Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 01 сарын 11 өдөр

Дугаар 2022/ДШМ/05

 

 

                                          О.*******т холбогдох

                                           эрүүгийн хэргийн тухай

 

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Эрдэнэхишиг даргалж, шүүгч Г.Давааренчин, ерөнхий шүүгч Д.Буянжаргал нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор Б.*******

Шүүгдэгчийн өмгөөлөгч М.*******

нарийн бичгийн дарга Ө.******* нарыг оролцуулан,  

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Ц.Амаргэрэл даргалж хийсэн шүүх хуралдааны 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 2021/ШЦТ/158 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч бичсэн дээд шатны прокурорын эсэргүүцлээр О.*******т холбогдох эрүүгийн 2031002680128 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Д.Буянжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

******* овогт *******ийн *******, 1987 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Сэлэнгэ аймаг, Ерөө суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Сэлэнгэ аймаг, Ерөө сум, 2 дугаар баг, Буурагчин 5-40 тоотод оршин суух хаягтай, /РД:*******/

Урьд Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 172 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял шийтгүүлсэн.

 

О.******* нь 2020 оны 07 дугаар сарын 20-ны өдрөөс 2020 оны 08 дугаар сарын 11-ний хооронд Сэлэнгэ аймгийн Ерөө сумын 2 дугаар багийн нутаг “Мягмарын ам” нэртэй газарт тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын олборлолт явуулан газрын хэвлийд халдаж 12,284,495 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.  

 

Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас: О.*******ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:  ******* овогт *******ийн *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт, боловсруулалт, ашиглалт явуулан хууль бусаар газрын хэвлийд халдсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* овогт *******ийн *******т хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.*******т тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг түүнд анхааруулж, О.******* нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурьдан, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар энэ гэмт хэргийн улмаас битүүмжилсэн “Daewoo 31-200” маркийн 53-54 УБ улсын дугаартай экскаваторын шилжилт, хөдөлгөөн хийхийг хориглосон 2021 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 182 дугаартай прокурорын тогтоолыг хүчингүй болгож, хууль ёсны эзэмшигч Т.д олгож, эд хөрөнгийн үнэлгээгээр тогтоогдсон техникийн үнэлгээ болох 15,000,000 төгрөг, алт угаах төхөөрөмжийн үнэ 500,000 төгрөг, нийт 15,500,000 /арван таван сая таван зуун мянга/-н төгрөгийг шүүгдэгч О.*******аас гаргуулан, улсын орлогод оруулж, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1, 49.2, 49.3, 49.6 дахь заалтад тус тус зааснаар шүүгдэгч О.*******ын гэмт хэргийн улмаас байгаль-экологид учирсан хохирол, нөхөн сэргээлтийн зардал нийт 13,944,903 төгрөгийн хохирол учирснаас шүүгдэгч.нь 4,500,000 /дөрвөн сая таван зуун мянга/-н төгрөгийг нөхөн төлснийг дурьдаж, үлдэгдэл 9,444,903 /есөн сая дөрвөн зуун дөчин дөрвөн мянга есөн зуун гурван/ төгрөгийг шүүгдэгч О.*******аас гаргуулан, Байгаль орчин, уур амьсгалын санд оруулж, түүнд урьд авсан хувийн баталгаа гаргуулах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэж шийдвэрлэжээ.

 

Сэлэнгэ аймгийн Прокурорын газрын ерөнхий прокурор 2021 оны 12 сарын 24-ний өдрийн 01 дугаартай дээд шатны прокурорын эсэргүүцэлдээ: ...Шийтгэх тогтоолыг 2021 оны 12 дугаар сарын 14-ны өдөр хүлээн авч танилцаад Эрүүгийн хууль буруу хэрэглэсэн гэж дүгнэж, дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд: 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулахдаа Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид хэд хэдэн үүрэг хүлээлгэж, хязгаарлалт тогтоохоор хуульчилсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийг баримтлан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх тохиолдолд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлд заасан албадлагын арга хэмжээг заавал хэрэглэх ойлголт юм.

