Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 02 сарын 08 өдөр

Дугаар 2022/ДШМ/07

 

 

 

                                           Б.*******д холбогдох

                                           эрүүгийн хэргийн тухай

 

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Д.Буянжаргал даргалж, шүүгч Б.Эрдэнэхишиг, Г.Давааренчин нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор А.*******

Хохирогчийн өмгөөлөгч Д.*******

Шүүгдэгчийн өмгөөлөгч М.*******

нарийн бичгийн дарга Ө.******* нарыг оролцуулан,  

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Ц.Амаргэрэл даргалж хийсэн шүүх хуралдааны 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 2021/ШЦТ/171 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч бичсэн прокурорын эсэргүүцлээр Б.*******д холбогдох эрүүгийн 2131001140136 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Давааренчингийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

******* овогт *******гийн *******, 1998 оны 08 дугаар сарын 17-ны өдөр Сэлэнгэ аймаг, Сүхбаатар суманд төрсөн, 26 настай, эмэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, 3-р цэцэрлэгт туслах багшаар ажилладаг, ам бүл 3, нөхөр, хүүхдүүдийн :амт Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 7 дугаар баг, 2 дугаар хэсэг, 1-60-07 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, /РД; *******/

 

Шүүгдэгч Б.******* нь 2020 оны 09 дүгээр сарын 07-ны өдрөөс 2020 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр, 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдрөөс 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийг хүртэл хугацаанд Сэлэнгэ аймаг, Сүхбаатар сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах Олон улсын худалдааны төвийн 22 дугаар лангуунд 1 ажиллагаа явуулдаг “Гонгорын хунх” ХХК-ний дэлгүүрт худалдагчаар ажиллаж байхдаа итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө болох бараа, бүтээгдэхүүн, борлуулалтын орлогыг үргэлжилсэн үйлдлээр завшсаны улмаас нийт 20,878,070 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас: Б.*******ий үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: ******* овогт *******гийн *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын итгэмжлэн хариуцуулсан хөрөнгө завших” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* овогт *******гийн *******д 6 /зургаа/-н сарын хугацаагаар Сэлэнгэ аймгийн нутаг дэвсгэрээс гарах зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.******* нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулан, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******ий гэмт хэргийн улмаас учруулсан хохирол 20,878,070 төгрөгнөөс 2 сарын цалин болох 1,006,200 төгрөгийг хасч тооцон, нийт 19,871,870 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулан, хохирогч “Гонгорын хунх” ХХК-ны захирал Д.д олгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Б.*******өөс шинжээчийн ажлын төлбөр 784,000 төгрөгийг “Мэдээлэл Аудит” ХХК-нд гаргуулан олгож, Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн ажлын төлбөрийг баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй орхиж, шүүгдэгч нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдан, шийтгэх      тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэж шийдвэрлэжээ.

 

Сэлэнгэ аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор 2022 оны 01 сарын 14-ний өдрийн 04 дугаартай эсэргүүцэлдээ: Шийтгэх тогтоолыг 2022 оны 12 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч танилцаад эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, шүүгдэгчид оногдуулсан эрүүгийн хариуцлага шударга ёсны зарчим, эрүүгийн хариуцлагын зорилтод нийцээгүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн гэж дүгнэж дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд:

1.Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.

5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино гэж заажээ.

Шүүгдэгч Б.******* нь Гонгорын хунх” ХХК-ийн худалдагчаар ажиллаж байхдаа итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө болох бараа бүтээгдэхүүн, борлуулалтын орлогыг үргэлжилсэн үйлдлээр завшсаны улмаас нийт 20,878,070 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн шүүгдэгчийн хувийн байдал, гэмт үйлдэлдээ хандаж буй байдал, өөрийн үйлдлийн нийгмийн аюулыг ухамсарлан ойлгоогүй байгаа, хохирлоо нөхөн төлөөгүй зэрэг нөхцөл байдлыг эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан Эрүүгийн хуулийн Тусгай 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх тухайн улсын яллагчийн дүгнэлтийг гаргасан.

