Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 01 сарын 24 өдөр

Дугаар 171

 

 

 

 

 

 

 

 

 

Х.Б-ын

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Энхтөр даргалж, шүүгч Б.Нармандах, Т.Туяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж,

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 102/ШШ2019/03091 дугаар шийдвэртэй, Х.Б-ын нэхэмжлэлтэй, “С”  ХХК-д холбогдох, түрээсийн гэрээний үүрэгт нийт 57 425 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг зохигчдын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Т.Туяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Лхагвадорж, хариуцагчийн төлөөлөгч С.Хүрэлбаатар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сумъяа нар оролцов.

 

Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлага болон тайлбартаа: Х.Б- нь 2017 оны 7 дугаар сарын 27-ны өдөр “С”  ХХК-тай 1 жилийн хугацаатай түрээсийн гэрээ байгуулж, үйлчилгээний талбай түрээслүүлж хариуцагчид нийт 7 000 000 төгрөгийн хөнгөлөлт үзүүлсэн, барьцаа хөрөнгө аваагүй, түлхүүрийг гэрээ байгуулсны маргааш өгсөн. Хариуцагч түрээсийн төлбөрийг 2018 оны 01 дүгээр сараас хойш төлөөгүй, гэрээ цуцлана гэхэд 3 000 000 төгрөг төлсөн боловч гэрээнд заасан хугацаанд төлбөрөө төлөхгүй байсан тул байраа суллуулсан. Хариуцагчийн төлөөлөгч нь гэрээний үүргээ ноцтой зөрчсөн талаар өөрөө мэдэж байгаа. Иймд түрээсийн төлбөрт 29 000 000 төгрөгийг, алданги 28 425 000 төгрөг, нийт 57 425 000 төгрөгийг хариуцагч талаас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч тал тайлбартаа: Талуудын хооронд байгуулсан гэрээ нь Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3, 318.4 дэх хэсэгт заасан шаардлага хангаагүй. 2018 оны 01 дүгээр сард түрээсийн байрыг хүлээлгэн өгсөн байхад 2018 оны 7 дугаар сар хүртэл хугацааны төлбөр шаардаж байгаа нь үндэслэлгүй, алданги нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дах хэсэгт заасан хэмжээтэй нийцэхгүй. Мөн Б.Лхагвадорж нь Х.Б-ыг төлөөлөх эрхтэй этгээд мөн эсэх нь тогтоогдохгүй байна. 2018 оны 01 дүгээр сард гэрээ дуусгавар болсон. Бидний хооронд 3 төрлийн хэлцэл хийсэн байдаг. Б.Лхагвадоржтой 1 сард тохиролцсон хэлцэл, Б.Лхагвадоржийн өрөөнд 2018 оны 5 дугаар сарын 09-ний өдөр хийгдсэн хэлцэл, 7 дугаар сард хийгдсэн хэлцэл. Видео бичлэг хийгдсэн гар утасны цаг хугацааг өөрчлөх боломжтой тул бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлийг нотлох баримт гэж үзэхгүй. Б.Лхагвадорж шүүхэд 1 000 000 төгрөгийн нотлох баримтыг хуурамчаар үйлдэж өгсөн. Тухайн үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгч Х.Б-аас Б.Лхагвадоржид итгэмжлэл хийж өгөөгүй. 1 сард Б.Лхагвадоржтой хийсэн ам хэлцлээр бол төлбөрөө төлсөн тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 232 дугаар зүйлийн 232.7 дах хэсэгт заасныг баримтлан хариуцагч “С”  ХХК-иас түрээсийн төлбөрт 36 000 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Х.Б-т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх                     21 425 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2,                 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 445 200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 337 950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүх тооцооллын алдаа гаргаж, нэхэмжлэгчээс нэхэмжлэлдээ тооцож оруулсан хөнгөлөлтийг дахин хасч тооцсон байна. Тодруулбал, түрээсийн гэрээнд үл хөдлөх хөрөнгийг 1 жилийн хугацаагаар, сарын 4 000 000 төгрөг буюу 48 000 000 төгрөгөөр түрээслэх, эхний сарын төлбөрийг бүтнээр 4 000 000 төгрөг, 12, 2, 7 дугаар сарын төлбөрөөс тус бүр 1 000 000 төгрөг буюу 3 000 000 төгрөг, нийт 7 000 000 төгрөгт хөнгөлөлт үзүүлэхээр заасан, энэ хөнгөлөлтийг хасч төлбөл зохих 41 000 000 төгрөгөөс төлсөн 13 000 000 төгрөгийг хасч, 28 000 000 төгрөгийг алдангийн хамт нэхэмжилсэн.

