Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 02 сарын 14 өдөр

Дугаар 128/ШШ2024/0130

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Дамдинсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 4 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Б.А,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Н,

Хариуцагч: Биеийн тамир спортын улсын хорооны дарга,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: С.Н, Б.Н,

Нэхэмжлэлийн шаардлага: Б.Аг ажлаас халсан Биеийн тамир спортын улсын хорооны даргын 2023 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн - дугаар тушаал нь хуульд нийцсэн эсэх маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.А, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Д, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Н, Б.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.М нар оролцов.

 

      ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч нь Биеийн тамир спортын улсын хорооны даргад холбогдуулан “Биеийн тамир спортын улсын хорооны даргын 2023 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн - дугаар тушаалыг хүчингүй болгуулах, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах, Нийгмийн даатгалын тайланд оруулж, нөхөж тайлагнахыг даалгах” тухай нэхэмжлэл гаргаж байна.

2. Нэхэмжлэгчээс 2024 оны 02 дугаар сарын 14-ний өдөр “Урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн томилохыг даалгах” гэж нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлжээ.

3. Биеийн тамир, спортын улсын хорооны даргын 2023 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн А/35 дугаар тушаалаар Б.Аг Төрийн захиргааны удирдлагын газрын Гэрээ, эрх зүйн асуудал хариуцсан мэргэжилтний албан тушаалд 6 сарын хугацаатайгаар томилсон байна.

4. Харин Биеийн тамир, спортын улсын хорооны даргын 2023 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн - дугаар тушаалаар Б.Аг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр удаа дараа ажил тасалсан, харьяа дээд шатны албан тушаалтны хуульд нийцсэн шийдвэрийг биелүүлэх, албан тушаалын тодорхойлолтод заасан зорилго, зорилт, чиг үүргийн хэрэгжилтийг хангах төрийн алба хаагчийн нийтлэг үүргээ хэрэгжүүлээгүй, хэрэгжүүлэхээс татгалзсан гэх үндэслэлээр туршилтын хугацааг 2023 оны 09 дүгээр сарын 04-ний өдрөөр тасалбар болгон төрийн албанаас халах сахилгын шийтгэл ногдуулсан байна.

5. Дээрх шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчээс Төрийн албаны зөвлөлд хандан гомдол гаргасан байх ба Төрийн албаны зөвлөлийн 2023 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 01/2005 дугаар албан бичгээр хариу өгчээ.

6. Мөн Засгийн газрын хяналт хэрэгжүүлэх газарт хандан гомдол гаргасан ба Засгийн газрын хяналт хэрэгжүүлэх газрын 2023 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 02/747 дугаар албан бичгээр “...сахилгын шийтгэлтэй холбоотой гомдлыг хянан шийдвэрлэх харьяаллын дагуу шүүхэд хандан шийдвэрлүүлэх нь зүйтэй байна.” гэжээ.

7. Улмаар тус шүүхэд 2023 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр нэхэмжлэл гаргасныг тус шүүхийн шүүгчийн 2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 7721 дүгээр захирамжаар нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангуулах хугацаа тогтоосон байх бөгөөд нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангуулж ирүүлээгүй тул 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 8191 дүгээр захирамжаар нэхэмжлэлийг буцааж шийдвэрлэжээ.

8. Харин нэхэмжлэгчээс дахин шүүхэд хандан 2023 оны 10 дугаар сарын 11-ний өдөр нэхэмжлэл гаргасныг хүлээн авч тус шүүхийн шүүгчийн 2023 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 8463 дугаар захирамжаар захиргааны хэрэг үүсгэсэн байна.

9. Нэхэмжлэгч Б.А нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ: “Б.А би 2023 оны 03 дугаар сарын 27-ны өдөр Засгийн газрын тохируулагч агентлаг Биеийн тамир, спортын улсын хороонд Төрийн захиргаа удирдлагын газрын “Гэрээ, эрх зүйн асуудал хариуцсан хуулийн мэргэжилтнээр хуульд заасан шалгалтыг өгч ажилд орсон. 2023 оны 08 дугаар сарын 31-ний өдөр надад мэдэгдэлгүй дуудаж сонсох ажиллагаа хийснээр 2023 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн - дугаартай “Сахилгын шийтгэл ноогдуулах тухай” тушаалаар ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан.

2023 оны 08 дугаар сарын 25-ны өдөр миний удирдах дээд албан тушаалтнаар ажиллаж байсан “Хуулийн ахлах мэргэжилтэн” нь ажлаас өөрийн гарахдаа хийж гүйцэтгэж байсан ажлаа надад шилжүүлж ажил хүлээлцэх акт үйлдэлгүй явсан.