Гэтэл анхан шатны шүүхээс шүүгдэгч Б.*******д 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулахдаа Сэлэнгэ аймгийн нутаг дэвсгэрээс гарах зорчих эрхийг хязгаарласан нь эрүүгийн хариуцлагын зорилтод нийцээгүй гэж үзэхээр байна.

Учир нь Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдсэн хүнийг эрх бүхий байгууллагын хяналтанд өөрийн оршин суух газраас явахыг хориглох, тодорхой газар очихыг хориглох, шүүхээс тогтоосон чиглэлээр зорчих, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгээр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг нэг сараас таван жил хүртэл хугацаагаар хүлээлгэхийг зорчих эрхийг хязгаарлах ял” гэнэ гэж тодорхойлсон байхад бүтэн аймгийн нутаг дэвсгэрээс гарахыг хориглож тухайн ялыг үр дүнгүй, ялын зорилгод нийцэхгүй, хэрэгжүүлэх боломжгүй нөхцөл байдлыг үүсгэж байна.

2.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад “Хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, гэрч, хөндлөнгийн гэр, шинжээч, мэргэжилтэн, орчуулагч, хэлмэрчид төлөх зардал” нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд хамааруулна, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг шүүх тогтоовол түүнээс эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг холбогдох баримтыг үндэслэн гаргуулна.” гэж заажээ.

Мөн түүнчлэн Хууль Зүй, Дотоод Хэргийн Сайд, Сангийн Сайдын хамтарсан А/114,141 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан Эдийн засгийн шинжилгээ хийх журмын 3.1-д “Шинжээч томилох эрх бүхий этгээдэд, шинжилгээ хийлгэх хүсэлт гаргасан нэхэмжлэгч, хариуцагч нь нэг цагт 10,000 төгрөгөөр тооцож үйлчилгээний хөлс төлөх бөгөөд уг орлогыг улсын төсөвт төвлөрүүлнэ” гэж заасан.

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Эдийн засгийн шинжээчийн дүгнэлт гаргасан ажлын хөлс 800,000 төгрөгийг тус байгууллагын төрийн сан дахь данс төлүүлэх тухай албан бичиг шинжээчийн дүгнэлтийн хамт хэрэгт авагдсан байхад түүнийг ямар учраас үнэлж мөрдөн шалгах ажиллагааны зардлыг гаргаагүй болохоо тайлбарлахгүйгээр эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг гаргуулахгүй орхисон нь ойлгомжгүй байгаа нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх шаардлагад нийцэхгүй байна.

Иймд Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2021 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 2021/ШЦТ/171 дүгээр шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтад Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******д 6 сарын хугацаагаар оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг хүндрүүлэхгүйгээр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын нутаг дэвсгэрээс гарах зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсугай” гэж,

5 дахь заалтад Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Эдийн засгийн засгийн шинжилгээний дүгнэлтийн төлбөр 800,000 төгрөгийг шүүгдэгч Б.*******өөс гаргуулж, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Төрийн сан банк дахь 100900012005 тоот дансанд оруулсугай” гэж тус тус өөрчлөлт оруулахаар Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан улсын яллагчийн эсэргүүцэл бичив гэжээ.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч М.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүхээс хэргийн үйл баримт болон шүүгдэгчийн гэм буруугийн талаар зохих дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэсэн. Прокурорын эсэргүүцлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч нь төрийн албан хаагч бөгөөд эрхэлж буй ажлынхаа дагуу томилолтоор ажилласан гэж үзэж байна. Энэ нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд хамаарахгүй бөгөөд шинжээч нь гаргуулах зардлаа нотлоогүй тул шүүх иргэний журмаар хянуулах эрхийг нээлттэй үлдээсэн нь хууль зөрчөөгүй гэж үзэж байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

 

Хохирогчийн өмгөөлөгч Д.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  Улсын яллагчийн эсэргүүцэлтэй холбоотой тайлбар байхгүй байна. Харин шүүгдэгчээс шүүхийн шийдвэрээр гарсан хохирлоо хурдан төлөх арга хэмжээ аваасай гэж хүсэж байна гэв.

