Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2016 оны 06 сарын 23 өдөр

Дугаар 001/ХТ2016/00763

 

Ж.Мөнхтуяагийн нэхэмжлэлтэй,

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч   П.Золзаяа, Б.Ундрах, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 101/ШШ2016/01843 дугаар шийдвэртэй,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2016 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 749 дүгээр магадлалтай,

Нэхэмжлэгч Ж.Мөнхтуяагийн нэхэмжлэлтэй, 

Хариуцагч Юу Би Эйч проперти ХХК-д холбогдох,

6.689.800 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан хяналтын гомдлоор

Шүүгч  Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ж.Мөнхтуяа, хариуцагчийн төлөөлөгч Э.Батзориг, нарийн бичгийн даргад И.Хажидмаа нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 2013.11.21-нд "Юу Би Эйч Проперти" ХХК-тай БЗД, 5-р хороо,15-р хороололд байрлах Хаппи таун орон сууцны хотхонд 56,65 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг захиалан бариулах гэрээгээр 1 метр квадратыг 1.880.000 төгрөгөөр нийт 106.483.200 төгрөгөөр бариулахаар тохиролцсон. Гэрээнд заасны дагуу байрны үнийг бүрэн барагдуулсан. ”Юу Би Эйч Проперти" ХХК-тай гэрээ байгуулах явцад барилгын ажлыг чанар, стандартын дагуу гүйцэтгэх ба байрны метр квадратын тал дээр ямар нэгэн асуудал гарахгүй гэж байсан боловч оршин суугчдаас байрны метр квадрат дутуу байна гэсэн гомдлыг сонсоод тусгай зөвшөөрөл бүхий "Тоонто Гранд" ХХК-иар хэмжүүлтэл гүйцэтгэгчтэй байгуулсан орон сууц захиалгаар бариулах тухай гэрээнд зааснаас 3.51 м.кв дутсан бөгөөд гүйцэтгэгчийг дээрх гэрээний 1.2, 1.3, 1.5-д заасан үүргээ биелүүлээгүй байна гэж үзэж байна. Иймд гэрээний дагуу Ж.Мөнхтуяа миний бие гүйцэтгэгч талаас 6.689.800 төгрөг болох өөрт учирсан бодит хохирлоо нэхэмжилж байна гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч байна. Хэмжилт хийж дүгнэлт гаргах боломжгүй, зураг төсөл хийдэг тусгай зөвшөөрөлтэй эсэхийг тогтоолгох,“Тоонто гранд” ХХК нь тагт болон веранд хоёрын ялгааг гаргаж хэмжилт хийдэггүйгээс орон сууцны метр квадратын зөрүүг алдаатай гаргадаг болохыг анхаарч үзсэн эсэх, мөн барилгын орон сууцны талбайн хэмжилт хийх ямар стандартыг баримталсан болох нь тодорхойгүй байна. Гол нь талуудын хооронд байгуулсан гэрээний дагуу хэмжилт хийгдсэн байх учиртай. Хаппи таун хотхоны барилгын ажлын зураг хийсэн компани нь орон сууцны талбайн бүх хэмжилтийг нарийвчлан хийж баталгаажуулсны үндсэн дээр батлагдсан ажлын зургийн дагуу барилгын ажлын гүйцэтгэлийг хийдэг журамтай. Гэрээний 1.4-д захиалсан орон сууцны нийт метр квадратыг тооцохдоо хананаас хана хүртэлх хэмжээсээр тооцож гаргах бөгөөд гадна тагтны хэмжээг 0.5 хувиар тооцож сууцны нийт хэмжээнд оруулан тооцно гэж талууд харилцан тохиролцож гарын үсэг зурж баталгаажуулан, 1.5-д барилгын ажлыг барилгын норм, дүрэм, чанар стандартын шаардлагын дагуу хийнэ гэж заасны дагуу барилгын ажлын гүйцэтгэлийг хийж 2 өрөө байрыг хүлээлгэн өгсөн бөгөөд ямар ч байсан метр квадратын зөрүү гарах ёсгүй гэжээ.

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх2016 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 101/ШШ2016/01843 дугаартай шийдвэр гаргаж Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 352 дугаар зүйлийн 352.2,352.2.3-т зааснаар "Юу Би Эйч Проперти" ХХК-иас 6.689.800 төгрөгийг гаргуулж Ж.Мөнхтуяад олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар "Юу Би Эйч Проперти" ХХК-иас 122.713 төгрөг гаргуулан Ж.Мөнхтуяад олгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 122.713 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2016 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 749 дүгээр магадлалаар Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 101/ШШ2016/01843 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “6.689.800 төгрөгийг гаргуулж, Ж.Мөнхтуяад олгосугай” гэснийг, “6.678.800 төгрөг гаргуулж Ж.Мөнхтуяад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 11.000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай” гэж, 2 дахь заалтын “122.713” гэснийг “121.810” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтын хэсгийг хэвээр үлдээсэн байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Миний бие 2016.02.16-ны өдөр шүүх хуралд оролцож хэргийн материалтай танилцаагүй тул хуулинд заасан шаардлагын дагуу хэрэгтэй танилцах эрх, үүргийг сануулж, шүүх хуралдааныг 7 хоногоор хойшлуулсан. Мөн хууль зүйн туслалцаа авах хүсэлтээ бичгээр гаргаж өгсөн байдаг. Мөн гэрээний 1.4-т зааснаар орон сууцны тагтыг өөрийн хөрөнгөөр битүүлж, вакум цонх хийж өгсөн бөгөөд үүнд орсон зардлыг тооцож тагтыг 0,5 хувиар тооцохоор тохиролцсон, 0,3 хувиар тооцсон. Үүний зөрүү нь 0,71 м.кв буюу 1.334.800 төгрөг байхад шүүхийн шийдвэрээс болж хохироод байна. Энэ Иргэний хуулийн 189.1 дэх заалтыг зөрчсөн. Шүүгч бидний гаргасан дээрх 2 хүсэлтийг хүлээн авалгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь ИХШХШТХуулийн 22.1, 12.1.2-12.1.4, 34.1, 35.1, 36.1, 105.1 дэх заалтуудыг тус тус зөрчсөн. Энэ нь мөн Үндсэн хуулийн зарим заалтыг зөрчиж байна. Иймд дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Ж.Мөнхтуяа нь Юу Би Эйч Проперти ХХК-иас талбайн зөрүү 3.51 кв.м-н үнэ 6.598.800 төгрөг, хэмжилт хийлгэсэн ажлын хөлс 80.000 төгрөг нийт 6.689.800 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасныг хариуцагч зөвшөөрөхгүй маргасан байна.