Гэвч даргын уургийг түр орлон гүйцэтгэгч О.Б нь “Хуулийн ахлах мэргэжилтэн” болон миний ажиллаж байсан “Гэрээ, эрх зүйн асуудал хариуцсан хуулийн мэргэжилтэн” албан тушаалуудын “ажлын байрны тодорхойлолт” адилхан байдаг шалтгаанаар хийж байсан бүх ажлыг нь “Б.А хий” гэж амаар мэдэгдсэн. Миний бие “Хуулийн хүрээн дэх асуудлыг хийж гүйцэтгэж болох хэдий ч байгууллагаас гарах бух албан бичгийг (Өргөдөл, гомдол, тушаал, шийдвэр, бусад холбогдох бичиг баримтууд) хяналтын үүргийг гүйцэтгэх боломжгүй” гэдгээ мэдэгдэж. Хяналтын үүрэг нь миний ажлын байрны тодорхойлолтод заагдаагүй үүрэг бөгөөд шууд удирдах албан тушаалтны үүргийг гүйцэтгэх тохиолдолд хуульд зааснаар “Хавсран гүйцэтгэх тушаал” гарсан тохиолдолд гүйцэтгэхээр байгааг тайлбарласан.

Б.А би ажиллаж байх хугацаандаа зөрчлүүдийг гаргаж байгаагүй бөгөөд шалтгаангүй ажил тасалж, сануулах арга хэмжээ авч байгаагүй болно.

Намайг тушаалд дурдсанчлан ажил тасалсан, төрийн албан хаагчийн нийтлэг үүргээ хэрэгжүүлээгүй, хэрэгжүүлэхээс татгалзаж байгаа нь гэх үндэслэлгүй шалтгаанаар намайг хавчин гадуурхаж ажлаас чөлөөлсөн нь миний Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 4-т заасан “хөдөлмөрийн аятай нөхцөлөөр хангуулах” эрхийг зөрчиж, төрийн албанаас хариуцлагагүйгээсээ болж халагдсан гэж дүгнэгдэх, нэр хүндийг маань унагаасан үйлдэл болж байна.

Дээрх дурдсанчлан үндэслэлгүйгээр ажлаас халсанд гомдолтой байгаа тул Биеийн тамир, спортын улсын хорооны даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч О.Б-н гаргасан 2023 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн - дугаартай “Сахилгын шийтгэл ноогдуулах тухай” ажлаас чөлөөлөх тушаалыг хүчингүй болгож, Ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж, Нийгмийн даатгалын тайланг оруулж нөхөж тайлагнахыг даалгах, урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн томилохыг хариуцагчид даалгаж өгнө үү.” гэжээ

10. Нэхэмжлэгч Б.А шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “Авлигатай тэмцэх газраас бичиг баримтын шалгалт хийгээд зөвлөмж гарсан. Өөрсдийнх нь цаг бүртгэлийг хянавал хангалтгүй хэмжээнд байгаа. Архидан согтуурсан хэргээр ёс зүйн хороогоор орсон ч байгууллагыг төлөөлөөд явж байгаа иймэрхүү асуудал байгаа учраас цаг бүртгэлийн талаар ярих нь тохиромжгүй гэж бодож байна. Ц.Б ахлах байсан эсэхээс үл хамаарч гүйцэтгэх ёстой гэж тайлбарлаад байна. Өргөдөл өгснөөсөө хойш ажилдаа огт ирээгүй. Ажил үүргээ үргэлжлүүлээд гүйцэтгэх ёстой байсан. Ажил тасалсан байхад ямар ч арга хэмжээ авагдаагүй. Өргөдлийг нь хүлээж аваад тушаалыг нь гаргасан. 31-ний өдөр ирж хүний нөөц, тогтоол шийдвэр хариуцсан ажилтантай ажил хүлээлцэх акт үйлдсэн байсан.” гэжээ.

11. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Д шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Монгол Улсын сайд Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга, Төрийн албаны зөвлөлийн даргын 2019 оны 36/32 дугаар хамтарсан тушаалаар батлагдсан төрийн жинхэнэ албан хаагч сахилгын шийтгэл ноогдуулах түүнд гомдол гаргах журам байдаг. Тус журмаар төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл хэрхэн, яаж оногдуулах вэ? ямар шат дараалалтай, ямар зарчмыг баримтлах вэ? гэдэг агуулгыг өргөн хүрээгээр тодорхой тусгасан. Журмын 1.6-д төрийн жинхэнэ албан хаагч сахилгын шийтгэл ноогдуулах үндэслэлийг заавал шалган тогтоож өөрт нь бичгээр мэдэгдсэн байна гэж заасан байдаг. Хариуцагчийн зүгээс бичгээр мэдэгдсэн нэхэмжлэгчээс тайлбар авсан зүйл байдаггүй. 2.4-д энэ журмын 2.1-д заасан гомдол, мэдээлэл, баримтын дагуу шалгуулагч дараах ажиллагааг гүйцэтгэнэ, 2.4.1-д гомдол мэдээллийг хүлээн авснаас хойш 3 хоногийн дотор тухайн албан хаагчаас бичгээр тайлбар авна, гаргасан зөрчлийн шинж байдалд учруулсан хохирлын хэмжээг тогтооно гэж заасан байдаг .