 

                                         ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр Б.*******д холбогдох 2131001140136 дугаартай хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянавал:

 Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай  шалгаж тодруулсан хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, шүүгдэгчийн гэм бурууг тогтооход хангалттай гэж үзлээ.

Шүүгдэгч Б.******* нь 2020 оны 09 дүгээр сарын 07-ны өдрөөс 2020 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр, 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдрөөс 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийг хүртэл хугацаанд Сэлэнгэ аймаг, Сүхбаатар сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах Олон улсын худалдааны төвийн 22 дугаар лангуунд 1 ажиллагаа явуулдаг “Гонгорын хунх” ХХК-ний дэлгүүрт худалдагчаар ажиллаж байхдаа итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө болох бараа, бүтээгдэхүүн, борлуулалтын орлогыг үргэлжилсэн үйлдлээр завшсаны улмаас нийт 20,878,070 төгрөгийн хохирол учруулсан болох нь  хэрэгт авагдсан шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн тухай мэдүүлэг, хохирогч Д., гэрч Э.Давхарбаяр, Э.Үүрийнтуяа, Р.Мөнхцэцэг нарын мэдүүлэг, Шинжээчийн 2021 оны 05 сарын 10-ны өдрийн 21/01 дугаартай дүгнэлт, шүүх шинжилгээний хүрээлэнгийн 2021 оны 07 сарын 23-ны өдрийн 95 дугаартай дүгнэлт зэрэг баримтуудаар нотлон тогтоогдсон байна.

Шүүгдэгч Б.******* нь ажил үүргийнхээ дагуу бараа бүтээгдэхүүн худалдан борлуулсны /мөнгийг/ орлогыг бүрэн тушаахгүйгээр өөртөө авч ашигласан үйлдлийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан...” хөрөнгө завших гэмт хэргээр зүйлчлэн шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Анхан шатны шүүх шүүгдэгч Б.*******ий гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах оногдуулахаар шийдвэрлэсэн нь түүний гэм буруугийн хэлбэрт тохирсон  байна.

Сэлэнгэ аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор эсэргүүцлээ шүүхээс шүүгдэгчид оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг оногдуулахдаа Сэлэнгэ аймгийн нутаг дэвсгэрээс буюу бүтэн аймгийн нутаг дэвсгэрээс  гарахыг хориглож тухайн ялыг үр дүнгүй, ялын зорилгод нийцэхгүй, хэрэгжүүлэх боломжгүй нөхцөл байдлыг үүсгэсэн, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Эдийн засгийн шинжээчийн дүгнэлт гаргасан ажлын хөлсийг албан үүргийнхээ хувиар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож дүгнэлт  гаргасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд хамаарахгүй гэж тайлбарлан шийдвэрлээгүй нь хууль зөрчсөн гэж тайлбарлажээ.

Давж заалдах шатны шүүхээс прокурорын эсэргүүцлийг хүлээн авч хангах нь зүйтэй гэж үзлээ.

Учир нь: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдсэн хүнийг эрх бүхий байгууллагын хяналтанд өөрийн оршин суух газраас явахыг хориглох, тодорхой газар очихыг хориглох, шүүхээс тогтоосон чиглэлээр зорчих, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгээр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг нэг сараас таван жил хүртэл хугацаагаар хүлээлгэхийг зорчих эрхийг хязгаарлах ял” гэнэ гэж тодорхойлсон. Тухайн ял нь шүүхээс тодорхой заасан маршрутаар зорчихыг даалгаж ажил, амьдралаа үргэлжлүүлэх, орлого олох, гэмт хэргийн замаар учруулсан хохирлоо төлөх бололцоог олгодгоороо онцлогтой.  Түүнчлэн шүүгдэгчийн ялын хэрэгжилтэд эрх бүхий этгээдээс хяналт тавих бөгөөд шүүгдэгчийн зорчих эрхийг хязгаарлах хэмжээ хязгаарыг хэт том тогтоосноор түүнд тавих хяналт сулрах ялын зорилго хэрэгжихгүй байх нөхцөл бүрдэх тул прокурорын эсэргүүцэл үндэслэлтэй байна.  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад “Хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, гэрч, хөндлөнгийн гэрч, шинжээч, мэргэжилтэн, орчуулагч, хэлмэрчид төлөх зардал”,  нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд хамааруулна, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг шүүх тогтоовол түүнээс эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг холбогдох баримтыг үндэслэн гаргуулна.” гэж заасан тул Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Эдийн засгийн шинжээчийн дүгнэлт гаргасан ажлын хөлс 800,000 төгрөгийг гаргуулах тухай иргэний нэхэмжлэл үндэслэлтэй тул шинжээчийн хөлс 800,000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулах нь зүйтэй  байна.

