Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 02 сарын 07 өдөр

Дугаар 128/ШШ2024/0122

 

                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Дамдинсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Б.Э*******, Б.*******,

Хариуцагч: Шүүхийн ерөнхий зөвлөл

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Б*******, Т.Н*******,

Маргааны төрөл: “Хуулийн дагуу өндөр насны тэтгэвэрт гарахад олгох нэг удаагийн тэтгэмжийн зөрүүг тооцож олгохгүй байгаа Шүүхийн ерөнхий зөвлөлийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгож, Б.Э*******д 65.520.000 сая төгрөг, Б.******* 65.520.000 төгрөгийг тус тус гаргуулж олгохыг хариуцагчид даалгуулах” тухай захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.*******, Б.Э******* /цахимаар/, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Н*******, шүүх хуралдааны нарийн нарийн бичгийн дарга Т.Т нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч нар Шүүхийн ерөнхий зөвлөлд холбогдуулан “Хуулийн дагуу өндөр насны тэтгэвэрт гарахад олгох нэг удаагийн тэтгэмжийн зөрүүг тооцож олгохгүй байгаа Шүүхийн ерөнхий зөвлөлийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгож, Б.Э*******д 65.520.000 сая төгрөг, Б.******* 65.520.000 төгрөгийг тус тус гаргуулж олгохыг хариуцагчид даалгуулах” нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

2.  Монголын Улсын Ерөнхийлөгчийн 2022 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн ******* дугаар зарлигаар Б.Э*******ыг Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн албан тушаалаас, 2022 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн ******* дугаар зарлигаар Б.*******ыг Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн албан тушаалаас чөлөөлжээ.

3. Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын 2022 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 165 дугаартай тушаалаар Шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.9, 81 дүгээр зүйлийн 81.5 болон Монгол улсын Засгийн газрын 2019 оны 7 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн албан хаагчид өндөр насны тэтгэвэрт гарахад нэг удаагийн буцалтгүй тусламж олгох журам”-ын 2 дахь заалтыг үндэслэн нэхэмжлэгч Б.Э*******, Б.******* нарт тус тус 108,000,000 төгрөгийн нэг удаагийн тэтгэмж олгосон байна.

4. Нэхэмжлэгч нараас нэг удаагийн буцалтгүй тусламж олгох асуудлаар Шүүхийн ерөнхий зөвлөлд хандан өргөдөл гаргасан байх бөгөөд тус газрын 2023 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 01/2063, 01/******* дүгээр албан бичгээр “...Өргөдөлд дурдсан асуудлаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд зарим нэр бүхий иргэд нэхэмжлэл гаргасан байна. Иймд Та нэг удаагийн тэтгэмжийн зөрүү олгуулахтай холбоотой асуудлаар шүүхэд нэхэмжлэл гаргаж шийдвэрлэнэ үү.” гэх хариуг өгсөн байна.

5. Б.Э*******, Б.******* нараас нэг удаагийн буцалтгүй тусламж олгож буй уг шийдвэрийг эс зөвшөөрч тэтгэмжийн зөрүү олгохгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, тэтгэмжийн зөрүүг олгохыг даалгах нэхэмжлэлийг 2023 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр тус шүүхэд гаргасан.

6.Нэхэмжлэгч нараас шүүхэд бичгээр гаргасан нэхэмжлэлдээ: “Б******* Э******* нь Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчээр ажиллаж байгаад Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2022 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн ******* дугаар зарлигаар, Батбаярын ******* нь Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчээр ажиллаж байгаад Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2022 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн №******* дугаар зарлигаар “хуульд заасан өндөр насны тэтгэвэрт гарах эрх үүсэж, өөрөө хүсэлтээ гаргасан...” гэх үндэслэлээр шүүгчийн албанаас чөлөөлөгдсөн билээ.

Шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.9-д зааснаар өндөр насны тэтгэвэрт гарах насны болзол хангасан гэж үзэн шүүгчийн албан тушаалаас өөрсдийн хүсэлтээр чөлөөлөгдөх үед төрөөс олгож буй 36 сарын цалинтай тэнцэх тэтгэмжийг нэг удаа олгохдоо тооцож буй цалинг ... Шүүгчийн албан тушаалын цалингийн хэмжээгээр тооцон бидний харилцах данс руу тус тус шилжүүлснийг буруу гэж үзэн зөрүү дутууг тооцон гаргуулахаар нэхэмжилж байна. Үүнд:

1. Шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47 1-д заасан “... сарын дундаж цалин... гэдэг нь албан тушаалын цалинг, нэмэгдлүүдийн хамт авч байсан “Цалин хөлс” гэдэгт хамаарах болно. Төрийн албаны тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-д “Үндсэн цалин... “-гаас, Шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.9-т авч байсан сарын дундаж цалингийн хэмжээгээр”.... гэж хуульчилсан нь хууль зүйн хувьд өөр ойлголт бөгөөд шүүгч нарын хувьд тусгайлан зохицуулсан хууль болох Шүүхийн тухай хуулийн зохих заалтаар зохицуулагдах учиртай.

2. Шүүхийн Ерөнхий зөвлөлийн даргын тушаалаар төсөвлөж бидэнд олгосон тэтгэмж нь зөвхөн шүүгчийн албан тушаалын буюу үндсэн цалингаас тооцож олгосон байна. Тухайлбал Шүүхийн Ерөнхий зөвлөлийн даргын тушаалуудаар Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 07-р тушаалаар батлагдсан Төрийн албан хаагчид өндөр насны тэтгэвэрт гарахад нэг удаагийн буцалтгүй тусламж олгох журмын 2 дахь хэсгийг үндэслэн өндөр насны тэтгэвэрт гарсан Б.Э*******, Б.******* нарт албан тушаалын цалингийн хэмжээгээр тооцож 108.000.000 сая төгрөгийг тус тус олгосон.

Хөдөлмөр нийгмийн хамгааллын Сайдын 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/*******-р тушаалаар батлагдсан “...Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-д “....ажилтны цалин хөлсний бүрэлдэхүүнд хөдөлмөрийн тухай хуулийн 101.1-д заасан үндсэн цалин, нэмэгдэл, нэмэгдэл хөлс, ээлжийн амралтын цалин, шагнал урамшуулал орно..” гэж тус тус заасан. Энэ журмын 4.4-т “төрийн албаны тухай хуулиас бусад хуульд төрийн албан хаагчид тэтгэвэрт гарахад нь зориулж нэг удаагийн тэтгэмж олгох талаар заасан бол төрийн албан хаагч тэдгээр тэтгэмжийн аль илүүг сонгох эрхтэй ба энэ тохиолдолд тэтгэмжийг давхардуулан олгохгүй” гэжээ.

Төрийн албаны тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-д “Төрийн, улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагч өндөр насны тэтгэвэр тогтоолгох үндэслэлээр чөлөөлөгдсөн бол үндсэн цалингийн дунджаас ажилласан хугацааг нь үндэслэн тооцож нэг удаагийн буцалтгүй тусламжийг олгоно...” гэж, харин Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.9-д “... Шүүгчийг өндөр насны тэтгэвэрт гарахад түүний авч байсан сарын дундаж цалингийн хэмжээгээр 36 сарын хугацаагаар тооцож нэг удаагийн тэтгэмж олгоно” гэж тус тус заажээ.

Засгийн газрын 2019 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 7 дугаар тогтоолоос үзэхэд нэхэмжлэгч нар нь төрийн албан хаагчийн хувьд Төрийн албаны тухай хууль эсхүл Монгол Улсын Шүүхийн тухай хуульд заасан тэтгэмжийн аль илүүг сонгох эрхтэй бөгөөд Шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.9-д заасан тусгай харилцааг зохицуулснаар тэтгэмжийн зөрүүг шаардах эрхтэй.

Тодруулбал, Шүүхийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т... Шүүгчийн цалин хөлс нь албан тушаалын цалин болон албан ажлын онцгой нөхцөлийн, төрийн алба хаасан хугацааны... бүрдэнэ гэж Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/******* дугаар тушаалаар батлагдсан “...Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-д ажилтны цалин хөлсний бүрэлдэхүүнд Хөдөлмөрийн тухай хуулийн 101.1-д заасан үндсэн цалин, нэмэгдэл, нэмэгдэл хөлс, ээлжийн амралтын цалин, шагнал урамшуулал орно.” гэж тус тус заажээ.

