Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 01 сарын 24 өдөр

Дугаар 172

 

 

 

 

 

 

 

 

 

Б.Г-ын

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

з

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Энхтөр даргалж, шүүгч Б.Нармандах, Т.Туяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж,

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар  сарын 18-ны өдрийн 181/ШШ2019/02650 дугаар шийдвэртэй, Б.Г-ын нэхэмжлэлтэй, улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчид олгох нөхөх олговор гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Т.Туяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.Г-, төрийг төлөөлөн оролцож буй прокурор Э.Оюунтунгалаг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сумъяа нар оролцов.

 

Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлага болон тайлбартаа: Миний эцэг Жаргалын Бадамцэрэн нь Онцгой бүрэн эрхт комиссын 1938 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 4 дүгээр хурлын тогтоолоор Шүүх цаазын бичгийн 43, 47 дугаар зүйлээр 10 жил хорих ялаар шийтгүүлсэн. Хожим хэргийг хянаад БНМАУ-ын Дээд шүүхийн бүгд хурлын 1970 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 013 дугаар тогтоолоор цагаатгасан. Үндэсний төв архивын 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 03-5/4837 дугаар лавлагаанд Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 1 дүгээр багийн 1956 оны хүн амын тооллогын бүртгэлийн 205 дугаар хуудсанд, өрхийн тэргүүн Жаргалын Бадамцэрэн эрэгтэй, 48 настай, эхнэр Тогоогийн Цэрэндолгор 46 настай, хүү Бадамцэрэнгийн Бат 14 настай, хүү Бадамцэрэнгийн Гонгор 10 настай, хүү Бадамцэрэнгийн Мөнхөө 5 настай, охин Бадамцэрэнгийн Янжин 11 настай, охин Бадамцэрэнгийн Янжмаа 7 настай гэж бүртгэгдсэн бөгөөд одоо 2019 оны 11 дүгээр сарын 12-ны байдлаар бүгд амьд сэрүүн байна. Б.Батаа, Б.Янжин, Б.Даариймаа, Б.Мөнхөө нар нөхөх олговрыг адил тэгш хэмжээгээр хуваан авахаар тохиролцож, бичиг баримт бүрдүүлэх ажлыг надад даалгасан. Иймд Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1 дэх хэсэгт заасны дагуу 40 000 000 төгрөгийн нөхөх олговрыг олгож өгнө үү гэжээ.

 

Шүүх хуралдаанд оролцсон прокуророос: Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөн олговор олгох тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.2-т 40 000 000 төгрөгийн нөхөн олговор нэхэмжилжээ. Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөн олговор олгох тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2 дах заалтад энэ хуулийн 23.1-д заасны дагуу орон сууц аваагүй улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчид дараах нөхөх олговрыг доор дурдсанаар олгоно, мөн хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх заалтад Улс төрийн хилс хэрэгт шүүх болон түүнийг орлосон байгууллагын шийдвэрээр эрүүгийн ялаар шийтгүүлсэн хэлмэгдэгч, нас барсан хэлмэгдэгчийн эхнэр /нөхөр/ хэлмэгдүүлэлтийн улмаас гэр, орон сууц хөлслөх гэрээний үндсэн дээр эзэмшиж байсан орон сууцаа хураалгуулж одоо хүртэл орон сууцгүй байгаа бол байнга оршин суугаа аймаг, нийслэлийн Засаг дарга дараалал харгалзахгүйгээр орон сууц, гэр олгоно гэж заасан. Хэргийн баримтаар хэлмэгдэгчийн эд хөрөнгө хураасан байдал тогтоогдоогүй тул нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх үндэслэлгүй байна гэжээ.

 

Шүүх: Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Г-ын гаргасан 40 000 000 төгрөгийн нөхөх олговор гаргуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.9-д заасны дагуу улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгч давж заалдах гомдолдоо: Хэлмэгдсэн эцэгт хуулийн дагуу олгохоор заасан 40 000 000 төгрөгийг нэхэмжилсэн боловч шүүх хөрөнгө хураагдсан баримт байхгүй гээд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосонд гомдолтой байна. Бид хөрөнгө нэхэмжлээгүй, хүний амьд явах эрхийг зөрчсөнд гомдоллож, хуульд заасан хэмжээгээр нэхэмжилсэн болно гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дах хэсэгт заасан шаардлагад нийцсэн гэж үзэв. 

