Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 05 сарын 14 өдөр

Дугаар 181/ШШ2024/01960

 

 

 

 

 

 

 

 

 

2024 05 14

181/ШШ2024/01960

 

 

Зохигчийн эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Түмэнцэцэг би:

Нэхэмжлэгч: Сонгинохайхан дүүрэг ***** дугаар хороо, **** дүгээр хороолол, үйлдвэрчний эвлэл, 53/2 тоотод оршин байрлах ******* ХХК /РД:******/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, ****дугаар хороо, Ойчдын ***, **** тоот хаягт оршин байрлах ******* ХХК /РД:*****/-д холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 5,400,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

2023 оны 05 сарын 08-ны өдөр ******* ХХК нь ******* ХХК-ийн хүсэлтээр бүтээгдэхүүн нийлүүлэхээр болж, тухайн бүтээгдэхүүний үнийн саналыг мэйлээр хүргүүлэн, 2023 оны 05 дугаар сарын 16-ны өдөр сайн дурын үндсэн дээр, харилцан тохиролцож MLK-SAL-23/52 тоот дугаартай Бараа бүтээгдэхүүн худалдах худалдан авах гэрээ байгуулсан.

Милко Трейд ХХК-иас 2023 оны 05 сарын 26-ны өдөр эхний захиалга болох 5,500,000 төгрөгийн үнэ бүхий 500 кг (нэгж үнэ 11,000 төгрөг) Стар кофены сүүг чанар, стандартын шаардлага хангасан доголдолгүй бүгээгдэхүүнийг нийлүүлсэн. Бүтээгдэхүүн нийлүүлэх үед тухайн нийлүүлж буй бүтээгдэхүүний түүхий эд өссөнтэй холбоотой кг тутам 13,125 төгрөг болж борлуулалтын системд бүртгэгдсэн тул бүтээгдэхүүн хүлээлцсэн баримт дээр нэмэгдүүлсэн үнээр хэвлэгдэн, санхүүгийн баримт гарсан байсан. Хариуцагчийн зүгээс анх тохирсон үнээс илүү дүнгээр санхүүгийн баримт үйлдэгдсэн тул бүтээгдэхүүний үнийг төлөхөөс татгалзсан бөгөөд манай компани зүгээс нийлүүлэх үед системийн шинэчлэгдсэн үнээр баримт үйлдэгдсэн гэдгийг хэлж, анх илгээсэн үнийн санал мөрдөнө гэж хариу хүргүүлсэн боловч уг төлбөрийг төлөлгүй 6 cap өнгөрсөн.

Бид уг төлбөр тооцооны асуудлыг шийдвэрлэхээр хариуцагч талын гүйцэтгэх захирал Г.Ганбаяртай 2023 оны 12 сарын 19-ны өдөр уулзалт хийсэн. Уг уулзалтаар ******* ХХК-ийн гүйцэтгэх захирал зүгээс үүссэн төлбөрийг багасгах боломжтой эсэх, цаашдын хамтын ажиллагааны талаар ярилцсан бөгөөд холбогдох тооцоолол хийж эргэн холбогдохоор тохирсон. Нэхэмжлэгчийн зүгээс 2024 оны 01 сарын 18-ны өдөр хүсэлтийн хариуг албан ёсоор хүргүүлсэн. Гэвч хариуцагчийн зүгээс тухайн хариуг хүлээн авсан боловч хариу өгөөгүй, утсаа аваагүй, төлбөр тооцоог огт төлж дуусгаагүй байна.

Иймд талуудын хооронд байгуулсан ********** тоот гэрээний дагуу нийлүүлсэн бүтээгдэхүүн үнэ болох 5,400,000 төгрөгийг ******* ХХК-иас гаргуулж манай компанийг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Содон фүүдс ХХК-ийн захирал *******хариу тайлбартаа: Содон фүүдс ХХК нь 2017 оны 2-р сард үүсгэн байгуулагдсан бөгөөд импортийг орлох, экспортыг нэмэгдүүлэх зорилгоор Солонгос хүнсний техник технологи, НОУ-ХАУ-г авч Монгол улсдаа 30 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэн Монгол улсын зах зээлд төдийгүй БНХАУ руу экспортлож байна.