Гэтэл энэ нөхцөлийг хийж гүйцэтгээгүй. 6 дугаар зүйлд төрийн албанаас халах шийтгэл ноогдуулах, 6.1-д албан хаагч нь сахилгын зөрчлийг удаа дараа гаргаж шийтгэл хүлээсэн. Эсхүл зөрчлийн шинж байдал нь тухайн албан хаагчийн төрийн албанд цаашид ажиллуулах боломжгүй гэж үзэх үндэслэлтэй байвал албан хаагчид төрийн албанаас халах шийтгэл ноогдуулна гэж журмаараа зохицуулсан. нэхэмжлэгчийн хувьд сахилгын зөрчлийг удаа дараа гаргаж байсан. Ийм нөхцөл байдал тогтоогддоггүй. Б.Агийн хувьд зөрчил гаргасан гэдэг нь тогтоогддоггүй. Ажлаас чөлөөлөх үндэслэл болохгүй. Сахилгын шийтгэл нь тохироогүй байна гэж үзэж байна. Мөн журмын 1.4-д сахилгын шийтгэл оногдуулахдаа дараах зарчмыг баримтална. Үүнд: хариуцлага нь гарцаагүй байх, сахилгын шийтгэлийн зөрчлийн шинж байдал нь тохирсон байх хууль зүйн үндэслэлтэй байх гээд тус зарчмууд байдаг. Гэтэл эдгээр зарчимтай тохирохгүй нөхцөл байдал байна. Төрийн албаны тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1-д энэ хуулийн 43.1.3-д зааснаас бусад тохиолдолд төрийн жинхэнэ албан хаагч албан үүргийг түр орлон гүйцэтгүүлэх тухай шийдвэрийг эрх бүхий албан тушаалтан 14 хоногийн дотор гаргана. Орлон гүйцэтгүүлэх асуудал гарвал эрх бүхий албан тушаалтан 14 хоногийн дотор шийдвэр гаргах болохоос хариуцагчийн тайлбарлаж байгаачлан 14 хоногийн дотор ажиллуул гэсэн ойлголт биш. Мөн хуульд түр орлон гүйцэтгэгч нь тухайн албан тушаалын чиг үүрэг, эрх хэмжээг хэрэгжүүлнэ, шийдвэрт түр орлон гүйцэтгэх хугацаа болон шаардлагатай бол зарим эрхийг хязгаарлах талаар тусгана гэж заасан байдаг. Хянах чиг үүргийг нь хязгаарлах зэргээр байгууллага дотроо асуудлаа шийдэх бүрэн боломжтой байсан. 43.3.3-т энэ хуулийн 43.3.1, 43.3.2-т зааснаас бусад тохиолдолд албан тушаалтны албан үүргийг тухайн төрлийн албан тушаалын чиг үүрэгт нь хамгийн ойр хамааралтай албан хаагчтай тохиролцсоны дагуу түр орлон гүйцэтгүүлэх гэж заасан байгаа. Тохиролцсон бол гүйцэтгүүлнэ. Гэтэл нэхэмжлэгчийн зүгээс тохиролцоонд хүрээгүй буюу зөвшөөрөөгүй нөхцөл байдал үүссэн. 43.6-т Энэ хуульд заасан журмыг зөрчиж, төрийн албан хаагчийн албан үүргийг түр орлон гүйцэтгүүлэхийг хориглоно гэж заасан байдаг. Тэгэхээр тус хуулийн 43.3.3-т заасны дагуу албан хаагчтай тохиролцоогүй байж шаардлага тавьсан нь захиргааны байгууллага 39 дүгээр зүйлийн 39.1-д заасан Хуульд нийцээгүй үүрэг даалгавар өгч биелүүлэхийг шаардсан нөхцөл байдал үүсээд байна. Төрийн албаны тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.4-д төрийн албаны тухай хуулиар зохицуулаагүй харилцааг Хөдөлмөрийн тухай хуулиар нарийвчлан зохицуулна гэж заасан. Хөдөлмөрийн тухай хуулийн 53, 56 дугаар зүйлүүдэд түр орлон гүйцэтгэх талаар нарийвчлан тусгасан. Хөдөлмөрийн тухай хууль болон Төрийн албаны тухай хуульд ажил олгогч ажилтантай тохиролцсоны үндсэн дээр ажлыг хавсарч гүйцэтгүүлэх, эзгүй байгаа ажилтныг түр орлон гүйцэтгүүлэх зэргээр тохиолцох ёстой гэж заасан байдаг. Тохиролцоогүй бол ажиллуулахыг хориглох заалттай. Байгууллага дотроо талууд асуудлаа шийдэх боломжтой байхад ажлаас нь чөлөөлөх нь сахилгын шинж чанарт нийцэхгүй байна. Ажил тасалсан гэх асуудлыг өмнө нь болон сонсох ажиллагааны үеэр мэдэгдээгүй байж ажлаас халах тушаал гаргах болохоор зөрчил гэж авч үзсэн байна. Хүний мэдээлэл хувийн мэдээллийг хамгаалах тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д зааснаар ажилтныг зөвшөөрсөн тохиолдолд биометрийн мэдээлэл цуглуулах боловсруулалт ашиглана гэж заасан. Үүнийг зөрчиж мэдээллийг авсан хууль бус үйл ажиллагаа байдаг. Иймд дээрх нөхцөл байдлуудыг харгалзан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү?” гэжээ.

12. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.О, Б.Н нар шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Нэхэмжлэгч Батхүүгийн Ануд холбогдох захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцаад хариуцагч Биеийн тамир, спортын улсын хорооны итгэмжлэгдсэн төлөөлөгч Хуулийн асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн П.О, Хүний нөөцийн асуудал хариуцсан мэргэжилтэн Б.Н бид нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч дараах хариу тайлбарыг шүүхэд гаргаж байна. Үүнд:

Нэхэмжлэгч Б.Аг Биеийн тамир, спортын улсын хорооны даргын “Ажилд томилох тухай” 2023 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн Б/35 дугаар тушаалаар Гэрээ эрх зүйн асуудал хариуцсан мэргэжилтний албан тушаалд 6 сарын туршилтын хугацаатайгаар томилон ажиллуулсан.

Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.6-т зааснаар төрийн албан хаагч нь харьяа дээд шатны албан тушаалтны зөвхөн хуульд нийцсэн шийдвэрийг биелүүлэх, 37.1.13-т албан тушаалын тодорхойлолтод заасан зорилго, зорилт, чиг үүргийн хэрэгжилтийг хангах, 37.1.16-д Хөдөлмөрийн тухай хууль, Байгууллагын хөдөлмөрийн дотоод журамд заасны дагуу ажлын цагийг үр бүтээлтэй ашиглах гэж заасан. Б.А нь удирдлагаас өгсөн буюу Биеийн тамир, спортын улсын хорооны даргын хууль ёсны үүрэг даалгаврыг биелүүлээгүй нь Биеийн тамир. спортын улсын хорооны Төрийн захиргааны удирдлагын газрын 2023 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн хурлын тэмдэглэл, байгууллагаас гарч буй захиргааны акт, албан бичгийн төсөл зэрэг бусад баримтаас харагдана. Иймд Төрийн албаны тухай хууль, Хөдөлмөрийн дотоод журам, Зөрчил шалган тогтоосон тухай тэмдэглэл зэргийг үндэслэн 2023 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн - дугаар даргын тушаалаар сахилгын шийтгэл ногдуулж ажлаас чөлөөлсөн.

Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ Хуулийн ахлах ажлаас гарахдаа хийж байсан ажлаа надад шилжүүлж ажил хүлээлцэх акт үйлдэлгүй явсан гэсэн байна. Биеийн тамир, спортын улсын хорооны даргын “Ц.Быг түр чөлөөлөх тухай” 2023 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн Б/77 дугаар тушаалын 3 дугаар заалтаар Төрийн албаны тухай хуулийн 43.1-д заасан үндэслэлээр нэхэмжлэгчийг 14 хоногийн хугацаанд тухайн албан тушаалын чиг үүргийг хэвийн явуулахыг хариуцуулсан боловч Ажил хүлээлцэх тушаалын төсөл, ажил хүлээлцсэн акт дээр гарын үсэг зурахаас, албан хаагчийн нийтлэг үүргээ хэрэгжүүлэхээс татгалзсан байна. Ажлын хэсгийн бүрэлдэхүүн гэрчилнэ.

Хуулийн асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн, Гэрээ, эрх зүйн асуудал хариуцсан мэргэжилтний ажлын байрны тодорхойлолтод юу хариуцаж, ямар чиг үүрэгтэй ажиллахыг маш тодорхой зааж өгсөн байгаа. Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.6. харьяа дээд шатны албан тушаалтны зөвхөн хуульд нийцсэн шийдвэрийг биелүүлэх гэж заасан байдаг. Хууль нийцсэн үүрэг даалгаврыг бичгээр болон аман байдлаар өгч байсан. Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.13. албан тушаалын тодорхойлолтод заасан зорилго, зорилт, чиг Үүргийн хэрэгжилтийг хангах гэж заасан байдаг. Тухайн албан хаагч албан тушаалын тодорхойлолтоо дагаж мөрдөх үүрэгтэй, уг үүргээ зөрчсөн нь нотлогдсон болохоор халах сахилгын шийтгэл оногдуулсан. Мөн нэхэмжлэгч Б.А нь “Биеийн тамир спортын улсын хорооны хөдөлмөрийн дотоод журам”-ын 10.4.3-т зааснаар “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр нэг сард 60 минутаас дээш хугацаагаар ажлаас хоцорсон” гэсэн заалтыг зөрчиж ажлын цагаа баримталдаггүй, бүртгүүлдэггүй, үр бүтээлтэй ашигладаггүй нь цагийн бүртгэлээс харагдаж байгаа.

