| Шүүх | Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Мягмарын Энхмандах |
| Хэргийн индекс | 157/2024/00129/И |
| Дугаар | 157/ШШ2024/00126 |
| Огноо | 2024-07-02 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2024 оны 07 сарын 02 өдөр
Дугаар 157/ШШ2024/00126
2024 07 02 157/ШШ2024/00126
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хэргийн индекс:157/2024/00129/И
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч М.Энхмандах би нэхэмжлэгч “Хасбанк” ХХК-ийн Бор-Өндөр тооцооны төвийн нэхэмжлэлтэй хариуцагч Х.Б, Д.Э нарт холбогдох “Зээлийн гэрээний үүргийн биелэлтийг шаардаж, 29,194,946.48 (хорин есөн сая нэг зуун ерэн дөрвөн мянга есөн зуун дөчин зургаан төгрөг дөчин найман мөнгө) төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг 2024 оны 06 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, иргэний хэрэг үүсгэж, хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Хасбанк” ХХК-ийн Бор-Өндөр тооцооны төв шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Иргэн Х.Б нь Хасбанкны Бор-Өндөр тооцооны төвөөс 2023 оны 05 дугаар сарын 17-ны өдөр 1430084935 дугаартай зээлийн гэрээ байгуулан 30,000,000 /гучин сая/ төгрөгийн зээлийг 30 сарын хугацаатай, жилийн 15 хувийн хүүтэй, өрхийн хэрэглээний зориулалтаар авсан. Банк нь 2023 оны 05 сарын 17-ны өдөр зээлдэгч Х.Б-ын ХасБанк дахь 5004500390 тоот дансанд 30,000,000 төгрөгийг шилжүүлэн, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж зээлийг олгосон. Гэрээний хугацаанд зээлдэгч нь үндсэн төлбөрт 4,000,000 төгрөг, зээлийн хүү 1,389,452.05 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 2,806.95 төгрөг төлсөн байна. Гэтэл зээлдэгч нь Банктай байгуулсан 1430084935 дугаартай зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж зээлийн төлбөрийг 2023 оны 10 сарын 12-ны өдрөөс эхлэн төлөлгүй, нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 259 хоног хугацаа хэтрүүлээд байна. ХасБанк нь удаа дараа зээлийн төлбөрийг эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөхийг зээлдэгчээс утсаар болон биечлэн уулзаж шаардаж, мэдэгдэж байсан бөгөөд зээлдэгч гэрээний үүргээ биелүүлээгүй байна.
Нэхэмжлэлийн шаардлага:
1/Иргэн хуулийн 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3 дахь заалт болон 1430084935 дугаартай зээлийн гэрээний дагуу төлөгдөөгүй нийт үндсэн төлбөр 26,000,000 төгрөг, 2024 оны 06 сарын 27-ны өдрийн байдлаарх хүү 3,093,287.68 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 101,658.80 төгрөг нийт 29,194,946.48 төгрөгийг Х.Б болон хамтран үүрэг гүйцэтгэгч Д.Э нараас гаргуулах,
2/Зээлдэгч нар нь сайн дураар төлбөрөө төлөөгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг хуулиар төлбөр гаргуулж болохгүй гэж зааснаас бусад хөрөнгө, орлогоос шийдвэр гүйцэтгэх бүхий л ажиллагааг явуулж Шүүхийн шийдвэрийг бүрэн биелүүлэх талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.5-д заасны дагуу шүүхийн шийдвэрт тухайлан зааж, зөвшөөрөл олгож өгнө үү, Жич: Хэргийг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэгдэх хүртэл хугацаанд тооцогдох хүү, нэмэгдүүлсэн хүүг тухайн үед нь зээлийн гэрээнд зааснаар тооцон шаардагдах тэмдэгтийн хураамжийг төлж нэмэгдүүлэн нэхэмжлэх болно” гэжээ.
Хариуцагч Х.Б шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Х.Б миний бие Хасбанкнаас цалингийн зээл авсан. Миний бие ар гэрийн асуудлаас болоод зээлээ төлж чадсангүй. Хасбанкны нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна.” гэжээ.