Бид нэхэмжлэл гаргагч ******* ХХК-аас үйлдвэрлэж буй кофе, цай, сүүн бүтээгдэхүүнд хийх зориулалттай GMM-26 сүүн бус цөцгий буюу NON DAIRY CREAMER бүтээгдэхүүнийг өөрийн үйлдвэрлэж байгаа Содон Латте, Содон капучино бүтээгдэхүүндээ ашиглаж болох талаар технологийн туршилт хийх зорилгоор тус компанийн Содон март дэлгүүрээс 1кг-ийг 8,400 төгрөг буюу 20кг-ийн шуудайтай 168,000 төгрөгөөр худалдан авч байсан.

Тухайн бүтээгдэхүүнийг технологийн туршилтанд оруулах үед манай үйлдвэрлэлд таарахгүй байсан тул 2023 оны 3-р сарын 9-ний өдөр 03/13 дугаартай бүтээгдэхүүний талаар санал гаргах тухай албан бичиг илгээн тус компанийн захирал х.Мөнхцэцэгтэй уулзалт хийсэн юм.

Уулзалтын үер бид манай технологит тохируулан үйлдвэрлэх өгөх боломжтой эсэх болон үйлдвэрлэн борлуулж буй ижил төрлийн бүтээгдэхүүн нь манай импортоор авч байгаа бүтээгдэхүүнтэй ойролцоо үнэтэй байгаа тул манайд дээж өгч хамтран ажиллахаар ярилцсан.

Уулзалтын дагуу Милко ХХК-ний технологич х.Цэрэнбадам-аас 4 төрлийн дээж өгч бид 2023 оны 3-р сарын 20-ны өдөр технологийн туршилт хийсэний дагуу STAR COFFEE sample гэсэн дээж нь тохирч байсан тул бид утсаар мэдэгдэж хамтран ажиллах гэрээ байгуулахаар болсон.

Сектор менежер Б.Үүрийнтуяа нь 2023 оны 5-р сарын 8-ны өдөр гэрээний драфт болон үнийн мэдээлэл ирүүлсэн. Имэйлээр гэрээний драфт болон үнийн мэдээлэл ирсэн даруй бид утсаар холбогдож манай компанийн хүсэлт нь GMM-26 бүтээгдэхүүнтэй адил 20кг-ийн шуудайтай бөгөөд ирүүлсэн үнийн санал нь жижиглэн худалдааны ахуйн хэрэглээний савалгаатай бүтээгдэхүүний үнийн санал болохыг мэдэгдсэн. Утсаар ярьсаны дагуу сектор менежер Б.Үүрийнтуяа нь дахин гэрээний загвар болон үнийн санал илгээхээр тохирч 2023 оны 5-р сарын 16-ны өдөр дахин гэрээний загвар ирсэн боловч үнийн саналыг ирүүлээгүй. Бид захиралын түвшинд болон сектор менежерийн түвшинд олон удаа ярилцсан учир гэрээг баталгаажуулан эхний худалдан авалтыг эхлүүлсэн бөгөөд нийлүүлэх үнийг үйлдвэрлэлийн зориулалтгай 20кг шуудайтай бүтээгдэхүүнтэй ижил үнэтэй гэж тооцсон.

