Шүүх | Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүх |
---|---|
Шүүгч | Бат-Эрдэний Уртнасан |
Хэргийн индекс | 141/2024/00071/И |
Дугаар | 141/ШШ2024/00077 |
Огноо | 2024-05-28 |
Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2024 оны 05 сарын 28 өдөр
Дугаар 141/ШШ2024/00077
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Уртнасан даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Батбаяраар тэмдэглэл хөтлүүлэн тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар З аймгийн Т сумын ….. баг хаягаар оршин суудаг Б овогт М-ийн Н-ын нэхэмжлэлтэй “Үрчлэлтийг хүчингүйд тооцуулах тухай” нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Нэхэмжлэгч М.Н нь шүүх хуралдаанд намайг оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэж өгнө үү гэсэн хүсэлтийг шүүхэд бичгээр ирүүлсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч М.Н нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: “...Миний бие М.Н 2016 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр хүү Л-ийг төрүүлсэн юм. Тухайн үед Л-гоо ээжийнхээ нэр дээр болгож халамжинд оруулах зорилгоор өөрийн төрсөн эх Ж-т хүү Л-ийг өргүүлсэн. Одоо би ажил эрхэлж амьдрах болсон болохоор өөрийн төрсөн хүү Л-ийг асрамждаа авах хүсэлтэй байна. Мөн миний эх нь өндөр настай ганц бие учир хүү Ж.Л-ийг үрчлүүлж байсныг хүчингүйд тооцож өгнө үү ...” гэжээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч М.Н нь хүү Ж.Л-ийн үрчлэлтийг хүчингүйд тооцуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
Ц овогт Г-ийн Ж нь 2016 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр төрсөн, …….. дугаарын регистртэй хүү Л-ийг 2022 оны 08 дугаар сарын 25-ны өдөр өөрийн охин Б овогт М-гийн Н-аас үрчилж авсан болох нь:
-Б овогт М-гийн Н-ын …….. иргэний бүртгэлийн дугаартай иргэний үнэмлэхийн хуулбар,
-Регистрийн дугаар-И0000000, хүүхдийн овог- Ц, эцэг, эхийн нэр- Ж, нэр Л, 00 оны 00 дүгээр сарын 00-нд төрсөн, хүү, ……. аймгийн Т-д төрснийг ……., ………сумын төрсний бүртгэлд ….. оны ….. дүгээр сарын ..-нд өдөр бүртгэж гэрчилгээ олгов. Эхийн регистрийн дугаар: …., овог- …… эцэг эхийн нэр ……, нэр ...” гэсэн төрсний гэрчилгээний хуулбар,
-Ц овогт Г-ийн Ж-ын 000000 регистрийн дугаар бүхий иргэний үнэмлэхний хуулбар,
-Улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сангийн 2023 оны 01 дүгээр 26-ны өдрийн 238101000007 дугаартай: “... Регистрийн дугаар -…., овог-Ц эцэг, эхийн нэр-Ж\, өөрийн нэр-Л эмнэлэгт төрсөн, сум дүүргийн ЗДЗ, он сар, өдөр, дугаар-2022-08-25 А/209, бүртгэсэн он сар өдөр-2022-08-29, Үрчилж авсан эхийн регистрийн дугаар:……. овог-Ц г, эцэг эхийн нэр-Г, өөрийн нэр Ж...” гэсэн үрчилсний бүртгэлийн лавлагаа,
-Ц овогт Жын Л-ийн 2022 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн үрчилсний бүртгэлийн хуулбар,
-Үрчлэгч Г.Ж-ын: “...Оргих багийн иргэн Г овогтой Ж миний бие зээ Л-ийг Тосонцэнгэл сумын Засаг даргын 2022 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн А/209 дугаар захирамжаар үрчлэн авах болсон тул зээ хүү Л-ийг миний нэрээр овоглон бүртгэж гэрчилгээ олгож өгнө үү...” гэсэн өргөдлийн хуулбар,
-Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Засаг даргын 2022 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн А/209 дугаартай: “...Хууль тогтоомжийн дагуу материалаа бүрдүүлж хүүхэд үрчилж авах өргөдөл ирүүлсэн … багийн иргэн Г-ийн Ж-т Б овогт Н-ын Л-ийг үрчлүүлсүгэй....” гэсэн захирамжийн хуулбар зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.