Иймд дээрх нөхцөл байдал хуулийн үндэслэлүүдийг үндэслэж хариуцагчийн эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, нэхэмжлэгч Б.Э*******ы шүүгчээр ажиллаж байсан үеийн албан тушаалын цалин 2.800.000 төгрөг, Онцгой нөхцөлийн 40 хувь буюу 1.120.000 төгрөг, төрийн алба хаасан хугацааны 25 хувь буюу 700.000 төгрөг, нийт *******.320.000 төгрөгийг олгохоос 100.800.000 сая төгрөгийг олгосон, одоо дутуу олгогдсон 65.520.000 төгрөг,

Нэхэмжлэгч Б.*******ы шүүгчээр ажиллаж байсан үеийн албан тушаалын цалин 2.800.000 төгрөг, Онцгой нөхцөл 40 хувь буюу 1.120.000 төгрөг, төрийн алба хаасан хугацааны 25 хувь буюу 700.000 төгрөг, нийт *******.320.000 төгрөгийг олгохоос 100.800.000 сая төгрөгийг олгосон, одоо дутуу олгогдсон 65.520.000 төгрөгийг тус тус гаргуулж олгохыг Шүүхийн Ерөнхий Зөвлөлд даалгаж шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.

7. Нэхэмжлэгч Б.******* шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “Миний бие 2022 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн Монгол улсын ерөнхийлөгчийн ******* дугаар зарлигаар  өндөр насны тэтгэвэрт гарах эрх үүссэн. Өндөр насны тэтгэвэрт гарахад нэг удаагийн тэтгэмж 36 сараар тооцож  108,000,000 төгрөг олгосон. Тус мөнгө дээр нэмж олгох ёстой байсан. Үндсэн цалингаар тэтгэмж олгосон нь үндэслэлгүй юм. Шүүхийн тухай хууль болон Төрийн албаны тухай хууль, Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулга зэргийн холбогдох заалтуудыг нэхэмжлэл дээрээ тодорхойлж бичсэн байгаа. Тус заалтуудыг үндэслэж цалин хөлс түүнтэй адилтгах орлого гэж ойлголтыг тайлбарласны дагуу олгох ёстой гэж нэхэмжлэлийн зөрүү 65,520,000 төгрөгийг нэхэмжилж байна. Мөн хамтарч нэхэмжлэл гаргасан Б.Э******* цахимаар оролцож байгаа бол нэхэмжлэлийн шаардлага ижил байгаа талаар дурдмаар байна.” гэжээ.

8. Нэхэмжлэгч Б.Э******* шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “Бидний зүгээс Шүүхийн ерөнхий зөвлөлд хүсэлт гаргаж хариу авсан тул урьдчилан шийдвэрлэх ажиллагаа явуулсан гэж үзсэн тул Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан. Шүүх гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Нэмж хэлэх зүйл байхгүй.”гэжээ.

9. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Н******* шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Шүүхийн ерөнхий зөвлөлд холбогдуулан иргэн Б.Э*******, Б.******* нарын “тэтгэмжийн зөрүү гаргуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийн тухайд:

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.9 дэх хэсэгт “Шүүгчийг өндөр насны тэтгэвэрт гарахад түүний авч байсан сарын дундаж цалингийн хэмжээгээр 36 сарын хугацаагаар тооцож нэг удаагийн тэтгэмж олгоно. гэж заасан бөгөөд Шүүхийн ерөнхий зөвлөл хуулийн уг заалтыг зөв тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэгчдэд тэтгэмжийг олгосон болно.

1. Нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрөх үндэслэл нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.9 дэх хэсгийн” сарын дундаж цалин гэснийг хэрхэн ойлгохоос хамаарч байгаа тул “албан тушаалын цалин”, “нэмэгдэл” “тэтгэмж” гэснийг хэрхэн ойлгож хэрэглэснийг дурдах нь зөв гэж үзлээ.

1.1. Албан тушаалын цалин

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.1.3 дахь хэсэгт зааснаар бүх шатны шүүхийн шүүгчийн цалин хөлсний хэмжээг Шүүхийн ерөнхий зөвлөлийн саналыг үндэслэн Улсын Их Хурал тогтоодог.

Бүх шатны шүүхийн Ерөнхий шүүгч, шүүгчийн албан тушаалын цалингийн хэмжээг Монгол Улсын Их Хурлын 2015 оны 101 дүгээр тогтоолын хавсралтаар тогтоосон байна.

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.9 дэх хэсгийн “...сарын дундаж цалин..” гэдэг нь шүүгчийн албан тушаалын цалин юм.

