Шүүх | Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүх |
---|---|
Шүүгч | Бат-Эрдэний Уртнасан |
Хэргийн индекс | 141/2024/00069/И |
Дугаар | 141/ШШ2024/00080 |
Огноо | 2024-05-28 |
Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2024 оны 05 сарын 28 өдөр
Дугаар 141/ШШ2024/00080
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Уртнасан даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Батбаяраар тэмдэглэл хөтлүүлэн тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар ……… аймгийн …… сумын…… баг хаягаар оршин суудаг Ц овогт Л-гийн П-ийн нэхэмжлэлтэй “Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай” нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Нэхэмжлэгч Л.П нь шүүх хуралдаанд намайг оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэж өгнө үү гэсэн хүсэлтийг шүүхэд бичгээр ирүүлсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Л.П нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ : “...Миний бие 1980 онд Завхан аймгийн Булнай сумын 8 жилийн сургуулийг төгссөн. 1980 оноос 1982 он хүртэл мал маллаж байгаад 1982 оны 06 дугаар сараас 1985 оны 06 дугаар сар хүртэл хугацаанд цэргийн алба хаасан. 1985 оны 06 дугаар сараас хойш 1988 он хүртэл Булнай сумын Оргих багт мал малласан. 1988 оны 03 дугаар сарын 09-ний өдрөөс 1989 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд Төв аймгийн Угтаалын сангийн аж ахуйд үхэр бордох цогцолборт малчнаар ажиллаж байсан. Иймд 1 жил, 9 сарын хугацаанд малчнаар ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү...” гэжээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Л.П нь 1988 оны 03 дугаар сарын 09-ний өдрөөс 1989 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл хугацаанд Төв аймгийн Угтаалын сангийн аж ахуйн үхэр бордох цогцолборт малчнаар ажиллаж байсан болохоо тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
Нэхэмжлэгч Ц овогт Л-гийн П нь 1988 оны 03 дугаар сарын 09-ний өдрөөс 1989 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл хугацаанд Төв аймгийн Угтаалын сангийн аж ахуйн үхэр бордох цогцолборт малчнаар ажиллаж байсан болох нь хэрэгт авагдсан:
-Ц овогт Л-гийн П-ийн 000000 дугаарын регистр бүхий иргэний үнэмлэхийн хуулбар,
-Төв аймгийн Төрийн архивын тасгийн 2024 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 202 дугаартай: “...Төв аймгийн Угтаалцайдам сумын Угтаалын сангийн аж ахуйн даргын 1989 оны тушаалаас ажлаас чөлөөлсөн тушаал гараагүй тул иргэн П.П-ид лавлагаа олгох боломжгүй байна...” гэсэн архивын тодорхойлолт,
-Төв аймгийн МХЗЭ-ийн нэрэмжит Угтаалын сангийн аж ахуйн даргын 1988 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 42 дугаартай: “...Л овогтой П-ийг 1988 оны 02 дугаар сарын 20-ны өдрөөс үхэр бордох цогцолборын малчнаар түр хугацаагаар томилсугай...” гэсэн тушаалын хуулбар,
-Л-гийн П нь 1988 оны 10 дугаар сарын 10-ны өдөр БНМАУ-ын хүн амын регистрийн дугаарын бүртгэлд хамрагдахдаа хөтөлсөн: “...Ажилладаг байгууллага- Угтаалын Сангийн аж ахуй, цех, тасаг- мал бордох, эрхэлдэг ажил-үхэрчин, оршдог сум Угтаал...” гэсэн бичилт бүхий ХААТР 1 маягтын хуулбар,
-Л-гийн П нь 1981 оны 04 дугаар сарын 28-ны өдөр хаягийн хуудасны бүртгэлд хамрагдахдаа хөтөлсөн: “...Хаана ямар ажилтай-Завхан аймаг, Булнай сум, Оргих бригадад хоньчин,...” гэсэн бичилт бүхий ХААТР 7 маягтын хуулбар,
-Гэрч Д.Ё-ийн: “...1987 онд Төв аймгийн Угтаалын Сангийн аж ахуйд манай сумаас малчдыг аж ахуйд элсүүлэн малчнаар ажилд авч байх үед Л.П нь эхнэр А-ийн хамтаар шилжиж явсан. Л.П нь Угтаалын сангийн аж ахуйд 2000 үхрийн бордох талбайн үхэрчнээр ажиллаж байсан. Тухайн үед манай сумаас манайх, Н, Б, Ц, П зэрэг айлууд гэр бүлийн хамт малчнаар Угтаалын сангийн аж ахуйд очиж ажиллаж байсан. Бид нэг нутгийн хүмүүс байсан болохоор хоорондоо дотно харилцаатай байсан. Л.П нь 1988-1990 оны хугацаанд Угтаалын сангийн аж ахуйд үхэрчнээр ажиллаж байгаад нутаг руугаа ирсэн. Харин би 1992 он хүртэл сангийн аж ахуйдаа ажиллаж байгаад ажлаас гарсан. Л.П бид хоёр 1987 онд Тосонцэнгэлээс шилжиж очоод Угтаалын сангийн аж ахуйд хамт ажилласан юм...” гэсэн мэдүүлэг
-Гэрч Б.У-ын: “...Л.П нь 1988 оноос Төв аймгийн Угтаалын Сангийн аж ахуйд үхэр бордох талбайд үхэрчнээр ажиллаж эхэлсэн бөгөөд 1990 он хүртэл ажиллаж байгаад гарсан. Би П-ийн хамт Угттаалын сангийн аж ахуйд ажиллаж байсан бөгөөд манайх 1987 онд Төв аймаг руу шилжсэн. П-х 1988 онд шилжиж очсон. Тэр үед сангийн аж ахуйд хувьсгалт залуучуудын элсэлтээр айлуудыг авч ажиллуулж байсан. Манай сумаас С, Б, П, Н, Н зэрэг айлууд Угтаалын сангийн аж ахуйд очиж малчнаар ажилласан. Манай Угтаалын сангийн аж ахуй нь газар тариалан болон мал аж ахуйн үйл ажиллагаа явуулдаг байсан...” гэсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.
Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж, нэхэмжлэгч Ц овогт Л-ийн П нь 1988 оны 03 дугаар сарын 09-ний өдрөөс 1989 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл хугацаанд Төв аймгийн Угтаалын сангийн аж ахуйн үхэр бордох цогцолборт малчнаар ажиллаж байсан тогтоож шийдвэрлэх нь үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгч Л.П-оос ирүүлсэн “Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай” нэхэмжлэлийн дагуу шүүхээс иргэний эрх зүйн маргааныг шийдвэрлэхтэй холбогдуулан үйлчилгээ үзүүлсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар түүний улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй юм.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Ц овогт Л-ийн П нь 1988 оны 03 дугаар сарын 09-ний өдрөөс 1989 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл хугацаанд Төв аймгийн Угтаалын сангийн аж ахуйн үхэр бордох цогцолборт малчнаар ажиллаж байсан болохыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.УРТНАСАН