Гэтэл анхан шатны шүүх шүүгдэгчид хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж шийдвэрлэсэн атлаа дээрх үндэслэлээр албадлагын арга хэмжээг хэрэглээгүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэгт зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй гэж үзэх үндэслэлтэй байна.

Иймд анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 158 дугаартай шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж зөвтгүүлэхээр Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан дээд шатны прокурорын эсэргүүцэл бичив гэжээ.

Прокурор Б.******* тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ:   “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд заасны дагуу тэнсэж шийдвэрлэсэн бол мөн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 3-д заасны дагуу хэд хэдэн албадлагын арга хэмжээнээс үүрэг хүлээлгэхээр хуульчилсан байгаа. Үүнийг заавал тогтоох шинжтэй хуулийн заалт гэж ойлгож байгаа. Иймд эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй гэх үндэслэлээр эсэргүүцэл бичсэн тул шийтгэх тогтоолд албадлагын арга хэмжээг нэмж, зөвтгөн шийдвэрлэж өгнө үү. Эсэргүүцэл дээрээ “...хүчингүй болгох” гэж алдаатай бичигдсэн байгаа. Агуулгын хувьд бол буцаах шаардлагагүй, нэмж зөвтгүүлэх саналтай байна. Анхан шатны шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч хорих ялын санал тавьсан учир албадлагын арга хэмжээний санал тавиагүй юм. Тэгэхээр давж заалдах шатны шүүх хуралдаанд мөн адил албадлагын арга хэмжээний санал хэлэх боломжгүй гэж үзэж байна. Давж заалдах шатны шүүх эрх хэмжээний хүрээнд зөвтгөж, хэргийн нөхцөл байдал хувийн байдлыг харгалзаж, тогтоож өгнө үү” гэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч М.******* тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3-д “...гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан...” гэж байгаа. Заавал тогтоох ёстой нөхцөл байдал мөн үү? гэдэг дүгнэлт хийнэ үү. Нөгөөтэйгөөр хэрэв тогтоох бол агуулга нь тухайн зүйл ангийн 7.3 дугаар зүйлийн 2, 3-д байсан агуулга юм. Үүнд гэмт хэргийн хор уршгийг арилгах, зан үйлээ засах, тодорхой ажил хөдөлмөр хийлгэхгүй байх гэх мэт. Эдгээрийг алийг нь хэрэглэх талаар прокурорын зүгээс санал хэлсэнгүй. Тиймээс хэлэх хэрэгтэй гэсэн саналтай байна. Мөн энэ төрлийн гэмт хэрэг үйлдсэн хүнд ямар албадлагын арга хэмжээ авах вэ? Шүүхээс тохирсон хязгаарлалтыг тогтоож өгсөн татгалзах зүйлгүй” гэв.

 

                                         ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар дээд шатны прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр О.*******т холбогдох 2031002680128 дугаартай хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

 

Хэргийн бүх ажиллагааг хянахад мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна. 

 

Шүүгдэгч О.******* нь 2020 оны 07 дугаар сарын 20-ны өдрөөс 2020 оны 08 дугаар сарын 11-ний хооронд Сэлэнгэ аймгийн Ерөө сумын 2 дугаар багийн нутаг “Мягмарын ам” нэртэй газарт тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын олборлолт явуулан газрын хэвлийд халдаж 12,284,495 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

Хохирогч Л.*******гийн  “...Манай суманд учирсан экологи эдийн засгийн үнэлгээнд заасан хохирол төлбөрийг нөхөн төлүүлж, нөхөн сэргээлт хийлгэх     саналтай байна...” гэх мэдүүлэг /1хх 27-30/,

