Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 11 сарын 20 өдөр

Дугаар 00151

 

Монгол улсын нэрийн өмнөөс:

 

            Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн шүүгч Д.Ренченхорол даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд

Нарийн бичгийн дарга П.Нямсүрэн

Улсын яллагч Э.Энхбат

Шүүгдэгч П.М

Шүүгдэгчийн өмгөөлөгч А.Хандмаа нарыг оролцуулан нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Сэлэнгэ аймаг Мандал сум дахь сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн Оюут овогт Пүрэвсүрэнгийн Мд холбогдох 1732000430026 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Булган аймаг Хутаг-Өндөр суманд 1978 оны 02 дугаар сарын 04-ний өдөр төрсөн, 39 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 4, эхнэр, хоёр хүүхдийн хамт амьдрах, Сэлэнгэ аймаг Мандал сумын 1 дүгээр баг, Баруун-Өлөнтийн № 109 тоотод оршин суух, энэ хэрэгт холбогдох үедээ эрхэлсэн ажилгүй байсан, улсаас авсан гавьяа шагналгүй, хоёр удаагийн ял шийтгэлтэй, бие эрүүл, ухаан санаа бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Оюут овогт Пүрэвсүрэнгийн М. /РД:*/

 

Яллагдагч П.М нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2017 оны 08 сарын 22-ны өдрөөс 23-нд шилжих шөнө Сэлэнгэ аймгийн Мандал сумын 6 дугаар баг, Сургуулийн № 14 тоот иргэн Н.Эгийн байнгын амьдардаг байшингийн вакум цонхны савхивчаар нэвтрэн орж, 200.000 төгрөгний үнэ бүхий дунд гарын мөнгөн аяга 1 ширхэг, 30.000 төгрөгний үнэ бүхий цагаан зэс аяга 1 ширхэг зэрэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хулгайлан авч 230.000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

.

Тодорхойлох нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

  Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч П.Мгийн өгсөн....... Би Н.Э гэдэг хүний гэрээс 2 ширхэг мөнгөн цагаан аяга авсан тэгээд буцаагаад хоёуланг нь өгөхөд хохирогч 1 аягыг нь биш байна гэсэн. Уг нь миний авсан аяга хохирогчид эргүүлээд өгсөн аяганууд хоёулаа хохирогчийн гэрээс авсан 2 аяга мөн байсан. 1 аягыг нь биш гээд байхаар нь би хохирогчоос өөрөөс нь асууж байгаад өөрийнх нь хэлсэнээр шинээр аяга авч өгсөн. Уг нь биш гээд байгаа аяга нь яах аргагүй хохирогчийн өөрийнх нь аяга мөн солигдох үндэслэл байхгүй. Намайг хулгай хийсний маргааш нь ломбарданд очсон чинь тэр 2 аягыг мөнгөн аяга бишээ  цагаан гууль гэх металл байна гэж хэлсэн. Дараа нь Г гуайтай уулзаад яагаад баригдсан юм бэ гэхээр нь ломбарданд тавих гэж яваад ломбардны камерт нь бичигдээд баригдсан гэсэн чинь өөдөөс тэр аягыг чинь ломбард авахгүй байгаа биз дээ гэхээр нь би авахгүй байна лээ гэсэн чинь юу гэж авах юм бэ гээд надад их итгэлтэй хэлсэн. Тэгээд би тэр аягыг гэртээ байлгаж байгаад Баянмөнх гэдэг байцаагчид гэрээсээ хураалгасан юм. Хохирогч уг нь мөн гээд заагаад авчихсан байсан дараа нь юу болсон юм мэдэхгүй буцаагаад авчирч өгсөн байсан. Тэгсэн мөрдөн байцаагч яшиг тэр аягыг нь аваад өгчихөөчдээ гээд би шинэ аягыг авч өгсөн. Би гэхдээ энэ эд мөрийн баримтаар хураагдсан аягыг авахгүй эзэндээ танигдаагүй аягаар би яахав дээ гэх мэдүүлэг

 

Хохирогч Н.Эгийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг ...