Түүнчлэн нэхэмжлэгч Б.Агийн туршилтын хугацаа 2023 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр дуусах байсан бөгөөд туршилтын хугацаа хэрэглэх болзол журмын дагуу сар бүр тайлан танилцуулж, туршилтын хугацаа дуусах үед сахилгын шийтгэл болон ёс зүйн хариуцлага хүлээлгээгүй бол жинхлэн томилох шийдвэр гардаг зохицуулалттай. Гэтэл Б.А дээрх ажил тасалсан болон ажлаас хоцорсон цаг нь дотоод журмын дагуу “ноцтой зөрчил” гэж үзэж сахилгын шийтгэл ногдуулах зохицуулалттай байгаа.

Мөн нэхэмжлэгчээс хавчин гадуурхаж ажлаас чөлөөлсөн гэсэн байна. Зөрчлийн шинж байдлыг хангалттай харж үзсэн. Нэхэмжлэгчид 2023.06.12-ны өдрийн Б/62 тушаалаар 11 хоног, 2023.07.17-ны өдрийн Б/68 тушаалаар 10 хоногийн цалинтай чөлөө олгож, 750.000 төгрөгийн нэг удаагийн тэтгэмж олгож байсан. Мөн ажлаас удаа дараа хоцорч, утсаа авахгүй ажил тасалсан үед нь сануулаад өнгөрч байсан.

Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.4-т “Сонсох ажиллагааг дараах арга хэлбэрээр явуулна” гээд мөн зүйлийн 27.4.3-т “биечлэн уулзах” гэж заасан байгаа тул уг заалтыг үндэслэн Б.Атай биечлэн уулзаж дээрх асуудалтай холбогдуулан сахилгын шийтгэл ногдуулах тухай захиргааны шийдвэрийн талаар 2023 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 14.40 цагт сонсох ажиллагаа хийж, сонсох ажиллагааг хүний нөөцийн асуудал хариуцсан мэргэжилтэн Б.Н хийсэн байдаг. Энэ нь шүүхэд гаргаж өгсөн сонсох ажиллагааны бичлэг болон тэмдэглэлээр нотлогдоно. Захиргаа хуульд заасан хэлбэрүүдээсээ биечлэн уулзах гэдгийг сонгож сонсох ажиллагаа хийсэн. Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1. Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 37, 39 дүгээр зүйлд заасныг зөрчсөн, албан үүргээ биелүүлээгүй болон энэ хуульд заасан бусад тохиолдолд тухайн зөрчлийн шинж байдал, түүнийг анх буюу давтан үйлдсэнийг нь харгалзан төрийн үйлчилгээний албан хаагчаас бусад албан хаагчид дараах сахилгын шийтгэлийн аль тохирохыг ногдуулна гэж заасан байдаг. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

13. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “Б.Аг халсан тушаалд 3 үндэслэлийг бичсэн байдаг. Төрийн жинхэнэ албан хаагчийн нийтлэг үүрэг буюу Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйл заалтыг үндэслэл болгосон. Мөн хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.6-т харьяа дээд шатны хуульд заасан шийдвэрийг биелүүлэх буюу Төрийн захиргаа, удирдлагын газрын даргын хурал дээр өгсөн шийдвэрийг биелүүлээгүй, 37.1.13-т албан тушаалын тодорхойлолтод заасан зорилго, зорилт, чиг үүргийн хэрэгжилтийг хангах буюу албан тушаалын тодорхойлолтод заасан 1 дүгээр зорилтын 2 дугаар заалтыг биелүүлээгүй, 37.1.16-т хөдөлмөрийн гэрээ, тухайн байгууллагын дотоод журамд заасан ажлын цагийг үр бүтээлтэй ашиглах гэсэн чиг үүргээ хэрэгжүүлээгүй.

Хурлын тэмдэглэл, чиг үүргийн дагуу хянаагүй төсөл, ажлын цаг ашиглалт зэргээр Б.Агийн алдаа зөрчлүүд нотлогдож байгаа юм. Эдгээр 3 үндэслэлийг удирдлага болгож түүнд холбогдох нотлох баримтуудыг шинжлэн судлууллаа. Төрийн албаны зөвлөлийн 2020 оны 54 дүгээр тогтоолоор туршилтын хугацаа хэрэглэх болзол, журмыг баталсан. Туршилтын хугацаанд ажиллаж буй албан хаагч сар бүр тайлангаа өгч сар бүрийн тайланд бүрэн хангалттай үнэлгээ авбал ёс зүйн зөвлөлийн дүгнэлтийг үндэслээд албан тушаалтныг жинхлэх, томилох эсвэл төрийн албанаас чөлөөлөх гэсэн шийдвэрийг гаргах зохицуулалттай байдаг. Б.А нь туршилтын 6 сарын хугацаатай томилогдож 2023 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр туршилтын хугацаа дуусгавар болох байсан. Гэтэл Б.А зорилт, чиг үүргээ хэрэгжүүлэхгүй, удирдлагын хууль ёсны шийдвэрийг биелүүлэхгүй гэдгээ удаа дараа мэдэгдсэн бөгөөд цаасан баримтаар нотлогддог.

