Шүүх | Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүх |
---|---|
Шүүгч | Бат-Эрдэний Уртнасан |
Хэргийн индекс | 141/2024/00079/И |
Дугаар | 141/ШШ2024/00078 |
Огноо | 2024-05-28 |
Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн
2024 оны 05 сарын 28 өдөр
Дугаар 141/ШШ2024/00078
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Уртнасан даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Батбаяраар тэмдэглэл хөтлүүлэн тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар ………….. аймгийн …… сумын …….. баг хаягаар оршин суудаг Т овогт Д-ийн Т-ийн нэхэмжлэлтэй “Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай” нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Нэхэмжлэгч Д.Т нь шүүх хуралдаанд намайг оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэж өгнө үү гэсэн хүсэлтийг шүүхэд бичгээр ирүүлсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.Т нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: “...Миний бие 000 онд З аймгийн Б сумын 8 дугаар анги төгсөөд тус суманд илгээлтээр малчин болж байсан. Миний хөдөлмөрийн дэвтэрт байгаа 5 жил 7 сарыг тогтоож өгнө үү...” гэжээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.Т нь 1984 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх 5 жил 7 сарын хугацаанд Завхан аймгийн Баянтэс сумын Дэлгэрэх-Амьдрал нэгдэлд ажиллаж байсан болохоо тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
Нэхэмжлэгч Т овогт Д-ийн Т нь 1984 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1987 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацаанд Завхан аймгийн Баянтэс сумын Дэлгэрэх-Амьдрал нэгдэлд малчнаар, 1988 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацаанд Завхан аймгийн Баянтэс сумын Дэлгэрэх-Амьдрал нэгдэлд мужаанаар ажиллаж байсан болох нь хэрэгт авагдсан:
-Т овогт Д-ийн Т-ийн 000000 дугаарын регистр бүхий иргэний үнэмлэхийн хуулбар,
-Завхан аймгийн Баянтэс сумын Дэлгэрэх-Амьдрал нэгдлээс 1984 оны 6 дугаар сарын 01-ний өдөр Д-гийн Т нэрээр нээж олгосон: “...Мэргэжил – малчин...”гэсэн бичилт бүхий 1984 оны 6 дугаар сараас 1989 оны 12 дугаар сарыг дуусталх хугацааны ажилласан хоног, авсан цалин хөлсний талаар бичилт бүхий хөдөлмөрийн дэвтэр,
-Завхан аймгийн Баянтэс сумын Жавхлан багийн засаг даргын 2024 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 20 дугаартай: “...малчин 0000000 регистрийн дугаартай Д овогтой Т нь 1984-2024 он хүртэл Жавхлан багт мал маллаж байгаа нь үнэн болно...” гэсэн тодорхойлолт,
-Д-ийн Т нь 1988 оны 10 дугаар сарын 25-ны өдөр БНМАУ-ын хүн амын регистрийн дугаарын бүртгэлд хамрагдахдаа хөтөлсөн: “...Ажилладаг байгууллага-Дэлгэрэх-Амьдрал нэгдэл, бригад-туслах үйлдвэр, эрхэлдэг ажил-мужаан, оршдог сум Баянтэс...” гэсэн бичилт бүхий ХААТР 1 маягтын хуулбар,
-1990 оны 08 дугаар сарын 13-ны өдөр гэрлэснийг бүртгэх анкетын бүртгэлд хамрагдахдаа хөтөлсөн: “...Гэрлэсэн 1990 оны 08 дугаар сарын 12-ны өдөр ...нөхөр Д Т, ...ажилладаг байгууллага-Дэлгэрэх-Амьдрал нэгдэл, эрхэлдэг ажил- мужаан...” гэсэн бичилт бүхий ХААТР 15 маягтын хуулбар,
-Д-гийн Т-ийн “...эрэгтэй, 000 оны 00 дугаар сарын 00-ны өдөр төрсөн. Эцгийн нэр Т-гийн Д, эхийн нэр Б-гийн Ө...” гэсэн бичилт бүхий төрөгсдийн бүртгэх анкетын хуулбар,