 

 Манайд шүүгдэгч хойд талын цонхоор орсон байсан. Манай булангийн тавиур дотор 1 цайртай цагаан мөнгөн аяга, 1 нь дээр үеийн аав маань надад өгсөн мөнгөн аяга байсан. Ёроол нь салдаг мөнгөн аяга байгаа. Надад энэ эд мөрийн баримтаар хураагдан ирсэн аягыг үзүүлсэн. Энэ аягыг бол би биш гэж хэлсэн яагаад гэвэл би биш болохоор л биш гэж хэлсэн. Аавын маань өгсөн аяга бол биш байсан. Дээр үеийн ёроол нь салдаг мөнгөн аяга байсан байхгүй юу. Хохирол дээр бол алдсан мөнгөн аягандаа шүүгдэгчээр аяга авахуулсан. Гомдол санал байхгүй. Өөр ярих зүйлгүй гэх мэдүүлэг

 

Гэрч С.Эын мөрдөн байцаалтад өгсөн ......  Би П.М гэх залууг танихгүй ээ. Би 2017 оны 08 дугаар сарын 25-ны өдөр мөнгөн аяга тавихаар орж ирсэн талаар санахгүй байна. Д.М гэх хүнээс сая асуулаа би үзээд цагаан гууль байна гээд аваагүй гэх юм энэ талаар би ер санахгүй байна. Уг нь үзээд ярилцсан бол санамаар юм. Манайд хяналтын камер байгаа гэхдээ 2017 оны 08 дугаар сарын 30-ны өдөр багтаамж нь дүүрээд форматлуулсан юм. 2017 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн бичлэг байхгүй гэх мэдүүлэг /Хх-н 58 дугаар хуудас/

 

Гэрч Ц.Бын мөрдөн байцаалтад өгсөн ....... 2017 оны 08 сарын 22-ны өдрийн орой ажил тараад П.Мгийн гэрт очсон тэгсэн нэг шил архи задалсан бид хоёр тэр архиа уугаад дуусч байхад А ах надруу залгаад гэрт хүрээд ир гэхээр нь би П.Мг дагуулаад А ахын гэрт очсон чинь нэг шил архи задалсан ганцаараа сууж байхаар нь бид гурав хувааж уухаар суусан. А ах П.Мг хаанахын залуу юм гээд асуугаад шалгаагаад байсан удалгүй П.М гараад явсан. Би байж байгаад араас нь гартал яваад өгсөн байхаар нь эргэж ороод А ахтай ууж байгаад гарсан тэгээд П.Мгийн гэрт хонохоор очтол гэртээ байгаагүй би унтаад өгсөн. Өглөө босоход П.М ирчихсэн унтаж байсан тэгэхээр нь би ажилдаа явсан. П.М явахаа хэлээгүй А ахтай ам муруйх гээд тэгснээ гараад явсан би жоохон байж байгаад араас нь гартал гадаа байхгүй яваад өгсөн байсан. П.М нэг их согтоогүй байсан биеэ авч явах чадвартай, болж буй асуудлыг мэдэж ойлгож байсан. П.Мгийн хашаанд манай ээжийнх байдаг би гэртээ ганцаараа байдаг болохоор оройд ажлаа тараад тэднийд очдог юм надад мөнгөн аяга энэ тэр юм ярьж байгаагүй ээ гэх мэдүүлэг /Хх-н 59 дугаар хуудас/ 

 

Гэрч Б.Агийн мөрдөн байцаалтад өгсөн ......... Ц.Б өмнө нь манайд граш, пийшинг барьж өгч байсан юмаа тэгээд 2017 оны 08 сарын 22-ны өдрийн орой залгаад чи ирээд нөгөө пийшингээ үзээдэхээч хөдлөөд байх юм чи хаана байгаа юм гэсэн чинь би хойно айлд байна гэсэн тэгэхээр нь би ирээд пийшингээ шавардаад нэг хөдлөхөөргүй болгоодох гэж хэлсэн тэгсэн би жоохон уусан байна танд ганц шил юм байна уу гэж хэлэхэд би байгаа ганцаараа хүрээд ир гэсэн тэгсэн удалгүй П.М гэх залуутай цуг ирсэн тэгээд би нэг шил 0.33 литрийн Хараа нэртэй архийг задлаад уусан тэгээд ууж байхдаа би Ц.Быг ганцаараа ир гэж байхад хүн дагуулаад ирлээ гээд жоохон ундуйцсан тэгсэн тэр П.М гэх нөхөр нь удалгүй гараад явсан араас нь Ц.Б гараад харсан байхгүй яваад өгсөн байна гээд эргээд ороод ирсэн тэгээд надтай ууж байгаад архиа дуусгаад гарсан би гаргаж өгсөн. Би танихгүй хүн дагуулж ирлээ гээд Ц.Блуу уурлаад П.Мг жоохон асууж шалгаасан чинь уурлаад юу ч ярилгүй гараад явсан. П.М халамцуу манайд орж ирсэн манайд нэг их уугаагүй ээ. 15-20 орчим минутын дараа явсан би бодохдоо П.М нь түрүүлээд явчихсан энэ хоёр цуг яваагүй байхаа гэх мэдүүлэг /Хх-н 60 дугаар хуудас/

