| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Байгалмаа |
| Хэргийн индекс | 162/2017/0088/Э |
| Дугаар | 2017/ШЦТ/179 |
| Огноо | 2017-10-04 |
| Зүйл хэсэг | 099.1., |
| Улсын яллагч | Д.Эрдэнэсоёл |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2017 оны 10 сарын 04 өдөр
Дугаар 2017/ШЦТ/179
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Байгалмаа даргалж, Улсын яллагч: Д.Эрдэнэсоёл Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Соёлмаа Хохирогч С.Энхболд, түүний өмгөөлөгч П.Өлзийбаяр Шүүгдэгч В.Сүхбаатар, түүний өмгөөлөгч Д.Мэндээ нарыг оролцуулан тус шүүхийн хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-т зааснаар яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн В.Сүхбаатарт холбогдох эрүүгийн 201705000113 тоот хэргийг 2017 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт
Шүүгдэгч Монгол улсын иргэн, Боржигон овогт Ванчиндоогийн Сүхбаатар, /ВЖ92010331/ Үйлдсэн хэргийн талаар Шүүгдэгч В.Сүхбаатар нь Баянхонгор аймгийн Баацагаан сумын 1 дүгээр багийн нутаг “Шар булгийн хаяа” гэх газар 2017 оны 03 дугаар сарын 07-ны шөнө 04 цагийн орчимд С.Энхболдтой хувийн таарамжгүй байдлаас марган зодож бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллагдагчаар татах тогтоолд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд
Шүүгдэгч В.Сүхбаатарын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн 2 2017 оны 3 дугаар сарын 03-ны өдөр 23 цагийн үед унтах гээд байж байтал манай төрсөн ах Цэрэндорж надруу утсаар ярьж Энхболд, Гандалай нар ахыг нь зодчихлоо гэхээр нь би бэр эгчтэйгээ ярьж ах согтуу байх шиг байна унтуулаарай гэж хэлчихээд 3 дугаар сарын 06-ны өдөр адуугаа харангаа ахындаа очсон. С.Энхболдынд очоод яасан гэж манай ахыг зодож байгаа юм бэ, тийм сүрхий хүн зоддог юм бол намайг зодоотох гэхэд би зодоогүй Гандалай зодсон гэж хэлсэн. Гандалай дээр очоод асуухад би зодоогүй С.Энхболд тэр хоёр зодолдоод би салгасан гэж хэлсэн. Би С.Энхболд, Гандалай хоёрыг дагуулаад ахынд очиж бие биенээсээ уучлалт гуйцгаасан. Бид нар юм яриад сууж байсан чинь С.Энхболд манай буусан газар ерөөсөө тохирохгүй байх шиг байна, би архи уухаараа орилж чарлаад, онцгүй авир гаргаад байдаг болж, хүүхдийн бие ч өвдөөд уйлагнаад байх юм гэхээр нь тэгвэл миний найз буудлаа солиод худгийн урд талын Далай ахын буудал дээр буучихгүй юу даа гэхэд миний буудал та нарт ямар гай болсон юм пизданууд минь гээд орилоод босоод ирэхээр нь чиний төлөө хэлж байгаа юм бишүү гээд намайг босоод ирэхэд бэр эгч намайг холдуулж гэрээс гаргасан. Гараад байж байтал өмнөөс гараад ирэхээр нь би нүүрэнд нь нэг цохисон гэв.