Гэтэл шүүх төлбөрийг тооцсон хэсэгт түрээсийн гэрээний 3.1, 3.2,  3.3-т зааснаар 12, 2, 7-р сард тус бүр 3 000 000 төгрөгөөр тооцож, төлбөл зохих дүнг 37 000 000 төгрөг болгон бууруулж, 24 000 000 төгрөгийг 12 000 000 төгрөгийн алдангийн хамт төлүүлэхээр тооцсон. Иймд энэхүү тооцооллын алдааг залруулан, үндсэн төлбөр 28 000 000 төгрөгийг алдангийн хамт 42 000 000 төгрөг гэж өөрчилж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: Талуудын хооронд байгуулсан гэрээ нотариатаар баталгаажаагүй, үл хөдлөх хөрөнгийн газарт бүртгүүлээгүй учир хүчин төгөлдөр бус гэрээ. Шүүхийн шийдвэрт гэрээг хэзээ дуусгавар болсон гэж үзсэн нь тодорхой бус байна. Хэрэв 6 дугаар сарын 30-ны өдрөөр тооцвол 23 000 000 төгрөг гарна, шүүх 24 000 000 төгрөг гэж тогтоосон нь ойлгомжгүй. Жишээ нь, төлсөн 1 000 000 төгрөгийг тооцоогүй нь Б.Лхагвадорж уг мөнгөтэй холбоотой баримтыг нуун дарагдуулж, завшсан гэж үзэхээр байна. Тооцоо асар их зөрүүтэй гарсан. Х.Б- нь Лхагвадоржид анхнаасаа итгэмжлэл өгөөгүй. Бид тухайн гэрээний зүйлийг Б.Лхагвадоржийн өмч гэж ойлгож, гэрээг байгуулсан. Х.Б- зөвхөн шүүхэд хандах итгэмжлэлийг Б.Лхагвадоржид өгсөн. Мөн түрээсийн байрыг хүлээн ав гэсээр байхад авахгүй 2018 оны 7 сар хүргэсэн. 2018 оны 5 сард түлхүүр авах, байр суллах гэрээ хэлцэл хийж гарын үсэг зурсан. Өөрсдөө авахгүй байсан учраас түлхүүр авах гэрээнд гарын үсэг зурсан. Тиймээс 7 сард бус 5 сар гэхэд бүх зүйл дууссан байсан. 2018 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн гар утасны бичлэгт манай ажилчид байгаагүй. Хуурамч, гарал үүсэл нь тодорхойгүй бичлэгээр нотлох баримт хийсэн. Б.Лхагвадорж нь 2018 оны 01 дүгээр сард 10 000 000 төгрөг өгөөд тооцоог дуусга гэхэд нь миний бие 3 000 000-4 000 000 төгрөг өгөөд дуусгавар болгоё гээд 4 000 000 төгрөг хэсэгчлэн төлсөн. Үндсэндээ үлдэгдэл төлбөргүй гэж бодож байна. 2017 оны 12 сарыг дуустал бүх тооцоо дууссан. Үүнийг шүүх ч нотолж байгаа гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дах хэсэгт заасан шаардлагад нийцэхгүй байх тул өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзлээ.