Гэрч Ц.*******ийн “...Би О.******* гэх хүнтэй тохирч сарын 600.000 төгрөгийн цалин авахаар ажилласан боловч шалгалт шүүлэг гээд ажиллаж чадаагүй. Сүүлд цалингаа ч авч чадаагүй юм. Би уг хүний экскаваторын оператор хийдэг байсан юм. Өөр ямар нэгэн байдлаар хамтарч ажиллаагүй. Надтай цуг А. гэх залуу хамт ажилладаг байсан ба А. нь туслахаар ажилладаг байсан юм...” гэх мэдүүлэг /1хх 159/

 

Гэрч А.ын “...Би О.******* гэх хүнтэй тохирч сарын 500.000 төгрөгийн цалин авахаар ажилласан боловч экскаватор нь эвдрээд сайн ажиллахгүй, хажуугаар нь хяналт шалгалт ирээд ажиллаж чадаагүй. Экологийн цагдаа дээр шалгагдаад техник, усан буугаа хураалгасан болохоор цалингаа ч авч чадаагүй юм. Би туслахын ажил хийдэг байсан юм. Өөр ямар нэгэн байдлаар хамтарч ажиллаагүй. Надтай цуг Ц.******* гэх залуу эксковаторчнаар ажилладаг байсан...” /1хх 161/

 

Гэрч Т.Алтанбаганын “...Би өөрийн эзэмшлийн 53-54 УБ улсын дугаартай SL280LC1115479 арлын дугаартай эксковатрыг зарах зорилгоор 2020 оны 03 сарын орчимд “Үнэгүй.мн” сайтад зар тавьж улмаар 2020 оны 05 дугаар сард Ууганаа гэх хүн миний зарах эксковатрыг авахаар болж урьдчилгаа 20 сая төгрөг өгөөд үлдэгдэл 20 сая төгрөгийг бичиг баримтаа шилжүүлж авахдаа өгөхөөр тохиролцон зарсан юм. Удалгүй үлдсэн 19 сая төгрөгийг өгсөн. Одоо 1 сая төгрөг үлдсэн, ерөнхийдөө бичиг баримт шилжээгүй болохоос Ууганаагийн эксковатор болсон байгаа... ” /1хх 165/

 

О.*******ын яллагдагчаар өгсөн “...Би Сэлэнгэ аймгийн Ерөө сумын “Мягмарын ам” буюу нутгийн иргэдийн нэрлэдэгээр “Харгана” гэх газар  хүнээс худалдан авсан өөрийн 53-54УБ улсын дугаартай Daewoo SL-200 маркийн эксковатор, мөн өөр хүнээс худалдан авсан катаран алт угаах зориулалт бүхий усан буу зэргийг аваад Цэнгэлийн *******ийг 600,000 төгрөгөөр, Ариунболдын ыг 500,000 төгрөгөөр цалин олгоно гэж тохироод 2020 оны 07 дугаар сарын 20-ны өдөр очоод тэндээ ойролцоогоор 14 хоногийн хугацаанд 40 грамм алт угааж авсан. Уг үйл ажиллагааг хэн нэгэнтэй хамтарч хийгээгүй, би өөрөө зохион байгуулж гардан гүйцэтгэсэн. Надтай хамт очсон Ц.******* А. нар надтай хөлс тохироод ажиллахаар очсон хүмүүс. Уг үйл ажиллагаа зогссоны дараа 2020 оны 08 дугаар сарын 14-ний өдрөөс 15-ны үед Улаанбаатар хотод Урт цагаанд байдаг гэх нэр хаягийг нь мэдэхгүй ченжид грамм тус бүрийг тооцож, 5,400,000 төгрөгөөр зараад Ерөө явсан. Би 53-54УБ улсын дугаартай Daewoo SL-200 маркийн экскаваторыг Бугантаас гэдэг хүнээс худалдан авсан. Одоо бага зэрэг мөнгө дутуу учраас нэрээ шилжүүлж аваагүй байсан юм. Би байгаль орчинд учруулсан хохирлоо төлж барагдуулна...” /хх 186-187/ гэх мэдүүлэг,

