| Шүүх | Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Мягмарын Энхмандах |
| Хэргийн индекс | 157/2024/00124/И |
| Дугаар | 157/ШШ2024/00128 |
| Огноо | 2024-07-02 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2024 оны 07 сарын 02 өдөр
Дугаар 157/ШШ2024/00128
2024 07 02 157/ШШ2024/00128
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хэргийн индекс:157/2024/00124/И
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч М.Энхмандах би нэхэмжлэгч Б.О-ийн нэхэмжлэлтэй хариуцагч З.Х-д холбогдох “ажил гүйцэтгэх гэрээний үүргийн биелэлтийг шаардаж, 2,903,000 (хоёр сая есөн зуун гурван мянган) төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг 2024 оны 05 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, иргэний хэрэг үүсгэж, хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.О шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Б.О би З.Х-тэй 2024 оны 05 сарын 21-ний өдөр “Page” хуудас янзлуулна гэж тохиролцож 50,000 төгрөг шилжүүлэхэд маш олон удаа алдаа заасан тул байна гээд нэмж 80,000 төгрөг авсан. Та төлбөртэй пост хийгээд төлбөр гараад байна гээд 173,000 төгрөг төлбөртэй пост чинь минут тутам мөнгө нь ихсээд байна гэх мэтчилэнгээр би янзлана, болгоно гэж нэмж 700,000 төгрөг, 300,000 төгрөг, 1,600,000 төгрөг авч нийт 2,903,000 төгрөгийг төлж Page хуудсыг янзлана гэж авсан. Энэ нь 2024 оны 05 сарын 21-ний өдрөөс 2024 оны 05 сарын 23-нд болсон. Түүнээс хойш эргүүлэн төлөөгүй, өнөөг хүрч байна. Үндсэн мөнгө болох 2,903,000 төгрөгийг хариуцагч Зоригтхааны Хүсэл-Эрдэнээс гаргуулж өгнө үү.” гэжээ.
Хариуцагч З.Х шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “З.Х миний бие Б.О гэх хүнээс авсан 2,903,000 төгрөгийг 2024 оны 07 дугаар сарын 25-ны өдөр хүртэл 21 хоногийн дотор төлж дуусгана.” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэгч Б.О нь хариуцагч З.Х-д холбогдуулж “ажил гүйцэтгэх гэрээний үүргийн биелэлтийг шаардаж, 2,903,000 төгрөгийг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.
2.Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт “Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ.” гэж заасан байна.
3.Нэхэмжлэгч Б.О, хариуцагч З.Х нарын хооронд ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн байна.
4.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч З.Х нь нэхэмжлэлийн шаардлага болох 2,903,000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, тайлбарыг бичгээр шүүхэд ирүүлсэн, нэхэмжлэлийн шаардлагын талаар маргаагүй болно.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт “Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, эсхүл зохигч эвлэрсэн, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэн бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ.” гэж заажээ.
6.Хариуцагч З.Х нь нэхэмжлэлийн шаардлага болох 2,903,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх үзэж, хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
7.Нэхэмжлэгч Б.О-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 61,398 төгрөгөөс 30,699 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, улсын орлого болгож, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж, төрийн сангийн данснаас улсын тэмдэгтийн хураамж 30,699 төгрөгийг, хариуцагч З.Х-ээс улсын тэмдэгтийн хураамжид 30,699 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Б.О-д олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75,123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч Б.О-ийн нэхэмжилсэн 2,903,000 (хоёр сая есөн зуун гурван мянган) төгрөгийг хариуцагч З.Х нь төлөхийг хүлээн зөвшөөрч, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.О-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 61,398 төгрөгөөс 30,699 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, улсын орлого болгож, төрийн сангийн данснаас улсын тэмдэгтийн хураамж 30,699 төгрөгийг, хариуцагч З.Х-ээс улсын тэмдэгтийн хураамжид 30,699 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Б.О-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжийг хариуцагч З.Х нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1 дэх заалтад зааснаар уг шүүгчийн захирамж хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 4 жилийн хугацаа өнгөрсөн тохиолдолд иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэхгүй болохыг дурдсугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ М.ЭНХМАНДАХ