Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 01 сарын 20 өдөр

Дугаар 150

 

 

 

 

 

 

 

 

 

“О”  ХХК-ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Б.Нармандах, Т.Туяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж,

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 101/ШШ2019/03241 дугаар шийдвэртэй,”О”  ХХК-ийн нэхэмжлэлтэй, “Н С И Э К”  ХХК-д холбогдох, худалдах, худалдан авах гэрээний үүрэгт нийт 6 588 300 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Т.Туяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Агар-Эрдэнэ, хариуцагчийн өмгөөлөгч Д.Ууганбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Билэгжаргал нар оролцов.

 

Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлага болон тайлбартаа: Нэхэмжлэгч нь 2014 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр хариуцагч “Н С И Э К”  ХХК-тай хамтран ажиллах, бараа материал нийлүүлэх тухай 14-17-11-01 дугаар гэрээ байгуулсан. Гэрээний дагуу 2014 оны 11 дүгээр сарын 01, 09, 10, 24, 28, мөн оны 12 дугаар сарын 01, 17-ны өдрүүдэд 8 удаагийн нийлүүлэлтээр 7-8 төрлийн 29 464 000 төгрөгийн өртөг бүхий бараа нийлүүлсэн. Хариуцагч дээрх 29 464 000 төгрөгийн барааны үнээс 21 071 800 төгрөгийг төлж, үлдэгдэл 8 392 200 төгрөг төлөөгүй тул төлөхийг удаа дараа шаардсан.

Талууд 2017 оны 5 дугаар сарын 25-ны өдөр гэрээг дүгнэж Тооцоо нийлсэн акт үйлдсэн. Уг баримтаар нэхэмжлэгч 29 464 000 төгрөгийн барааг хариуцагчид нийлүүлсэн, хариуцагч 25 071 800 төгрөгийн төлөлт хийж, 4 392 200 төгрөгийн үлдэгдэлтэй болохыг баталгаажуулсан. Хариуцагч “Н С И Э К”  ХХК-д холбогдуулан тус шүүхэд 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр нэхэмжлэл гаргасан боловч 2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 101/Ш32018/01422 дугаар захирамжаар хариуцагчийн хаяг тодорхойгүй гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон. Хаягийг Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн 2019 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 30ш-5/3191 тоот албан бичгээр тодорхой болгосны дагуу дахин шүүхэд хандсан.

Хариуцагчийн зүгээс гэрээ байгуулагдаагүй, гэрээнд дарагдсан тамга эргэлзээтэй, компанийн компанийг төлөөлөх эрхийг Ж.Мандахад олгоогүй, ийм хүн ажилладаггүй гэх боловч гэрээнд тамга дарсан асуудлаар зохих байгууллагад хандаж шийдвэрлүүлсэн нь тодорхойгүй, үүнийг нотлох баримтаар няцаасангүй. Талуудын хооронд байгуулагдсан гэрээний үндсэн хугацаа дуусахаас 6 сарын өмнө тооцоо нийлсэн акт үйлдсэн тул шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацааны дотор гэж үзэж байна.

Хариуцагчаас худалдах, худалдан авах гэрээний үлдэгдэл төлбөр 8 392 200 төгрөг, гэрээний 5.1-т заасны дагуу алданги 4 196 100 төгрөг, нийт 12 588 300 төгрөг гаргуулах шаардлага гаргасан ч талууд 2017 оны 5 дугаар сарын 25-ны өдөр тооцоо нийлсэн акт үйлдээд үлдэгдэл төлбөр 4 392 200 төгрөг болохыг баталгаажуулсан. Иймээс “Н С И Э К”  ХХК-иас 12 588 300 төгрөг гаргуулах шаардлагаа гэрээний үлдэгдэл төлбөр 4 392 200 төгрөг, гэрээний 5.1-т заасны дагуу алданги 2 196 100 төгрөг, нийт 6 588 300 төгрөг болгон багасгасан  тул уг шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч тал тайлбартаа: “Н С И Э К”  ХХК нь барилгын материалын худалдаа, хүнд машин механизмын түрээс, уул уурхайн тоног төхөөрөмжийн худалдаа, барилгын засвар үйлчилгээний үйл ажиллагааг явуулж байгаа, 2014 оны 9 дүгээр сарын 29-ний өдрөөс эхлэн компанийн хувьцаа эзэмшигч, итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээдээр П.Цэрэнбаатар ажиллаж байна. Нэхэмжлэгчийн 2014 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн хамтран ажиллах, бараа материал нийлүүлэх гэрээг хариуцагч “Н С И Э К”  ХХК хүлээн зөвшөөрөхгүй бөгөөд гэрээний үүрэг хамаарахгүй. Нэхэмжлэгч”О”  ХХК-иас бараа материал огт аваагүй, гэрээ байгуулж байх үед буюу 2014 оны байдлаар “Н С И Э К”  ХХК-д Ж.Мандах гэдэг иргэн ажиллаагүй, захирал хийж байгаагүй, тус хуулийн этгээдийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд биш юм.

