Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2024 оны 07 сарын 04 өдөр

Дугаар 157/ШШ2024/00132

 

   

 

 

 

 

    2024       07        04                                            157/ШШ2024/00132

 

       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс:157/2024/00093/И

Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч М.Энхмандах даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Оюун-Эрдэнэ

Хүсэлт гаргагч Д.Э нарыг оролцуулан хүсэлт гаргагч З овогт Д.Э-ийн “ажиллаж байсан байдал тогтоолгох” тухай хүсэлтийг 2024 оны 05 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, иргэний хэрэг үүсгэж, хянан хэлэлцэв.                                                           

ТОДОРХОЙЛОХ нь:

           1.Хүсэлт гаргагч Д.Э шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие Д.Э нь 1985 оны 08 дугаар сарын 01-нд Хэнтий аймгийн Галшар сумын Худалдаа бэлтгэлийн ангид барааны няравын ажилд орсон. 1989 оны 10 сард ажлаас халагдсан. Худалдаа бэлтгэлийн ангийн Архивын бичиг баримт устсан. Мөн хөдөлмөрийн дэвтэр хамт үрэгдсэн тул 1985 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 10 сар хүртэл Худалдаа бэлтгэлийн ангийн барааны няраваар ажиллаж байсан байдлаа тогтоолгох хүсэлтэй байна.” гэжээ.

              

          2.Хүсэлт гаргагч Д.Э-аас:

-***************** регистрийн дугаартай З овогт Д.Э-ийн иргэний үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар (хх-ийн 02),

-Хэнтий аймгийн Архивын тасгийн 2024 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 08/165 дугаартай тодорхойлолт (хх-ийн 03),

-Тагнуулын Ерөнхий газар Тусгай архивын 2024 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 08/469 дугаартай албан бичиг (хх-ийн 4),

-Хэнтий аймгийн Галшар сумын Буянтбулаг багийн засаг даргын 2024 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн №126 дугаартай тодорхойлолт (хх-ийн 5),

-Гэрч Д.О, Г.Б нарын тодорхойлолт (хх-ийн 7-8) зэрэг нотлох баримтуудыг гаргаж өгсөн байна.

 

3.Шүүхээс хүсэлт гаргагчийн хүсэлтээр:

-Гэрч Д.О-ийн “...Д.Э нь 1985-1989 он хүртэл Хэнтий аймгийн Галшар сумын Худалдаа бэлтгэлийн ангид нярав хийж байсан. ... Би Худалдаа бэлтгэлийн ангид өдрийн туслах ажилтан хийж байсан” гэх мэдүүлэг,

-Гэрч  Г.Б-ын “...Д.Э нь 1985 оны 10 сард байх намар Галшар сумын Худалдаа бэлтгэлийн ангид барааны няраваар ажилд орж байсан. 1989 он хүртэл няравын ажлаа хийж байсан. ...Би Хэнтий аймгийн Галшар сумын Худалдаа бэлтгэлийн ангид 1985 оны 01 сараас 2012 он хүртэл худалдагчаар ажиллаж байсан” гэх мэдүүлэг,

-Хэнтий аймгийн Улсын бүртгэлтийн хэлтсийн 2024 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 1/347 дугаартай албан бичиг,

-Хэнтий аймгийн Архивын тасгийн 2024 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 08/141 дугаартай албан бичиг,

-Архивын Ерөнхий газар Үндэсний төв архивын 2024 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 02/542 дугаартай албан бичиг зэрэг нотлох баримтуудыг бүрдүүлжээ.

Шүүхийн хэлэлцүүлгээр хүсэлт гаргагчийн тайлбар болон хэрэгт цугларсан  бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад   

ҮНДЭСЛЭХ нь:

1.Хүсэлт гаргагч Д.Э нь “ажиллаж байсан байдал тогтоолгох” тухай хүсэлтийг шүүхэд гаргажээ.

 

2.Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзэв.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.4, 136 дугаар зүйлийн 136.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагч нь тус шүүхэд “ажиллаж байсан байдал тогтоолгох” тухай хүсэлтийг гаргах эрхтэй байна.