Шүүгдэгч В.Сүхбаатар хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн ... Би 2017 оны 03 дугаар сарын 04-ны орой сумын төв дээрх гэртээ байхад манай төрсөн ах В.Цэрэндорж залгаад С.Энхболд, Т.Гандалай хоёр авгайтайгаа нийлээд зодчихлоо гээд согтуу байгаа бололтой уйлаад ярьсан. Тэгээд би 2017 оны 03 дугаар сарын 06-ны өдөр урд голруу адуунд явах санаатай сумын төвд явж байсан чинь 5-р багийн Д.Бат-Оргил гэдэг найзтайгаа таараад хоёулаа урд голруу адуунд явчихаад ирье гэсэн чинь тэгье гээд бид хоёр миний мотоцикльтой сундлаад урд голруу явсан. Адуугаа хайж явсаар ололгүй 1-р багийн “Товгор сайр” гэдэг газар нутагладаг н.Доржсэмбээ гэдэг найзындаа очиж адуугаа сурагласан тэгсэн тэднийх цагаан сараар ирээгүй гээд нэг шил 0.5 литрийн Ерөөл нэртэй архи гаргаж өгсөн, ...С.Энхболдынд орохоор болоод гэрийнх нь үүдэнд тулж очоод тоормос гишгэсэн чинь сайн бариагүй мотоциклийнхоо өвдгөвчөөр гэрийнх нь хаалгыг мөргөөд зогссон,... гэрт нь ороод С.Энхболдод хандаад чи яахаар хүн зоддог юм чи тийм сүрхий хүн зоддог бол одоо намайг зодоодох гэхэд С.Энхболд би зодоо хийгээгүй Т.Гандалай тэр хоер зодоо хийсэн би салгасан гэж хэлсэн. Тэгээд С.Энхболд, Т.Гандалай бид гурав В.Цэрэндорж ахынд очоод С.Энхболд, Т.Гандалай хоёр ахаас уучлалт гуйгаад эвлэрсэн, бид нар хоорондоо зүгээр яриад сууж байсан чинь С.Энхболд би ламд үзүүлсэн чинь газар таарахгүй байна хүүхэд өвчин ороогоод, миний ааш занч эвдэрээд, архи ч ууж чадахаа байлаа гэж хэлсэн учир нь тэр хаваржаан дээр хүн нас барсан гэж яригддаг байсан. Тэгэхээр нь би С.Энхболдод миний найз буудлаа солиод буучихгүй юу урд далангийнхаа өвөрт юм уу Далай ахын буудал дээр буучихгүй юу гэж хэлсэн чинь С.Энхболд уурлаад манай буудал та нарт ямар гай болсон юм гэсэн тэгэхээр нь би чиний төлөө хэлж байгаа юм бишүү гэж хэлээд босоод цохих гэсэн чинь манай бэр эгч больцгоо бурханы өмнө зодоо хийх гэлээ гарцгаа гэээд намайг түлхээд гаргасан тэгсэн С.Энхболд гараад ирэхээр нь С.Энхболдыг цохисон. Харанхуй байсан учраас хаана нь цохисоныг нь хараагүй ямар ч байсан нүүрэнд нь цохисон...гэх мэдүүлэг /хх-ийн 68-69/ Хохирогч С.Энхболдын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн 2017 оны 3 дугаар сарын 06-07-нд шилжих шөнө В.Сүхбаатар манайд ирж, чи манай ахыг зодсон байна намайг зодоотох гэхээр нь би зодоогүй гэхэд Гандалайг дагуулж ирж нүүрэлдүүлнэ гээд Цэрэндоржийнд очсон. Очоод би чамайг зодоогүй биздээ гэхэд тэр яах вэ эр хүмүүс учраас олъё гэсэн. Тэгтэл В.Сүхбаатар чи буудал 3 дээрээсээ нүү нүүхгүй бол чамд нэг юм болно гээд байхаар нь одоохондоо надад болсон юм алга байж л байя гэсэн чинь гэрт намайг цохиж авсан. Би гэрт нь цусаа гойжуулахгүй гээд гэрээс гартал гадаа дахиад 2-3 удаа цохисон. Гэрт орилж чарласан гэдэг нь худлаа би орилж чарлаагүй гэв.
