Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 02 сарын 08 өдөр

Дугаар 2022/ДШМ/09

 

 

 

                        Р.Мөнх-Эрдэнэ, Ц.Гансүх, Ж.Батжаргал нарт

                                холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Д.Буянжаргал даргалж, шүүгч Г.Давааренчин, Б.Эрдэнэхишиг,  нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор Г.Ундрах /цахим/

Шүүгдэгчийн өмгөөлөгч А.Мөнхбат

Шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Атарцэцэг

нарийн бичгийн дарга Ө.Энх-Амар нарыг оролцуулан,  

 

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн шүүгч Г.Алгирмаа даргалж хийсэн шүүх хуралдааны 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 2022/ШЦТ/02 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч бичсэн шүүгдэгч Р.Мөнх-Эрдэнийн өмгөөлөгч А.Мөнхбатын давж заалдсан гомдлоор Р.Мөнх-Эрдэнэ, Ц.Гансүх, Ж.Батжаргал нарт холбогдох эрүүгийн 1832001040053 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Эрдэнэхишигийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Боржигон овогт Рагчаагийн Мөнх-Эрдэнэ, 1978 оны 11 дугаар сарын 29-ний өдөр Сэлэнгэ аймаг Сүхбаатар суманд төрсөн, 43 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын хэсгийн байцаагч ажилтай, Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 2-р хэсэг 1786 тоотод оршин суух, урьд ял шийтгүүлж байгаагүй, /РД:МЮ78112972/,

 

Бэсүүд овогт Цэрэндоржийн Гансүх, 1975 оны 05 дугаар сарын 10-ны өдөр Төв аймаг Жаргалант суманд төрсөн, 46 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, Сэлэнгэ аймгийн Мандал сумын 2-р 5аг 47-2-15 тоотод оршин суух, урьд ял шийтгүүлж байгаагүй, /РД:МИ75051035/,

 

Боржигон овогт Жавхланбатын Батсайхан, 1980 оны 11 дугаар сарын 09-ны өдөр Архангай аймаг Тариат суманд төрсөн, 41 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Сэлэнгэ аймгийн Мандал сумын Гандангийн 27 тоотод оршин суух, урьд ял шийтгүүлж байгаагүй, /РД:МЗ80120930/,

 

Шүүгдэгч Р.Мөнх-Эрдэнэ нь албан тушаалын бүрэн эрх албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон С.Тайванжаргал, С.Ширнэнбаатар, Ж.Нямдорж, Ж.Батсайхан нарыг Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж 400 нэгжээр буюу 400,000 төгрөгөөр торгохоор заасан байхад торгуулахгүй давуу байдал бий болгож төрийн санд төвлөрөх 1,600,000 төгрөгийг төвлөрүүлээгүй, мөн Ж.Батсайханы жолоодох эрхийг хасаагүй, 400 нэгж буюу 400,000 төгрөгөөр торгуулаагүй явуулж албаны чиг үүргээ хэрэгжүүлээгүй, гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийсний хариуд Ж.Батсайхан, Ц.Гансүх нараас 300,000 төгрөгийн хахууль авсан,

 

Шүүгдэгч Ц.Гансүх нь 2018 оны 03 дугаар сарын 12-ны өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож явсан  Ж.Батсайханыг Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж 400 нэгжээр буюу 400,000 төгрөгөөр торгохоор заасан зөрчлийг гаргасан байхад Ж.Батсайханы жолоодох эрхийг хасуулахгүй байх ашиг сонирхлын үүднээс Ж.Батсайхантай бүлэглэн тус сум дахь Цагдаагийн хэлтсийн нийтийн хэв журмыг хамгаалах хэсгийн дарга, цагдаагийн ахмад Р.Мөнх-Эрдэнэд 300,000 төгрөгийн хахууль өгч жолоодох эрхийг хасуулаагүй мөн Ц.Гансүх нь 2018 оны 08 дугаар сарын 16-ны өдөр хэргийн талаар гэрчийн мэдүүлэг өгсөн боловч 2019 оны 02 дугаар сарын 12-ны өдөр өгсөн гэрчийн мэдүүлэг нь эрс зөрүүтэй худал мэдүүлсэн,