 

Нэхэмжлэгч Х.Б- нь хариуцагч “С”  ХХК-д холбогдуулан гэрээний үүргийн гүйцэтгэл буюу түрээсийн төлбөрт 29 000 000 төгрөг, хугацаа хэтрүүлсний алданги 28 425 000 төгрөг, нийт 57 425 000 төгрөгийг гаргуулахаар шаардаж, хариуцагч тал гэрээний хүчин төгөлдөр байдал болон түрээсийн зүйлийг эзэмшиж, ашигласан хугацааг эс зөвшөөрч маргажээ.

 

Хэргийн баримтаас үзвэл, талууд 2017 оны 7 дугаар сарын 27-ны өдөр Үйлчилгээний зориулалттай байр түрээслүүлэх, түрээслэх тухай гэрээ байгуулж, нэхэмжлэгч нь Баянгол дүүргийн 17 дугаар хороо, 4 дүгээр хороолол, Жалханз хутагт Дамдинбазарын гудамж, 44-7 дугаар байр, 302 тоот хаягт байрлах, улсын бүртгэлийн Ү-2205064756 дугаарт бүртгэлтэй, 200 м.кв талбайтай үйлчилгээний зориулалт бүхий үл хөдлөх эд хөрөнгийг хариуцагч “С”  ХХК-ийн эзэмшил, ашиглалтад шилжүүлэх, түрээслэгч нь түрээсийн төлбөр болох 4 000 000 төгрөгийг 2017 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс төлөх, түрээсийн төлбөрийг 2, 7, 12 дугаар саруудад 1 м.кв талбайг 15 000 төгрөг буюу 3 000 000 төгрөгөөр тооцох нөхцлийг харилцан тохиролцсон байна. /хх55-58/

 

Анхан шатны шүүх талуудын хооронд түрээсийн гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн нь Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасантай нийцэхгүй байна. Учир нь, хэрэгт авагдсан Үйлчилгээний зориулалттай байр түрээслүүлэх, түрээслэх тухай гэрээ, Үл хөдлөх эд хөрөнгө, өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, зохигчдын тайлбараас үзвэл, 200 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийг бүхэлд нь түрээслэхээр тохиролцжээ. Энэ тохиолдолд талууд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3 дах хэсэгт зааснаар тухайн гэрээг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлэх шаардлагатай бөгөөд эрх бүхий байгууллагад бүртгүүлээгүй үйл баримт тогтоогдож байна. Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.4 дэх хэсэгт дээрх шаардлагыг хангаагүй гэрээ хүчин төгөлдөр бус байхаар зохицуулжээ.  

 

Түүнчлэн, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн /2003.06.29/ 32 дугаар зүйлийн 32.1 дэх хэсэгт үл хөдлөх эд хөрөнгө түрээслэсэн бол аль нэг талын гаргасан мэдүүлэг болон гэрээг үндэслэн эрхийн улсын бүртгэлд бүртгэнэ гэж заасан. Өөрөөр хэлбэл, гэрээг улсын бүртгэлд бүртгүүлэх үүргийг гэрээний талуудын хэн аль нь хүлээх атал талууд энэ үүргээ биелүүлээгүй  зөрчсөн байна. Иймд хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн буюу Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасан хүчин төгөлдөр бус байх хэлцэлд хамаарна гэж дүгнэх хууль зүйн үндэслэлтэй.

 

Хэдийгээр талуудын хооронд байгуулагдсан гэрээ хүчин төгөлдөр бус хэлцэл байх боловч зохигчдын тайлбар, гэрчийн мэдүүлэг, үзлэг хийсэн тэмдэглэл /хх35, 44-45, 17/ зэргээр хариуцагч тал өөрийн компанийн дүрэмд заасан зорилгоо биелүүлэхээр нэхэмжлэгчийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг эзэмшиж, ашиглан аж ахуйн үйл ажиллагаа явуулж байсан үйл баримт тогтоогдсон. Үүнийг хариуцагч хүчин төгөлдөр бус хэлцлийн дагуу явуулсан үйл ажиллагааны улмаас ашиг олсон гэж үзэх учраас талуудын тохиролцсон үнийн дүнгээр Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасны дагуу үндэслэлгүйгээр хөрөнгөжсөнд тооцох нь хуулийн дээрх зохицуулалтад нийцэх юм.