Харамсалтай нь эхний захиалгыг манай үйлдвэрт нийлүүлэх үедээ түгээлтийн ажилтан нь 13,125 төг/кг-аар тооцож хүлээлгэн өгсөн байсан тул даруй миний бие *******нь сектор менежертэй холбогдох үед Б.Үүрийнтуяа нь хэдэн төгрөгний үнэтэйгээр нийлүүлсэнийг мэдээгүйгээ хэлсэн бөгөөд яагаад тийм үнэтэй нийлүүлсэн болохоор тодруулан эхний тайлбар хэлэх үедээ эдийн засагч нь байхгүйгээс өөр эдийн засагч буруу тооцсон бөгөөд алдаа залруулах талаар мэдэгдэж хүлээлт үүссэн.

Тодорхой хугацааны дараа түүхий эдийн үнийн өсөлт болон тээврийн үнийн өсөлтөөс шалтгаалан үнэ нэмэгдэлтэй тооцсоныг мэдэгдсэн хэдийч тус компанийн бүтээгдэхүүнүүдийн үнэд ямарч өөрчлөлт ороогүй нь Содон март дэлгүүр болон худалдааны төлөөлөгч нарын бусад харилцагч нартаа нийлүүлж байгаа үнээр батлагдаж байсан.

Иймд манай компанийн зүгээс тухайн гаргасан үнийн тооцоолол болон шийдвэрийг дахин харахыг хүсэж, Борлуулалт хариуцсан ахлах менежер, гүйцэтгэх захирал нартай уулзалтууд хийсний үндсэн дээр тухай үндэслэлгүй үнийг бууруулан жижиглэн савалгаатай үнэ болох 11,000 төг/кг-ийн санал болгосон.

Бид хамтран ажиллах хүсэлт гаргасан болон бүтээгдэхүүн хүлээн авсаны дараа ч гэсэн БНХАУ- ын Shandong tianjing biotech CO.,LTD компаниас Улаанбаатар нөхцлөөр 2.135 USD буюу Хоёр доллар 134 центээр худалдан авч байсан бөгөөд (Монгол банкнаас зарласан валютын ханш 1 АНУ доллар 3,450 төргөг байсан бөгөөд 2.135 АНУ доллар * 3,450 төгрөг = 7,365.75) Гааль болон НӨАТ тооцсон дүнгээр 8,507.44 төгрөг/кг-аар мөн 2024 оны 2-р сард 8,350 төгрөгөөр авч байна.

Манай зүгээс тухайн авсан 500кг бүтээгдэхүүний төлбөрийг үйлдвэрлэлд зориулсан савалгаатай бүтээгдэхүүний үнээр 8,400 төгрөг/кг-аар буюу нийт 4,200,000 төгрөгөөр тооцож тухайн төлбөрийг төлөх хүсэлтэй байгаа тул бидний хооронд үүсээд байгаа маргаантай нөхцөл байдлыг шийдвэрлэн өгнө үү гэжээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч ******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Оюунтунгалаг, хариуцагч Содон фүүдс ХХК-ийн гүйцэтгэх захирал *******нар шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ:

Энэхүү Эвлэрлийн гэрээ-г /цаашид Гэрээ гэх/ Монгол Улсын Иргэний хуулийн нийтлэг үндэслэл, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийг үндэслэл болгон:

Нэг талаас Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, 18-р хороо, 21-р хороолол, үйлдвэрчний эвлэл, 53/2 тоот хаягт байрлах ******* ХХК /РД:5284201/ түүнийг төлөөлж Хуульч Г.Оюунтунгалаг (цаашид нэхэмжлэгч гэх),

Нөгөө талаас Улаанбаатар, Сүхбаатар дүүрэг, 16-р хороо, Ойчдын 1, 26 тоотод байрлах ******* ХХК-ийн гүйцэтгэх захирал албан тушаалтай *******(цаашид хариуцагч гэх) нар харилцан тохиролцож дор дурдсан нөхцөлөөр гэрээ байгуулав.

Нэг. Ерөнхий зүйл

1.1.Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч ******* ХХК-д холбогдуулан MLK-SAL-23/52 тоот Бараа, бүтээгдэхүүн худалдах, худалдан авах гэрээ-ний дагуу 5,400,000 /таван сая дөрвөн зуун мянга/ төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан.