1.2. Нэмэгдэл, тэтгэмж

Нэмэгдэл болон тэтгэмжийг Монгол Улсын шүүхийн тухай хуульд заасны дагуу олгодог. Тодруулбал, нэмэгдлийг сар бүр, харин тэтгэмжийг тодорхой нөхцөл бүрдсэн тохиолдолд нэг удаа олгож байгаа болно.

1.2.1. Нэмэгдэл

Нэмэгдлийг шүүгчид сар бүр олгодог бөгөөд нэмэгдлийн хэмжээг албан тушаалын цалингаас тооцно. Албан тушаалын цалин нь сар бүр олгогддог нэмэгдлийн хамт “цалин хөлс” гэсэн ойлголтыг бүрдүүлнэ.

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт “Шүүгчийн цалин хөлс нь албан тушаалын цалин болон албан ажлын онцгой нөхцөлийн, төрийн алба хаасан хугацааны, докторын зэргийн нэмэгдлээс бүрдэнэ” гэж заасан байна.

Албан ажлын онцгой нөхцөлийн, төрийн алба хаасан хугацааны, докторын зэргийн нэмэгдлийг Улсын Их Хурлын 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 04 дүгээр тогтоолоор “Шүүгчид нэмэгдэл олгох журам”-р баталсан бөгөөд уг тогтоолд дурдсанаар шүүгчид дараах нэмэгдлийг олгохоор хуульчилсан байна. Үүнд:

-УИХ-ын 2021 оны 04 дүгээр тогтоолын 2 дугаар заалтаар докторын зэргийн нэмэгдэл;

-Шүүн таслах ажлын онцгой нөхцөлийн нэмэгдэл /УИХ-ын 04 тогтоолын 1 дүгээр хавсралт/;

-Шүүгчийн төрийн алба хаасан хугацааны нэмэгдэл /УИХ-ын 04 тогтоолын 2 дугаар хавсралт/-ийг тус тус баталсан.

1.2.2. Тэтгэмж

Тэтгэмжийг тодорхой нөхцөл бүрдсэн тохиолдолд шүүгчид “нэг удаа” олгох талаар хуульд заасан бөгөөд энэ нь Шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.9 дэх хэсэгт заасан тэтгэмж юм. Тэтгэмжийг нэмэгдлийн нэгэн адил мөн л албан тушаалын цалингаас тооцдог.

2. Нэхэмжлэгч нь шаардлагадаа дурдсан Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.9 дэх хэсгийн “...авч байсан сарын дундаж цалин..” нь УИХ-ын 2015 оны 101 дүгээр тогтоолоор тогтоосон Ерөнхий шүүгч, шүүгчийн албан тушаалын цалин юм.

36 сарын тэтгэмжийг “албан ажлын онцгой нөхцөлийн, төрийн алба хаасан хугацааны” нэмэгдлээс тооцох үндэслэлгүй.

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.9 дэх хэсэгт заасан сарын дундаж цалингийн хэмжээгээр 36 сарын хугацаагаар тооцож нэг удаагийн тэтгэмж олгоно” гэж заасныг Шүүхийн ерөнхий зөвлөлөөс хэрэгжүүлэхдээ УИХ-ын 2015 оны 101 дүгээр тогтоолоор тогтоосон албан тушаалын цалингийн хэмжээнээс тооцож олгож байгаа нь хууль зөрчөөгүй.

Шүүх нийтийн эрх зүйн хүрээнд үүссэн аливаа маргааныг хараат бусаар хэлэлцэн шийдвэрлэхдээ тухайн харилцааг илүү нарийвчлан зохицуулсан хуулийг үндэслэх учиртай бөгөөд өрсөлдөх хэм хэмжээний хувьд Монгол Улсын Шүүхийн тухай хууль нь шүүгчийн эрх зүйн байдал, түүний өндөр насны тэтгэвэр тогтоолгох тохиолдлыг нарийвчлан зохицуулсан хууль гэдэгтэй хэн ч маргах боломжгүй юм.

Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, хэргийн оролцогчид болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудад үндэслэн нэхэмжлэлийн шаардлагын бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

1. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2.”Шүүгчийн цалин хөлс нь албан тушаалын цалин болон албан ажлын онцгой нөхцөлийн, төрийн алба хаасан хугацааны, докторын зэргийн нэмэгдлээс бүрдэнэ.”, 47 дугаар зүйлийн 47.9.”Шүүгчийг өндөр насны тэтгэвэрт гарахад түүний авч байсан сарын дундаж цалингийн хэмжээгээр 36 сарын хугацаагаар тооцож нэг удаагийн тэтгэмж олгоно.” Төрийн албаны тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.”Төрийн улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагч өндөр насны тэтгэвэр тогтоолгох үндэслэлээр чөлөөлөгдсөн бол үндсэн цалингийн дунджаас ажилласан хугацааг нь үндэслэн тооцож нэг удаагийн буцалтгүй тусламжийг олгоно. Нэг удаагийн буцалтгүй тусламжийн дээд хэмжээ нь 36 сарын үндсэн цалингийн дунджаас хэтрэхгүй байна. Нэг удаагийн буцалтгүй тусламж тооцох цалингийн дундаж хэмжээ болон олгох шалгуур нөхцөлийг тодорхойлсон журмыг төрийн албаны төв байгууллагын саналыг үндэслэн Засгийн газар тогтооно”, Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 7 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн албан хаагчид өндөр насны тэтгэвэрт гарахад нэг удаагийн буцалтгүй тусламж олгох журам”-ын 2.1.”нэг удаагийн буцалтгүй тусламж тооцох үндсэн цалингийн хэмжээг тогтоохдоо тухайн албан тушаалын үндсэн цалингийн сүүлийн 3 жилийн дунджаар тооцно .... “ 4.4.”Хэрэв Төрийн албаны тухай хуулиас бусад хуульд төрийн албан хаагчид тэтгэвэрт гарахад нь зориулж нэг удаагийн тэтгэмж олгох талаар заасан бол төрийн албан хаагч тэдгээр тэтгэмжийн аль илүүг сонгох эрхтэй ба энэ тохиолдолд тэтгэмжийг давхардуулан олгохгүй.” гэж тус тус заажээ.

Шийдвэрийн тодорхойлох хэсэгт дурдсанчлан Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын 2022 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 165 дугаар тушаалаар нэхэмжлэгч Б.Э*******, Б.******* нарт нэг удаагийн буцалтгүй тусламж шүүгчийн албан тушаалын цалингаас тооцож олгосон нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.9-д заасантай нийцээгүй байна.

Хуульд зааснаар шүүгчийн цалин хөлс нь албан тушаалын цалин болон албан ажлын онцгой нөхцөлийн, төрийн алба хаасан хугацааны, докторын зэргийн нэмэгдлээс бүрдэх бөгөөд Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.9 дэх хэсэгт хууль тогтоогч албан тушаалын цалингаас гэж тусгайлан зааж өгөөгүй тул тус заалтад заасан “... түүний авч байсан сарын дундаж цалингийн хэмжээгээр…” гэдгийг шүүгчийн цалин хөлс буюу албан тушаалын цалин болон албан ажлын онцгой нөхцөлийн, төрийн алба хаасан хугацааны, докторын зэргийн нэмэгдэл бүгд хамаарна гэж үзэх үндэслэлтэй.

2. Мөн өндөр насны тэтгэвэрт гарахад олгох нэг удаагийн тэтгэмжийг үндсэн цалин болон сарын дундаж цалингаас тооцох талаар Төрийн албаны тухай хууль болон Монгол Улсын шүүхийн тухай хуульд өөрөөр зохицуулсан байх бөгөөд шүүгчийн тухайд нарийвчлан зохицуулсан хууль Монгол Улсын Шүүхийн тухай хууль байх ба энэхүү маргаанд Монгол Улсын Шүүхийн тухай хууль хуулийг хэрэглэх нь зүйтэй байна.

3. Хэргийн оролцогч нар нэхэмжлэлийн шаардлагад дурдсан тэтгэмжийн зөрүү болох 65.520.000 /жаран таван сая таван зуун хорин мянга/ төгрөгийн хэмжээний тухайд маргаагүй болно.

Дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.4, 106.3.12 дахь заалтад заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2, 47 дугаар зүйлийн 47.9 дэх заалтад заасныг баримтлан Б.Э*******, Б.******* нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Шүүхийн ерөнхий зөвлөлийн нэг удаагийн буцалтгүй тусламжийн зөрүүг олгохгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, нэхэмжлэгч Б.Э*******, Б.******* нар тус бүрт 65.520.000 /жаран таван сая таван зуун хорин мянга/ төгрөгийг олгохыг Шүүхийн ерөнхий зөвлөлд даалгасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасны дагуу нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, Шүүхийн ерөнхий зөвлөлөөс 70200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

               ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