 

Шүүгдэгч Ж.Батсайхан 2018 оны 03 дугаар сарын 12-ны өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодон Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж хүнийг 400 нэгжээр буюу  400,000 төгрөгөөр торгохоор заасан зөрчлийг гаргасан байхад Ж.Батсайханы жолоодох эрхийг хасуулахгүй байх ашиг сонирхлын үүднээс Хот тохижуулах газрын механик Ц.Гансүхтэй бүлэглэн тус сум дахь Цагдаагийн хэлтсийн нийтийн хэв журмыг хамгаалах хэсгийн дарга, цагдаагийн ахмад Р.Мөнх-Эрдэнэд 300,000 төгрөгийн хахууль өгч жолоодох эрхээ хасуулаагүй гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын Прокурорын газраас:

Р.Мөнх-Эрдэнийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар,

Ц.Гансүхийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,

Ж.Батсайханы үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус  зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүх: Боржигон овогт Рагчаагийн Мөнх-Эрдэнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан “эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах”, “хахууль авах' гэмт хэрэгт гэм буруутайд тооцож,

Бэрсүүд овогт Цэрэндоржийн Гансүхийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “худал мэдүүлэг өгөх", “хахууль өгөх” гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, '

Боржигон овогт Жавхланбатын Батсайханыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хахууль өгөх” гэмт хэрэгт гэм  буруутайд тооцож, Р.Мөнх-Эрдэнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албан томилогдох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлийн 1.1, 1.5 дугаар зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Ц.Гансүхэд холбогдох хэргийг, мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Ж.Батсайханд холбогдох хэргийг тус тус хэрэгсэхгүй болгож,  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дах хэсэг заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Мөнх-Эрдэнэд оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нийтийн албан томилогдох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх ялыг нийтийн албанд томилогдох эрхийг 4 /дөрөв/ жилийн хугацаагаар хасаж, 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ялаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Мөнх-Эрдэнэд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.Батсайхан, Ц.Гансүх нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгч Р.Мөнх-Эрдэнэд энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, шүүгдэгч нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн шүүгдэгч нарын эзэмшлийн тээврийн хэрэгслийн битүүмжлэлийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дах хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Мөнх-Эрдэнэд оногдуулсан нийтийн албанд томилогдох эрх хасах ялыг хорих ял эдэлж дууссан үеэс эхлэн тоолохоор шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч Р.Мөнх-Эрдэний өмгөөлөгч А.Мөнхбат давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын анхан шатны шүүхийн 2021.12.28-ны өдрийн 02 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна.

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын анхан шатны шүүх нь шүүгдэгч Р.Мөнх-Эрдэнэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар тус тус гэм буруутайд тооцож 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан болно.

Анхан шатны шүүх хуралдаанд хэргийн оролцогчид болох өмгөөлөгч Р.Атарцэцэг, Р.Мөнх-Эрдэнэ нарт холбогдох эрүүгийн хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн гэсэн өмгөөлөгчийн дүгнэлт гаргаж нотлох баримтуудыг дурдаж байсан болно.

