Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 11 сарын 01 өдөр

Дугаар 00144

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС:

 

 

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн шүүгч Д.Ренченхорол даргалж, явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар:

            Нарийн бичгийн дарга                           Б.Ариунсанаа

 Улсын яллагч                                         Н.Дүүрэнжаргал  

             Шүүгдэгч                                                 Ч.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийв.

 

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын  прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн Ч.Бөд холбогдох 1732000000047 тоот эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

                            

Биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, Сэлэнгэ аймгийн Мандал суманд 1983 оны 03 дугаар сарын 25-ны өдөр төрсөн, 34 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Сэлэнгэ аймгийн Мандал сумын 7 дугаар баг Ахуй үйлчилгээний 04 тоотод оршин суух хаягтай, урьд өмнө нь ял шийтгүүлж байгаагүй,

 

 Халх овогт Чинбатын Б РД:/*/

 

Тодорхойлох нь:

 

Шүүгдэгч Ч.Б нь Сэлэнгэ аймгийн Мандал сумын * 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 13 цаг 30 минутын орчим иргэн Г.Гийн цээжин тус газарт нь хутгалж, нүүрэн тус газар нь өшиглөж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

 

 Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ч.Б мэдүүлэхдээ: Намайг ах, дүү хоёр жоохон доромжилсон. Өрөөл татанхай гэдэг дээр жаахан дургүй хүрсэн. Ийм зүйл хийсэн нь миний буруу гэжээ. 

 

            Мөрдөн байцаалтанд хохирогч Г.Гийн “..Намайг унтаж байгаад сэрсэн чинь шил хагарах чимээ гарахаар нь би Шаас юу болсон бэ гэж асуусан чинь Ш Б ах стенкний шил хагалчихлаа” гэж хэлсэн. Би орноос босоогүй хагас өндийсөн чинь Б гартаа хутга барьж ирээд миний цээж рүү нэг удаа хутгалсан. Би хутгатай гарыг нь барьж авч ноцолдож байгаад хутгыг нь хаяулаад хүн бараадья гэж бодоод Гын гэрээс гараад хашааны ёроолд цээжээ дараад суусан...” гэх мэдүүлэг /Хх-ийн 16-18-р хуудас/,

 

                 Мөрдөн байцаалтанд Насанд хүрээгүй гэрч Д.Шын “..Б ах манай гэрт үлдчихээд унтаж байсан Г ахыг дуудаж сэрээгээд “би танай дүү Гыг алчих уу” гэж хэлсэн, тэгсэн чинь Г ах “чи чадах уу” гэж хэлсэн. Тэгтэл Б ах ширээн дээр байсан төмс арилгадаг улбар шар өнгөтэй хуванцар иштэй хутгаар Г ахын цээжинд нэг удаа хутгалсан. Г ах Б ахад за наад хутга чинь орчихлоо шүү дээ больё” гэж хэлсэн..” гэх мэдүүлэг /хх-ийн 20-р хуудас/

 

                 Мөрдөн байцаалтанд Гэрч Ч.Оний “...10 минутын дараа Ш хүү дахиж манай гэрт орж ирээд Б ах Г ахыг хутгалчихлаа гэж хэлэхээр нь би шууд Цагдаагийн хэлтэсрүү дуудлага өгсөн ..гэрээсээ гараад харсан чинь Г манай гэрийн үүдэнд хашааны ёроолд цээжээ гараараа дараад “эгчээ дүүг нь Б хутгалчихлаа шүү дээ” гэж хэлсэн..” гэх мэдүүлэг /хх-ийн 21-22-р хуудас/

 

                 Шүүх үзлэг хийсэн акт №224 дугаартай дүгнэлтэнд  “...Гийн биед цээж урууланд шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл хурц ир үзүүртэй болон хатуу мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна..” гэх /хх- ийн 28-р хуудас/

 

                  Шүүгдэгч Ч.Бийн хувийн байдлыг тогтоосон баримт иргэний үнэмлэхний хуулбар /ХХ-ийн 34-р хуудас/, оршин суугаа газрын тодорхойлолт /хх-ийн 33-р хуудас/, ял шалгах  хуудас /ХХ-ийн 35-р хуудас/ зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар:        

           

Шүүгдэгч Ч.Б нь Сэлэнгэ аймгийн Мандал сумын * 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 13 цаг 30 минутын орчим иргэн Г.Гийн цээжин тус газарт нь хутгалж, нүүрэн тус газар нь өшиглөж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь нотлогдон тогтоогдож байна.

           

             Хохирогч Г.Гийн биед цээж урууланд шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл хурц ир үзүүртэй болон хатуу мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн гэмтэл учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг хангаж байх тул гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

 

            Шүүгдэгч Ч.Б анх удаа хөнгөн гэмт хэргийг үйлдсэн, нэхэмжлэх зүйлгүй тул Ч.Бөд холбогдох Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар торгох ял шийтгэх, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, Ч.Б өмнө авсан хувийн баталгаа авах тухай таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээх, зэргийг шүүхийн шийтгэх тогтоолд тусгах нь зүйтэй байна.

        

Монгол улсын Шүүхийн  тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

        1.Шүүгдэгч Халх овогт Чинбатын Бийн хүний эрүүл, мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

        2. Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Халх овогт Чинбатын Бийг дөрвөн зуун тавин /450/ нэгж буюу 450000 төгрөгөөр  торгосугай.   

 

        3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Ч.Б нь  торгууль 450000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгийг 6 сарын хугацаанд төлж биелүүлэхийг даалгаж энэ хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын 15000 төгрөгтэй тэнцэх хэмжээг нэг хоногийн хорих ялаар тооцож солихыг мэдэгдсүгэй.  

 

        4.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, Ч.Б нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүйг дурьдсугай.

 

5. Ч.Бөд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээсүгэй.

 

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүхийн тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.  

      

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар гомдол эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан, хүргүүлсэнээс өдрөөс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурьдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                Д.РЕНЧЕНХОРОЛ