-Гэрч С.Д-гийн: “...Д.Т нь манай нутагт мал малладаг. Миний мэдэхийн намайг Баянтэс сумын Жавхлан багт мал маллаж байх үед 1984 оноос мал малласан. Манайх тэднийхтэй саахалт айлууд байсан. Тэднийх зундаа Тэсийн гол, Өндөр Улаан гэх газарт өвөлждөг байсан. Манайх тэднийхтэй айл өвөлждөг байсан учраас Д.Т-ийг Жавхлан бригадад мал маллаж байсныг сайн мэднэ...” гэсэн мэдүүлэг
-Гэрч Д.С-ын: “...Д.Т-ийн аавыг Д, ээжийг нь Ө гэж хүмүүс байсан. Эдгээр хүмүүс нь Жавхлан багт мал маллаж байсан. Манайх тэднийхтэй ойрхон байдаг байсан. Д.Т нь миний мэдэхийн сургууль төгсөж ирээд 1984 оноос хойш одоог хүртэл мал мал маллаж байна. Тухайн үед бригадын даргаар Ч, Т, Д нар ажиллаж байсан. Тухайн үе буюу 1984 оны үед 60-70 төгрөгийн цалин авдаг байсан. Д.Т-х Тэсийн гол, Өндөр Улаан гэх газарт өвөлждөг байсан. Манайх тэднийхтэй ойрхон буюу 10 орчим километрийн зайтай Шүүт гэх газарт өвөлждөг байсан. Тэднийхээр байнга орж гардаг байсан учраас Д.Т-ийг 1984 оноос хойш одоог хүртэл мал маллаж байгааг мэдэж байна...” гэсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.
Тодруулбал, нэхэмжлэгч Т овогт Д-ийн Т нь 1984 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1987 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацаанд Завхан аймгийн Баянтэс сумын Дэлгэрэх-Амьдрал нэгдэлд малчнаар ажиллаж байсан болох нь Завхан аймгийн Баянтэс сумын Дэлгэрэх-Амьдрал нэгдлээс 1984 оны 6 дугаар сарын 01-ний өдөр Д-гийн Т нэрээр нээж олгосон хөдөлмөрийн дэвтэр, Завхан аймгийн Баянтэс сумын Жавхлан багийн засаг даргын 2024 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 20 дугаартай тодорхойлолт, гэрч С.Д, Д.С нарын мэдүүлэгээр,
1988 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацаанд Завхан аймгийн Баянтэс сумын Дэлгэрэх-Амьдрал нэгдэлд мужаанаар ажиллаж байсан болох нь Завхан аймгийн Баянтэс сумын Дэлгэрэх-Амьдрал нэгдлээс 1984 оны 6 дугаар сарын 01-ний өдөр Д-ийн Т нэрээр нээж олгосон хөдөлмөрийн дэвтэр, Д-ийн Т нь 1988 оны 10 дугаар сарын 25-ны өдөр БНМАУ-ын хүн амын регистрийн дугаарын бүртгэлд хамрагдахдаа хөтөлсөн ХААТР 1 маягтын хуулбар, 1990 оны 08 дугаар сарын 13-ны өдөр гэрлэснийг бүртгэх анкетын бүртгэлд хамрагдахдаа хөтөлсөн ХААТР 15 маягтын хуулбар зэргээр тус тус нотлогдож байна.
Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж, нэхэмжлэгч Т овогт Д-ийн Т нь 1984 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1987 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацаанд Завхан аймгийн Баянтэс сумын Дэлгэрэх-Амьдрал нэгдэлд малчнаар, 1988 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацаанд Завхан аймгийн Баянтэс сумын Дэлгэрэх-Амьдрал нэгдэлд мужаанаар ажиллаж байсан болохыг тогтоож шийдвэрлэх нь үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгч Д.Т-ээс ирүүлсэн “Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай” нэхэмжлэлийн дагуу шүүхээс иргэний эрх зүйн маргааныг шийдвэрлэхтэй холбогдуулан үйлчилгээ үзүүлсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар түүний улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй юм.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Т овогт Д-гийн Т нь 1984 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1987 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацаанд Завхан аймгийн Баянтэс сумын Дэлгэрэх-Амьдрал нэгдэлд малчнаар, 1988 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацаанд Завхан аймгийн Баянтэс сумын Дэлгэрэх-Амьдрал нэгдэлд мужаанаар ажиллаж байсан болохыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.УРТНАСАН