Давж заалдах шатны шүүх кв.м зөрүүд 5.598.800 төгрөг, хэмжилт хийсэн 80.000 төгрөг нийт 6.678.800 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэлээс 11.000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгожээ.

Магадлалыг эс зөвшөөрч хяналтын шатны шүүхэд гаргасан хариуцагчийн гомдлыг  хангах нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв. 

Ж.Мөнхтуяа нь нэхэмжлэлээ зохигчдын хооронд 2013 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр байгуулагдсан НРТ 13С37 дугаартай гэрээг үндэслэсэн бөгөөд уг гэрээгээр Баянзүрх дүүрэг, 5-р хороо, 15-р хороолол, “HAPPY TOWN” орон суцны хороолол, ХД-71 дүгээр байр, 1-р орц, 56,64 м.кв 2 өрөө орон сууцыг Юу Би Эйч Проперти ХХК нь нэхэмжлэгчийн захиалгаар барих, захиалагч нь батлагдсан зураг төслийг өөрчлөхгүй байхаар талууд тохиролцсоноос үзвэл тэдгээрийн хооронд ажил гүйцэтгэх гэрээ байгуулагджээ.

Гэрээ байгуулсан талаар болон уг гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар зохигчид маргаагүй, талуудын хооронд байгуулагдсан ажил гүйцэтгэх гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй тул нэхэмжлэлийн үндэслэл болсон 2013 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн “Орон сууц захиалгаар бариулах тухай” гэрээг хоёр шатны шүүх хүчин төгөлдөр гэж үзсэн нь Иргэний хуульд нийцсэн байна. Хүчин төгөлдөр гэрээнд заасан үүргээ талууд биелүүлэх, гүйцэтгэлийг шаардах эрхтэй.

Нэхэмжлэгч гэрээнд заасан мөнгийг ажил гүйцэтгэгчид шилжүүлсэн боловч орон сууцны талбай тохирсон хэмжээнээс бага байсан нь тогтоогдсон тул зөрүү мөнгийг нэхэмжлэгч шаардах эрхтэй, энэ талаар давж заалдах шатны шүүх Иргэний хуулийн 343 дугаар зүйлд нийцсэн дүгнэлт хийсэн байна.

Харин давж заалдах шатны шүүх шийдвэрт өөрчлөлт оруулахдаа талуудын хооронд 2013 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр байгуулагдсан Орон сууц захиалгаар бариулах тухай гэрээний 1.2, 1.4 дэх хэсгийн заалтыг анхаарч үзээгүй нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 198.1-д нийцээгүй тул энэ үндэслэлээр магадлалд өөрчлөлт оруулна. 

Талууд гэрээний 1.4-т “...гадна ханын хэмжээг 0.5%-р тооцож сууцны нийт хэмжээнд оруулан тооцно...” гэж заасан бөгөөд тагтны хэмжээг энэ аргачлалаар тооцвол нэхэмжлэгч   талбайн зөрүүд 5.264.000 төгрөг шаардах эрхтэй байна. Иймд 5.264.000 төгрөг дээр  хэмжилт хийлгэсэн ажлын хөлс 80.000 төгрөгийг нэмж нийт 5.344.000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэлээс 1.344.800 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 749 дүгээр магадлалын тогтоох хэсгийн нэг дэх заалтын “...6.678.800 төгрөг гаргуулж Ж.Мөнхтуяад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 11.000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай...” гэснийг “..5.344.000  төгрөг гаргуулж Ж.Мөнхтуяад олгож, нэхэмжлэлээс 1.344.800 төгрөгийн шаардлагыг хэрэгэсхгүй болгосугай...” гэж, “...122.713 ..” гэснийг “... Юу Би Эйч Проперти ХХК-иас 122.713 төгрөг...” гэж, “...121.810...” гэснийг “...Юу Би Эйч Проперти ХХК-иас 100.454 төгрөг...” гэж тус тус өөрчлөн, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Хариуцагч хяналтын шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2016 оны 05 дугаар сарын 17-ны өдөр төлсөн 122.000 төгрөгийг Юу Би Эйч Проперти ХХК-д буцааж олгох захирамж гаргасугай.                       

                              ТАНХИМЫН ТЭРГҮҮН                           Х.СОНИНБАЯР

                                     ШҮҮГЧ                                                  Б.УНДРАХ