Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2024 оны 05 сарын 28 өдөр

Дугаар 141/ШШ2024/00079

 

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Уртнасан даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Батбаяраар тэмдэглэл хөтлүүлэн тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар ….. аймгийн ….. сумын ……. баг хаягаар оршин суудаг …… овогт Д-гийн О-ийн нэхэмжлэлтэй “Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай” нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч Д.О нь шүүх хуралдаанд намайг оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэж өгнө үү гэсэн хүсэлтийг шүүхэд бичгээр ирүүлсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.О нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: “...Миний бие Завхан аймгийн Тэс сумын Баян-Уул багт 000 онд төрсөн бөгөөд сургуульд суугаагүй ээж, ах нарын хамт багаасаа мал маллан амьдарч байсан юм. Манай ээж Баянтэс сумын Дэлгэрэх-Амьдрал нэгдлийн Баяндооно бригадад мал малладаг байсан. Би 00 оны0 дүгээр сарын 00-ны өдрөөс насанд хүрсэн тул нэгдлээс хөдөлмөр хөлс авч эхэлсэн. Ээж маань суурийн ахлагчаар харин манай ах Ш, дүү Б бид гурав туслах малчнаар ажиллаж байсан юм. Одоо тэтгэвэр тогтоолгох болохоор хөдөлмөрийн дэвтэр, ажилд орсон гарсан тушаалгүйн улмаас шүүхээр ажиллаж байсан байдлаа тогтоолгох шаардлагатай болсон. Архивын баримт авахад 1988, 1990 оны цалингийн бүртгэлд миний нэр байдаг боловч 1989 оны баримтанд ээжийн нэрээс өөр хүнгүй гарсан байдаг. Тухайн үед би нэгдэл тартал малчнаар тасралтгүй ажиллаж байсан. Иймд холбогдох баримтыг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагын дагуу ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү...” гэжээ

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д.О нь 1988 оны 01 дүгээр сарын 27-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Завхан аймгийн Баянтэс сумын Дэлгэрэх-Амьдрал нэгдлийн Баяндооно бригадад малчнаар ажиллаж байсан болохоо тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргажээ.  

Нэхэмжлэгч Ш овогт Д-гийн О нь 0000 оны 01 дүгээр сарын 27-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Завхан аймгийн Баянтэс сумын Дэлгэрэх-Амьдрал нэгдлийн Баяндооно бригадад  малчнаар ажиллаж байсан болох нь хэрэгт авагдсан:     

-Ш овогт Д-гийн О-ийн 0000000 дугаарын регистр бүхий иргэний үнэмлэхийн хуулбар,

-Завхан аймгийн архивын тасгийн  2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн А/83 дугаартай: “...1988-1991 оны Баянтэс сумын Дэлгэрэх-Амьдрал нэгдлийн Баяндооно бригадад мал маллаж байсан 1989 онд Д.О нэрээр хөдөлмөрийн хөлс байхгүй учир ээж Х.Д нэрээр, Д.О нэрээр 1988, 1990-1991 оны хөдөлмөрийн хөлсийг олгов.

1988 онд 1548,25 төг, 1-12 сар,

1989 онд 3877,75 төг, 6-11 сар,

1990 онд 2235,84 төг, 1-12 сар,

1991 онд 1039,37 төг, 1-12 сар... “ гэсэн лавлагаа, 1988, 1990-1991 оны цалингийн цэсний хуулбар,

-Ш овогт Д-гийн О /0000000/-ийн “...1990 оны 01 дүгээр сараас 2000 оныг дуусталх хугацааны ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцсон тухай” тэмдэглэл бүхий баталгаажилтын хуудасны хуулбар,

-Завхан аймгийн Тэс сумын Баян-Уул багийн засаг даргын 2024 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 33 дугаартай: “...Д овогтой О /0000000/ нь ам бүл 2. 1988-2024 он хүртэл 36 жил тасралтгүй Завхан аймгийн Тэс сумын Баян-Уул багт мал маллан амьдардаг нь үнэн болно...” гэсэн тодорхойлолт,

-2006 оны 04 дугаар сарын 10-ны өдөр гэрлэснийг бүртгэх анкетын бүртгэлд хамрагдахдаа хөтөлсөн: “...Гэрлэсэн 2006 оны 09 дугаар сарын 27-ны өдөр ...эхнэр Д-гийн О, ...ажилладаг байгууллага- Нуур багт, эрхэлдэг ажил- малчин...” гэсэн бичилт бүхий ХААТР 15 маягтын хуулбар,

