Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 01 сарын 11 өдөр

Дугаар 2022/ДШМ/04

 

 

 

                                          Э.*******т холбогдох

                                           эрүүгийн хэргийн тухай

 

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Д.Буянжаргал даргалж, шүүгч Г.Давааренчин, Б.Эрдэнэхишиг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор Б.*******

Шүүгдэгч Э.*******

нарийн бичгийн дарга Ө.******* нарыг оролцуулан,  

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Ц.Амаргэрэл даргалж хийсэн шүүх хуралдааны 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 2021/ШЦТ/156 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч бичсэн дээд шатны прокурорын эсэргүүцлээр шүүгдэгч Э.*******т холбогдох 2131002770208 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Эрдэнэхишигийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

******* овогт *******ын *******, 1997 оны 03 дугаар сарын 12-ны өдөр Сэлэнгэ аймгийн Цагааннуур суманд төрсөн, 24 настай, эрэгтэй, дээд боловсролтой, агрономич мэргэжилтэй, “Атар Трейд” ХХК-д агрономич ажилтай, ам бүл 4, эцэг, эх, дүүгийн хамт Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын 2 дугаар баг, Хуурч 4 дүгээр хэсэг, 4 дүгээр гудамжны 20 тоотод оршин суух хаягтай, /РД:*******/;

 

Э.******* нь 2021 оны 09 дүгээр сарын 12-ны оройн 21 цагийн үед Сэлэнгэ аймгийн Цагааннуур сум, 2 дугаар багийн нутаг дэвсгэрт сайжруулсан шороон замд Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7.а-д заасныг зөрчиж, тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ 25-59 СЭЗ улсын дугаартай ХҮ250СҮ-9А маркийн мотоцикпь жолоодож яваад мөн дүрмийн 12.1, 12.2, 12.3, мөн дүрмийн З.5.а, б, г-д заасныг тус тус зөрчиж, хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас: “...Э.*******ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар” тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар бүлэгт заасны дагуу уг хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхээр тогтож, яллагдагч Э.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.2-д заасан ялаас чөлөөлж, мөн хуулийн 27.11 дүгээр зүйлийн 1-д зааснаар 1000 нэгж буюу 1.000.000 төгрөгөөр торгохоор тохиролцож, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:   ******* овогт *******ын *******ыг “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хүн автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмыг зөрчсний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэрэг, мөн “Автотээврийн гэмт хэрэг үйлдсэн жолооч зугтаах” гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан ялаас чөлөөлж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 /нэг сая/ төгрөгөөр торгох ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.*******ын хөрөнгө, цалин хөлс болон бусад орлого олох боломжийг харгалзан 4 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээтэй төгрөгийг 1 хоногоор тооцож, хорих ялаар солихыг шүүгдэгч Э.*******т анхааруулж, Э.******* нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, тэрээр бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар энэхүү хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирүүлсэн мотоциклийн хагарч бутарсан эд ангийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг “Эд мөрийн баримт устгах комисс”-т даалгаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэж шийдвэрлэжээ.

 

Сэлэнгэ аймгийн Прокурорын газрын ерөнхий прокурор 2021 оны 12 сарын 24-ний өдрийн 02 дугаартай дээд шатны прокурорын эсэргүүцэлдээ: “...Шийтгэх тогтоолыг 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч танилцаад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж дүгнэж, дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд:

Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.*******ыг ялаас чөлөөлж шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь хэсэгт заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасаж, 6 сараас 3 жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл 6 сараас 3 жил хүртэл хугацаагаар хорих ялаас сонгож үндсэн болон нэмэгдэл ялыг оногдуулалгүйгээр, шууд ялаас чөлөөлж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй буюу Эрүү/ийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д зааснаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөнд хамаарах ба тодруулбал мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, мөн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д зааснаар шүүгдэгчид оногдуулах ялын төрөл, хэмжээг тогтоогоогүй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 2, 4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх нь анхан шатны шүүхээр хэлэлцэгдээгүй нотлох баримт, нөхцөл байдал, шинжлэн судлаагүй нотлох баримтыг шийдвэрийн үндэслэл болгохгүй бөгөөд, мөн зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр ялыг хөнгөрүүлэх эрх хэмжээтэй тул анхан шатны шүүхээс ял оногдуулаагүй байхад давж заалдах шатны шүүх үүнийг нөхөж шүүгдэгчид шинээр ял оногдуулах хууль зүйн үндэслэл байхгүй тул шийтгэх тогтоолыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д зааснаар хүчингүй болгох үндэслэлтэй байна.