Нэхэмжлэгчээс ирүүлсэн 2014 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 14-17-11-01 дугаар бүхий хамтран ажиллах, бараа материал нийлүүлэх тухай гэрээний талаар шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дуусаж, шаардах эрхгүй болсон байх ба нийлүүлсэн бараа материалаа бүрэн нотлоогүй, санхүүгийн анхан шатны баримт падаан байхгүй байна. Тооцоо нийлсэн бол санхүүгийн анхан шатны баримтыг үндэслэл болгодог. Гэтэл ийм баримтыг нэхэмжлэгч ирүүлээгүй бөгөөд тооцоо нийлсэн актад нягтлан бодогч нар гарын үсэг зурж, тамга дараагүй нь нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн холбогдох заалтад нийцэхгүй. Компанийн захирал П.Цэрэнбаатарыг Цагдаагийн байгууллагаас дуудсаны дагуу очсон нь нэхэмжлэгчтэй гэрээ байгуулсныг болон нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрсөн гэж үзэх үндэслэл болохгүй. Гэрээнд “Н С И Э К”  ХХК-ийн тамга дарагдсан байгаад гайхаж байна, тамганы хувьд эргэлзээтэй байгаа бөгөөд энэ талаар холбогдох газарт хүсэлт гаргаж шалгуулсан зүйлгүй.

Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.8 дах хэсэгт гүйцэтгэх удирдлага нь төлөөлөн удирдах зөвлөлөөс олгосон эрх хэмжээний хүрээнд хэлцэл хийх, гэрээ байгуулах, компанийг төлөөлөх зэргээр компанийн нэрийн өмнөөс итгэмжлэлгүйгээр үйл ажиллагаа явуулна гэж заасан. Гэтэл гэрээ байгуулсан гэх Ж.Мандахад хэлцэл хийх, гэрээ байгуулах, компанийг төлөөлөх зэргээр зөвшөөрөл олгосонтой холбоотой баримт огт байхгүй. Тооцоо нийлсэн актад Ж.Мандах гарын үсэг зурсан байгаагаас үзэхэд хэн барааг хүлээн авсан нь харагдаж байна. Өөрөөр хэлбэл,”О”  ХХК-тай “Н С И Э К”  ХХК нь эрх зүйн харилцаа үүсгээгүй, гэрээ байгуулаагүй учир гэрээний үр дагаврыг хариуцах үндэслэлгүй. Нэхэмжлэгч нь Ж.Мандахад холбогдуулан шаардлагаа гаргах нь зүйтэй бөгөөд хариуцагчаа буруу тодорхойлсон байна. Иймд”О”  ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дүгээр зүйлийн 232.6 дах хэсэгт тус тус зааснаар хариуцагч ”Н С И Э К”  ХХК-иас                            4 392 200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч”О”  ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 2 196 100 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус зааснаар хариуцагч ”Н С И Э К”  ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 85 225 төгрөг гаргуулан нэхэмжлэгч”О”  ХХК-д олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 216 363 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: “Н С И Э К”  ХХК нь нэхэмжлэгч”О”  ХХК-тай 2014 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр хамтран ажиллах, бараа материал нийлүүлэх тухай 14-17-11- 01 дугаар гэрээ байгуулаагүй, гэрээний эрх зүйн харилцаанд оролцоогүй, нэхэмжпэгчээс ямар нэгэн бараа магериал хүлээн аваагүй. Тодруулбал, “Н С И Э К”  ХХК нь эрх зүйн харилцаанд төлөөлөгчөөр дамжуулан оролцох бөгөөд үүсгэн байгуулагч 100 хувийн хувьцаа эзэмшигч, Компанийн тухай хуулийн 83-р зүйлийн 83.3, 83.8 дах хэсэгт заасны дагуу гүйцэтгэх захирал нь компанийг үүсгэн байгуулагдсан 2014 оны 9 дүгээр сарын 29-ний өдрөөс өнөөдрийг хүртэл П.Цэрэнбаатар болох нь хэргийн материалд нэхэмжлэгчээс гаргасан 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 1873 дугаартай Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавалгаагаар тодорхой нотлогддог.