-Д-гийн О нь “...эмэгтэй, 1972 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр төрсөн. эхийн нэр Х-ын Д...” гэсэн бичилт бүхий төрөгсдийн бүртгэх анкетын хуулбар,

-Гэрч Д.Д-гийн: “...Д.О нь Завхан аймгийн Баянтэс сумын Дэлгэрэх-Амьдрал нэгдлийн Баяндооно бригадад мал маллаж байсан Д гэх хүний хүүхэд. Д.О нь 1988 оноос мал маллаж эхэлсэн. Би тухайн үед Завхан аймгийн Баянтэс сумын Дэлгэрэх-Амьдрал нэгдлийн Баяндооно бригадад агентаар ажиллаж байсан. Тухайн үед манай агентын жолооч, нярав, худалдагч бид гурав 7 хоногт 1 удаа бригадынхаа айлуудаар гурил, будаа, бөс бараа зэргийг гэрт нь хүргэж өгдөг байсан. Бригадынхаа айлуудаар ордог байсан учраас Д.О-гийн мал маллаж байсныг сайн мэднэ. Тухайн үед Баяндооно бригадын даргаар Х, малын эмч Д, хүний эмч Г, нярав Б нар ажиллаж байсан. Тийм учраас Д.О-гийг Завхан аймгийн Дэлгэрэх-Амьдрал нэгдлийн Баяндооно бригадад 1988 оноос 1991 он хүртэл мал маллаж байсныг сайн санаж байна...” гэсэн мэдүүлэг

-Гэрч Ө.Х-ын: “...Д.О манай Баяндооно бригадад мал маллаж байсан. Ээжийг нь Д гэдэг байсан. Д нь тухайн үед ганц бие ээж байсан. Намайг Завхан аймгийн Баянтэс сумын Дэлгэрэх-Амьдрал нэгдлийн Баяндооно бригадад бригадын дарга, тоо бүртгэгчээр ажиллаж байх үед Д.О нь 1988 оноос мал маллаж эхэлсэн. Тухайн үеийн Баян-Уул сум Тэс сум 2 нийлээд Баянтэс сум болж байсан. Тэр үед Д.О нь Баяндооно бригадад мал маллаж байсан. Суулд буюу 1991 онд Баянтэс, Тэс 2 сум тусдаа болсон. Тэр үед би ажлаа өгсөн. Намайг ажлаа өгөхөд О нь Дэлгэрэх-Амьдрал нэгдлийн Баяндооно бригадад малчнаар ажиллаж байсан. Тухайн үед Д.О 30-40 төгрөгийн цалин авдаг байсан. Хонь, ямаа нийлсэн 300-500 орчим богийг ээж Д, Д, Б нартай маллаж байсан. Тухайн үед Баяндооно бригадын даргаар би, малын эмч Д, хүний эмч Г, нярав Б нар ажиллаж байсан. Тухайн үеийн тоо бүртгэгч нь бригадынхаа айлуудын малын тоо, цалин хөлс зэргийг боддог байсан. Бригадын дарга нь зохион байгуулалтын ажил хариуцдаг байсан. Бригадынхаа айлуудаар 7 хоногт 1 удаа ордог, өвс тэжээл хүргэж өгөх, хавар, өвлийн бэлтгэл хангах зэрэг ажлуудыг хийж байсан. Тийм учраас Д.О-гийн Завхан аймгийн Дэлгэрэх-Амьдрал нэгдлийн Баяндооно бригадад 1988 оноос 1991 он хүртэл мал маллаж байсныг сайн санаж байна...” гэсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.   

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж, нэхэмжлэгч Ш овогт Д-гийн О нь 1988 оны 01 дүгээр сарын 27-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Завхан аймгийн Баянтэс сумын Дэлгэрэх-Амьдрал нэгдлийн Баяндооно бригадад малчнаар ажиллаж байсан болохыг тогтоож шийдвэрлэх нь үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч Д.О-гээс ирүүлсэн “Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай” нэхэмжлэлийн дагуу шүүхээс иргэний эрх зүйн маргааныг шийдвэрлэхтэй холбогдуулан үйлчилгээ үзүүлсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар түүний улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй юм.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь: 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Ш овогт Д-гийн О нь 1988 оны 01 дүгээр сарын 27-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Завхан аймгийн Баянтэс сумын Дэлгэрэх-Амьдрал нэгдлийн Баяндооно бригадад  малчнаар ажиллаж байсан болохыг тогтоосугай.      

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200  төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.  

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.   

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.    

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Б.УРТНАСАН