Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 11 сарын 20 өдөр

Дугаар 81

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Мөнхтуяа даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Бүрэнтогтох,

Улсын яллагч Б.Батнасан,

Шүүгдэгч Д.Д  нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

 

Говь-Алтай аймгийн Прокурорын газраас 2015 оны Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Д.Д-т холбогдох 17160007600028 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, Говь-Алтай аймгийн Халиун сумын харьяат, Халиун сумын ......... багт оршин суудаг, 1975 оны 12 дугаар сарын 24-ны өдөр төрсөн, 42 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 6,  эхнэр, хүүхдийн хамт амьдардаг, улсаас авсан гавьяа шагналгүй, өмнө нь Говь-Алтай аймгийн сум дундын шүүхийн 2008 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 38 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 98 дугаар зүйлийнг 98.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдож 400 цагийн хугацаагаар албадан ажил хийлгэх ялаар шийтгэгдэж байсан, ........ регистрийн дугаартай, бие эрүүл, ухаан бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Жалайр овогт Д-ын Д  гэв.

 

Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Д.Д  нь 2017 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр Говь-Алтай аймгийн Халиун сумын ......... багт нутаглаж байгаа Ц.А-ын гэрт иргэн Н.Б-ын нүүрэн тус газарт өшиглөж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдож Говь-Алтай аймгийн Прокурорын газраас 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох:

 

Шүүгдэгч Д.Д  нь 2017 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр Говь-Алтай аймгийн Халиун сумын Чацран багт нутаглаж байгаа Ц.А-ын гэрт иргэн Н.Б-ын нүүрэн тус газарт өшиглөж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

Шүүгдэгч Д.Д-ын шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхийг зөвшөөрч байна гээд мэдүүлсэн: “...Мэдүүлэг өгөхгүй. Н.Б-ын биед гэмтэл учруулсанаа хүлээн зөвшөөрч байна. Би нэг удаа л өшиглөсөн. Хохиролд 1.700.000 төгрөг өгсөн. Одоо мөнгө нэхэмжлэхгүй, гомдолгүй гэсэн бичгээ өгчихсөн байгаа. Би гэм буруутайгаа хүлээн зөвшөөрч байгаа...” гэх мэдүүлэг,  

Хохирогч Н.Б-ын мөрдөн байцаалтад мэдүүлсэн: “...Тэгээд Д  босч ирээд нүүр лүү 2 удаа угсраад өшиглөсөн...” гэх мэдүүлэг/хх 10-11-рт/,

Гэрч С.А-гийн мөрдөн байцаалтад мэдүүлсэн: “...би Болдоотой гэрээс гарахад Б  “намайг Д  өшиглөчихлөө” гээд хамарнаас нь бага зэрэг цус гарсан байсан юм. Би Г  ахтай хамт цусыг нь угаалцсан юм...” гэх мэдүүлэг/хх 24-рт/,

Гэрч Ж.Н-ийн мөрдөн байцаалтад мэдүүлсэн: “... Д-ыг заамдаж аваад дух руу нь мөргөсөн юм. Тэр хоёр айлын зуухан дээгүүр давхралдаж унаад тэрүүгээр байсан ус, аяга тавгийг бүгдийг нь унагаасан юм. Б салгах гээд араас нь Б-г татчихсан, Д  ах халтирч унахдаа өшиглөчих шиг болсон. Б-гийн хамраас цус гараад байсан юм...” гэх мэдүүлэг/хх 27-28-рт/

Хохирогч Н.Б-ын мөрдөн байцаалтад дахин мэдүүлсэн: “... Д  нь хэрэв чи Н-хыг цохиж зодох юм бол би ч чамайг цохино шүү гэдгийг хэлж байсан. Тэгээд Н-ыг гэрт оруулж ирээд уучлалт гуйсан чинь Н  намайг хэл амаар доромжлоод байхаар нь би нэг удаа алгадсан. Тэгэхэд Д  намайг пүрштэй орон дээр цохиж унагаасан. Би Д-ыг цааш түлхээд босож ирэхэд Д  нь хальтраад газар унасан. Тэр үед Б нь миний өмсөж байсан цамцнаас  татсан байсан. Түүнийг би өмнө нь ярихдаа намайг боосон гэж хэлсэн. Одоо бодоод байхад намайг салгаж байсан юм билээ... энэ хүмүүс намайг бүлэглэн зодоогүй би өмнө буруу ойлгож байсан юм билээ. Б нь намайг цохиж зодож надад гар хүрсэн асуудал байхгүй... Надад энэ хэрэгт холбогдуулан гарах эмчилгээний зардал болон нэхэмжлэх зүйл байхгүй. Учир нь би Д.Д-аас эмчилгээний зардал болох нийт 1.700.000 төгрөгийг авсан. Тиймээс надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг/хх 14-15-рт/,

Шүүгдэгч Д.Д-ын мөрдөн байцаалтад гэрчээр мэдүүлсэн: “...Б  М-ыг шанаа руу нь бас цохиод авсан юм. Тэгээд би бль гээд мөр лүү нь түлхэхэд, намайг заамдаж барьж аваад, 2, 3-н удаа дух руу мөргөсөн юм. Тэгээд бид 2 давхралдаж унаад, намайг босож ирэхэд Б цамцных нь захнаас хойш нь татаад салгах гээд Б-ыг барьж авсан байхаар би нүүр лүү нь нэг удаа өшиглөсөн юм...” гэх мэдүүлэг/хх 19-рт/,

Шинжээч эмч Д.Д-гийн мөрдөн байцаалтад мэдүүлсэн: “... Н.Б-ын биед үүссэн гэмтэл нь цаашид хагалгаанд орох шаардлагтай...Хагалгаанд орсноор гэмтлийн зэрэг өөрчлөгдөх боломжгүй...” гэх мэдүүлэг/хх 32-33-рт/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Шүүх эмнэлгийн нэмэлтээр үзлэг хийсэн акт №337: “...1.Иргэн Н.Б -н биед хохирол учирсан байна.

