугаар зүйлд заасан хүн бүр хуулийн өмнө адил тэгш бөгөөд ямар ч алагчилалгүйгээр хуулиар адилхан хамгаалуулах эрхийг тус тус зөрчсөн. Хариуцагчийн хувьд бичиг үсэг мэдэхгүй, нэхэмжлэгчийн хувьд шүүх хуралдаанд 2 өмгөөлөгчтэй оролцсон, энэ нь шүүхэд хэргийн оролцогч нарыг тэгш эрхтэй мэтгэлцэх зарчим хангагдаагүй гэж үзнэ.
Хэрэгт авагдсан Сонгинохайрхан дүүргийн гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтсийн шинжээчийн багийн дүгнэлт болон санал, Х.Г-ийн амьдрах орчны талаар хэлсэн зөрүүтэй тайлбар, хүүхдийн санал асуусан тэмдэглэл, Гэр бүл Хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтсийн хамгаалалтын албаны гаргасан хүүхдийн тусламжийн 108 утасны дуудлага мэдээлэлээс шүүсэн мэдээлэл зэрэг бичгийн баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дах хэсэгт заасны дагуу үнэлээгүй. Х.Г- Н.Б-ын талаар хууль хяналтын байгууллагад худал мэдүүлэг гаргаж, шалгуулсан асуудлыг тодруулаагүй. Талууд 2018 оны 5 дугаар сараас тусдаа амьдарсан атал цагдаад худал мэдүүлэг өгч Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн Хүний биед үзлэг хийсэн №13647 тоот дүгнэлт, 2019 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн шинжээчээс мэдүүлэг авсан тэмдэглэл зэргийг гаргуулсан байдаг. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.6 дугаар зүйлийн 4, Эрүүгийн хуулийн 21.2 дугаар зүйлийн 1, 2 заалтад зааснаар хариуцлага хүлээлгэнэ гэсэн эрх зүйн үр дагавар үүсгэж байгаа юм.
Анхан шатны шүүх нотлох баримтыг цаг хугацааны хувьд болон маргааныг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой талаас нь бүрэн үнэлж дүгнээгүй учраас үндэслэл бүхий болоогүй. Иймд шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.
Хариуцагч давж заалдах гомдолдоо: Шүүхийн шийдвэрт Н.Б- нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэхдээ... гээд огт үндэслэлгүй, аймшигт зүйлсийг тусгасан байгаад туйлын гомдолтой. Х.Г- сүүлийн 1 жилийн хугацаанд намайг гүтгэж, манай гэр бүлийнхэнд хүчирхийлэл үйлддэг байсан тул цагдаагийн байгууллагад госдол гаргасан, хариу гараагүй байна. Би болон миний ээж, эгч нар Х.Г-т гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж байгаагүй, харин тэрээр энэ талаар цагдаагийн байгууллагад гомдол гаргасан байгаа. Би уншиж, бичиж чадахгүй учраас энэхүү гомдлыг өөрийн төрсөн эгч Н.Золзаяагаар бичүүллээ гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дах хэсэгт заасан шаардлагад нийцээгүй байна.
Нэхэмжлэгч Х.Г- нь хариуцагч Н.Б-од холбогдуулан гэрлэлт цуцлуулж, 3 хүүхдийг өөрийн асрамжид аван, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг, хариуцагч гэрлэлт цуцлах шаардлагаас бусад хэсгийг эс зөвшөөрч, хүүхдүүдийг эцгийн асрамжид үлдээх сөрөг нэхэмжлэл гарган маргажээ. /1хх1-2, 38-41, 77-79, 2хх333/
Хэрэгт авагдсан 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн шүүх хуралдааны тэмдэглэлээс үзвэл, хариуцагч Н.Б- нь хуралдааны ирцтэй холбогдуулан, өмгөөлөгчийн хамт шүүх хуралдаанд оролцох хүсэлт гаргасныг шүүх хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч талын гаргасан “хариуцагчийн өмгөөлөгч нарын эзгүйд шүүх хуралдааныг үргэлжлүүлэх” хүсэлтийг хангаснаар шүүх хуралдаан явагдсан байна. /2хх333/
Хариуцагчийн өмгөөлөгч Б.Цолмон хоцорч ирсэн, хүсэлт шийдвэрлэхээр шүүх хуралдаан завсарлах үед танхимын үүдэнд хүлээж байсан үйл баримт нь шүүх хуралдааны тэмдэглэл, зохигчдын тайлбараар тогтоогдож байна. Шүүх хариуцагч бичиг үсэг мэдэхгүйн улмаас өмгөөлөгчийн хамт шүүх хуралдаанд оролцох хүсэлт гаргасныг харгалзаагүйн гадна, өмгөөлөгчийн шүүх хуралдаанд биечлэн оролцох эрхийг нь хангаагүй гэж үзнэ. Хариуцагч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд зайлшгүй өмгөөлөгчтэй оролцох шаардлагатай бөгөөд шүүх энэ талаарх хүсэлтийг хэрэгсэхгүй болгосон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.3, 34 дүгээр зүйлийн 34.1 дэх хэсэгт заасантай нийцээгүй байна.
Иймд хариуцагч талын дээрх үндэслэлээр гаргасан давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.2-т заасны дагуу хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 184/ШШ2019/02966 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар хариуцагч тал давж заалдах журмаар гомдол гаргахдаа төлсөн 72 200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7 дах хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалын хувийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ
ШҮҮГЧИД Б.НАРМАНДАХ
Т.ТУЯА