Шүүгдэгч Р.Мөнх-Эрдэнэ, түүний өмгөөлөгч А.Мөнхбат нараас шүүх хуралдаанд гэмт хэрэг үйлдээгүй, гэм буруутайд тооцох үндэслэлгүй гэж мэтгэлцэж нотлох баримтууд дурдан гэм буруугаа хүлээхгүй байсныг анхан шатны шүүх зөвтгөж ялын бодлогыг чангаруулж 3 жилийн хорих ял оногдуулсанд шүүгдэгч болон өмгөөлөгчийн зүгээс үнэн зөв бодитой дүгнэлт хийлээ гэж үзэн гэм буруугаа 100 хувь хүлээн зөвшөөрч тухайн шүүх хурлын өдөр анхан шатны шүүхийг шударга шийдвэр гаргахад нь тусалж олон зүйл ярьж мэтгэлцэлгүй хөнгөн ял шийтгэл оноож өгөөч гэж шууд ярих байсан байжээ гэж ойлгож учруулсан хохирол төлбөр байхгүй, анхан удаагаа ял шийтгэгдэж байгаа, аливаа авлигын хэрэгтэй харьцуулбал хохирлын хэмжээ бага зэрэг бүхий л нөхцөл байдлыг харгалзан үзэж нийгмээс тусгаарлахгүйгээр шийдэж өгнө үү” гэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Атарцэцэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  Миний үйлчлүүлэгч Ж.Батсайханыг бусдад хээл хахууль өгсөн гэм буруутайд тооцсон ч шийтгэх тогтоолын 5 дугаар заалтаар хөөн хэлэлцэх хугацаа зааж хэргийг хэрэгсэхгүй болгосон. Уг заалтыг хэвээр үлдээж өгнө үү гэсэн саналтай байна гэв.

 

Прокурор Г.Ундрах шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ:  Анхан шатны шүүхийн шийдвэр нь үндэслэлтэй байх тул хэвээр үлдээж өгнө үү гэв.

 

                                         ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн өмгөөлөгч А.Мөнхбатын давж заалдсан гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр Р.Мөнх-эрдэнэ, Ц.Гансүх, Ж.Батсайхан нарт холбогдох 1832001040053 дугаартай хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянавал:

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна. 

Шүүгдэгч Р.Мөнх-Эрдэнэ нь албан тушаалын бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон С.Тайванжаргал, С.Ширнэнбаатар, Ж.Нямдорж, Ж.Батсайхан нарыг Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж 400 нэгжээр буюу 400,000 төгрөгөөр торгохоор заасан байхад торгуулахгүй давуу байдал бий болгож төрийн санд төвлөрөх 1,600,000 төгрөгийг төвлөрүүлээгүй, мөн Ж.Батсайханы жолоодох эрхийг хасалгүй, 400 нэгж буюу 400,000 төгрөгөөр торгуулалгүй явуулж албаны чиг үүргээ хэрэгжүүлээгүй, гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийсний хариуд Ж.Батсайхан, Ц.Гансүх нараас 300,000 төгрөгийн хахууль авсан,

Шүүгдэгч Ц.Гансүх нь 2018 оны 03 дугаар сарын 12-ны өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож явсан  Ж.Батсайханыг Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж 400 нэгжээр буюу 400,000 төгрөгөөр торгохоор заасан зөрчлийг гаргасан байхад Ж.Батсайханы жолоодох эрхийг хасуулахгүй байх ашиг сонирхлын үүднээс Ж.Батсайхантай бүлэглэн тус сум дахь Цагдаагийн хэлтсийн нийтийн хэв журмыг хамгаалах хэсгийн дарга, цагдаагийн ахмад Р.Мөнх-Эрдэнэд 300,000 төгрөгийн хахууль өгч жолоодох эрхийг хасуулаагүй, мөн Ц.Гансүх нь 2018 оны 08 дугаар сарын 16-ны өдөр хэргийн талаар гэрчийн мэдүүлэг өгсөн боловч 2019 оны 02 дугаар сарын 12-ны өдөр өгсөн гэрчийн мэдүүлэг нь эрс зөрүүтэй худал мэдүүлсэн,

Шүүгдэгч Ж.Батсайхан нь 2018 оны 03 дугаар сарын 12-ны өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодон Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, хүнийг 400 нэгжээр буюу  400,000 төгрөгөөр торгохоор заасан зөрчлийг гаргасан байхад өөрийн жолоодох эрхийг хасуулахгүй байх ашиг сонирхлын үүднээс Хот тохижуулах газрын механик Ц.Гансүхтэй бүлэглэн тус сум дахь Цагдаагийн хэлтсийн нийтийн хэв журмыг хамгаалах хэсгийн дарга, цагдаагийн ахмад Р.Мөнх-Эрдэнэд 300,000 төгрөгийн хахууль өгсөн гэмт хэргийг үйлдсэн болох нь

шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Р.Мөнх-Эрдэнээс шүүх хуралдаанд өгсөн “...300.000 төгрөгийг Сэлэнгэ аймгийн Алтанбулаг суманд байдаг чөлөөт бүсийн татваргүй барааны дэлгүүрээс виски тамхи авч аваачиж өгөх зориулалтаар дансандаа шилжүүлж авсан...” гэх мэдүүлэг,

шүүгдэгч Ж.Батсайханы шүүх хуралдаанд өгсөн “...03 дугаар сарын 18 нд эхнэрийн төрсөн өдөр болоод архи уусан байсан, шүлхий өвчин гараад устгалд дуудагдаад машин барьж яваад цагдаад баригдаад механик Ц.Гансүхэд хэлсэн. Механик надад жолоодох эрхийг чинь хасах гээд байна, торгуулаад гар 400.000 төгрөгөөр торгоно гэхээр нь би мөнгө байхгүй гэхэд би хүнээс зээлээд олчихъё, чи дараа нь төлөөрэй гэсэн ...” гэх мэдүүлэг,

шүүгдэгч Ц.Гансүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн “...Би Р.Мөнх-Эрдэнэд хахууль өгөөгүй, өөрөө авч ашигласан” гэх, гэрч Б.Батгэрэл, С.Тайванжаргал, Т.Ганбат, С.Ширнэнбаатар, Б.Бат-Эрдэнэ, Т.Батсайхан, Ж.Нямдорж, Б.Батсүрэн, С.Батболд, Б.Энхболд, Л.Наранбаатар нарын мэдүүлгүүд болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдсон байна.

Хавтас хэрэгт авагдсан нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх талуудыг оролцуулан, тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн шүүгдэгч Р.Мөнх-Эрдэнэ, Ж.Батсайхан, С.Гансүх нарыг  гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

Анхан шатны шүүх шүүгдэгч нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчимд тулгуурлаж, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглэж, түүнийг зөв тайлбарлан тухайн зүйл, хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн байна.  

Гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцсэн, мөн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор багтсан байх шалгуур нь хууль ёсны зарчмыг хангахын зэрэгцээ тухайлан сонгон оногдуулж буй ялын төрөл, түүний хэмжээ нь гэмт хэргийн шинж чанар, хэрэг үйлдэгдсэн тодорхой нөхцөл байдал болон гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдалд хамгийн зүй зохистой харьцаагаар нийцсэн байх нь Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчимд нийцнэ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан шүүх дараах байдлаар хорих ялыг хөнгөрүүлж, ялаас чөлөөлж, албадлагын арга хэмжээ хэрэглэж болно” гэж заасан байх ба шүүгдэгч Р.Мөнх-Эрдэнэ гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, улсын яллагчийн зүгээс торгох ялын санал оруулсан, түүний хувийн байдлыг харгалзан үзэж, анхан шатны шүүхээс оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлэн өөрчлөх боломжтой гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Шүүгдэгч Р.Мөнх-Эрдэнэ нь 2018 оны 03, 04 дүгээр саруудад гэмт хэрэг үйлдсэн бөгөөд тухайн үед үйлчилж байсан  2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр батлагдаж, 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн хуулиар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай этгээдэд оногдуулах эрх хасах ялын хэмжээг  ...нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жилээс таван жил хүртэл хугацаагаар хасч...” гэж  заажээ.

Харин 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн этгээдэд оногдуулах эрх хасах ялын хэмжээг “...нийтийн албан томилогдох эрхийг таван жилээс найман жил хүртэл хүртэл хугацаагаар хасаж...” гэж хүндрүүлэн өөрчилсөн байх тул мөн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1-д “...Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай хүн, хуулийн этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлно...” гэж зааснаар шүүгдэгч Р.Мөнх-Эрдэнэд 2017 оны 05 сарын 11-ний өдрийн хуулиар хариуцлага хүлээлгэх нь зүйтэй, мөн хуулийн ерөнхий ангийн 22.1 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэргийн хувьд ялын санкци хүндэрсэн, хөнгөрсөн өөрчлөлт үгүй байна. 

 Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан Р.Мөнх-Эрдэнэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 02 жилийн хугацаагаар хасч 5,400 нэгж буюу 5,400,000 төгрөгөөр, 22.4 дүгээр зүйлийн 4-д зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 02 жилийн хугацаагаар хасч, 10,000 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 10,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт зохих  өөрчлөлт оруулж, шүүгдэгч Р.Мөнх-Эрдэнийн давж заалдах гомдлыг хангах нь  зүйтэй.

 

Шүүгдэгч Ц.Гансүх, Ж.Батсайхан нарт анхан шатны шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгээгүй, хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож, эрүүгийн хариуцлагаас чөлөөлж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Учир нь: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1.1-д “энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг нэг жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон, эсхүл зорчих эрхийг хязгаарлах ялын дээд хэмжээг нэг жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэнээс хойш нэг жил өнгөрсөн”,

1.5-д “энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг зургаан сараас дээш, дээд хэмжээг гурван жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон, эсхүл зорчих эрхийг хязгаарлах ялын доод хэмжээг зургаан сараас дээш, дээд хэмжээг гурван жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэнээс хойш гурван жил өнгөрсөн” гэж тус тус заасан ба шүүгдэгч нарын гэм буруутайд тооцогдсон гэмт хэргүүдийн эрүүгийн хариуцлага хүлээлгэх санкциуд дээрх ангилалд хамаарч шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэнээс хойш 03 жил буюу түүнээс дээш хугацаа өнгөрсөн байгааг дурьдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1, 1.4, 2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 2022/ШЦТ/02 дугаартай шийтгэх тогтоолын Тогтоох хэсгийн

 

4 дэх заалтыг:

“4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан шүүгдэгч Р.Мөнх-Эрдэнэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 02 жилийн хугацаагаар хасч, 5,400 нэгж буюу 5,400,000 төгрөгөөр, 22.4 дүгээр зүйлийн 4-д зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 02 жилийн хугацаагаар хасч 10,000 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 10,000,000 төгрөгөөр тус тус торгох ял шийтгэсүгэй” гэж,

 

        6 дахь заалтыг:

       “6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2-д зааснаар шүүгдэгч Р.Мөнх-Эрдэнэд оногдуулсан ялыг нэмж нэгтгэн нийтийн албан томилогдох эрхийг 04 жилийн хугацаагаар хасч, 15,400 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 15,400,000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй” гэж,

 

        7 дахь заалтыг:

        “7.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4,5, 5.7 дугаар зүйлийн 3-д зааснаар ялтан Р.Мөнх-Эрдэнэд оногдуулсан 15.400.000 төгрөгөөр торгох ялыг магадлал хүчин төгөлдөр болсноос хойш 03 жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 15.000 төгрөгийг 01 хоногоор тооцож, хорих ялаар солихыг түүнд анхааруулж, түүнд оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг 04 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг магадлал хүчин төгөлдөр босон үеэс эхлэн тоолсугай.” гэж тус тус өөрчилсүгэй.

 

       2.Шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангасугай.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2-т зааснаар шүүгдэгч Р.Мөнх-Эрдэнийн 2021 оны 12 сарын 28-ны өдрөөс өнөөдрийг хүртэл цагдан хоригдсон 41 хоногийн цагдан хоригдсон 01 өдрийг 15 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 15.000 төгрөгөөр тооцон торгох ялаас 615.000 төгрөгийг хасч тооцсугай.

 

4.Шүүгдэгч Р.Мөнх-Эрдэнэд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, магадлал хүчин төгөлдөр болтол энэ өдрөөс эхлэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

5.Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг  гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

             ДАРГАЛАГЧ,

             ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Д.БУЯНЖАРГАЛ

                                                                   

                                ШҮҮГЧ                                    Г.ДАВААРЕНЧИН

 

                                ШҮҮГЧ                                     Б.ЭРДЭНЭХИШИГ