Иймд анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 22-ний өдрийн 156 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаалгахаар Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан дээд шатны прокурорын эсэргүүцэл бичив” гэжээ.

 

Прокурор Б.******* тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Өнөөдрийн шүүх хуралдаанд прокурорын эсэргүүцлийг дэмжин оролцож байна. Уг хэрэгт хяналтын прокурор А.Энхтуяа яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлэхээр яллагдагч Э.*******той ял тохиролцож, шүүхэд шилжүүлсэн байдаг. Энэ шүүх хуралдаанд улсын яллагч А.Энхтуяаг оролцуулах боломжгүй шалтгаан нь эсэргүүцэл бичих үндэслэл болсон яллагдагчтай ял тохиролцолгүй, ялаас чөлөөлөх тохиролцоог хийсэн байдаг. Тэгэхээр энэ нь улсын яллагчийн алдаа учраас зөвтгүүлэх үүднээс дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн.

...Эрүүгийн хуульд заасан ялаас чөлөөлөхдөө тухайн гэм буруутайд тооцсон зүйл ангиас ямар төрлийн ял оногдуулж, түүнээс ямар үндэслэлээр чөлөөлж байгаагаар шийдвэрлэх ёстой. Гэтэл уг шийтгэх тогтоолд ямар ял оногдуулсан нь тодорхойгүй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.2-д заасан шийтгэх тогтоолд ямар ял оногдуулсан нь харагдахгүй байгаа юм. Тэгэхээр энэ байдал нь мөн хуулийн 39.8 дугаар зүйлийн 1.6-д хамаарах үндэслэл гарсан тул уг тогтоолыг хүлээн авах боломжгүй гэж үзэн эсэргүүцэл гаргасан. Нэмж хэлэхэд уг шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах уу, зөвтгөх үү гэдэгт тайлбар хэлье. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 2.4-д зааснаар давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхээс оногдуулаагүй ялыг нөхөн оногдуулах хууль зүйн үндэслэлгүй. Тийм учраас шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах саналтай байна гэв.   

 

Шүүгдэгч Э.******* тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би хийсэн хэрэгтээ гэм буруугаа хүлээж байна гэв.

 

                                         ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар дээд шатны прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр Э.*******т холбогдох 2131002770208 дугаартай хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянавал:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн арван долдугаар бүлэгт Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны талаар хуульчилсан ба 17 дугаар зүйлийн 1-д “Яллагдагч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлтээ прокурорт гаргаж болно” гэж, мөн хуулийн 17.2 дугаар зүйлийн 2-д ...Прокурор Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлд заасныг үндэслэн ял оногдуулах, ялаас чөлөөлөх... зэрэг асуудлыг шийдвэрлэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх үндэслэл, журмыг танилцуулна” гэж тус тус заасан.

Гэтэл яллагдагч Э.*******т Улсын яллагч прокурорын зүгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.2-д заасан гэмт хэрэгт нь ямар ял шийтгэл оногдуулаад түүнээсээ чөлөөлж байгаа эсэх нь тодорхойгүйгээр тохиролцож, хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн байхад шүүх анхаарч үзээгүй, өөрөөр хэлбэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4.3-д заасан нөхцөл байдал хангагдаагүй болохыг хянаж тогтоолгүй хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж дээрх зүйл, хэсэгт заасан эрүүгийн хариуцлага ногдуулалгүй түүнээсээ чөлөөлж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн алдаа болжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 6-д “...эсхүл энэ зүйлийн 4-д заасан нөхцөл байдлын аль нэг нь хангагдаагүй гэж үзэх үндэслэл байвал шүүх хэргийг прокурорт буцаах шийдвэр гаргана” заасан  болохыг цаашид анхаарч ажиллах нь зүйтэй.

Иймд давж заалдах шатны шүүх хуралдаанаас яллагдагч Э.*******т холбогдох хэргийг хянан шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 2021/ШЦТ/156 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, прокурорын эсэргүүцлийг хүлээн авч хэргийг прокурорт буцааж шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1, 1.2, 2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 2021/ШЦТ/156 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг Прокурорт буцааж, прокурорын эсэргүүцлийг хүлээн авсугай.

 

2.Хэргийг прокурорт очтол яллагдагч Э.*******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

3.Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг  гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

             ДАРГАЛАГЧ,

             ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Д.БУЯНЖАРГАЛ

                                                                   

                                ШҮҮГЧ                                    Г.ДАВААРЕНЧИН

 

                                ШҮҮГЧ                                     Б.ЭРДЭНЭХИШИГ