2.Иргэн Н.Б -н биед баруун нүдний ухархайн дотор хананы цөмөрсөн хугарал, баруун гайморын хөндийд цус хуралт, баруун атмойд болон духны хөндийд шингэн, баруун нүдний эргэн тойронд хий хуралдалт, хамрын таславчийн муруйлт, баруун нүдний дээд доод зовхинд цус хуралт, баруун нүдний алимны салстад цус харвалт гэмтэл тогтоогдлоо.

3.Дээрхи гэмтэл нь мохоо зүйлчийн үйлчлэлээр үүснэ.

4.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

5.Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.

6.Тухайн гэмтэл нь цаашид эдгэрэх боломжтой гэмтэл болно...” гэх дүгнэлт/хх 35-36-рт/,

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас/хх 70-рт/ зэрэг хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, бэхжигдсэн улсын яллагчийн хүсэлтээр шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчийн хүсэлтээр: Хохирогч Н.Б-ын мэдүүлэг/хх 14-15-рт/, шүүгдэгч Д.Д-ын мөрдөн байцаалтад гэрчээр мэдүүлсэн мэдүүлэг/хх 19-рт/, шинжээч эмч Д.Д-гийн мэдүүлэг/хх 33-34-рт/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Шүүх эмнэлгийн нэмэлтээр үзлэг хийсэн акт №337 дугаартай дүгнэлт/хх 40-41-рт/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас/хх 70-рт/ Говь-Алтай аймаг дахь Сум дундын шүүхийн 2008 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 38 дугаартай шийтгэх тогтоол/хх 73-74-рт/ зэрэг нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.

 

Харин шүүгдэгч Д.Д  нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулах нотлох баримт байхгүй гэснийг тэмдэглэх нь зүйтэй байна.

 

Шүүх хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд болох шүүгдэгч Д.Д-ыг сэжигтэн, яллагдагчаар, мөн хохирогч, гэрч нарыг байцаахдаа энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар бүлэгт заасан үндэслэл журмын дагуу уг хэргийг хянан шийдвэрлэхэд шаардлагатай үйл баримтуудыг хангалттай цуглуулж тогтоосон, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн ноцтой зөрчил тогтоогдохгүй байна гэж шүүх дүгнэлээ.

 

Прокурорын газраас хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн бөгөөд шүүгдэгч шүүх хуралдаанд өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирлоо бүрэн барагдуулсан, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн хүсэлтээ Говь-Алтай аймаг дахь Цагдаагийн газарт/хх 89-90-рт/ гаргасан байна.

 

Иймд шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг дүгнэхэд шүүхээс шүүгдэгч Д.Д-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Шүүгдэгч Д.Д-ын хууль эрх зүйн мэдлэг дутмаг байдал нь гэмт хэрэг гарахад нөлөөлсөн байна гэж шүүх үзлээ.

 

2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх.

 

Шүүгдэгч Д.Д  нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирлоо нөхөн төлсөн, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн хүсэлтээ Говь-Алтай аймаг дахь Цагдаагийн газарт/хх 89-90-рт/ гаргасан бөгөөд прокурор 2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 39 дугаартай тогтоолоор эрүүгийн хэрэг үүсгэж, Д.Д-ыг яллагдагчаар татаж, мөрдөн байцаалтын ажиллагааг хялбаршуулсан журмаар явуулахаар шийдвэрлэсэн байна.

Прокурорын санал болгосон хэргийн зүйлчлэл, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаарх саналыг шүүгдэгч Д.Д  нь хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан/хх 98-рт/ байх тул шүүхээс прокурорын гаргасан саналын хүрээнд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх  тухай  хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Д-т таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний  буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах үндэслэлтэй байна гэж үзлээ.

 

Шүүгдэгч Д.Д  нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлыг улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа гэм буруугаа хүлээн зөвшөөрч учруулсан хохирлоо нөхөн төлсөн /Говь-Алтай аймаг дахь Цагдаагийн газарт гаргасан хүсэлт/хх 89-90-рт//-ийг 2015 оны Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож ял оногдуулахдаа харгалзаж үзсэн бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч Д.Д  нь шүүх хуралдаанд өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүйгээр шүүх хуралдаанд оролцоно гэсэн хүсэлтийг шүүхэд гаргасан болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлээгүй, шүүгдэгч нь хохирогчид 1.700.000 төгрөг төлсөн, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, цагдан хоригдоогүй, түүний иргэний цахим үнэмлэх шүүхэд шилжиж ирээгүй, харин иргэний үнэмлэхний хуулбар шүүхэд шилжиж ирсэн зэргийг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 17.5 дугаар зүйлийн 8, 9 дэх хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Жалайр овогт Д-ын Д-ыг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоосугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Д-ыг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан Д.Д-т оногдуулсан таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 2 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан Д.Д  нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлээгүй, ялтан нь хохирогчид 1.700.000 төгрөг төлсөн, бусдад төлөх төлбөргүй, ялтнаас гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, ялтан нь цагдан хоригдоогүй, иргэний цахим үнэмлэх шүүхэд шилжиж ирээгүй, иргэний үнэмлэхний хуулбар шүүхэд шилжиж ирсэн зэргийг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол ялтан Д.Д-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

9. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, ялтан Д.Д-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

 

 

 

           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Ч.МӨНХТУЯА