 

Нэхэмжлэгч Б.Г- нь, эцэг Жаргалын Бадамцэрэн улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэн хорих ял шийтгүүлсний улмаас Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1 дэх хэсэгт заасан 40 000 000 төгрөгийн нөхөх олговор гаргуулна гэж нэхэмжлэлийн шаардлага гаргажээ. /хх1, 31-32/

 

Хэрэгт авагдсан Архивын Ерөнхий газрын лавлагаа, Тагнуулын Ерөнхий газрын тусгай архивын лавлагаа зэрэг баримтуудаар нэхэмжлэгч Б.Г- нь хэлмэгдэгч Ж.Бадамцэрэнгийн төрсөн хүүхэд мөн болох нь тогтоогдох бөгөөд хэлмэгдэгч нь Онцгой бүрэн эрхт комиссын 1938 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 4 дүгээр хурлын тогтоолоор Шүүх цаазын бичгийн 43, 47 дугаар зүйлээр 10 жил хорих ялаар шийтгүүлж, улмаар БНМАУ-ын Дээд шүүхийн бүгд хурлын 1970 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 013 дугаар тогтоолоор цагаатгагдсан үйл баримтууд тогтоогдсон байна. /хх5-8/

 

Нэхэмжлэгч нь 40 000 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын хууль зүйн үндэслэлээ Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.2-т заасныг тодорхойлон заах боловч мөн хуулийн 13 дугаар зүйлийн 13.2 дах хэсэгт энэ хуулийн 23.1-д заасны дагуу орон сууц аваагүй улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчид нөхөх олговрыг олгохоор зохицуулжээ.

 

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэгт улс төрийн хилс хэрэгт шүүх болон түүнийг орлосон байгууллагын шийдвэрээр эрүүгийн ялаар шийтгүүлсэн хэлмэгдэгч, нас барсан хэлмэгдэгчийн эхнэр /нөхөр/ хэлмэгдүүлэлтийн улмаас гэр, орон сууц хөлслөх гэрээний үндсэн дээр эзэмшиж байсан орон сууцаа хураалгуулж одоо хүртэл орон сууцгүй байгаа бол байнга оршин суугаа аймаг, нийслэлийн Засаг дарга дараалал харгалзахгүйгээр орон сууц, гэр олгоно гэж заасан байна.

 

Хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгчийн эцэг хэлмэгдэгч Ж.Бадамцэрэн нь хэлмэгдэх үедээ гэр орон сууцаа хураалгасан эсэх нь тогтоогдоогүй байна. Шүүх энэ үндэслэлээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосныг буруутгах боломжгүй юм.

 

Нэхэмжлэгч нь давж заалдах гомдолдоо, хөрөнгө нэхэмжлээгүй, хүний амьд явах эрх зөрчигдсөнтэй холбоотой нөхөх олговор нэхэмжилсэн гэжээ. Анхан шатны шүүх Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2 дах заалтад заасан нөхөх олговор нь амины эрх зөрчигдсөнтэй холбоогүй, хэлмэгдүүлэлтийн улмаас гэр, орон сууц эзэмших эд хөрөнгийн эрх нь зөрчигдсөн хэвээр байгааг ойлгох агуулгаар тайлбарлан дүгнэснийг үндэслэлгүй гэж үзэхгүй.

 

Харин шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.1-д заасныг бичих шаардлагагүй байжээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн                   167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар  сарын 18-ны өдрийн 181/ШШ2019/02650 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг бүхэлд нь хангахгүй орхисугай.

 

2. Нэхэмжлэгч нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.9-д заасны дагуу давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7 дах хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн                                                          дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход                              саад болохгүй ба магадлалын хувийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

 

                       ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                С.ЭНХТӨР                                                                      

                                        ШҮҮГЧИД                                Б.НАРМАНДАХ

 

                                                                                         Т.ТУЯА