Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Пүрэвдоржийн Соёл-Эрдэнэ |
Хэргийн индекс | 166/2017/0032/з |
Дугаар | 309 |
Огноо | 2018-09-12 |
Маргааны төрөл | Газар, |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2018 оны 09 сарын 12 өдөр
Дугаар 309
“С ц ө” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Дархан-Уул аймгийн Засаг даргад холбогдох
захиргааны хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:
Даргалагч: Танхимын тэргүүн М.Батсуурь,
Шүүгчид: Л.Атарцэцэг
Г.Банзрагч
Д.Мөнхтуяа
Илтгэгч шүүгч: П.Соёл-Эрдэнэ
Нарийн бичгийн дарга: Г.Гантогтох,
Нэхэмжлэлийн шаардлага: Дархан-Уул аймгийн Засаг даргын 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн А/440 дүгээр захирамжийн холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох тухай
Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 2 дугаар сарын 05-ны өдрийн 05 дугаар шийдвэр,
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн 221/МА2018/0209 дугаар магадлалтай,
Шүүх хуралдаанд оролцогч: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ч, өмгөөлөгч Б.С нарыг оролцуулж,
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Өмнөх шүүхийн шийдвэр:
1. Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 2 дугаар сарын 05-ны өдрийн 05 дугаар шийдвэрээр: Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасныг баримтлан нэхэмжлэгч “С ц ө” ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, хариуцагч Дархан-Уул аймгийн Засаг даргын 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн А/440 дүгээр захирамжийн “С ц ө” ХХК-д холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоож шийдвэрлэжээ.
2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн 221/МА2018/0209 дугаар магадлалаар: Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 2 дугаар сарын 05-ны өдрийн 5 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3, 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт заасныг баримтлан “С ц ө” ХХК-ийн “Дархан-Уул аймгийн Засаг даргын 2016 оны 11 дүгээр сарын 29- ний өдрийн А/440 дүгээр захирамжийн “С ц ө” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Б.С-н давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэжээ.
3. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Хариуцагч Дархан-Уул аймгийн Засаг даргын А/440 дугаар захирамжаар нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож шийдвэрлэсэн. Иймд шүүхээс энэхүү үйл баримтад буюу газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох хуульд заасан үндэслэл, нөхцөл бүрдсэн байсан эсэхэд дүгнэлт хийх ёстой.
4. Газрын тухай хуульд заасан нөхцөлүүд бүрдсэн нь тогтоогдсон нөхцөлд л нэхэмжлэгчийн газар эзэмших эрхэнд халдах, эрхийн гэрчилгээг хүчингүй болгох хууль зүйн үндэслэлтэй. Засаг даргын А/440 дүгээр захирамжийн хууль зүйн үндэслэлд эдгээр нөхцөлүүдээс аль ч байхгүй бөгөөд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох хууль зүйн үндэслэл, бодит нөхцөл аль ч байхгүй юм. Иймд уг захиргааны акт нь Захиргааны ерөнхий хуулийн 47.1.6-д заасан илт хууль бус акт болох юм.
5. Хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгчийн эзэмшиж байгаа газар нь “Н т” ХХК-ийн газартай давхацсан гэдгийг нотолсон баримт хэрэгт байхгүй. Газрын давхцалын талаар болон холбогдох хууль тогтоомж зөрчсөн талаарх баримтыг зөвхөн хариуцагч байгууллагаас гаргаж өгсөн нэг талын баримт бөгөөд шүүхээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д зааснаар хийгдсэн ямар нэгэн баримт байхгүй.
6. Нэхэмжлэгчийн зүгээс газрын давхцал байгаа эсэхийг тодруулах зорилгоор шинжээчийн дүгнэлт гаргуулах хүсэлтийг анхан шатны шүүхэд гаргасан боловч нэхэмжлэлийн шаардлагатай хамааралтай хүсэлт биш байна гэсэн үндэслэлээр хүсэлтийг хангахаас татгалзсан. Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн энэхүү хүсэлтийг хангаагүй боловч нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн тул давж заалдах гомдол гаргаагүй.
7. Давж заалдах шатны шүүхээс үнэхээр эдгээр асуудлыг нэг мөр шийдвэрлэх шаардлагатай гэж үзсэн нөхцөлд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох биш, харин Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121.3.4, 121.3.7-д заасны дагуу шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцааж шийдвэрлэх шаардлагатай юм.
8. Иймд, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
9. Давж заалдах шатны шүүхээс хуулийг зөв тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.
10. Нэхэмжлэгч “С ц ө” ХХК-д аймгийн Засаг даргын 2016 оны 7 дугаар сарын 8-ны өдрийн А/272 дугаар захирамжаар 5700 мкв газрыг үйлчилгээний зориулалтаар эзэмшүүлсэн боловч 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн А/440 дүгээр захирамжаар “газар эзэмшүүлэх ажиллагаа хууль зөрчсөн” гэх үндэслэлээр нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийн гэрчилгээ, захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэсэн, нэхэмжлэгчээс “захиргааны байгууллагад газар эзэмшигчийн эрхэд халдах үндэслэл байгаагүй” гэж уг захирамжийг илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгох нэхэмжлэл гаргасан байна.
11. Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтан өөрийн шийдвэрээр Газрын тухай хууль тогтоомж, газар эзэмшигчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн бол уг байгууллага, албан тушаалтан өөрөө буюу түүний дээд шатны байгууллага, албан тушаалтан уг хууль бус шийдвэрийг хүчингүй болгох эрхтэй байна. Энэ тохиолдолд захиргааны байгууллага нь нэхэмжлэгч хуулийн этгээдэд газар эзэмшүүлэхдээ Газрын тухай хууль зөрчсөн, тухайлбал үйлчилгээний зориулалтаар газар эзэмшүүлэх бол дуудлага худалдааны журмыг хэрэглэх ёстой атал хэрэглэвэл зохих журмыг хэрэглээгүй, төсөл сонгон шалгаруулах журмыг хэрэглэж, Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2 дахь хэсгийг зөрчсөн, мөн төсөл сонгон шалгаруулалтын журмыг зөв хэрэгжүүлээгүй, газрын эргэлтийн цэгийн солбицлыг газар дээр нь тодорхойлж, тэмдэгжүүлэх ажлыг газар эзэмшүүлэхээс өмнө болон дараа нь үйлдээгүй, мэргэжлийн байгууллагын дүгнэлт, техникийн нөхцөл батлуулаагүй зэргээр нэхэмжлэгчид газар эзэмших эрх хуулийн дагуу үүсээгүй байна.
12. Нөгөө талаар, дээрх ажиллагааг хийгээгүйгээс шалтгаалан бусдын эзэмшил газартай давхцуулан буюу “Н т” ХХК-ийн эзэмшил газартай давхцуулан нэхэмжлэгчид газар олгож, бусдын эрх хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн байх тул захиргааны байгууллагаас өөрт олгогдсон эрхийн хүрээнд өмнөх шийдвэрийн алдааг засч, уг хууль бус захирамжийг хүчингүй болгосон байх тул А/440 дүгээр захирамжийг илт хууль бус захиргааны актад тооцохгүй, энэ талаар давж заалдах шатны шүүхээс зөв дүгнэлт хийжээ.
13. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох хуулийн үндэслэл үүсээгүй байсан, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасан аль ч үндэслэл бүрдээгүй” тухай гомдлын тухайд: нэхэмжлэгчийн илт хууль бус болохыг тогтоолгохыг хүсч буй Засаг даргын 2016 оны А/440 дүгээр захирамж нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийг хэрэглэж гараагүй, харин Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийг хэрэглэсэн тул маргааны үйл баримтад Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйл хамааралтай зохицуулалт биш тул дээрх гомдол үндэслэлгүй байна. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйл нь газар эзэмших эрх хуулийн дагуу үүссэн этгээдэд хамааралтай, газар эзэмших эрх үүссэний дараах харилцаанд хэрэглэгдэх ба энэ хэргийн тухайд газар эзэмших эрх үүсэхээс өмнө нөхцөл байдал нь маргааны гол үйл баримт тул 40 дүгээр зүйл нь энэ хэрэгт хэрэглэгдэхгүй юм.
14. Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2 дахь хэсэгт эерэг нөлөөлөл бүхий хууль бус захиргааны актыг хүчингүй болгох тохиолдлыг нэрлэн заасан, мөн хуулийн 48 дугаар зүйлийн 48.2.2 дахь хэсэгт зааснаар бусад этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол, эсхүл нийтийн ашиг сонирхолд сөргөөр нөлөөлсөн бол захиргааны байгууллагаас уг хууль бус захиргааны актыг 5 жилийн дотор хүчингүй болгож болохоор заажээ. Энэ маргааны тухайд нэхэмжлэгчид эзэмшүүлсэн газар нь гуравдагч этгээдийн газартай давхцалтай болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон, мөн нийтийн эзэмшлийн зам талбай, ногоон байгууламжтай давхцалтай болох нь үзлэг хийсэн тэмдэглэлээр тус тус тогтоогдсон тул хуулийн дээрх заалтыг хангасан буюу захиргааны байгууллагын шийдвэр хууль зөрчөөгүй байх тул итгэл хамгаалагдах зарчим үйлчлэхгүй, нэхэмжлэгчийн “захиргааны байгууллагын хууль зөрчсөн үйл ажиллагаа нь нэхэмжлэгчид хамааралгүй” тухай гомдлыг хангах үндэслэлгүй.
15. Дээрх үндэслэлээр магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127 дугаар зүйлийн 127.2.1-т заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн 221/МА2018/0209 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН М.БАТСУУРЬ
ШҮҮГЧ П.СОЁЛ-ЭРДЭНЭ