1.2.Талууд уг иргэний хэргийг энэхүү гэрээний 2 дугаар зүйл болон 3 дугаар зүйлд заасан нөхцөлөөр эвлэрэн, хэргийг хялбаршуулсан журмаар хэлэлцэхээр тохиролцов.

Хоёр. Эвлэрлийн нөхцөл

2.1.Нэхэмжлэгч тал уг гэрээний 1.1 дүгээр зүйлд заасан шаардлага болох MLK-SAL-23/52 тоот Бараа, бүтээгдэхүүн худалдах, худалдан авах гэрээ-ний дагуу үүссэн төлбөрөөс 1,200,000 /нэг сая хоёр зуун мянган/ төгрөгөө татгалзаж, хариуцагч үлдэгдэл төлбөр болох 4,200,000 /дөрвөн сая хоёр зуун мянга/ төгрөгийг доор хүснэгтэд заасан хуваарийн дагуу 2 хувааж нэхэмжлэгч талд төлөхөөр харилцан тохиролцов.

Төлөлт хийх огноо

Төлөлт хийх дүн

1

2024 оны 05 сарын 25-ны өдөр

2,100,000 /хоёр сая нэг зуун мянга/ төгрөг

2

2024 оны 06 сарын 25-ны өдөр

2,100,000 /хоёр сая нэг зуун мянга/ төгрөг

Гурав. Тздуудыа үүрзг

3.1.Хариуцагч тал энэхүү гэрээний 2.1-т заасан төлөлтийг нэхэмжлэгч талын ХААН банкны 5020624509 тоот дансанд шилжүүлнэ.

3.2.Дээрх тохиролцооны дагуу талууд эвлэрснээр тухайн асуудлаар шүүхэд дахин нэхэмжлэл гаргахгүй.

3.3.Хариуцагч төлбөр төлөх графикийг зөрчсөн тохиолдолд нэхэмжлэгч шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэхээр шүүхэд хүсэлт гаргана.

Дөрөв. Бусад зүйл

4.1.Гэрээ хүчин төгөлдөр болох: Гэрээнд талууд гарын үсгээ зурснаар хүчин төгөлдөр болно.

4.2.Энэхүү гэрээг 3 хувь үйлдэх бөгөөд тус бүр хууль зүйн адил хүчинтэй байна. Гэрээний 1 эх хувь шүүхэд, талууд тус бүр нэг хувийг хувь үйлдэж хадгалагдана гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч ******* ХХК-д холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 5,400,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаан явцад нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардагын 1,200,000 төгрөгөөс татгалзаж, хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 4,200,000 төгрөгийг 2024 оны 05 дугаар сарын 25-ны өдөр 2,100,000 төгрөг, 2024 оны 06 дугаар сарын 25-ны өдөр 2,100,000 төгрөгөөр төлж барагдуулахаар харилцан тохиролцож, байгуулсан эвлэрлийн гэрээг шүүхэд ирүүлсэн байна.

Зохигч талуудын дээрх эвлэрэл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Нэхэмжлэгч ******* ХХК нь 5,400,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардагын 1,200,000 төгрөгөөс татгалзаж, хариуцагч ******* ХХК нь нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 4,200,000 төгрөгийг 2024 оны 05 дугаар сарын 25-ны өдөр 2,100,000 төгрөг, 2024 оны 06 дугаар сарын 25-ны өдөр 2,100,000 төгрөгөөр төлж барагдуулахаар харилцан тохиролцсон зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 101,350 төгрөгийг улсын орлого болгож, 50,675 төгрөгийг улсын орлогоос, хариуцагч ******* ХХК-аас 50,675 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч ******* ХХК-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү шийдвэрийг хариуцагч ******* ХХК нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ                                  Б.ТҮМЭНЦЭЦЭГ