Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 11 сарын 17 өдөр

Дугаар 80

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Мөнхтуяа даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Уугандарь,

Улсын яллагч Х.Гүнжидмаа,

Шүүгдэгч Э.Э нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

 

Говь-Алтай аймгийн Прокурорын газраас 2015 оны Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Э.Э-т холбогдох 17160004900027 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, Говь-Алтай аймгийн Шарга сумын харьяат, Шарга сумын ............ багт оршин суух бүртгэлтэй, одоо Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын .............багийн 9-4 тоотод оршин суудаг, 1995 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, аав, ээж, дүү нарын хамт амьдардаг, улсаас авсан гавьяа шагналгүй, өмнө нь Говь-Алтай аймаг дахь сум дундын шүүхийн 2012 оны 10 сарын 25-ны өдрийн 89 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 8 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жил 5 сарын хугацаагаар хойшлуулсан, Говь-Алтай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 сарын 09-ны өдрийн 73 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, оногдуулсан 1 жилийн хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан, Завхан аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 сарын 13-ны өдрийн 21 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт зааснаар 2 сарын хугацаагаар баривчлах ял шийтгүүлж, 2015 оны 12 дугаар сарын 09-ны өдрийн 73 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 1 жил 2 сарын хугацаагаар хорих ял шийтгэгдэж байсан, төрөөс авсан гавьяа шагналгүй, .......... регистрийн дугаартай, бие эрүүл, ухаан бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Урианхай овогт Э-ын Э  гэв.

 

Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Э.Э  2017 оны 08 дугаар сарын 21-ний өдөр 08 цагийн үед Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын ......... баг 8-3 тоотод байх иргэн Ш.А-ийн гэрээс 10.000.000 төгрөгийн үнэ бүхий дунд гарын алтан нуухтай, халтан манан хөөргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлсан гэмт хэрэгт холбогдож Говь-Алтай аймгийн Прокурорын газраас 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох:

 

2017 оны 08 дугаар сарын 21-ний өдөр 08 цагийн үед Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Жинст баг 8-3 тоотод байх иргэн Ш.А-ийн гэрээ 10.000.000 төгрөгийн үнэ бүхий дунд гарын алтан нуухтай, халтан манан хөөргийг хулгайлсан гэмт хэрэг гарсан байна. Уг гэмт хэргийг шүүгдэгч Э.Э  нь хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлсан гэм буруутай болох нь:

 

Шүүгдэгч Э.Э-ын шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхийг зөвшөөрч байна гээд мэдүүлсэн: “...Би 2017 оны 08 дугаар сарын 20-нд Улаанбаатар хотоос ажил байна гэж дуудсан. Тэгээд хамаатан садангаасаа мөнгө асуухад байхгүй гэсэн тэгээд мөнгөний хэрэг гараад өвөөгийн хөөрөг ширээн дээр нь байхаар нь аваа ломбарданд тавьсан байгаа. Би хулгайлья гэж бодоогүй. Түр ломбарданд тавьчихаад ажил хийгээд эргүүлээд аваад өгнө гэсэн бодолтой байсан. Ломбардны ахад манай өвөөгийн хөөрөг байгаа юм та зарахгүй байж байгаарай 14 хоногийн дараа ирээд авна гэж хэлсэн. Улаанбаатар хотод очоод ажилд орсон ч ажлаа чөлөө өгөхгүй 2 сар ажил хийсэн байгаа. Тэгтэл манай талийгаач өвөөгийн бие нь муудаад ажлаас 4 хоногийн чөлөө авч ирээд өвөөгийн хөөргийг нь ломбарднаас авч өгсөн байгаа. Би үрэн таран хийе гэж аваагүй. Түр зуур мөнгөний хэрэг гарсан болохоор авчихсан юм. Өөрийн үйлдэлдээ гэмшиж байна. Цаашид үнэнч шударгаар амьдрах бодолтой байгаа. Дахиж хулгай хийхгүй... Дахиж ийм гэмт хэрэг үйлдэхгүй, цаашид өөрийн хүч хөдөлмөрөөрөө ажиллаж амьдарна, маш их гэмшиж байна, миний энэ нөхцөл байдлыг харж үзнэ үү...” гэх мэдүүлэг,  