Түүнчлэн Ц овогт Г-ийн Ж нь халамжид хамрагдах зорилгоор хүү Лхагвадоржийг үрчилж авсан болох нь:
-Нэхэмжлэгч М.Н-ын шүүхэд ирүүлсэн: “...Миний бие М.Н 000 оны 00 дүгээр сарын 00-ны өдөр хүү Л-ийг төрүүлсэн юм. Тухайн үед Л-оо ээжийнхээ нэр дээр болгож халамжинд оруулах зорилгоор өөрийн төрсөн эх Ж-т хүү Л-ийг өргүүлсэн. Одоо би ажил эрхэлж амьдрах болсон болохоор өөрийн төрсөн хүү Л-ийг асрамждаа авах хүсэлтэй байна. Мөн миний эх нь өндөр настай ганц бие учир хүү Ж.Л-ийг үрчлүүлж байсныг хүчингүйд тооцож өгнө үү ...” гэсэн нэхэмжлэл,
-Гэрч Т.Ё-ын: “...Эхнэр бид хоёр ярилцаад хүүхдүүдээ хамтдаа өсгөж торниулах нь зүйтэй байх гэж бодоод үрчлэлт хүчингүй болгуулах тухай хүсэлтийг улсын бүртгэлд гаргасан боловч шүүхийн шийдвэр гаргуулж үрчлэлтийг хүчингүй болгуулах боломжтой гэж хэлсэн учраас шүүхэд хандсан. Бид хоёр 3 хүү, 1 охинтой. Бид хамт амьдраад 4 жил болж байна. Миний бие хүү Л-ийг өөрийн нэр дээр шилжүүлж авахад татгалзах зүйлгүй. Хүүхдүүдээ хамтдаа нэг гэртээ өсөж торних нь зүйтэй гэж бодож байна. Намайг 2022 онд Улаанбаатар хотод ажил хийж байхад хадам ээж Ж-т үрчлүүлсэн байсан. Одоо бид хүү Л-ийн үрчлэлтийг хүчингүй болгуулж өөрсдийн нэр дээр шилжүүлж авах хүсэлттэй байна. Хүү Л одоо бид нартай хамт амьдарч байгаа...” гэсэн мэдүүлэг,
-Гэрч Г.Ж-ын: “...Би охиныхоо хүүхэд Л-ийг 2022 онд өөрийн нэр дээр шилжүүлж үрчилж авсан. Одоо хүргэн, охин, бид нар хүү Л-ийн үрчлэлтийг хүчингүй болгуулж хүргэн Т.Ё-ын нэр дээр шилжүүлэх хүсэлтэй байгаа. Хүү Л нь миний охин М.Н-ын гэртээ гаргасан хүүхэд байсан учраас би өөрийн нэр дээр шилжүүлж үрчилж авсан боловч хүүгээ төрсөн ах, дүү нартайгаа ижилсэж хамтдаа өсөж торних нь зүгээр байх гэж бодож байна. Одоо хүү маань манайхыг сургуульд ойрхон болохоор надтай хамт хичээлийн өдрүүд байж байгаад амралтын өдрөөр гэртээ байдаг юм. Хүү Л-ид хэрэгцээтэй зүйлийг бид нар ярилцаад бүгдээр боломжоороо аваад өгдөг. Миний хувьд эрүүл мэндийн байдлаас шалтгаалан хүү Лх-оо өөрөө өсгөн хүмүүжүүлэхэд хүндрэлтэй байгаа учраас аав, ээжийнх нь нэр дээр буцааж өгьё гэж бодож байна. Тэгээд ч хүү Л-ийн бичиг баримтууд улсын бүртгэлийн программд зөрчилтэй байгаа тул үрчлэлтийг хүчингүй болгуулж, бичиг баримтын зөрчлийг арилгуулах зүйтэй байх...” гэсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.
Мөн Ц овогт Г-ийн Ж нь хүү Л-ийг үрчлэн авснаар халамж, тэтгэвэр, тэтгэмжид хамрагдаагүй болох нь:
-Завхан аймгийн Нийгмийн даатгалын газрын 2024 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 265 дугаартай: “...Иргэн Г-ийн Ж / нь тус газрын тэтгэврийн даатгалын сангаас тэтгэвэр авдаггүй нь үнэн болно...” гэсэн тодорхойлолт,
-Завхан аймгийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний газрын 2024 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 116 дугаартай: “...Ц овогт Г-йн Ж нь 2014 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс 2021 оны 03 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл хугацаанд тэжээгч нь нас барсны тэтгэмжийн /1501 шифр/ халамжийн үйлчилгээг авч байгаад зогссон бөгөөд цахим программд шилжснээс хойш 2,852,130 төгрөгийн тэтгэмж авсан байна. Одоогоор ямар нэгэн үйлчилгээнд хамрагдаагүй байна...” гэсэн албан бичиг зэргээр нотлогдож байна.
Тодруулбал Ц овогт Г-ийн Ж нь өөрийн охин М.Н-ын төрүүлсэн хүү Л-ийг үрчлэн авч халамжид хамрагдах зорилготой байснаас түүнийг өсгөн хүмүүжүүлж, асран хамгаалах үндсэн зорилгогүй байсан болох нь хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдож байна.
Иймд хүүхдийн ашиг сонирхлын үүднээс үрчлүүлээгүй үндэслэлээр үрчлэлтийг хүчингүйд тооцож, хүү Л-ийг төрүүлсэн эх Б овогт М-ийн Н-д буцаах нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж, 00000 регистрийн дугаар бүхий Ц овогт Ж-ын Л-ийг Ц овогт Г-ийн Ж-т үрчлүүлсэн үрчлэлтийг хүчингүйд тооцож шийдвэрлэх нь үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгч М.Н-аас ирүүлсэн “Үрчлэлтийг хүчингүйд тооцуулах тухай” нэхэмжлэлийн дагуу шүүхээс иргэний эрх зүйн маргааныг шийдвэрлэхтэй холбогдуулан үйлчилгээ үзүүлсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар түүний улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй юм.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.4 дэх хэсэгт заасныг баримтлан 00000 регистрийн дугаар бүхий Ц овогт Ж-ын Л-ийг Ц овогт Г-йн Ж-т үрчлүүлсэн үрчлэлтийг хүчингүйд тооцож, төрүүлсэн эх Б овогт М-гийн Н-д буцаасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.УРТНАСАН