 

Гэрч С.Снийн мөрдөн байцаалтад өгсөн ........ Би П.Мг танихгүй ээ 2017 оны 08 сарын 24-ний өдрийн 11 цаг өнгөрч байхад манай ломбарданд мөнгөн аяга тавихаар орж ирсэн залуу байна. Тиймээ П.М гэх залуу 2017 оны 08 сарын 24-ний өдрийн 11 цаг 16 минутын орчимд ганцаараа 2 ширхэг мөнгөн аяга тавъя гэж орж ирсэн тэгэхээр нь би манайх мөнгөн аяга авдаггүй юмаа гэж хэлчихээд өгсөн 2 ширхэг аягыг нь үзээд буцаагаад өгсөн тэгсэн гараад явсан. Орчин цагийн 2 ширхэг мөнгөн аяга үзүүлсэн нэг нь жижиг хэмжээтэй дунд гарын мөнгөн аяга, нөгөө нь арай том орчин цагийн мөнгөн аяга гэж байсан би үзэж байгаад 2-лаа мөнгөн аяга биш юм шиг харагдахаар нь авахгүй гээд өгөөд явуулсан гэх мэдүүлэг /Хх-н 61 дүгээр хуудас/

 

Гэрч О.Гын мөрдөн байцаалтад өгсөн ....... Би П.Мтэй таараагүй ээ. П.Мг манай гэрээс мөнгөн аяга хулгай хийснийг мэдээгүй байсан тэгээд 2017 оны 08 сарын сүүлээр байхаа намайг цагдаагаас дуудаад хулгай хийсэн хүнийг олсон гэж хэлсэн тэгэхээр нь цагдаагийн 2 давхарт Хосбаяр ахмадтай уулзах гээд шат өгсөж явтал П.М өөдөөс бууж таарсан гэгсэн Г ахаа би баларсан танай гэрлүү орчихсон байна лээ гэсэн тэгэхээр нь би чи согтуу байсан юм уу гэсэн чинь дугарахгүй байсан. 2017 оны 08 сарын 22-23-нд шилжих шөнө манай гэрээс хадам аавын хуучин цагийн дунд гарын мөнгөн аяга 1 ширхэг, миний орчин цагийн цагаан зэсэн аяга нийт 2 ширхэг аяга алдагдсан цагдаагаас 2 аяга өгсний жижиг орчин цагийн аяга нь миний аяга байна лээ том аяга нь манайхаас алдагдсан аяга биш байна лээ. Хуучин цагийн дунд гарын мөнгөн аяга байсан манай хадам аав хэрэглэж байсан юм. Ёроол нь салдаг халуун цай хийхээр салдаггүй аяга байсан ямар нэгэн бичиг бичвэр байхгүй ээ. Зураг байхгүй ээ манай эхнэрийн ах дүү нар болон охин мэднэ. Уг аяга нь мөнгө биш цагаан зэс аяга нь байгаа юм 2013 онд байхаа 30.000 төгрөгөөр шинээр нь авч байсан юм гэх мэдүүлэг /Хх-н 62 дугаар хуудас/

 

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, хэрэг учралын газарт үзлэг хийсэн схем зураг, гэрэл зургийн үзүүлэлт /Хх-н 04-10 дугаар хуудас/

 

Нэгжлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /Хх-н 14-16 дугаар хуудас/