Төрийн жинхэнэ албан хаагчийн ажлыг түр орлуулахдаа төрийн албан хаагчтай өөртэй нь тохиролцоод хугацаа заагаад түр орлуулдаг. Энэ бол түр орлох тухай асуудал биш. Сул орон тоо гарсан тохиолдолд Төрийн албаны тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1-д заасан үндэслэлээр 14 хоногийн дотор хэн нэгэн этгээд тухайн ажлыг чиг үүргийг хэвийн явуулсны дараа тэр хүнтэй зөвшилцөөд урьдчилсан мэдүүлгийг нь Авлигатай тэмцэх газарт хүргүүлээд үндсэн цалингийн 40%-ийг өгөх үү, цалингийн зөрөөг өгөх үү гэж тохирч түр орлох тушаал шийдвэр гардаг. Тушаалын 4 дэх заалтад Ц.Бын ажлыг буюу өөрийн чиг үүргийн ажлыг гүйцэтгэхийг заасан. Уг албан тушаал шүүхийн маргаантай байгаа болохоор нээлттэй сонгон шалгаруулалт зарлаж сул орон тоогоо нөхөж чадахгүй нөхцөл байдал үүсэж байна. Бид өөрсдийн албан тушаалын чиг үүрэгт хамааралгүй ч гэсэн байгууллагын эрх ашгийг төлөөлөөд шүүх хуралд оролцож байна. Тиймээс энэ асуудлыг эцэслэн шийдвэрлэж төрийн байгууллагын хэвийн үйл ажиллагааг хангаж, энэ албан тушаалын нээлттэй сонгон шалгаруулалтыг зарлах боломжийг олгож өгөхийг хүсэж байна.” гэжээ.

14. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Н шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 4-т хавчин гадуурхах, ажлаас чөлөөлсөн гэдэг үндэслэлийг авч үзсэн байна. Уг заалтад иргэн ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох, хөдөлмөрийн аятай таатай нөхцөлөөр хангуулах, цалин хөлс авах, амрах, хувийн аж ахуй эрхлэх, хэнийг ч хууль бусаар албадан хөдөлмөрлүүлэхгүй гэж заасан байдаг. Иргэн нэхэмжлэгч Б.А нь өөрийн сонголтоор Үндсэн хуульд заасан эрх үүргээ хэрэгжүүлж төрийн тусгай алба, төрийн албан хаагчийн тусгай шалгалтыг өгч томилогдсон. Төрийн тусгай албан хаагчийн тусгай шалгалтыг өгөхдөө Төрийн албаны зөвлөлийн сайтад тухайн албан тушаалын албан тушаалын тодорхойлолтыг байрлуулсныг хүлээн зөвшөөрч энэ ажлыг хийж чадна гэсэн итгэл үнэмшлийнхээ үндсэн дээр энэ албан тушаалд чадахуйн зарчим буюу мерит хамгийн өндөр авсан оноо авсан учраас уг албан тушаалд томилогдож ажилласан.

Тэгэхээр энэ нөхцөл байдлыг өөрөө хүлээн зөвшөөрөөд ажил мэргэжлээ чөлөөтэй сонгосон байна. Мөн удирдах дээд албан тушаал болох хуулийн асуудал хариуцсан ахлах мэргэжилтний албан тушаалыг удирдах дээд албан тушаал гэж заасныг хүлээн зөвшөөрч нэхэмжлэлийн шаардлагадаа дурдсан байна. Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 487 дугаар тогтоолоор төрийн захиргааны албан тушаалын ангилал, зэрэглэл, албан тушаалын жагсаалтыг шинэчлэн баталсан байдаг. Үүнд төрийн захиргааны албан тушаалын дэс түшмэлд төрийн захиргааны мэргэжилтэн буюу ахлах мэргэжилтнийг хамааруулах бөгөөд тухайн ангилалд хамаарах албан тушаалын тодорхойлолт нь Засгийн газрын үйл ажиллагааны зохих салбарын асуудлаар бодлого шийдвэрийн санал, төсөл боловсруулах, хэрэгжилт зохион байгуулах үүрэг хүлээж ажлын гүйцэтгэл үр дүнг ахлах түшмэл буюу эсвэл төсвийн шууд захирагчийн өмнө хариуцна. Ахлах түшмэлийн албан тушаалд хамаарах асуудал албан тушаал нь хэлтсийн дарга төсвийн шууд захирагч буюу агентлагийн дарга хоёрыг тодорхойлсон байдаг. ТЗ6, ТЗ7-ийн зэрэглэл нь хоёулаа гүйцэтгэх албан тушаал. Дэс түшмэлийн ангилалд хамаарах албан тушаалын тодорхойлолтыг Төрийн албаны зөвлөлийн сайтад байршуулсан.