Хохирогч Ш.А-гийн мөрдөн байцаалтад мэдүүлсэн: “...2017 оны 08 сарын 21-ны өдөр хөөргөө хулгайд алдсан. Миний хөөрөг ширээн дээр ил байсан байх. Би ихэнхдээ ширээн дээр тавьчихдаг юм. Алтан нуухтай шүрэн толгойтой, хуучны, дунд гарын манан хөөрөг байгаа юм. Өмнө нь надад хэлэлгүйгээр аваад барьцаанд тавьсан байсныг олж авч байсан. Манай төрсөн охины хүү байгаа юм. Манайхаар байнга ирж очдог юм. Би хөөргөө хүлээгээд авсан учир ямар нэгэн санал гомдол, нэхэмжлэх зүйл алга байна..” гэх мэдүүлэг /хх 27-рт/,

Гэрч М.С-ын мөрдөн байцаалтад мэдүүлсэн: “...2017 оны 08 сарын 22-ны өглөө Д ирээд манай нөхөр А  хөөрөглөх гэтэл алга болсон байсан. Урьд нь Э  бас нэг удаа хулгайлж байсан юм. 2017 оны 08 сарын 21-ны өдөр манайд Э  ирээд ганцаараа сууж байгаад бид нарыг ирэхэд зөрөөд явсан юм. Тэгээд бид хоёр Э-ыг авсан байх гэж бодоод хайгаад олоогүй юм. Манай охины хүүхэд миний зээ байгаа юм...” гэх мэдүүлэг/хх 32-рт/,

Гэрч Г.Г-н мөрдөн байцаалтад мэдүүлсэн “...2017 оны 08 сарын 21-ны өдөр садан Бат , дүү Бая  бид гурав өвөөгийнд үлдсэн юм. Хүүхнээ ав буюу Э  өвөөгийнд орж ирсэн. Өөр хүн ирээгүй. Бид гурав Э  ахыг гэрт ороод ирэхээр нь өвөөгийн гэрээс гараад тоглоомын талбайд тоглож байсан юм..." гэх мэдүүлэг /хх 34-рт/,

Иргэний нэхэмжлэгч Ц.Т-ийн мөрдөн байцаалтад мэдүүлсэн: “...2017 оны 08 сарын 22-ны өдөр 12 цагийн орчим манай ломбарданд Э.Э  хөөрөг авч ирээд 1 сая төгрөгөөр барьцаанд тавьсан. Алтан нуухтай, шар халтар манан хөөрөг...Надад санал гомдол болон нэхэмжлэх зүйл алга. Ломбарданд хөөрөг барьцаанд тавиад авсан мөнгийг Э.Э  болон ар гэрээс 1.200.000 төгрөг хүлээн авсан...” гэх мэдүүлэг/хх 30-рт/,

Шүүгдэгч Э.Э-ын мөрдөн байцаалтад яллагдагчаар мэдүүлсэн: “...2017 оны 08 сарын 21-ны өглөө 08 цагийн үед өвөө Ш.А-гийнд ирэхэд хаалга нь онгорхой, хүнгүй байсан. Ширээн дээр нь хөөрөг нь байсан. Би хот явах гээд мөнгөний хэрэг гараад 048 нэртэй ломбарданд 1.000.000 төгрөгөөр барьцаанд тавьсан. Улаанбаатар хотод ажилд орсон. Чөлөө өгөхгүй байсан учир хөөргийг нь авч өгч чадахгүй байсан юм ...” гэх мэдүүлэг /хх 43-рт/,

