| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сайнбаярын Оюунжаргал |
| Хэргийн индекс | 155/2024/00661/И |
| Дугаар | 155/ШШ2024/00857 |
| Огноо | 2024-08-12 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2024 оны 08 сарын 12 өдөр
Дугаар 155/ШШ2024/00857
Хариуцагч нарын зөвшөөрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн ************** оршин суух, В.Ч (Р*****************),
Хариуцагч: Хөвсгөл аймгийн ************** оршин суух, Я.Н (Р****************),
Хариуцагч: Хөвсгөл аймгийн ************** оршин суух, Б.М (****************),
Нэхэмжлэлийн багасгасан шаардлага: 5,000,000 (таван сая) төгрөг гаргуулах тухай 155/2024/00661/и дугаар индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч В.Ч , түүний өмгөөлөгч Ц.Б,
Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Х ,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Алтаншагай.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч В.Ч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч В.Ч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ миний бие 2022 оны 7 сард Н болон түүний эхнэр М аас хязаалан, түүнээс дээш насны 60 ширхэг ямаа худалдаж авахаар тохирч гэрээний үнэд 6 сая 500 мянган төгрөгийг түүний дансанд шилжүүлсэн. Энэ нь банкны хоёр удаагийн төлөлтөөр нотлогдоно.
Ямааг 2022 оны 10 сарын сүүлээр авах, тарга тэвээрэг бүрэн авсан байх, уг гэрээ В.Ч аас шалтгаалан биелээгүй бол хүү тооцох эрхээ алдах, Н , түүний эхнэр М нарын буруугаас бол мөн өдрөөс эхлэн зохих ёсоор гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс сар бүр 5.0 хувийн хүү тооцож төлөхөөр, хүүг хугацаа хэтрүүлсэн тал үл маргах журмаар тооцож төлөхөөр тохирсон юм.
Гэвч 2022 оны 10 сар өнгөрч хэлэлцэн тохирсон хугацаа дуусч малаа авах болоход Н нь самранд явсан, эхнэр М нь хойшлуулсаар 2022 оны 12 сарын эх хүрсэн. М нь 2022 оны 12 сард ямаагаа ав гэсэн ба миний бие ********** маркын машин хөлслөөд очиж ямааг үзээд 60 ямаа авахаас 18 ямааг авч 42 нь жижиг шүдлэн насны ямаа байсан тул аваагүй.
Ингээд 18 тооны ямаа авсны дараа миний бие эхнэрийн хамт Н ынд очиж үлдэх 42 ямаан дээр Н ын төрсөн дүүгээс нь аваагүй 8 ямааг нэмж, нийт 50 ширхэг ямааны тооцоог 2023 оны 4 дүгээр сарын сүүлээр авч өгөхөөр тохирч, ямаагаа авахдаа 50 ямааны ноолуурын үнийг Ч миний бие авахаар, М нь өөрийнхөө ямааны ноолуурын мөнгөөр миний худалдаж авсан боловч өгөөгүй үлдсэн 50 ширхэг ямааг, нэг бүрийг 130,000 төгрөгөөр бодож бүгд 6,500,000 төгрөгийг өгч Н ямаагаа буцааж авахаар тохирсон. Энэ нь Н нь жил гаран хугацаанд хохироосон тул нэг бүрийг нь 130,000 төгрөгөөр тооцож буцааж авахаар тохирсон.
Энэхүү тохиролцоог бид өөрийн хүсэл зоригоор хийсэн бөгөөд Н аас төлөх ёстой 6,500,000 төгрөг дээр нь 50 ямааны ноолуурын үнэ болох нэг ямааны гарцыг 0.4 гр ноолуураар бодож 50 ямаанд ногдох 20 кг ноолуурыг тухайн үеийн ханш 136,000 төгрөгөөр тооцож 2,720,000 төгрөгийг, нийт 9,220,000 төгрөгийг өгөхөөр тохирсон.
Дээрх 9,220,000 төгрөгийг авахаар 2023 оны 5 сард очиход Н нь нэг мөсөн чиний ноолуурыг өөрийнхөө ноолууртай хамт тушаагаад өгье гэсэн. Н аас 2023 оны 9 сард нэг сая төгрөгийг авсан бөгөөд өөрөөр ямар нэг төлбөр аваагүй ба 2023 оны намар 100 ямаа өгье гэсний дагуу очиж үзэхэд дан шүдлэн ямаа байсан тул аваагүй.