 

Байгаль орчны нөлөөллийн үнэлгээ зөвлөх үйлчилгээний “Говь-Эко” ХХК-ний байгаль орчинд учруулсан экологи эдийн засгийн хохирлын үнэлгээний тайлан хэсэгт: ”...Эвдэрсэн нийт талбайн хэмжээ нь 1680м2 буюу 0,168га хэмжээтэй, ухашийн хоосон орон зайн эзэлхүүн 5009,7м3 бөгөөд угаасан шороо нь 4827,5м3 хэмжээтэй уг талбайд Байгаль орчинд учруулсан экологи-эдийн засгийн хохирлын үнэлгээ нь нийт 12,284,495 төгрөг болж байна. ...эвдэгдсэн талбайд техникийн болон биологийн нөхөн сэргээлтийн ажлын зардлын хэмжээ 1,660,408 төгрөг болж байна” гэх  шинжээчийн дүгнэлт /1хх 45-49/, зэрэг хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Хэрэгт авагдсан эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба эдгээр нь хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсний дагуу анхан шатны шүүх хуралдааны мэтгэлцээнд талуудыг тэгш эрхтэй оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан нотлох баримтуудад үндэслэн хууль зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч О.*******ыг тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт, боловсруулалт, ашиглалт явуулан хууль бусаар газрын хэвлийд халдсан гэм буруутай гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

 

Шүүхээс түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал зэргийг харгалзан үзэж, түүнд тухайн зүйлд зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэсэн нь түүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон, хууль зүйн үндэслэлтэй болсон байна.

 

Ерөнхий Прокурор Т.Мөнхбаярын 2021 оны 12 сарын 24-ний өдрийн 01 дугаартай дээд шатны прокурорын “... 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулахдаа Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид хэд хэдэн үүрэг хүлээлгэж, хязгаарлалт тогтоохоор хуульчилсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийг баримтлан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх тохиолдолд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлд заасан албадлагын арга хэмжээг заавал хэрэглэх ойлголт юм. Гэтэл анхан шатны шүүх шүүгдэгчид хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж шийдвэрлэсэн атлаа дээрх үндэслэлээр албадлагын арга хэмжээг хэрэглээгүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэгт зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй гэж үзэх үндэслэлтэй байна. Иймд анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 158 дугаартай шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү” гэх эсэргүүцлийг хүлээн авах үндэслэлтэй байна.

Учир нь, анхан шатны шүүх шүүгдэгч О.*******т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн боловч, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3-т “Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан энэ хуулийн 7.3 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт заасан хэд хэдэн үүрэг хүлээлгэж, хязгаарлалт тогтооно.” гэж заасны дагуу үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээг хэрэглэлгүй орхигдуулсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй буюу Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзнэ.

 

Иймд ерөнхий прокурор Т.Мөнхбаярын бичсэн 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 01 дугаартай дээд шатны прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт нэмэлт өөрчлөлт оруулахаар давж заалдах шатны шүүх шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1, 1.4, 2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 2021/ШЦТ/158 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн

 

2 дахь заалтыг:

“2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* овогт *******ийн *******т хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт зааснаар О.*******ыг оршин суугаа газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэж, уг үйл ажиллагаанд хяналт тавьж ажиллахыг Сэлэнгэ аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.” гэж өөрчлөлт оруулсугай.

 

2.Шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж, ерөнхий прокурор Т.Мөнхбаярын  бичсэн 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 01 дугаартай дээд шатны прокурорын эсэргүүцлийг хүлээн авсугай.

 

3.Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг  гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

   

             ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Б.ЭРДЭНЭХИШИГ

 

                                    ШҮҮГЧ                                Г.ДАВААРЕНЧИН

                                                                                         

                 ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                 Д.БУЯНЖАРГАЛ