Хохирогч С.Энхболдын хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн ...Би 2017 оны 03 дугаар сарын 07-ны шөнө 04 цагийн үед гэртээ унтаж байхад мотоцикльтой хүн ирээд манай хаалгыг мөргөөд зогссон. Тэгсэн гаднаас В.Сүхбаатар нэг танихгүй залуутай хамт согтуу орж ирээд шууд намайг чи босоод ир намайг зодоодох намайг зодчих юм бол би чамайг бурхан дээрээ аваачаад шүтчихье чи яасан их хүн зоддог юм гээд дайрсан. Тэгэхээр нь би зодоогүй Т.Гандалай тэр хоёрыг маргаж хэрэлдээд байхаар нь би салгаж явуулсан гэж хэлэхэд чамайг зодсон гэсэн гээд хэрүүл нэхээд байсан. Тэгснээ архи байна уу гэхээр нь манай эхнэр 0.33 литрийн архи гаргаж өгсөн тэрнийг уусан. Тэгээд саахалт айлын Т.Гандалайг дуудсан удаагүй ороод ирсэн чинь В.Сүхбаатар хамт явъя В.Цэрэндорж /Онхоон/ ахынд очиж нүүрэлдэнэ гэхээр нь тэгье гээд В.Сүхбаатар, Т.Гандалай бид 3 хамт мотоцикльтой нь В.Цэрэндоржийнд /Онхооныд / очсон. В.Цэрэндоржийнд /Онхоон/ ороод би чамайг зодоогүй биздээ гэхэд В.Цэрэндорж /Онхоон/ за тэр яахав эр хүмүүсийн хооронд байдаг асуудал наашаа суу гэж хэлсэн. Уучлалт гуйгаад ойр зуурын юм яриад байж байснаа В.Сүхбаатар намайг танайх одоо байгаа хаваржаан дээрээсээ нүүхгүй бол нэг юм болно доо танайх одоо нүүгээд урд далан руу нүү гэж хэлсэн. Надад одоохондоо буруудсан зүйл байхгүй л байна, яахав байж л байя, миний хаана байх нь та нарт ямар хамаа байхав гэж хэлсэн. В.Сүхбаатар гараад явсанаа буцаж орж ирээд шууд нүүрлүү гараараа цохисон. Би нүүрээ дараад гэрээс гарсан миний хамарнаас цус гарсан тэгээд хамраа дараад тонгойсон чинь В.Сүхбаатар араас гарч ирээд яахаараа хамаагүй байдаг юм гээд миний нүүрлүү дахиад гараараа 2-3 удаа цохисон. Би гэрлүүгээ явлаа гээд алхах гэсэн чинь В.Сүхбаатар би чамд муу юм санаж хэлээгүй шүү гэрт орж цусаа угаа гэсэн би гэрт нь орж цусыг угаачихаад үүдэн шүд хөндүүрлээд байхаар нь бариад үзсэн чинь дээд үүдэн 2 шүд хөдөлчихсөн байсан. В.Сүхбаатар намайг хүргэж өгнө гээд мотоцикльдоо сундлаад явсан тэгсэн манайхаас хойш байдаг Тука гэдэг айлд очоод В.Сүхбаатар унтаад өгөхөөр нь би Тукыг гуйгаад саахалт айлдаа хүргүүлсэн. Өглөө 08 цагийн үед гэртээ ирээд толинд харсан чинь миний хацар, уруул, ам хавдчихсан байсан. Тэгээд халуураад бие өвдөөд хэвтээд өгсөн манай эхнэр аймагруу эгчрүү залгаж хэлсэн удаагүй аймгаас манай эгч ирээд намайг аймаг авч явсан... гэх мэдүүлэг / хх-ийн 27-29/ Гэрч Д.Бат-Оргилын хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн ... Би 2017 оны 03 дугаар сарын 06-ны өдөр хөдөө гэрээсээ Баацагаан сумын төв орсон. Тэгээд найз В.Сүхбаатартай таараад хамт адуунд яваадахъя гээд мотоцикльтой нь сундлаад сумаас ургаш адуунд нь 17 цагийн үед явсан. Адуугаа хайж яваад олоогүй тэгсэн В.Сүхбаатар манай найзынх байгаа юм гээд нэг айлд орсон. Тэгсэн тэр айл нэг шил архи гаргаж ирсэн түүнийг нь бид хоёр хувааж уучихаад тэндээс гараад В.Сүхбаатар манай ах В.Цэрэндоржийнд /Онхоон/ очъё гээд ахынд нь очсон чинь унтчихсан байсан. В.Сүхбаатар нь ах В.Цэрэндоржийнд /Онхоон/ сууж байгаад С.Энхболдынд очъё гэсэн тэгэхээр нь би тэгье гээд хамт дагаад явсан. Тэгсэн замдаа энэ С.