 

Харин, дээрх үл хөдлөх эд хөрөнгийг хариуцагч хэдий хугацаанд ашигласан эсэх талаар зохигч талууд зөрүүтэй тайлбар гаргаж, улмаар төлбөрийн тооцооллын хэмжээнд маргасан. Хариуцагчийн хувьд 2018 оны 01 дүгээр сард гэрээг дуусгавар болгосон гэх боловч гэрээний зүйлийг нэхэмжлэгч талд хүлээлгэн өгсөн гэдгээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасны дагуу баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй байна.

 

Хэрэгт авагдсан гэрээ, гэрээг цуцлах акт, гэрчийн мэдүүлэг зэргийг харьцуулан үзвэл, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, давж заалдах гомдолд тодорхойлсон 12 сарын хугацаанд хариуцагч уг үл хөдлөх эд хөрөнгийг эзэмшиж, ашигласан гэх нөхцөл байдал тогтоогдож байх тул 1 сарын 4 000 000 төгрөг буюу 12 сарын 48 000 000 төгрөгөөс талуудын тохиролцсон хөнгөлөлт 7 000 000 төгрөг, хариуцагчийн төлсөн 13 000 000 төгрөг, нийт 20 000 000 төгрөгийг хасч, нэхэмжлэлийн шаардлагаас 28 000 000 төгрөгийн хэмжээнд хариуцагч тал үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэхээр байна.

 

Нэхэмжлэлийн шаардлагад хамаарах алдангийн хувьд хүчин төгөлдөр бус хэлцэлд анз тооцох хууль зүйн үндэслэлгүй тул хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Мөн нэхэмжлэгчийн шаардах эрхийн үндэслэлээ болгож буй гэрээ нь хүчин төгөлдөр бус, хариуцагч нэгэнт үл хөдлөх эд хөрөнгийг хүлээн авч, үйл ажиллагаа явуулсан нь тогтоогдсон учраас нэхэмжлэгчийг төлөөлөх эрхгүй этгээд гэрээ байгуулсан гэх хариуцагчийн татгалзал, болон давж заалдах гомдлын үндэслэлийг ач холбогдолгүй гэж үзлээ. Түүнчлэн хариуцагчийн маргаж буй 1 000 000 төгрөгийн төлбөрийг нэхэмжлэгч хасч тооцсон тул нэхэмжлэлийн шаардлагаас хангасан хэсэг нь 28 000 000 төгрөг болохыг дурдах нь зүйтэй.  

 

Дээр дурдсан үндэслэлээр, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоос үл хөдлөх эд хөрөнгийг ашигласан хугацаатай холбогдох хэсгийг, хариуцагчийн төлөөлөгчийн төлбөрийн хэмжээний талаар гаргасан үндэслэл тус бүрийг хангаж, бусад хэсгийг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1, 2 дах заалтад зохих өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн                 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 102/ШШ2019/03091 дугаар шийдвэрийн,

тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1, 232 дугаар зүйлийн 232.8 дах хэсэгт заасныг баримтлан хариуцагч “С”  ХХК-иас түрээсийн төлбөрт 28 000 000 төгрөгийг гаргуулан, нэхэмжлэгч Х.Б-т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 29 425 000 төгрөгийг хэсгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөн,

тогтоох хэсгийн 2 дах заалтын “...337 950...” гэснийг “...297 950...”  гэж өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3, 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч Х.Б-аас төлсөн 110 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “С”  ХХК-аас төлсөн 337 950 төгрөгийн 142 950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

 

               ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      С.ЭНХТӨР

                                                           

                                ШҮҮГЧИД                                      Б.НАРМАНДАХ

 

                                                                                       Т.ТУЯА