Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 02 сарын 08 өдөр

Дугаар 2022/ДШМ/06

 

                                        Б.*******д холбогдох

                                           эрүүгийн хэргийн тухай

 

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Д.Буянжаргал даргалж, шүүгч Г.Давааренчин, Б.Эрдэнэхишиг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор Б.Сүрмандах

нарийн бичгийн дарга Ө.Энх-Амар нарыг оролцуулан,  

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Оюунтунгалаг даргалж хийсэн шүүх хуралдааны 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 2021/ШЦТ/162 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч бичсэн дээд шатны прокурорын эсэргүүцлээр шүүгдэгч Б.*******д холбогдох дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Эрдэнэхишигийн илтгэснээр хянан хэлэлцэв.

******* овогт *******ын *******, **** оны **** дугаар сарын *****-ний өдөр, Сэлэнгэ аймгийн Ерөө суманд төрсөн, **** настай, ***эгтэй, ***** боловсролтой, ***** мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл ******* хамт Сэлэнгэ аймгийн Ерөө сум, *****баг, Б***** тоотод оршин суудаг, ****** бүртгэлтэй, /РД:*******/

Шүүгдэгч Б.******* нь Сэлэнгэ аймгийн Ерөө сум, 3 дугаар баг, ******* *******, ******* тоот гэртээ 2021 оны 09 дүгээр сарын 20-ны орой гэр бүлийн маргааны улмаас нөхөр Ш.*******ын цээжинд хутгаар хатгаж цээжний зүүн дээд хэсгийн шарх гэмтэл, 2021 оны 09 дүгээр сарын 22-ны орой цайны том аяга шидэж зүүн дал, толгойн дагзны шарх гэмтэл, 2021 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 11 цагийн үед цээжинд хутгаар хатгаж шарх гэмтэл тус тус учруулсан буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас: Б.*******ы үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар бүлэгт заасны дагуу уг хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхээр тогтож, яллагдагч Б.*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан зорчих эрх хязгаарлах ялаас чөлөөлж, мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтанд хамрагдах үүрэг хүлээлгэж, мөн зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад заасан согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоохоор тохиролцож, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:   Будангууд овогт *******ын *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан  “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зургаан сар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, мөн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг баримтлан оногдуулсан ялаас чөлөөлж, Эрүүгийн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д зааснаар “Зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах” үүрэг хүлээлгэж, 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-т зааснаар “Нэг жилийн хугацаагаар согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох” хязгаарлалтыг тус тус тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, тогтоосон хязгаарлалтыг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулах болохыг Б.*******д анхааруулан, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн шар өнгийн иштэй, 27 см урттай хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, Б.******* нь цагдан хоригдсон хоноггүй, шүүхээр шийдвэрлэвэл зохих Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдан шийдвэрлэжээ.

Сэлэнгэ аймгийн Прокурорын газрын ерөнхий прокурор 2022 оны 01 сарын 03-ны өдрийн 03 дугаартай дээд шатны прокурорын эсэргүүцэлдээ: “...Шийтгэх тогтоолыг 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч танилцаад Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж дүгнэж, дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд: Анхан шатны шүүх шүүгдэгч Б.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд 06 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 -д заасан үндэслэлээр дээрх ялаас чөлөөлж шийдвэрлэсэн атлаа түүнд үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээг хэрэглэсэн нь үндэслэлгүй буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар шүүх хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн гэж үзэж байна.

Шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт Эрүүгийн хуулийн 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн заалтыг баримталсан боловч, ялаас чөлөөлөх, хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх тохиолдолд албадлагын арга хэмжээг хэрэглэж болно гэж шууд үгчилж ойлгож болохгүй бөгөөд, албадлагын арга хэмжээг хэрэглэх  тохиолдлыг Эрүүгийн хуулийн 7.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, эсхүл оногдуулсан хорих ял дээр нэмж дараах албадлагын арга хэмжээг хэрэглэж болно” гэж тодотгон зааж өгснөөс үзэхэд албадлагын арга хэмжээг зөвхөн хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн, эсхүл Эрүүгийн хуульд заасан ялын төрлөөс ямар нэгэн ял оногдуулсан тохиолдолд нэмж хэрэглэхээр хуулинд тусгагдсан байна.

Харин шүүгдэгчид оногдуулсан ялаас чөлөөлсөн тохиолдолд албадлагын арга хэмжээг хэрэглэхгүй буюу шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн агуулгаар ойлгож хуулийг хэрэгжүүлэх нь зүйтэй гэж үзэж байна.

Иймд анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 08-ний өдрийн 162 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн албадлагын арга хэмжээ хэрэглэсэнтэй холбоотой 3,4 дэх заалтуудыг хүчингүй болгож, бусад заалтыг хэвээр үлдээх өөрчлөлтийг оруулж зөвтгүүлэхээр Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан дээд шатны прокурорын эсэргүүцэл бичив гэжээ.