Иймд Н болон эхнэр М аас 9,220,000 төгрөгийг, түүнд ногдох хүүгийн хамт тооцож 11,550,000 төгрөгийг авахаар тохирсон ба энэ нь нэг талаар зээлийн хүү тооцсон гэрээний үндэслэл болох бөгөөд талуудын харилцан тохиролцсон гэрээ болох юм. Энэ үнийн дүнгээс 2024 оны 1 сард буцаан авсан 3.0 сая төгрөгийг хасч. 8,550,000 төгрөг, үүнээс 2, 3, 4, 5 сарын хүүг 5 хувиар тооцоход 1,710,000 төгрөг, бүгд 10,260,000 төгрөгийг гаргуулж В.Ч надад олгож өгнө үү.
...Би нийт 10,260,000 төгрөгийг Я.Н , Б.М нараас нэхэмжилж байсан. Одоо би нэхэмжлэлийн шаардлагаа 5,260,000 төгрөгөөр багасгаж байна. Хариуцагч Б.М , Я.Н нараас 5,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү. Флашаа буцааж авах хүсэлттэй байна....гэв.
Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Х шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч В.Ч нь анх 10,260,000 төгрөгийг нэхэмжилж байсан. Сая эвлэрэн хэлэлцэж нэхэмжлэлийн шаардлагаасаа 5,260,000 төгрөгийг багасгаж авах ёстой 50 ямааны нэг тус бүрийн үнийг 100,000 төгрөгөөр тооцож 5,000,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж эвлэрэх санал тавьсныг хариуцагч талын зүгээс бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс нэхэмжлэгч В.Ч ы 50 ямааны үнийг нэг бүрийг 100,000 төгрөгөөр үнэлж 5,000,000 төгрөг нэхэмжилж байгааг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, түүнийг дэмжиж шүүх хуралдаанд оролцож байна....гэв.
Нэхэмжлэгчээс гар бичвэр, харилцан тохиролцсон тухай гэрээ гэх толгой бичвэр бүхий 2024 оны 2 дугаар сарын 08-ны өдрийн гэрээ, шүүхэд гаргаж өгсөн плашанд бичигдсэн бичлэгүүдийг шүүхийн журмаар сонсож тэмдэглэл хийн нотлох баримтаар тусгуулах тухай хүсэлт, Б.Ө, И.Х нарыг гэрчээр асуулгах тухай хүсэлт, депозит дансны дэлгэрэнгүй хуулга, хариуцагч Я.Н тай олон удаа утсаар ярьсан ярилцлагаас 2024 оны 3 сарын 31-ний өдөр түүнтэй ярьсан 02 минут 08 секундын яриаг баримтжуулж хэрэгт хавсаргах, шүүхэд гарган өгсөн флашнаас харилцан яриаг баримтжуулах болон утаснаас мөн хуулбарлаж баримтжуулах тухай хүсэлт, хариуагч Б.М ы нэрийг Б.М гэж бичсэнийг өөрчлөн Б.М болгох тухай хүсэлт, В.Ч ы эзэмшлийн ******* маркийн гар утсанд хадгалагдсан байгаа 2023 оны 11 дүгээр сарын 24-ны 3:02 секунтын бичлэг болон 0.54 секунтын бичлэг, 2024 оны 2 дугаар сарын 8-ны өдрийн 1:34 секунтын бичлэг болон 0:59 секунтын бичлэг тус тус үзлэг хийлгэх тухай хүсэлт, өмгөөлөгч оролцуулах тухай хүсэлт зэргийг шүүхэд гаргаж өгсөн. (хх-ийн 4-5, 40-46, 53, 57-58, 72, 98 дугаар тал)
Хариуцагч нараас 2024 оны 5 дугаар сарын 27-ны өдөр №0388 дугаартай Я.Н , Б.М нарын Э.Х д олгосон итгэмжлэл, Я.Н ын хариу тайлбар, Б.М ы хариу тайлбар, Я.Н ын ХААН банкны 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2024 оны 6 дугаар сарын 12-ны өдөр хүртэлх депозит дансны дэлгэрэнгүй хуулга, Я.Н ын ХААН банкны 2022 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 2022 оны 8 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх депозит дансны дэлгэрэнгүй хуулга, Я.Н ын ХААН банкны 2023 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 2023 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр хүртэлх депозит дансны дэлгэрэнгүй хуулга зэрэг баримтыг гаргаж өгсөн байна. (хх-ийн 16, 20-38, 87-89 дугаар тал)