Албан тушаалд шууд харьяалан удирдуулах албан тушаалын нэр гэдэг хэсэг нь хоосон байдаг. Тэгэхээр маргаад байгаа хуулийн асуудал хариуцсан удирдах албан тушаал нь удирдах биш, гүйцэтгэх албан тушаал юм гэсэн тодруулгыг нэмж хэлье.” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, хэргийн оролцогчид болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудад үндэслэн нэхэмжлэлийн шаардлагын бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

  1. Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.“Төрийн албан хаагч дараахь нийтлэг үүрэг хүлээнэ: ... 37.1.6.“харьяа дээд шатны албан тушаалтны зөвхөн хуульд нийцсэн шийдвэрийг биелүүлэх;”, 37.1.13.“албан тушаалын тодорхойлолтод заасан зорилго, зорилт, чиг үүргийн хэрэгжилтийг хангах;”, 48 дугаар зүйлийн 48.1.“Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 37, 39 дүгээр зүйлд заасныг зөрчсөн, албан үүргээ биелүүлээгүй болон энэ хуульд заасан бусад тохиолдолд тухайн зөрчлийн шинж байдал, түүнийг анх буюу давтан үйлдсэнийг нь харгалзан төрийн үйлчилгээний албан хаагчаас бусад албан хаагчид дараах сахилгын шийтгэлийн аль тохирохыг ногдуулна: ... 48.1.4. “төрийн албанаас халах” гэж заажээ.
  2. Биеийн тамир, спортын улсын хорооны даргын 2023 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн - дугаар тушаалаар Б.Аг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр удаа дараа ажил тасалсан, харьяа дээд шатны албан тушаалтны хуульд нийцсэн шийдвэрийг биелүүлэх, албан тушаалын тодорхойлолтод заасан зорилго, зорилт, чиг үүргийн хэрэгжилтийг хангах төрийн алба хаагчийн нийтлэг үүргээ хэрэгжүүлээгүй, хэрэгжүүлэхээс татгалзсан гэх үндэслэлээр туршилтын хугацааг 2023 оны 09 дүгээр сарын 04-ний өдрөөр тасалбар болгон төрийн албанаас халах сахилгын шийтгэл ногдуулсан нь хуульд нийцсэн гэж үзлээ.
  3. Дээрх тушаалыг гаргахын өмнө 2023 оны 08 дугаар сарын 31-ний өдөр сонсох ажиллагааг биечлэн хийж тэмдэглэл хөтөлсөн байх бөгөөд энэ нь Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.“Захиргааны шийдвэр гаргах захиргааны байгууллага эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээдийг тодорхойлно.”, 27.4.“Сонсох ажиллагааг дараах арга хэлбэрээр явуулна”:... 27.4.3.“биечлэн уулзах” гэж заасан хуульд нийцсэн байна.
  4. Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр удаа дараа жил тасалсан гэх үндэслэлийн тухайд;

4.1 Сонсох ажиллагааны явцад ажил тасалсан талаар тайлбар аваагүй боловч хэрэгт авагдсан сахилгын зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйн шалган тогтоосон тэмдэглэлд энэ талаар тусгасан байх ба нэхэмжлэгч хөдөлмөрийн дотоод журмыг зөрчсөн болох нь тогтоогдсон байна.