Энхболд манай ах В.Цэрэндоржийг /Онхоон/ согтуу байхад нь зодсон байна гэж ярьсан. Холгүй нэрийг нь мэдэхгүй нэг хаваржаан дээр очсон тэгэхдээ зогсох гэж байгаад В.Сүхбаатар мотоциклийнхоо өвдгөвчөөр гэрийнх нь хаалгыг мөргөчихсөн тэгээд гэрт нь орсон гэрийн хүмүүс унтаж байсан. Тэгсэн В.Сүхбаатар гэрийнх нь эзнийг сэрээгээд чи яахаараа манай ахыг зоддог юм намайг зодчих гээд 4 маргасан. Нөгөө хүн нь би зодоогүй гээд байсан. В.Сүхбаатар С.Энхболд, н.Гандалай хоёрыг хамт В.Цэрэндоржийнд / Онхоон/ ахынд очиж нүүрэлдэнэ гэж ярилцаж байсан. Нэг мэдсэн чинь өглөө болчихсон би Т.Гандалай гэдэг айлд унтаж байсан 08 цагийн үед В.Сүхбаатар, С.Энхболд, Т.Гандалай гурав согтуу ирсэн тэгээд хоорондоо зодоо хийсэн талаар яриад байсан... гэх мэдүүлэг / хх-ийн 32-33/
Гэрч В.Цэрэндоржийн хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн ...Би 2017 оны 03 дугаар сарын 07-ны шөнө Баацагаан сумын 1-р багийн нутаг “Нүхтийн далан” гэх газар байх гэртээ унтаж байхад 04 цагийн үед манайд миний төрсөн дүү В.Сүхбаатар, С.Энхболд, тэднийхтэй саахалт айлын Т.Гандалай гурав ирсэн. Гурвуулаа архи уучихсан халамцуудуу явж байсан. Би урд нь 2017 оны 03 дугаар сарын 03-04-нд шилжих шөнө С.Энхболд гэдэг айлд архи ууж байгаад маргалдаж С.Энхболд түүний эхнэр, Т.Гандалай, түүний эхнэр нарт зодуулаад миний нүүр ам хавдаад тэр тухайгаа дүү В.Сүхбаатарт хэлчихсэн байсан юм. Тэгсэн В.Сүхбаатар, С.Энхболд Т.Гандалай хоёрыг та хоёрын хэн нь манай ахыг зодсон юм гэхээр нь би хэрүүлийн нэмэр гэж бодоод дуугүй өнгөрсөн юмыг ярьж яах гээд байгаа гэхэд В.Сүхбаатар тэгвэл нэг дорын хүмүүс байж бие биенээсээ уучлалт гуйчихгүй яасан гэхэд Т.Гандалай эхлээд С.Энхболд зодсон гэж хэлээд надаас уучлаарай гээд уучлалт гуйсан тэгээд эвлэрцэгээсэн. Ойр зуурын юм яриад сууж байтал С.Энхболд би ер нь архи ч ууж чадахаа байлаа ламд үзүүлсэн чинь танай буудал чинь таарахгүй байна гэсэн миний зан ааш ч эвдрээд байна гэсэн. Тэгсэн манай дүү В.Сүхбаатар тэгвэл нүүгээд Далай ахын буудал юм уу урд Даланруугаа ороод буучихгүй гэсэн чинь С.Энхболд миний буудал та нарт ямар гай болсон юм гээд босоод ирсэн. Манай дүү В.Сүхбаатар чиний төлөө хэлж байна гээд гараа далайгаад С.Энхболдыг цохих гэхээр нь манай эхнэр та нар бурханы өмнө зодоо хийх гэлээ гэж хэлээд гарцгаа гээд В.Сүхбаатарыг түлхээд гэрээс гаргасан. Араас нь С.Энхболд гараад явсан тэр гурвын араас Т.Гандалай бид хоёр хамт гарахад В.Сүхбаатар манай эхнэрийн дээгүүр гараараа С.Энхболдын нүүрэн тус газар нь нэг удаа цохисон. С.Энхболдын хамраас цус гарчихсан байхаар нь би гэрт орж цусаа угаа гээд С.Энхболдыг гэрлүүгээ дагуулаад орсон. В. Сүхбаатар орж ирээд уучлалт гуйгаад тэд нар хоорондоо эвлэрсэн удаагүй үүр цайгаад өглөө болсон тэд нар мотоцикльтой явцгаасан... гэх мэдүүлэг / хх-ийн 34-35/ Гэрч Б.Ундрах мөрдөн байцалтын шатанд өгсөн ... Би 2017 оны 03 дугаар сарын 07-ны шөнө Баацагаан сумын 1-р багийн нутаг “Нүхтийн далан” гэх газар байх гэртээ нөхрийн хамт унтаж байсан чинь 04 цагийн үед манай нөхрийн төрсөн дүү В.Сүхбаатар, С.Энхболд, Т.