Монгол Улсын Засгийн газрын 1991 оны 13 дугаар тогтоолоор батлагдсан “Ажилласан хугацааг тогтоох” журмын 5-д “...хууль тогтоомжид заасан журмын дагуу хөтлөгдсөн хөдөлмөрийн дэвтэр нь ажилласан хугацааг тооцож тогтоох үндсэн баримт болно” гэж заасан байна.

Хүсэлт гаргагчид тухайн үед ажиллаж байх хугацаанд олгосон хөдөлмөрийн дэвтэр дээрх хүсэлт гаргагчийн нэр нь буруу бичигдсэн, ажилд томилсон, ажлаас чөлөөлсөн тушаал архиваас гарахгүй байгаа учраас шүүхээр ажиллаж байсан байдлаа тогтоолгохоос өөр байдлаар зөрчигдсөн эрхээ сэргээлгэх боломжгүй болсон нь хэрэгт авагдсан нотлох баримт, хүсэлт гаргагчийн тайлбараар тогтоогдож байна.

 4.Хүсэлт гаргагч Д.Э-г Хэнтий аймгийн Галшар сумын Худалдаа бэлтгэлийн ангийн барааны няраваар 1985 оны 08 дугаар сарын 01-ний өдөр ажилд томилсон, 1989 онд чөлөөлсөн тушаал нь Хэнтий аймгийн Архивын тасгаас олдохгүй, тухайн үед ажиллаж байсан байгууллага болох татан буугдсан, одоо үйл ажиллагаа явуулаагүй байгаа, тухайн үеийн удирдлагын болон санхүүгийн бичиг хэргийн баримт нь Хэнтий аймгийн Архивын тасагт байхгүй байгаа нь хүсэлт гаргагчийн тайлбараар нотлогдож байх тул хүсэлт гаргагчийн ажилласан байдлыг шүүхийн журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.    

5.Хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд: 

           Хүсэлт гаргагч Д.Э нь Хэнтий аймгийн Галшар сумын Худалдаа бэлтгэлийн ангид 1985 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 10 сар хүртэл няраваар ажиллаж байсан гэдэг нь:

Гэрч Д.О-ийн “...Д.Э нь 1985-1989 он хүртэл Хэнтий аймгийн Галшар сумын Худалдаа бэлтгэлийн ангид нярав хийж байсан. ... Би Худалдаа бэлтгэлийн ангид өдрийн туслах ажилтан хийж байсан” гэх мэдүүлэг,

-Гэрч  Г.Б-ын “...Д.Э нь 1985 оны 10 сард байх намар Галшар сумын Худалдаа бэлтгэлийн ангид барааны нярваар ажилд орж байсан. 1989 он хүртэл нярвын ажлаа хийж байсан. ...Би Хэнтий аймгийн Галшар сумын Худалдаа бэлтгэлийн ангид 1985 оны 01 сараас 2012 он хүртэл худалдагчаар ажиллаж байсан” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

 Хүсэлт гаргагчийн шүүхэд гаргаж өгсөн, шүүх хуралдаанд шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан байна.

 

6.Иймд хүсэлт гаргагч Д.Э-г Хэнтий аймгийн Галшар сумын Худалдаа бэлтгэлийн ангид 1985 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүртэл няраваар ажиллаж байсныг тогтоож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

7.Шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн байх тул хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, улсын орлого болгож шийдвэрлэх нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.6, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118-120 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

  1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч З овогт Д.Э-г Хэнтий аймгийн Галшар сумын Худалдаа бэлтгэлийн ангид 1985 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүртэл няраваар ажиллаж байсныг тогтоосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 (далан мянга хоёр зуун) төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, улсын орлого болгосугай. 

3.Шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3, 119.4 дэх хэсэгт зааснаар шүүх хуралдаанд оролцсон тал 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.

5.Энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл хүсэлт гаргагч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

                 ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                          М.ЭНХМАНДАХ