2017 оны 08 сарын 29-ны өдрийн эд зүйлийн үнэлгээ/хх 38-рт/ зэрэг хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, бэхжигдсэн яллах талын хүсэлтээр шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчийн хүсэлтээр: Хохирогч Ш.А-гийн мэдүүлэг/хх 27-рт/, гэрч С-ын мэдүүлэг/хх 32-рт/, гэрч Г-н мэдүүлэг/хх 34-рт/ нар нь яллах дүгнэлт тодорхой дурдагдсан байгаа, иргэний нэхэмжлэгч Ц.Т-гийн мэдүүлэг “...Надад санал гомдол болон нэхэмжлэх зүйл алга. Ломбарданд хөөрөг барьцаанд тавиад авсан мөнгийг Э.Э  болон ар гэрээс 1.200.000 төгрөг хүлээн авсан..” зэрэг нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.

 

Харин шүүгдэгч Э.Э  нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулах нотлох баримт байхгүй гэснийг тэмдэглэх нь зүйтэй байна.

 

Шүүх хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд болон шүүгдэгч Э.Э-ыг сэжигтэн, яллагдагчаар, мөн хохирогч, гэрч нарыг байцаахдаа энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар бүлэгт заасан үндэслэл журмын дагуу уг хэргийг хянан шийдвэрлэхэд шаардлагатай үйл баримтуудыг хангалттай цуглуулж тогтоосон, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн ноцтой зөрчил тогтоогдохгүй байна гэж шүүх дүгнэлээ.

 

Говь-Алтай аймгийн Прокурорын газраас хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн бөгөөд шүүгдэгч шүүх хуралдаанд өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирлоо бүрэн барагдуулсан, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн хүсэлтээ мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ дурдсан/хх 27-рт/ байна.

 

Иймд шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг дүгнэхэд шүүхээс шүүгдэгч Э.Э-ыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Шүүгдэгч Э.Э-ын хууль эрх зүйн мэдлэг дутмаг байдал нь гэмт хэрэг гарахад нөлөөлсөн байна гэж шүүх үзлээ.

 

2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх:

 

Шүүгдэгч Э.Э  нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирлоо нөхөн төлсөн, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн хүсэлтээ мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ мэдүүлсэн/хх 27-рт/, шүүгдэгч нь хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтээ/хх 82-рт/ прокурорт гаргасныг прокурорын 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 12 дугаартай тогтоол/хх 83-рт/-оор хангаж шийдвэрлэсэн байна.

 

Прокурорын санал болгосон хэргийн зүйлчлэл, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаарх саналыг шүүгдэгч Э.Э  нь хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан/хх 91-рт/ байх тул шүүхээс прокурорын гаргасан саналын хүрээнд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх  тухай  хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Э-т 250 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах үндэслэлтэй байна гэж үзлээ.

 

Шүүгдэгч Э.Э  нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч учруулсан хохирлоо төлсөн буюу алдагдсан гэх хөөргийг эзэнд нь буцааж өгсөнийг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож ял оногдуулахдаа харгалзаж үзсэн бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч Э.Э  нь шүүх хуралдаанд өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүйгээр шүүх хуралдаанд оролцоно гэсэн хүсэлтийг шүүхэд гаргасан болохыг тэмдэглэх  нь зүйтэй байна.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний цахим үнэмлэх шүүхэд шилжиж ирээгүй, харин иргэний үнэмлэхний лавлагаа шүүхэд ирсэн зэргийг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 17.5 дугаар зүйлийн 8, 9 дэх хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Урианхай овогт Э-ын Э-ыг 2015 оны Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоосугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Э-ыг 250 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан Э.Э нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг ажлын 1 хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.

4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, ялтнаас гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй, ялтан нь цагдан хоригдоогүй, түүний иргэний цахим үнэмлэх шүүхэд шилжиж ирээгүй, харин иргэний үнэмлэхний хуулбар шүүхэд ирсэн зэргийг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол ялтан Э.Э-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг ялтан, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

8. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, ялтан Э.Э-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

  

 

 

 

 

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Ч.МӨНХТУЯА