Гандалай гурав мотоцикльтой ирсэн ба гурвуулаа архи уучихсан согтуу байсан. ... С.Энхболд ламд үзүүлсэн чинь буудал чинь таарахгүй байна гэсэн миний зан ааш ч эвдрээд, архи ч ууж чадахаа байлаа гэж хэлэхэд В.Сүхбаатар тэгвэл нүүгээд Далай ахын буудал юм уу урд Даланруугаа ороод буучихгүй гэсэн чинь С.Энхболд миний буудал та нарт ямар гай болсон юм гээд босоод ирсэн В.Сүхбаатар гараа далайгаад чиний төлөө хэлж байгаа юм бишүү гээд босоод ирэхээр нь би зодоо хийх нь гэж бодоод В.Сүхбаатарын урдуур ороод та нар бурханы өмнө зодоо хийх гэлээ гарцгаа гээд В.Сүхбаатарыг түлхээд гэрээс гаргасан тэгсэн чинь араас С.Энхболд гараад ирсэн чинь В.Сүхбаатар миний дээгүүр гараараа С.Энхболдын нүүрэн тус газар нь нэг удаа цохисон тэгсэн манай нөхөр больцгоо гээд салгасан. С.Энхболдын хамраас цус гарсан, мөн үүдэн хоёр шүд хөдөлчихсөн байна нэг нь ч яахав алтан дээр хөдөлгөчихсөн юм нэг шүдийг нь сая хөдөлгөчихлөө гэж байсан бид нар шүдийг нь үзээгүй... гэх мэдүүлэг /хх-ийн 36-37/
Гэрч Т.Гандалайгийн хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн ...С.Энхболд В.Сүхбаатарт цохиулсаны дараа хамраас нь цус гарчихсан, дээд уруул нь хэгзэрчихсэн харагдсан. Маргааш нь аймгийн төвөөс С.Энхболдын эгч нь ирчихсэн дуудаж байна гэхээр нь очиход С.Энхболдын нүүр нь хавдчихсан, үүдэн хоёр шүд нь хөдөлсөн ярьж, юм идэж болохгүй байна гэж байсан. Намайг тэр шөнө очиход В.Сүхбаатар нь С.Энхболд, түүний эхнэр хоёроос хаалгыг чинь мөргөчихлөө гээд уучлалт гуйж байсан. Тэгэхэд хаалга нь жоохон дотогшоо орчихсон С.Энхболд, эхнэртэйгээ хаалгаа гадагш түлхээд хэвэнд нь оруулж байсан. Хаалга нь эвдэрч гэмтсэн зүйл харагдаагүй. ...С.Энхболд, В.Сүхбаатар бид гурав н.Цэрэндоржийнхоос мотоцикльтой хөдлөөд манайд ирсэн. Би гэртээ хоцорч В.Сүхбаатар, С.Энхболд, В.Сүхбаатартай хамт явж байсан залуутай гурвуулаа гараад явсан бөгөөд түүнээс хойш хаашаа явсаныг нь мэдэхгүй... гэх мэдүүлэг / хх-ийн 41-42/ Шинжээч эмч М.Навчаагийн хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн ...С.Энхболдод анх үзлэг хийхэд дээд эрүүний үүдэн баруун нэгдүгээр шүд маш эмзэглэлтэй хөдөлгөөнтэй унахад бэлэн болчихсон байсан. Мөн дээд эрүүний зүүн нэг, хоёрдугаар шүд хөдөлгөөн орсон эмзэглэлтэй байсан. 131 дугаар дүгнэлтэнд 1, 12, 22 дугаар шүд гэсэн байгаа нь шүдний нарийн мэргэжлийн эмч нарын хэллэгээр бичигдсэн байна. Үзлэг хэсэгт 22 дугаар шүдийг уналт гэж бичигдсэн нь миний гаргасан дүгнэлтэнд 22 дугаар шүд нь нэгэнт унахад бэлэн болсон шүдийг шинжээч эмчийн дүгнэлтээр уналт гэж тайлбарлагддаг учир уналт гэдгээр дүгнэлт гаргасан. С.Энхболдын биед үзлэг хийхэд биед нь дээрх гэмтлүүдээс өөр ил харагдах шарх сорви байгаагүй. Хэрэг учрал 2017 оны 03 дугаар сарын 07-ны өдөр болсон гэх боловч үзүүлэгч нь 2017 оны 03 дугаар сарын 13-ны өдөр ирж үзүүлсэн. Энэ хугацаанд үзүүлэгчийн биед бага хэмжээний хөхрөлт няцралт байсан бол эдгэрэх бүрэн боломжтой хугацаа юм... гэх мэдүүдэг / хх-ийн 61-62/
Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 03 дугаар сарын 14-ны өдрийн № 131 дугаартай 1.С.Энхболдын биед 11,12-р шүдний хугарал, 22-р шүдний уналт гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрхи гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой байна. 3.Дээрхи гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 заалтаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Цаашид еренхий хөдөлмөрийн чадвар, тоггонги алдалтанд 10% нөлөөлнө...гэх дүгнэлт /хх-ийн 57-58/
-Эрүүгийн хэрэг үүсгэх тогтоол / хх-ийн 1/, эд хөрөнгө битүүмжилсэн тогтоол, тэмдэглэл / хх-ийн 13-15/, баримт бичиг хуулбарлаж авсан тэмдэглэл / хх-ийн 16-17/ хураан авах тогтоол, тэмдэглэл /хх-ийн 21-22/ эд мөрийн баримтаар тооцож, хэрэгт хавсаргах тогтоол / хх-ийн 23-24/ шүүгдэгч В.Сүхбаатарын иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 82-83/, Баацагаан сумын 1 дүгээр багийн Засаг даргын 2017.04.08-ны өдрийн 33 тоот тодорхойлолт /хх-ийн 79-80/, шүүгдэгч В.Сүхбаатарын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 83-84/ зэрэг нотлох баримтууд болно. 6 Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, хэрэг бүртгэлтийн шатанд хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүгдэгчийн гэм бурууг нотлоход хангалттай байна гэж үзэв. Шүүгдэгч В.Сүхбаатар нь Баянхонгор аймгийн Баацагаан сумын 1 дүгээр багийн нутаг “Шар булгийн хаяа” гэх газар 2017 оны 03 дугаар сарын 07-ны шөнө 04 цагийн орчимд С.Энхболдтой хувийн таарамжгүй байдлаас марган зодож бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь Шүүгдэгч В.Сүхбаатарын “...С.Энхболд гараад ирэхээр нь харанхуй байсан учраас хаана нь цохисоныг нь хараагүй ямар ч байсан нүүрэнд нь цохисон... гэх мэдүүлэг /хх-ийн 68-69/
Хохирогч С.Энхболдын “...В.Сүхбаатар гараад явсанаа буцаж орж ирээд шууд нүүрлүү гараараа цохисон. Би нүүрээ дараад гэрээс гарсан миний хамарнаас цус гарсан тэгээд хамраа дараад тонгойсон чинь В.Сүхбаатар араас гарч ирээд яахаараа хамаагүй байдаг юм гээд миний нүүрлүү дахиад гараараа 2-3 удаа цохисон... гэх мэдүүлэг Гэрч В.Цэрэндоржийн... В.Сүхбаатар манай эхнэрийн дээгүүр гараараа С.Энхболдын нүүрэн тус газар нь нэг удаа цохисон ... / хх-ийн 34-35/ Гэрч Б.Ундрахын … В.Сүхбаатар миний дээгүүр гараараа С.Энхболдын нүүрэн тус газар нь нэг удаа цохисон, ... С.Энхболдын хамраас цус гарсан, мөн үүдэн хоёр шүд хөдөлчихсөн байна нэг нь ч яахав алтан дээр хөдөлгөчихсөн юм нэг шүдийг нь сая хөдөлгөчихлөө гэж байсан бид нар шүдийг нь үзээгүй... гэх мэдүүлэг /хх-ийн 36-37/ Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 03 дугаар сарын 14-ны өдрийн № 131 дугаартай ...С.Энхболдын биед 11,12-р шүдний хугарал, 22-р шүдний уналт гэмтэл тогтоогдлоо, …гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна....гэх дүгнэлт /хх-ийн 57-58/ зэрэг хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Аймгийн прокурорын газраас шүүгдэгч В.Сүхбаатарт холбогдох үйлдлийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан зүйлчилж яллагдагчаар татах тогтоол үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүхээс шүүгдэгч В.Сүхбаатарыг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан хариуцлагыг хүлээлгэх үндэслэлтэй гэж үзэв.