Хэрэгт авагдсан дээрх гэрээнд компанийг төлөөлж Ерөнхий захирал, Захирал Ж.Мандах гэж гарын үсэг зурсан байх бөгөөд тэрээр хариуцагч компанийг төлөөлөх хууль ёсны төлөөлөгч биш юм. Хууль ёсны төлөөлөгч болох П.Цэрэнбаатараас Иргэний хуулийн 62 дугаар зүйлийн 62.1, 62.3 дах хэсэгт заасны дагуу Ж.Мандах гэдэг хүнд гэрээнд гарын үсэг зурах эрх олгосон, зөвшөөрсөн зүйл огт байхгүй, тийм баримт хэрэгт авагдаагүй байхад анхан шатны шүүх “Н С И Э К”  ХХК-ийг нэхэмжлэгч компанитай гэрээ байгуулсан гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй. Нэхэмжлэгч гэрээний дагуу 7-8 нэр төрлийн 29 464 000 төгрөгийн материалыг “Н С И Э К”  ХХК-д хүлээлгэн өгсөн гэж тайлбарах боловч хэрэгт авагдсан 1 630 000 төгрөгийн зарлагын баримтанд Ж.Мандах гэдэг хүнд хүлээлгэн өгч авалцсан, тооцоо нийлсэн актанд Ж.Мандах гэх хүн гарын үсэг зурсан нь хариуцагч компани дээрх материалыг хүлээн аваагүй, тооцоо нийлсэн актыг эрх бүхии этгээд баталгаажуулаагүй болохыг нотолж байгааг анхан шатны шүүх анхаарсангүй.

Нэхэмжлэгчийн нотлох баримтаар гаргасан баримтуудад Ж.Мандах гэх хүн гарын үсэг зурж, хариуцагч хуулийн этгээдийн оноосон нэрийг дурдсан байгаа нь хууль зүйн хувьд хуулийн этгээдийн оноосон нэр байлаа гээд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасан хуулийн этгээдийн хүсэл зориг бүхэлдээ байна гэж ойлгож болохгүй. Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.5 дах хэсэгт анхан шатны баримтад түүнийг үйлдсэн, зөвшөөрсөн буюу шалгасан ажилтан гарын үсэг зурж, тамга, тэмдэг дарснаар уг баримт хүчин төгөлдөр болохоор заасан. Хэргийн баримтуудад “Н С И Э К”  ХХК-ийн тамга дарагдаагүй, эрх бүхий этгээд гарын үсэг зураагүй хүчин төгөлдөр бус баримт байсаар атал шүүх үндэслэлгүй дүгнэлт хийсэн. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэлийн шаардлага түүний үндэслэлээ баримтаар бүрэн нотолж чадаагүй бөгөөд хэрэгт 1 680 000 төгрөгийн баримт байгаа болохоос 29 464 000 төгрөгийн санхүүгийн анхан шатны баримт авагдаагүй байхад шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь тухайн хэрэгт хамааралтай ач холбогдолтой талаас нь үнэлээгүйн улмаас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дах хэсэгт зааснаар шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх заалтад нийцэхгүй болсон.

Анхан шатны шүүх хариуцагчийг татгалзаж буй үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотолж чадаагүй гэсэн нь учир дутагдалтай. Харзиуцагч нь нэхэмжлэгчтэй эрх зүйн харилцаанд оролцоогүй, бодит байдалд ямар ч баримт байхгүй бөгөөд шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дах хэсэгт заасан хариуцагч талын гаргасан тайлбарыг анхаарч үзэлгүй хэт нэг талыг барьсан дүгнэлт хийсэн гэж үзэж байна. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасны дагуу анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дах хэсэгт заасан шаардлагыг хангаагүй байна.

 

Нэхэмжлэгч”О”  ХХК нь хариуцагч “Н С И Э К”  ХХК-д холбогдуулан, 2014 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн хамтран ажиллах, бараа материал нийлүүлэх тухай гэрээний үлдэгдэл төлбөр 8 392 200 төгрөг, алданги 4 196 100 төгрөг, нийт 12 588 300 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад уг шаардлагын дүнг 6 588 300 төгрөг болгон багасгажээ. /хх1, 53/

 

Хариуцагч дээрх шаардлагыг эс зөвшөөрч татгалзлын үндэслэлээ, нэхэмжлэгч компанитай эрх зүйн харилцаанд оролцоогүй буюу 2014 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн гэрээг “Н С И Э К”  ХХК байгуулаагүй, нэхэмжлэгч нь гэрээ болон тооцоо нийлсэн актад гарын үсэг зурж оролцсон иргэн Ж.Мандахад холбогдуулан нэхэмжлэл гаргах ёстой тул хариуцагчаа буруу тодорхойлсон гэх тайлбар гаргасан байна. /хх39/

 