Хариуцагч Д.Э шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Д.Э миний бие нөхөр Б-тай хамтран Хасбанкнаас зээл авсан нь үнэн. Хасбанкны зээлээ гэр бүлийн шалтгаанаар төлж чадаагүй. Цаашид нөхөртэйгөө хамтран төлж барагдуулна.” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэгч “Хасбанк” ХХК-ийн Бор-Өндөр тооцооны төв нь хариуцагч Х.Б, Д.Э нарт холбогдуулж “Зээлийн гэрээний үүргийн биелэлтийг шаардаж, 29,194,946.48 (хорин есөн сая нэг зуун ерэн дөрвөн мянга есөн зуун дөчин зургаан төгрөг дөчин найман мөнгө) төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.
2.Зээлдэгч Х.Б, Д.Э нар нь 2023 оны 05 дугаар сарын 17-ны өдөр барьцаат зээлийн гэрээ /хэрэглээний зээл/-ээр 30,000,000 төгрөгийг жилийн 15 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатайгаар №1430084935 дугаартай гэрээг бичгээр байгуулж, нэхэмжлэгч байгууллага нь хариуцагч нарт уг зээлийн гэрээний дагуу 30,000,000 төгрөгийг шилжүүлсэн болох нь тогтоогдож байна.
3.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт “Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид “зээлдүүлэгч” гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ.” гэж хуульчилсан.
4.Нэхэмжлэгч “Хасбанк” ХХК-ийн Бор-Өндөр тооцооны төв нь “зээлийн гэрээний үүргийн биелэлтийг шаардаж хариуцагч Х.Б, Д.Э нараас зээлийн үндсэн төлбөр 26,000,000 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 3,093,287.68 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 101,658.80 төгрөг нийт 29,194,946.48 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргах эрхтэй байна.
5.Зохигч нь зээлийн гэрээг бичгээр байгуулсан болох нь хэрэгт авагдсан зээлийн гэрээ, хариуцагч нарын тайлбараар тогтоогдож байгаа, хариуцагч Х.Б, Д.Э нар нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү нийт 29,194,946.48 төгрөгийг төлөөгүй, хариуцагч нар нь уг зээлийн гэрээний үүргийн дагуу дээрх төлбөрийг төлөх үүрэгтэй байна.
6.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Х.Б, Д.Э нар нь нэхэмжлэлийн шаардлага 29,194,946.48 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, тайлбарыг бичгээр шүүхэд ирүүлсэн, нэхэмжлэлийн шаардлагын талаар маргаагүй байна.
7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт “Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, эсхүл зохигч эвлэрсэн, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэн бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ.” гэж заажээ.
8.Хариуцагч Х.Б, Д.Э нар нь нэхэмжлэлийн шаардлага болох 29,194,946.48 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх үзэж, хариуцагч нарын зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
9.Нэхэмжлэгч “Хасбанк” ХХК-ийн Бор-Өндөр тооцооны төвийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 303,924.73 төгрөгөөс 151,962 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, улсын орлого болгож, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж, төрийн сангийн данснаас улсын тэмдэгтийн хураамж 151,962 төгрөгийг, хариуцагч Х.Б, Д.Э нараас улсын тэмдэгтийн хураамжид 151,962 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч “Хасбанк” ХХК-ийн Бор-Өндөр тооцооны төвд олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч “Хасбанк” ХХК-ийн Бор-Өндөр тооцооны төвийн нэхэмжилсэн 29,194,946.48 (хорин есөн сая нэг зуун ерэн дөрвөн мянга есөн зуун дөчин зургаан төгрөг дөчин найман мөнгө) төгрөгийг төлөхийг хариуцагч Х.Б, Д.Э нар нь хүлээн зөвшөөрч, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч нар хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч “Хасбанк” ХХК-ийн Бор-Өндөр тооцооны төвийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 303,924.73 төгрөгөөс 151,962 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, улсын орлого болгож, төрийн сангийн данснаас улсын тэмдэгтийн хураамж 151,962 төгрөгийг, хариуцагч Х.Б, Д.Э нараас улсын тэмдэгтийн хураамжид 151,962 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч “Хасбанк” ХХК-ийн Бор-Өндөр тооцооны төвд олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжийг хариуцагч Х.Б, Д.Э нар нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1 дэх заалтад зааснаар уг шүүгчийн захирамж хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 4 жилийн хугацаа өнгөрсөн тохиолдолд иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэхгүй болохыг дурдсугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ М.ЭНХМАНДАХ