Шүүгдэгч С.Сүхбаатарын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсанд /хх-ийн 83/ Цагдаагийн Ерөнхий газрын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн санд бүртгэгдээгүй байх тул түүнийг анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэлээ. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2-д ... оногдуулах ялыг хүндрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй.... , мөн хуулийн 1.10 дугаар зүйлийн 2-д... гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл тоолно... гэсэн заалтуудыг үндэслэл болгон шүүгдэгч В.Сүхбаатар нь хохирогч С.Энхболдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан нь хөнгөн гэмт хэрэгт хамаарах тул 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1-д “хөнгөн хэрэг үйлдсэнээс хойш 6 сар өнгөрсөн ” заасны дагуу шүүгдэгч В.Сүхбаатарыг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж шийдвэрлэв. Хохирогч С.Энхболд шүүхийн хэлэлцүүлэгт шинээр нотлох баримтаар гаргаж өгсөн 2775000 төгрөг дээр нэмж өмнөх шүүх хуралдаанаар нэхэмжилсэн бензины зардал 343000 төгрөг, шүдний чулуу түүлгэх эмчилгээ хийлгэсэн 55000 төгрөг, эмийн 7 баримт 90450 төгрөг, өмгөөлөгчийн зардал 300000 төгрөг, гэрийн үнэ 234000 төгрөг, гоо марал эмийн сангаас асван 133550 төгрөг, С.Энхболдын 2017 оны 05 дугаар сарын 31-ний өдөр Улаанбаатар хотруу явсан зардлын баримт 27500 төгрөг , мөн 2017 оны 05 дугаар сарын 08-ны өдөр Баянхонгор аймгаас Улаанбаатр хотруу явсан С.Энхболд, С.Очирхуяг нарын зардлын баримт 55000 төгрөг нийт 4103500 төгрөгийг нэхэмжилсэнээс эмчилгээний зардал буюу имплантын төлбөр төлсөн 2500000 төгрөг, буудлын төлбөр 35000 төгрөг, 2017 оны 09 дүгээр сарын 29, 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдрүүдэд С.Очирхуяг, С.Энхболд нарын Улаанбаатар хот болон Баянхонгор аймагт ирж буцахын зардал 110000 төгрөгийг нийт 2645000 төгрөг нотлох баримтын хэмжээнд шүүгдэгч В.Сүхбаатараас гаргуулж, хохирогч С.Энхболдод олгож, Харин Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 42 дугаар зүйлийн 42.3.1-т зааснаар өөрийн хүсэл зоригоо илэрхийлж, хуулиар олгогдсон эрхийнхээ хүрээнд өмгөөлөгч сонгон авч, 2017 оны 03 дугаар сарын 12-ны өдөр өмгөөлөл, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулж, хууль зүйн туслалцаа авахдаа иргэний хуулинд заасан талуудын чөлөөт байдал, тэгш эрхийн зарчим, сайн дурын үндсэн дээр хэлцлийг хийсэн бөгөөд өмгөөлөл, хууль зүйн туслалцаа үзүүлсний төлбөр болох 300000 төгрөг, Цагдаагийн хэлтэст хохирогч, гэрчийн мэдүүлэг өгөхөөр / малаа харуулах гэж гэртээ хүн хүргэж өгсөний болон буцсаны/ ирж очсоны бензин шатахууны зардал 343000 төгрөг нь Эрүүгийн хэрэр хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 2-д ... эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг тооцох, санхүүжүлэх журмыг Засгийн газар батална... гэж заасны дагуу эдгээр зардлууд эрүүгийн байцаан шийтгэх ажиллагааны зардалд хамаарахгүй , Мөн 2017 оны 05 дугаар сарын 09-ны өдөр UB OSSTEM килинк эмнэлэгт шүдний чулуу түүлгэх эмчилгээ хийлгэсэн нь өөрт учирсан гэмтэлд хамаарахгүй тул 55000 төгрөг буюу 2017 оны 05 дугаар сарын 08-ны өдөр Баянхонгор аймгаас Улаанбаатр хотруу явсан С.Энхболд, С.Очирхуяг нарын зардлын баримт 55000 төгрөг, Эм хангамж ХХК-иас авсан эмийн баримтад хүлээн авсан хүний гарын үсэг зурагдаагүй, ямар эмчийн заавраар авч хэрэглэсэн талаар эмчлэгч эмчийн тодорхойлолт байхгүй / хх-ийн 146-147/ ба Эм хангамж ХХК-ийн 2017 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн № 29 тоот тухай эмийн аваагүй болох 90450 төгрөг, 2017 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн № 13 прокурорын тогтоолоор В.Сүхбатарын үйлдлийн хэрэгсэхгүй болгосон тул гэрийн үнэ 234000 төгрөг, Түүнчлэн нэхэмжилсэн шүд суулгуулахаар 7000000 төгрөгийг гэрээ хийсэн баримт нь албан ёсны тамга тэмдэггүй, гарын үсгийн тайлалгүй, тухайн эмнэлгийн даргын гарын үсэггүй, 2017 оны 05 дугаар сарын 31-ны өдөр № 160-2 дугаартай “ Имплант хийлгэх гэрээ” байгуулсан боловч гэрээ байгуулсан сүүлийн хуудсанд 2017 оны 05 дугаар сарын 17-ны өдөр гэж сар, өдөр зөрүүтэй бичигдсэн, гэрээнд зурагдсан гарын үсэг болон 7000000 төгрөг тушаасан баримтад С.