Таньж олуулах ажиллагаа хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт

/Хх-н 18-19 дүгээр хуудас/

Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /Хх-н 20 дугаар хуудас/

Алдагдсан эд зүйлийг 330000 төгрөгөөр үнэлсэн эд зүйлийн үнэлгээ

/Хх-н 29-30 дугаар хуудас/

П.Мгийн иргэний үнэмлэхний хуулбар /Хх-н 37 дугаар хуудас/

Сэлэнгэ аймаг Мандал сумын 1 дүгээр багийн засаг даргын тодорхойлолт

 /Хх-н 36 дугаар хуудас/

П.Мгийн ял шийтгүүлсэн талаар ЦЕГ-ын МНБГ-ын Лавлагааны санд бүртгэгдээгүй гэсэн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас

/Хх-н 40 дүгээр хуудас/

Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /Хх-н 47-48 дугаар хуудас/

Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /Хх-н 49-52 дугаар хуудас/

 

Шүүгдэгч П.М нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2017 оны 08 сарын 22-ны өдрөөс 23-нд шилжих шөнө Сэлэнгэ аймгийн Мандал сумын 6 дугаар баг, Сургуулийн № 14 тоот иргэн Н.Эгийн байнгын амьдардаг байшингийн вакум цонхны савхивчаар нэвтрэн орж, 200.000 төгрөгний үнэ бүхий дунд гарын мөнгөн аяга 1 ширхэг, 30.000 төгрөгний үнэ бүхий цагаан зэс аяга 1 ширхэг зэрэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хулгайлан авч хохирогч Н.Эд 230.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч П.Мг бусдын хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг байнгын амьдрах орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан ялыг оногдуулах үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

 

Шүүх хуралдаанар хянан хэлэлцэгдсэн нотлох баримт болох хохирогч, гэрч нарын мэдүүлэг нь шүүгдэгчийн гэм бурууг нотолж байх бөгөөд тэдгээрийг байцаахдаа хуулийн дагуу эрх, үүргийг нь тайлбарлан өгсөн, хууль сануулсан, хууль зөрчөөгүй байх тул хэрэгт хамааралтай ач холбогдолтой нотлох баримтууд гэж үнэллээ.

 

Шүүгдэгч П.М нь бусдын хөрөнгийг хулгайлахдаа нууц, далд аргаар, шунахай сэдэлтээр, байнгын амьдрах орон байранд нэвтэрч үйлдсэн байх ба энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг хангаж байх тул прокуророос энэ зүйл ангиар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн нь тохирсон байна гэж үзэв.

 

2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Д.Мд ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1, 1.3 дах хэсэгт заасныг журамлан шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн  хувийн байдлыг харгалзан хуульд заасан хорих ялыг хөнгөрүүлж оногдуулах, мөн оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч П.Мгийн үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүнд гэмт хэргийн ангилалд хамаарч байх ба мөн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тэнсэх боломжгүй байна.

 

Хохирогч Н.Э нь хохирол бүрэн төлөгдсөн тул нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурьдах нь зүйтэй байна.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг СD-г хавтаст хэрэгт нь хадгалах, хохирол бүрэн төлөгдсөн тул 1 ширхэг мөнгөлөг металл аягыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч П.Мд буцаан олгох, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдаад  шүүх хуралдаанаас

 

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.1 дүгээр зүйлийн 5.1, 5.2, 5.3, 5.4, 8 дах хэсэг, 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.7 дугаар зүйлийн 2.1, 2.2, 2.3, 2.4, 3 дах хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 

Тогтоох нь:

 

            1.Шүүгдэгч Оюут овогт Пүрэвсүрэнгийн Мд хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасныг баримтлан П.Мг 02 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, мөн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг журамлан 01 жил 05 хоногийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан П.Мд оногдуулсан 01 жил 05 хоногийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

 

4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг СD-г хавтаст хэрэгт нь хадгалах, 1 ширхэг мөнгөлөг металл аягыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч П.Мд буцаан олгосугай.

 

5.П.М нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурьдсугай.

 

6.Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол П.Мд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж энэ өдрөөс эхлэн цагдан хорьж, эдлэх ялыг нь 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн тоолсугай.

 

Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч,  хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуульд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдлоо шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                       Д.РЕНЧЕНХОРОЛ.