Прокурор Б.Сүрмандах тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, зөвтгүүлэх агуулгатай эсэргүүцэл бичсэн. ...албадлагын арга хэмжээний илүү тодотгосон заалт нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.2 дугаар зүйл ба заалтыг харвал ялын зорилгыг хангах шаардлагатай гэж үзвэл шүүх ял оногдуулахгүйгээр тэнсэж, эсхүл оногдуулсан ял дээр нэмж албадлагын арга хэмжээ авч болно гэж заасан. Ялаас чөлөөлсөн тохиолдолд албадлагын арга хэмжээг хэрэглэхгүй гэж ойлгосон тул эсэргүүцэл бичсэн. Энэ нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлэх учир ялаас чөлөөлөгдөж байгаа тул албадлагын арга хэмжээ хэрэглэх үндэслэлгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3, 4 дэх заалтыг хүчингүй болгож, өөрчлөлт оруулан бусад заалтыг хэвээр үлдээж өгнө үү гэв.

                                         ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар дээд шатны прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр Б.*******д холбогдох дугаартай хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянавал:

Шүүгдэгч Б.******* нь Сэлэнгэ аймгийн Ерөө сум, 3 дугаар баг, ******* *******, ******* тоот гэртээ 2021 оны 09 дүгээр сарын 20-ны орой гэр бүлийн маргааны улмаас нөхөр Ш.*******ын цээжинд хутгаар хатгаж цээжний зүүн дээд хэсгийн шарх гэмтэл, 2021 оны 09 дүгээр сарын 22-ны орой цайны том аяга шидэж зүүн дал, толгойн дагзны шарх гэмтэл, 2021 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 11 цагийн үед цээжинд хутгаар хатгаж шарх гэмтэл тус тус учруулсан буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт авагдсан хохирогч Ш.*******ын /хх-ийн 15-18 тал/, гэрч Д.*******гийн /хх-ийн 21 тал/, Сэлэнгэ аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 354 дугаартай шинжээчийн дүгнэлт, шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон, анхан шатны шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүлээлгэж түүнээс чөлөөлж шийдвэрлэсэн байна.

Хэргийн зүйлчлэл болон гэм буруугийн асуудлаар хэргийн оролцогчдын зүгээс ямар нэгэн гомдол хүсэлт гаргаагүй байна.

Харин анхан шатны шүүх шүүгдэгч Б.*******д оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялаас чөлөөлж шийдвэрлэсэн атлаа түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.2-д заасан “зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтанд хамрагдах” үүрэг хүлээлгэх,  мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 3.3-д заасан “нэг жилийн хугацаагаар согтууруулах ундаа мансуурах бодис хэрэглэхийг хориглох” эрх хязгаарлах албадлагын арга хэмжээг хэрэглэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3-д заасан шаардлагыг хангахгүй, түүнийг биелүүлэхэд эргэлзээ төрөхүйц байдлыг бий болгож, Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн алдаа болжээ.

Шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн заалтыг баримталсан ба ялаас чөлөөлөх, хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх тохиолдолд албадлагын арга хэмжээг хэрэглэж болно гэж хуулинд заасан боловч зорчих эрхийг хязгаарлах ялаас чөлөөлсөн, торгох ял оногдуулсан нөхцөлд дээрх албадлагын арга хэмжээ хэрэглэх нь зохимжгүй, түүнийг биелүүлэхэд бэрхшээлтэй болох бөгөөд үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээг шүүгдэгч, ялтан зөрчсөн нөхцөлд авах хөшүүрэг арга хэмжээ байхгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зарчмууд алдагдах, шүүхийн шийдвэр үнэгүйдэх сөрөг талтай юм.

Иймд дээрх хуулийн заалтыг шууд үгчилж ойлгохгүйгээр албадлагын арга хэмжээг хэрэглэх тохиолдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.2 дугаар зүйлийн 1-д “...хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, эсхүл оногдуулсан хорих ял дээр нэмж дараах албадлагын арга хэмжээг хэрэглэж болно” гэж тайлбарлан ойлгож, цаашид албадлагын арга хэмжээг зөвхөн хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн, эсхүл Эрүүгийн хуульд заасан ялын төрлөөс оногдуулсан тохиолдолд нэмж хэрэглэвэл зохино.

Иймд дээд шатны прокурорын эсэргүүцэл үндэслэлтэй байх тул давж заалдах шатны шүүх прокурорын эсэргүүцлийг бүхэлд нь хүлээн авч шийтгэх тогтоолын 3, 4 дэх заалтуудыг хүчингүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1, 1.4, 2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 2021/ШЦТ/162 дугаартай шийтгэх тогтоолын 3, 4 дэх заалтуудыг хүчингүй болгож, өөрчлөлт оруулсугай.

2.Шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж, дээд шатны прокурорын эсэргүүцлийг хүлээн авсугай.

3.Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг  гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

             ДАРГАЛАГЧ,

             ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Д.БУЯНЖАРГАЛ

                                                                   

                                ШҮҮГЧ                                    Г.ДАВААРЕНЧИН

 

                                ШҮҮГЧ                                     Б.ЭРДЭНЭХИШИГ