Энхболд өөрөө зураагүй ба түүний төлөөлж Очирхуяг гэх хүн зурсан / иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар төлөөлөл хийгдээгүй/, 2016 оны 01 дүгээр сарын 01-нээс мөрдөгдсөн НӨАТ-ын тухай хуулиар бүх баримтад НӨАТ-ын баримт өгөхөөр тусгасан байхад уг баримт хавсаргаагүй буюу уг зардлыг нэхэмжлэхээс татгалзсан тул С.Энхболдын 2017 оны 05 дугаар сарын 31-ний өдөр Улаанбаатар хотруу явсан зардлын баримт 27500 төгрөг, мөн шүдний эмнэлэгт 2017 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр цагдаагийн газрын тодорхойлолт 150000 төгрөг болон Consult and hray 70000 төгрөг төлсөн талаар баримтыг ямар журмаар цагдаагийн газрын тодорхойлолт авсан бөгөөд гадаад бичилттэй зүйлийн тайлал байхгүй юунд зарцуулагдсан нь ойлгомжгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагаас 1324950 төгрөгийн хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч В.Сүхбаатар нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гоо марал эмийн сангаас авсан эмийн төлбөр 133550 төгрөг / хх-ийн 24-26/ төлсөн болох шүүхийн хэлэлцүүлэгт гаргаж өгсөн нотлох баримтаар тогтоогдож байна. Шүүгдэгч В.Сүхбаатарын хамтын өмчлөлийн “...20 толгой эм ямааг битүүмжилсэн 2017 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн хэрэг бүртгэгчийн тогтоолыг хэвээр үлдээж, уг хэрэгт шүүгдэгч В. Сүхбаатар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан СД нэг ширхэгийг хадгалуулахаар шүүхийн тамгын газарт шилжүүлж шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-т зааснаар шүүгдэгч Боржигон овогт Ванчиндоогийн Сүхбаатарыг бусдын бие махбодид хөнгөн гэтмэл учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 2-ыг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1-т зааснаар шүүгдэгч В.Сүхбаатарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-т зааснаар эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.
3.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрдэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.7-д зааснаар шүүгдэгч В.Сүхбаатараас 2645000 төгрөг гаргуулж хохирогч С.Энхболдод олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1324950 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрдэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2-д зааснаар хохирогч С.Энхболд нь цаашид гарах эмчилгээний зардлын нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх гаргах эрхтэйг дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1, 36.8 дугаар зүйлийн 1.8-т зааснаар шүүгдэгч В.Сүхбаатарын эзэмшлийн “...20 толгой эм ямааг битүүмжилсэн 2017 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн хэрэг бүртгэгчийн тогтоолыг хэвээр үлдээсүгэй.
6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.3 дугаар зүйлийн 1, 21.5 дугар зүйлийн 1.2, 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар хэрэгт хураагдсан CD нэг ширхэгийг хадгалуулахаар Шүүхийн тамгын газарт шилжүүлсүгэй.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5, 36.12 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч В.Сүхбаатарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.4-т зааснаар шүүгдэгч В.Сүхбаатар нь хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 2-д зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээдэд тогтоолыг гардуулан өгч, шүүхийн шийдвэрийг авах тухай хүсэлт гаргасан бусад оролцогчид шүүхийн шийдвэрийг үйлдсэнээс хойш 7 хоногийн дотор шүүхэд ирж гардаж авахыг мэдэгдсүгэй.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 36.8 дүгээр зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас буюу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай. 11.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч В.Сүхбаатарт авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.БАЙГАЛМАА