4.2 Тодруулбал, хэрэгт авагдсан баримтаас үзвэл 2023 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр 1 минут, мөн оны 04 дүгээр сарын 14-ний өдөр 17 минут, мөн оны 04 дүгээр сарын 19-ний өдөр 10 минут, мөн оны 04 дүгээр сарын 20-ны өдөр 3 минут, мөн оны 04 дүгээр сарын 27-ны өдөр 19 минут, мөн оны 04 дүгээр сарын 28-ны өдөр 1 минут, мөн оны 05 дугаар сарын 04-ний өдөр 1 цаг, мөн оны 05 дугаар сарын 05-ны өдөр 20 минут, мөн оны 05 дугаар сарын 08-ны өдөр 12 минут, мөн оны 05 дугаар сарын 10-ны өдөр 2 цаг, мөн оны 05 дугаар сарын 15-ны өдөр 1 цаг 08 минут, мөн оны 05 дугаар сарын 17-ны өдөр 28 минут, мөн оны 05 дугаар сарын 18-ны өдөр 01 цаг 25 минут, мөн оны 05 дугаар сарын 19-ний өдөр 01 цаг 44 минут, мөн оны 05 дугаар сарын 25-ны өдөр 23 минут, мөн оны 05 дугаар сарын 26-ны өдөр 1 минут, мөн оны 05 дугаар сарын 31-ний өдөр бүтэн өдөр тасалсан, мөн оны 06 дугаар сарын 12-16 хүртэлх хугацаанд тасалсан, мөн оны 06 дугаар сарын 19-ний өдөр 11 минут, мөн оны 06 дугаар сарын 21-ний өдөр 2 минут, мөн оны 06 дугаар сарын 28-ны өдөр 2 минут, мөн оны 06 дугаар сарын 29-ний өдөр 4 цаг 08 минут, мөн оны 07 дугаар сарын 03-ны өдөр 6 минут, мөн оны 07 дугаар сарын 04-ний өдөр 14 минут, мөн оны 07 дугаар сарын 05-ны өдөр 1 цаг 17 минут, мөн оны 07 дугаар сарын 06-ны өдөр 1 минут, мөн оны 08 дугаар сарын 07-ны өдөр 34 минут, мөн оны 08 дугаар сарын 09-ний өдөр 2 минут, мөн оны 08 дугаар сарын 10-ны өдөр 3 минут, мөн оны 08 дугаар сарын 11-ны өдөр 4 минут, мөн оны 08 дугаар сарын 14-ний өдөр 8 минут, мөн оны 08 дугаар сарын 15-ны өдөр 7 минут, мөн оны 08 дугаар сарын 17-ны өдөр 12 минут, мөн оны 08 дугаар сарын 21-ны өдөр 6 минут, мөн оны 08 дугаар сарын 25-ны өдөр 38 минут, нийт 6 өдөр, 17 цаг 73 минут хоцорсон нь “Хөдөлмөрийн дотоод журам”-ын 10.4. Дараах зөрчлийг “ноцтой зөрчил” гэж үзнэ:...10.4.3.“Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр нэг сард 60 минутаас дээш хугацаагаар ажлаас хоцорсон” гэж зааснаар “ноцтой зөрчил”-д тооцогдохоор байна.

  1. Харьяа дээд шатны албан тушаалтны хуульд нийцсэн шийдвэрийг биелүүлэх, албан тушаалын тодорхойлолтод заасан зорилго, зорилт, чиг үүргийн хэрэгжилтийг хангах төрийн албан хаагчийн нийтлэг үүргээ хэрэгжүүлээгүй, хэрэгжүүлэхээс татгалзсан гэх үндэслэлийн тухайд;

5.1. Биеийн тамир, спортын улсын хорооны даргын 2023 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн Б/77 дугаар тушаалаар Төрийн захиргааны удирдлагын газрын Хуулийн асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн Ц.Бын албан тушаалаас түр чөлөөлж, хуулийн асуудал хариуцсан ахлах мэргэжилтний албан үүргийг түр орлон гүйцэтгүүлэх тухай шийдвэр гаргах хүртэл 14 хоногийн хугацаанд албан тушаалын чиг үүргийг хэвийн явуулахыг нэхэмжлэгчид хариуцуулсан байна.

5.2. Нэхэмжлэгч нь гэрээ эрх зүйн асуудал хариуцсан хуулийн мэргэжилтэн”-ий албан тушаалын тодорхойлолтод хянах чиг үүрэг байхгүй, туршилтын хугацаагаар ажиллаж байгаа албан хаагч тул “хянах” чиг үүргийг хэрэгжүүлэх боломжгүй гэсэн үндэслэлээр ахлах мэргэжилтний албан үүргийг түр орлон гүйцэтгэхээс татгалзжээ.

5.3. Хэрэгт авагдсан “Гэрээ эрх зүйн асуудал хариуцсан хуулийн мэргэжилтэн”-ий албан тушаалын тодорхойлолтод албан тушаалын 1 дүгээр зорилтын хүрээнд “2.байгууллагаас батлан гаргаж буй эрх зүйн актуудын төслийг хянах, санал өгөх, гүйцэтгэлд хяналт тавих” чиг үүргийг “гүйцэтгэх” хэлбэрээр оролцохоор зааснаас үзвэл нэхэмжлэгч нь байгууллагаас батлан гаргаж буй эрх зүйн актуудын төслийг хянах, санал өгөх, гүйцэтгэлд хяналт тавих чиг үүргийг гүйцэтгэхээр байна.

  1. Иймд нэхэмжлэгчийг Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.6, 37.1.13-т заасан нийтлэг үүргээ зөрчсөн үндэслэлээр төрийн албанаас халах сахилгын шийтгэл оногдуулсан нь хуульд нийцсэн гэж үзэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.6, 37.1.13, 48 дугаар зүйлийн 48.1.4-д заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Агаас Биеийн тамир, спортын улсын хорооны даргад холбогдуулан гаргасан “Биеийн тамир спортын улсын хорооны даргын 2023 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн - дугаар тушаалыг хүчингүй болгуулах, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах, Нийгмийн даатгалын тайланд оруулж, нөхөж тайлагнахыг даалгах, урьд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн томилуулахыг хариуцагчид даалгах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д зааснаар нэхэмжлэгч, гуравдагч этгээд нараас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн тус бүрийн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Н.ДАМДИНСҮРЭН