Шүүх нэхэмжлэгч В.Ч ы хүсэлтээр Б.Ө, И.Х нарыг гэрчээр асууж, В.Ч ы эзэмшлийн А8 Samsung маркийн гар утсанд хадгалагдсан байгаа 2023 оны 11 дүгээр сарын 24-ны 3:02 секунтын бичлэг болон 0.54 секунтын бичлэг, 2024 оны 2 дугаар сарын 8-ны өдрийн 1:34 секунтын бичлэг болон 0:59 секунтын бичлэг тус тус үзлэг хийж нотлох баримт бүрдүүлсэн. (хх-ийн 54-57, 63-65, 78-81 дүгээр тал)
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч В.Ч нь Я.Н , Б.М нарт холбогдуулан 10,260,000 (арван сая хоёр зуун жаран мянга) төгрөг гаргуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргаж, хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдаанд нэхэмжлэгч В.Ч нь 5,000,000 (таван сая) төгрөгийг хариуцагч нараас гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа багасгажээ.
Шүүх хуралдаанд хариуцагч Я.Н , Б.М нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Х гаас нэхэмжлэлийн багасгасан шаардлага болох 5,000,000 (таван сая) төгрөгийг хариуцагч Я.Н , Б.М нар нь нэхэмжлэгч В.Ч д төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг гаргасан бөгөөд хариуцагч нарын зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй гэж үзэв.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар хариуцагч нарын зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Хариуцагч Я.Н , Б.М нар нь *************** бүртгэлийн дугаартай итгэмжлэлийг иргэн Э.Х д олгосон байх бөгөөд уг итгэмжлэлээр Э.Х д нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх эрхийг олгосон болохыг дурдлаа. (хх-ийн 16 дугаар тал)
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгч В.Ч ы 2024 оны 5 дугаар сарын 20-ны өдөр Хас банк дахь 5002620116 дугаартай дансанд төлсөн улсын тэмдэгтийн хураамж 179,110 (нэг зуун далан есэн мянга нэг зуун арав) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Я.Н , Б.М нараас 5,000,000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 94,950 (ерэн дөрвөн мянга есэн зуун тавь) төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч В.Ч д олгох нь зүйтэй байна.
Нэхэмжлэгчийн шүүхэд эд мөрийн баримтаар гарган өгсөн флаш (зөөврийн төхөөрөмж)-ийг нэхэмжлэгч В.Ч д буцаан олгохоор шийдвэрлэлээ.
Энэхүү шүүгчийн захирамжийг хариуцагч Я.Н , Б.М нар нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгч В.Ч ы нэхэмжлэлтэй, хариуцагч Я.Н , Б.М нарт холбогдох, 5,000,000 (таван сая) төгрөг гаргуулах тухай багасгасан шаардлагатай иргэний хэрэгт хариуцагч Я.Н , Б.М нар нь нэхэмжлэлийн багасгасан шаардлага болох 5,000,000 (таван сая) төгрөгийг нэхэмжлэгч В.Ч д төлөхийг хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Х нь хүлээн зөвшөөрсөн тул хариуцагч нарын зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгч В.Ч ы улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 179,110 (нэг зуун далан есэн мянга нэг зуун арав) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Я.Н , Б.М нараас улсын тэмдэгтийн хураамж 94,950 (ерэн дөрвөн мянга есэн зуун тавь) төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч В.Ч д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.4-т зааснаар нэхэмжлэгчийн эд мөрийн баримтаар гарган өгсөн флаш (зөөврийн төхөөрөмж)-ийг нэхэмжлэгч В.Ч д буцаан олгосугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д энэхүү захирамжийг хариуцагч Я.Н , Б.М нар нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ОЮУНЖАРГАЛ