 Анхан шатны шүүх шинжээчийн хөлсийг шийдвэрлээгүй тухай үндэслэлээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.5 дугаар зүйлийн 2 дахь заалтын “ шинжээч ... урамшуулал авах эрхтэй” гэсэн  мөн зүйлийн 3 дахь  хэсэгт заасан “албан үүргийнхээ хувиар  эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон шинжээч ... энэ зүйлийн 2 дахь хэсэгт хамаарахгүй “ гэж  хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байна.

Дээрхи хуулийн зохицуулалтаар эрх бүхий этгээдийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал авах эрхийг нь хязгаарлаагүй  харин шүүхэд шинжээчийн албан үүргийнхээ хувьд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд  дуудагдан оролцсоны хувьд урамшуулал олгохгүй байхаар зохицуулсан байна. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг тооцох, санхүүжүүлэх журмыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Засгийн  газар батална гэж заажээ.

Засгийн газрын 2018 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 161 дугаартай тогтоолын 1 дүгээр хавсралтаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг тооцох, санхүүжүүлэх журмыг баталсан байх ба тус журмын 2.6.4-т “аудит, эдийн засаг, байгаль орчны хохирол тооцох, шинжилгээ хийж дүгнэлт гаргах, эд хөрөнгийн үнэлгээ хийлгэхэд гарсан зардлыг  тухайн үйл ажиллагааны  үйлчилгээний хөлсний хэмжээгээр зардлыг тооцох, мөн журмын 5.1-т “шүүгдэгчийн гэм буруутай тогтоогдсон бол түүнийг эрүүгийн хариуцлага болон  ялаас чөлөөлсөн  эсэхийг үл харгалзан хэрэг хянан шийдвэрлэх  ажиллагааны зардлыг нөхөн төлүүлнэ.”, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг шүүх тогтоовол түүнээс эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг холбогдох баримтыг үндэслэн гаргуулна.” гэж тус тус заасан байх тул Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Эдийн засгийн шинжээчийн зардал 800,000 төгрөгийг тухайн байгууллагын нэхэмжлэхийг үндэслэн шүүгдэгч Б.*******өөс  гаргуулах нь зүйтэй гэж үзлээ.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын 2, 5 дахь заалтуудад тус тус өөрчлөлт оруулж прокурорын эсэргүүцлийн хангах нь зүйтэй байна гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1, 1.4 2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 2021/ШЦТ/171 шийтгэх тогтоолын Тогтоох хэсгийн

2 дахь заалтыг:

“2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* овогт *******гийн *******д 6 /зургаа/-н сарын хугацаагаар Сэлэнгэ аймаг Сүхбаатар сумын нутаг дэвсгэрээс гарах зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.******* нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулсугай.” гэж,

5 дахь заалтыг:

“5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  шүүгдэгч Б.*******өөс шинжээчийн ажлын төлбөр 784,000 төгрөгийг “Мэдээлэл Аудит” ХХК-нд гаргуулан олгож, Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн төлбөр 800,000 төгрөгийг Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Төрийн сан банк дахь 100900012005 тоот дансанд оруулсугай.” гэж тус тус өөрчилсүгэй.

 

2.Шийтгэх тогтоолын бусад заалтуудыг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийг  хүлээн авсугай.

 

3.Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг  гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

             ДАРГАЛАГЧ,

             ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Д.БУЯНЖАРГАЛ

                                                                   

                                ШҮҮГЧ                                    Б.ЭРДЭНЭХИШИГ

 

                                ШҮҮГЧ                                     Г.ДАВААРЕНЧИН