Хэрэгт авагдсан 2014 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн “Хамтран ажиллах, бараа материал нийлүүлэх тухай гэрээ”-нд худалдан авагч “Н С И Э К”  ХХК-ийг төлөөлж гүйцэтгэх захирал Ж.Мандах, нөгөө талаас худалдагч”О”  ХХК-ийг төлөөлж үйл ажиллагааны менежер М.Ууганмөнх оролцож, 27 285 000 төгрөгийн үнэ бүхий бараа бүтээгдэхүүн худалдах, худалдан авах талаар тохиролцсон гэж заан гэрээнд дээрх хүмүүс гарын үсэг зурж, компанийн тамга, тэмдэг дарсан байна. /хх5-6/ Мөн 2014 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн зарлагын баримт, талуудын хоорондын тооцоо нийлсэн акт зэрэг бичгийн баримтууд хэрэгт авагдсан бөгөөд эдгээрт иргэн Ж.Мандах гэх хүний гарын үсэг зурагджээ. /хх8, 53/

 

Иргэний хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, 26.5 дах хэсэгт зааснаар хуулийн этгээд нь хууль болон үүсгэн байгуулах баримт бичгээр тодорхойлогдсон удирдах байгууллагаараа дамжуулан иргэний эрх зүйн харилцаанд оролцох учиртай. Компанийн тухай хуулийн  83 дугаар зүйлийн 83.1, 83.3 дах хэсэгт зааснаар компанийн өдөр тутмын үйл ажиллагааг гүйцэтгэх удирдлага хэрэгжүүлэх бөгөөд хувь хүн гүйцэтгэх удирдлага хэрэгжүүлж байгаа тохиолдолд уг этгээд компанийн гүйцэтгэх захирал байна.

 

“Н С И Э К”  ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа хэрэгт авагдсан ба тухайн баримтуудаас үзвэл, компанийн үүсгэн байгуулагч, 100 хувийн хувьцаа эзэмшигч, гүйцэтгэх захирал буюу итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд нь П.Цэрэнбаатар байна. Ж.Мандах уг компанийг төлөөлөх эрхтэй гэж үзэх баримт хэрэгт байхгүй байна. Төлөөлөх бүрэн эрхгүй этгээд хуулийн этгээдийг итгэмжлэлээр төлөөлөн хэлцэл хийх боломжийг Иргэний хуулийн 62 дугаар зүйлийн 62.1 дэх хэсэгт зааснаар олгосон байдаг. Хэргийн баримтаас үзвэл, хариуцагч хуулийн этгээд болон түүнийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх этгээдээс Ж.Мандахад төлөөлөх эрх олгосон баримтгүй байна. /хх31, 41, 42/

 

Иргэний хуулийн 68 дугаар зүйлийн 68.1 дэх хэсэгт төлөөлөх бүрэн эрхгүй этгээд бусдын нэрийн өмнөөс гуравдагч этгээдтэй дур мэдэн хэлцэл хийсэн бол уг хэлцэл хүчин төгөлдөр байх эсэх нь төлөөлүүлсэн этгээдийн зөвшөөрлөөс шалтгаална гэжээ. Энэ тохиолдолд төлөөлөх эрхгүй этгээд болох Ж.Мандахын хийсэн хэлцлийг компанийн зүгээс зөвшөөрсөн гэх нөхцөл байдал тогтоогдож байж хэлцэл хүчин төгөлдөр болно.

 

Гэтэл хэргийн баримтаар хариуцагч хуулийн этгээдийг төлөөлөх эрхгүй Ж.Мандахын байгуулсан дээрх хэлцлийг эрх бүхий этгээд зөвшөөрсөн үйл баримт тогтоогдоогүй тул тухайн хэлцэл буюу нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болох хамтран ажиллах, бараа  материал нийлүүлэх гэрээний үүрэг хариуцагч “Н С И Э К”  ХХК-д үүсэх боломжгүй юм. Дээр дурдсан үндэслэлээр хариуцагч талын давж заалдах гомдлыг хангаж, Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6 дах хэсэгт заасан үндэслэлгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, гэрээний үүрэгт нийт 6 588 300 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч”О”  ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 101/ШШ2019/03241 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6 дах хэсэгт тус тус заасан үндэслэлгүй тул хариуцагч “Н С И Э К”  ХХК-иас худалдах, худалдан авах гэрээний үүрэгт нийт  6 588 300 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч”О”  ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч “Н С И Э К”  ХХК-иас төлсөн 85 500 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

 

               ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Ж.ОЮУНТУНГАЛАГ

                                                           

                             ШҮҮГЧИД                                      Б.НАРМАНДАХ

 

                                                                                    Т.ТУЯА